МУГТ Дашдаваагийн Амартүвшин: Монгол Улсын Гавьяат Тамирчин гэх эрхэм алдар миний нэрний өмнө байгаа болохоор сэвтээхгүйн тулд хичээж явна



Энэ удаагийн дугаарт Монгол улсын гавьяат тамирчин, “Хилчин” спорт хорооны харьяалагддаг Д.Амартүвшин уригдлаа. Тэрбээр 2013 оны ДАШТ-ий 60 килограммын жинд барилдаж, мөнгөн медаль хүртсэн билээ. Д.Амартүвшин хагас шигшээд Гүржийн бөх Амиран Папинашвилиг цэвэр ялж улмаар аваргын төлөө Японы бөх Наохиса Такатотой барилдаж, ялагдснаар дэлхийн аваргын мөнгөн медалийг эх орондоо авчирсан билээ.

-Ярилцлагаа сүүлийн үеийн сонин сайхнаас тань эхлэе?

-Сүүлийн үед ер нь амралтын байдалтай байна даа. 2006 онд авсан баруун хөлний бэртэл хүндэрсний улмаас эмчилгээ хийлгээд, гам барьж байгаа.

-Залуу тамирчны хувьд бэртэл, гэмтэл авах нь карьерт нь сөргөөр нөлөөлдөг. Харин таны хувьд яаж нөлөөлж байна?

-Саяхан европийн цуврал гээд чухал тэмцээнүүдийг алгассан. Оноо маань жаахан хойшилсон байх. Зурагтаар үзээд л хорхой хүрч суулаа. Бэртэлтэй хугацаандаа зүгээр суулгүй өрсөлдөгч нараа сайн судалж байгаа. Тавдугаар сараас эхлээд тэмцээн алгасахгүй барилдаж, оноогоо урагшлуулна даа.
 
-Таныг боловсролдоо нэлээд анхаарч байгаа гэж сонссон?

-Тийм ээ. Энэ жил Мон-Алтус дээд сургуулийг төгсөнө. Дээрээс нь англи хэл үзээд завгүй л гүйж явна.

-Ер нь яагаад жудог сонгов. Хэн нэгэн зөвлөсөн үү сэвэл таны өөрийн хүсэл байв уу?


-Яагаад ч юм санамсаргүй тохиолдлоор энэ спорттой холбогдсон. Хүн зөвлөж, нөлөөлсөн зүйл бол байхгүй. Багаасаа л барилдах сонирхолтой байсан. Ер нь хөдөө өссөн эрэгтэй хүүхдүүд ноцолдох дуртай байдаг ш дээ. Эрт ажлаа дуусгачихаад л тал дээр гараад шороо манартал барилдаж өгнө дөө/инээв/.

-Анх хэдэн настайгаасаа их спортод эргэлт буцалтгүйгээр оров?


-Анх 12 жилийн өмнө самбо-жудогийн клубэд бүртгүүлж байсан бол өнөөдөр шигшээ багийн тамирчин болсон байна. Цаг хугацаа нэг л мэдэхэд өнгөрч дээ.

-Бөх дотроо их олон төрөл байдаг. Яагаад заавал жудог сонгосон юм?

-Надад хамгийн дөхөм, бас маш их таалагдсан нь жудо байсан. Мөн жудогийн шинэ дүрэм гарсан нь барилдахад их амар, таалагдаж байгаа.

-Ер нь ажиглаад байхад бөхчүүд их нутгархаг юм шигээ. Аль нутгийнх вэ?

-Ер тийм шүү. Нутаг усаараа их омогшиж, бахархах дуртай. Би төв аймгийн Угтаалцайдам сумын уугуул.

-Танай удамд бөх хүн бий юу?

-Манай удамд бөх хүн байхгүй ээ.

-Аав ээжийнхээ талаар хуучлахгүй юу?

-Манай аав ээж намайг их жаахан байхад бурхан болсон. Эмээ дээрээ өссөн дөө. Хөгшин хүнтэй хамт байсан хүмүүс бага унтдаг болчихдог юм билээ. Яг л шар шувуу шиг. Ер нь бэлтгэлтэй үедээ ч гэсэн би нэг их унтдаггүй. Бэлтгэлээ тарчихаад байж байхад эгч залгаад “Ямар хоол идэх вэ?” гэхээр нь “Сайхан гурилтай шөл идье” гэж дандаа хэлдэг. Гэрийнхэн намайг бүүр гайхаад, хөгшин хүн шиг гурилтай шөлөнд дуртай юм гээд байдаг/инээв/.

-Та одоо хаана, хэнтэйгээ амьдарч байгаа вэ?


-Сүмбэр-Орд хороололд эгчтэйгээ хамт амьдардаг.

-Ирэх олимпод орох бэлтгэлээ базааж эхэлсэн биздээ?

-Саяхан л Лондонгийн олимп дуусч байсан бол дараагийн олимп эхлэхэд хоёрхон жил үлдсэн байна. Энэ нь маш хариуцлагатай үе ирсэн гэсэн үг л дээ. Тавдугаар сараас оноо өгөх тэмцээнүүд эхэлнэ.

-Анх дэвжээн дээрээ гарахдаа сандарч, басхүү өрсөлдөгчөөсөө эмээж байсан дурсамжаасаа хуваалцаач?


-Их дурсамжтай л даа. 2005 онд самбо бөхийн өсвөр үеийн азийн аваргад анх удаа гадагшаа явж, барилдаж байсан. Маш их сандарч байлаа. Тэр тэмцээнээс би хүрэл медаль авч байсан. Гэхдээ ер нь улсдаа барилдахад их хэцүү. Өдөр бүр хамт бэлтгэл хийдэг хүнтэйгээ өмнө нь гаргаж байгаагүй мэхээрээ л барилдаж ялдаг даа. Аливаа тэмцээн уралдаанд тамирчин хүн өөрийгөө маш сайн бэлдэх хэрэгтэй. 

-Ямар нэгэн тэмцээн уралдаанд ороход сэтгэлзүй маш чухал байдаг гэж тамирчид ярьдаг. Ер нь тэмцээнд орохын өмнө сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ?

-Үндэсний шигшээ багт сэтгэл зүйн семинар ордог. Дэвжээн дээр даруулаад хэвтэж байхад дасгалжуулагч, сэтгэлзүйч хэзээ ч татаж босгохгүй. Тийм болохоор өөрөө маш сайн бэлтгэлтэй, хурдан, овсгоотой байх нь чухал.

-Спорт таныг хэр хүмүүжүүлсэн гэж та боддог вэ?

-Спорт хүнийг хүн болгодог. Хүнд зөв төлөвшил бий болгодог гэж боддог. Багадаа их дүрсгүй, хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Ямар сайндаа л хүмүүс “Дашдаваагийн шар банди аймар дүрсгүй юмаа, том болоод яана даа” гэж ярьдаг байсан ш дээ/инээв/.

-Эсрэг тамирчныхаа сэтгэлзүйд нөлөөлөх, дайралт хийх оролдлогуудыг тамирчид их хийж байгаа харагддаг?


-Нүдээ ирмэх, гараа зангидах зэрэг янз бүр болдог. Тэртээ тэргүй дэвжээн дээр гараад биеэрээ ярилцахаас хойш тэд нартай харьцах шаардлага байхгүй. “Чамайг даа” гээд инээгээд л өнгөрдөг. Тэмцээний дараа бол найзууд болдог жамтай. Ойлголцохгүй бол дохио занга ашиглана, их хөгжилтэй ш дээ. Наана нь бол найзаа гээд налиганахгүй дээ/инээв/.

-Түвшинбаяр аварга та нарт их үнэтэй зөвлөгөө өгдөг байх?

-Түвшээ ах бидэнд их зааж зөвлөдөг. 2013 онд дэлхийн аваргад барилдалгүй, том ах болохоор биднийг дасгалжуулагчаар ахалж авч явсан. Барилдахын өмнө ч гэсэн яаж ядрахгүй барилдах, хэрхэн цэврээр ялах гээд маш их зүйл заадаг.

-Цэвэр ялалт авахын тулд өрсөлдөгчөө 20 секунд барих хэрэгтэй байдаг. Таны бодлоор 20 секундын үнэ цэнийг хэрхэн илэрхийлэх вэ?

-Бид 2 ярилцаж байхад аягүй хурдан өнгөрч байгаа биз. Гэтэл яг дэвжээн дээр гараад барилдаад, дарах юм уу даруулаад хэвтэж байхад их удаан өнгөрдөг. Бүүр хожигдож байхад “пуужин” шиг л харвачихна шүү/инээв/. Жудод 5 секунд л анхаарлаа алдахад далаараа цэвэр ялагдана. Дараа нь харамсаад харамсаад нэмэр байдаггүй.

- Өрсөлдөгчөө илт давуу цэвэр ялсан, сэтгэлд үлдсэн хамгийн гоё тэмцээнээ нэрлэвэл? Мөн сэтгэлд үргэлж тодхон байдаг, хамгийн нандин шагнал гэвэл?

-2010 онд “Гранд слам” гээд том тэмцээнд оролцож байсан. Чансаандаа оноогүй залуу бөхчүүд өндөр үзүүлэлттэй бөхөд хуваарилагдаж очдог. Энэ тэмцээнд би европийн аварга залууг өчих мэхээр цэвэр ялж байсан. Мөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний туршид хийгээгүй мэхээ хийж унагаад цэвэр ялж, оноогоо хамгаална гэсэн тактиктай мөнгөн медалийн төлөө барилдсан. Төлөвлөсний дагуу ч юмаа хийгээд ялалт авахад маш их баярлаж байлаа. Харин сэтгэлд байнга дурсагдаж байдаг шагнал гэвэл 2006 онд залуучуудын дэлхийн аварга болоод эмээдээ үнсүүлсэн нь хамгийн том шагнал байсан. Одоо эмээ минь өөд болсон.

-Гавьяат болоод удаагүй байгаа. Ер нь шинэхэн гавьяатын сэтгэгдэл хэр байна даа?

-Манай багш Балжинням 1989 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль авч байсан юм. Үүний адил би ч бас дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараагаар Монгол улсын гавьяат тамирчин хэмээх эрхэм цолыг авсандаа маш их баяртай байгаа. Гавьяат болчих юмсан, болгочих байх гэдэг ч юм уу тийм бодол байгаагүй ээ. Маш их хариуцлага ирж байна, цаашид үүнээсээ илүү хичээх хэрэгтэй гэдгээ л ойлгосон.

-Ер нь гавьяат болоод ирэхээр биеэ тоох явдал их болдог юм шиг...?

-Спортынхон бол энгийн ш дээ. Манай жудогийнхон бол их ах захтай. Ах нарынхаа үгнээс гарахгүй. Дэлхийн аваргаас ирэхэд холбооны ерөнхийлөгч Х.Баттулга ах хүлээж авч уулзсан. Тэр үеэрээ “Биеэ тоож, хүмүүсийг үл хүндэлж болохгүй шүү. Энэ бол тамирчин хүнд байх ёсгүй зан” гэж баяр хүргэснийхээ дараа захисан. Үүнийг санаж явдаг даа.

-Одоо хүмүүс өөрийг чинь сайн мэддэг болсон. Гадуур биеэ авч явахаас эхлээд асуудлууд их байгаа биз дээ?


-Хүмүүс мэр сэр таньдаг. Өөрийн ёс суртахуун, биеэ авч яваа байдалдаа тодорхой хэмжээнд анхаарахгүй бол болохгүй шүү дээ. Яагаад гэхээр Монгол улсын гавьяат тамирчин гэх эрхэм алдар миний нэрний өмнө байгаа болохоор сэвтээхгүйн тулд хичээж л явна. Тэмцээнд орсон ч гэсэн тэгэсгээд оролцсон болоод өнгөрөх биш өөрөөсөө шалтгаалах бүхий л нөөц бололцоогоо шавхаж, ялалт авах нь чухал.

-Ярилцлагынхаа сэдвийг хазайлгаад хүүхэд насны дурсамжаар тань аялая. Чихнээс хэр их хонх уядаг хүүхэд байв. Хүүхэд нас тань хаана, хэрхэн өнгөрсөн бэ?

-Их сахилгагүй, өрөмний өт шиг хүүхэд байсан. Гараа сайрттал гадаа тоглодог байлаа. Орой болохоор л эгч нар маань гарт тос түрхэж байгаад гялгар уут углаж унтуулдаг байсан/инээв/. Эмээтэйгээ байсан болохоор өглөө, оройд хоол цай бэлэн сайхан байдаг байлаа. Үеийнхэн дундаа их жижиг биетэй хүүхэд байсан болохоор барилдах, ноцолдохдоо амархан уначихдаг байсан. Тийм ч болоод эхэндээ секцэнд яваад гутал хувцсаа их ураад загнуулдаг байсан даа/инээв/.

-Охидод хайрын захиа хэр их өгдөг байв?

-Бодоод байсан чинь надад ийм явдал гарч байгаагүй юм байна шүү. Тэмцээндээ хамаг анхаарлаа хандуулахаас биш охинтой үерхэх, захиа зөөж байгаагүй юм байна. Харин харж явдаг охин байсан/инээв/.

-Найз охинтой юу?


-Байхгүй. Олимпийн дараа ч юмуу цаг нь болохоор болох байлгүй дээ/инээв/. Одоохондоо ирэх олимпод бүх анхаарлаа хандуулчихаад л байж байна даа.

-Эмэгтэй хүнийг ямар байгаасай гэж боддог вэ? Ер нь ямар эмэгтэй хүн таалагддаг вэ?


-Тамирчин хүмүүст ар гэр гэдэг бол маш чухал. Бэлтгэлээ тараад ядраад очиход хоол нь халуун, гэр нь дулаан байх хэрэгтэй. Надад ухаантай, халамжтай эмэгтэй хүн таалагддаг.

-Залуу хүний салашгүй нэг чимэг бол хайр. Таны бодлоор хайр гэж юу вэ?

-Их нандин зүйл. Таалагдсан, тааралдсан охин болгондоо “Би чамд хайртай” гээд байвал утгагүй. Сэтгэлээ сонсч, зүрхээ чагнаж байж л хэлэх хэрэгтэй гэж боддог.

-Эмэгтэй хүнээс авч байсан дурсгалтай бэлэг байдаг уу?

-Энэ жилийн валентины баяраар авсан бэлгийг нэрлэх байна. Чин сэтгэлээсээ өгсөн бэлэг болгон үнэтэй байдаг шүү дээ.

-Энэ бэлгийг тэгвэл танд хэн өгсөн юм бэ? Хэлж болохгүй гэж үү?

-Үүнийг нууцалчихъя тэгэх үү/инээв/.

-Одоогийн цахим ертөнц хөгжсөн энэ үед фэйсбүүкээр ч юмуу танилцая гэсэн мессэж охидоос ирж байна уу?


-Хааяа ирдэг шүү. Гэхдээ тэр болгонд хариу өгөх зав байдаггүй юм.
-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж “Hot ньюс” сэтгүүл


Н.Ундаръяа



  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)