Амьдралаа сарын дотор өөрчлөх нь

Та амьдралдаа өөрчлөлт хийхийг хүсвэл дараах зөвлөгөөг нэг сарын хугацаанд хэрэгжүүлээд үзээрэй. Та үүнийг хэрэгжүүлж чадвал тодорхой хугацааны дараа таны амьдралт өөрчлөлт гарч байгааг мэдрэх болно. Ингээд дөрвөн долоо хоногийн хугацаанд дараах зөвлөмжийг мөрдөөд үзээрэй. Амжилт хүсье.  

Эхний долоо хоног: Бие болоод сэтгэлээ цэвэр ариун болго 

1.    Өдрийг эрт эхэл. Өглөө 6 цагт бос. Өглөө эртлэн боссоноор өдрийн турш өөртөө зориулж чадахгүй тэр цаг хугацааг та өөртөө өгөх болно. Энэ үе танд ихэд тайван амгалан санагдах болно. Учир нь ихэнх хүмүүс өглөө эрт унтаж байх тул танд хэн ч саад болохгүй бөгөөд энэ үеийг ямар ч гадны нөлөөгүйгээр зөвхөн өөртөө зарцуулж болно гэсэн үг. Тухайлбал дасгал хөдөлгөөн хийхэд хамгийн тохиромжтой бөгөөд та өдрийн турш эрч хүчээр дүүрэн ажиллах боломжтой. Өглөө эрт орноосоо босмооргүй санагдаж, залхуу хүрэх нь таныг ядарсан байгаагийн илрэл огт биш юм. Энэ нь харин таныг өөрийн амьдралаа зөв хэв маягаар амьдрахыг хүсэхгүй байгааг илтгэж байгаа юм. Цаг агаар бүүдгэр, замын түгжрэл, ажил ... гээд л. Бодохоос л босмооргүй санагдаж болох юм. Орноосоо босох хэрэг байна уу гэж бодохын оронд амьдралын нэгэн сайхан өдөр ирж байна гээд л бодчих. Ингэж бодож, өдрийг эрч хүчээр эхлүүлж чадвал өглөө эртлэн босох нь огтхон ч хэцүү асуудал биш болон хувирна. Маш амархан. Та амьдралаа утга төгөлдөр болгохыг хүсч байвал орноосоо аяндаа үсрэн босохыг хүсдэг болно. Өөрөөр хэлбэл та өглөө орноосоо үсэрч босч чадах юм бол амьдрал улам л гэрэл гэгээтэй болж байгаа мэт санагдах болно. 

2.    Зөв хоолло. Хооллолтын тал дээр өөрчлөлт хийхэд эхэндээ танаас маш их эрч хүч шаардах болно. Хүмүүс ихэвчлэн согтууруулах ундаа, тамхи, хүнд болон өөх тостой, эрүүл биш хоол хэрэглэж бие махбодио хордуулахаас гадна, өөрийн ихэнх энергиэ зарцуулж байдаг. Та эрүүл зөв амьдаръя гэж бодож байвал энэ бүхнээс салах хэрэгтэй. Жингээ барих олон аргуудаас өөрт тохирохыг нь сонго. Эрүүл хооллолтын цэсэнд согтууруулах ундаа, шарсан төмс, чихэрлэг ундаа, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, түргэн хоол огт байхгүй гэдгийг сана. Тэгэхлээр энэ бүгдийг хоолны жагсаалтнаасаа авч хаяна гэсэн үг юм. Хоолны порцоо багасга. Орой аажуу болсон хойно мөн оронд орохын өмнө юу ч идэж болохгүй. Шаардлагатай бол зөв хооллолтын талаар мэргэжлийн хүнээс зөвлөгөө ав. Хамгийн гол нь өөрийгөө хордуулахаар хоол хүнс хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Хөнгөн, эрүүл, амттай, витаминаар баялаг хооллож сурах хэрэгтэй. Ингэснээр илүү аз жаргалтай, эрч хүчтэй байх болно. 

3.    Спортоор хичээллэ. Зөв, эрүүл амьдралын нууцад спорт багтдаг гэдэгт огтхон ч эргэлзэх хэрэггүй. Хөдөлгөөнтэй бай, дасгал хий. Жишээ нь иогийн хичээл, бүжиг, гүйлт, усанд сэлэлт, явган аялал гээд боломжууд олон бий. Аль болох хөдөлгөөнтэй бай. Гадаа урин дулаан болж байгаа энэ үед гэртээ машинаа орхиод ажил руугаа явган алх. Ажилдаа явахаасаа өмнө дасгал хий. Цахилгаан шатаар явахын оронд ямагт шатыг сонго. Хөдөлгөөн бас дахин хөдөлгөөн гэдгийг ямагт сана.  

Хоёр дох долоо хоног: Хувийн амьдралаа цэгцэл 

1.    Хувийн орон зайгаа эмх цэгцэд оруул. Хэрэггүй зүйлийг хая, эсвэл устга. Гэртээ байх бүх зүйлийг эмхэл. Булан тохой гэлтгүй цэвэрлэж, хэрэггүй гэсэн хог новшноос сал! Жижиг гэлтгүй танай гэрт байгаа эд зүйл бүхэн орон зай эзлэхээс гадна таны энергиэс хумсалдаг гэдгийг мартаж болохгүй. Энэ хэвээрээ байгаад байх уу орон гэртээ өөрчлөлт хийх үү? Энэ бол таны сонголт. Энэ хайран, хэрэгтэй гэж бүү бод. Огт хэрэглэдэггүй юмуу удаан хэрэглээгүй зүйл байвал хогийн саванд хий, эсвэл хэн нэгэнд өг. Зөвхөн өөрт зайлшгүй хэрэгтэй гэсэн зүйлийг л авч үлд. Олон жилийн өмнө хуучин хайртаасаа авсан чихмэл тоглоом, эд зүйлс, хуучин бэлэг сэлт өнөөдөр танд хэрэгтэй гэж үү? Эргэлзэх хэрэггүй тийм зүйл байвал шууд ангижрах хэрэгтэй. Сайхан цэвэрлэгээ хийж, гэрээ эмх цэгцэд оруулсны дараа танд сайхан мэдрэмж төрөх болно. Туршаад үзээрэй. 

2.    Хийж амжуулаагүй зүйлээ хий. Хэдэн жилийн өмнөөс та англи хэл сурах юмсан гэж ярьж явна? Шинэ он гарах бүрт хийнэ гэсэн зүйлээ та хэдэн жил дараалан хойшлуулж сууна? Өөртөө бөгөөд өрөөл бусдад амалсан амлалтаа биелүүлэх цаг нь болсон. Харин хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдгээ төлөвлө. Танд хоёр боломж бий. 1. Тэдгээр зүйлээ шууд хэрэгжүүлэх. 2. Эсвэл хэзээ ч хэрэгжүүлэх боломжгүй зүйл байгаа бол жагсаалтаасаа авч хая. 
Гадаад хэл сурна гэж олон жил ярьж байгаа бол маргаашнаас хэрэгжүүл. Хийж амжихгүй хирнээ санаа зовж явдаг зүйлүүд байгаа бол оройтоогүй дээрээ шийдвэр гарга. 

3.    Нийгмийн амьдралаа цэгцэл. Танд төвөг уддаг өөрөөр хэлбэл танд үргэлж нэмэр биш нэрмээс болдог хүмүүсээс холбоогоо тасал. Сөрөг хандлагатай, хамраа сөхсөн эсвэл тантай санаа нийлддэггүй хүмүүстэй холбоотой байх шаардлага огтхон ч байхгүй. Хэрэггүй хүмүүсээс зайгаа барьж сур. Үгүй гэж шуудхан хэлж сур. Өөрийнхөөрөө бай. Хүнд таалагдах гэж бүү аягла. Мэдээж эцэг эх, гэр бүлийн харилцаа бол огт өөр шүү дээ. Ямар ч тохиолдолд тэдэнтэйгээ эв найрамдалтай байхыг хичээ.     

Гурав дахь долоо хоног: Төлөвлө, зорилго тавь бас мөрөөд 

1.    Төлөвлөгөө гарга, түүнийгээ хэрэгжүүл. Өнгөрсөн долоо хоногийг баахан хийж дуусгаагүй ажлаар дуусгасан уу? Хийж дуусаагүй ажлаа хурдан хийж дуусга. Боломжгүй зүйл байвал жагсаалтаасаа авч хая. Хийх дуртай зүйлдээ цаг гарга. Зөвхөн ажлын робот байж, мөнгө бодохын оронд чөлөөт цагаа үр ашигтай төлөвлө. Амрах цаг гарга. Найзууд бас хайртай хүмүүстэйгээ цагийг зугаатай өнгөрүүл. Яарч догдолж, хурдан хийж амжуулах дуртай ажлаа ажлынхаа жагсаалтад оруул. Хугацааг нь бас алхмуудыг нь төлөвлөхөө мартуузай. Таны амьдралын түүх бол номны дуртатгал гэж төсөөл. Энэ ном бол зөвхөн таны унших ном байх юм. 


2.    Өдрийн төлөвлөгөө гарга. 
Орой бүр дараачийн өдөр хийх ажлын төлөвлөгөө гаргаж бай. Богино байсан ч хамаагүй. Хамгийн гол нь чухал ажлуудаа жагсаах хэрэгтэй. Ирэх өдрийн төлөвлөгөөг урд орой хийх нь маш чухал байдаг. Энэ нь хийх ажлаа мартахгүй байхаас гадна өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд ихээхэн тустай байдаг. Энэ бол туршилтаар батлагдсан зүйл юм. Түүнчлэн ерөнхий төлөвлөгөөгөө эргүүлж харах нь чухал бөгөөд та хүрэх гэж байгаа зорилгынхоо хаана нь явна гэдэгтээ дүгнэлт хийж байх хэрэгтэй. Ингэхэд ер нь та ямар нэгэн зүйлд хүрэхийг тэмүүлж байна уу?

Дөрөв дэх долоо хоног: Хүрээгээ тэл 

1.    Өөрөөр амьдрахыг хичээ. Амьдралд маш жижигхэн зүйлүүд ч гэсэн нөлөөтэй байдгийг сана. Урьд өмнө нь орж байгаагүй кафе эсвэл үнэтэй дэлгүүрт орж үз. Шинэ төрлийн спортоор хичээллэж үз. Урьд өмнө нь хийж байгаагүй зүйлийг туршиж үз. Хэрвээ та ажилдаа түүртээд өдөр болгоныг завгүй өнгөрүүлж байгаа бол өөртөө “Би юуг өөрчилж чадах вэ?” гэдэг асуултыг тавиад үз. Ямар нэгэн шинэ зүйлийг зуршил болгож эхлүүлэх хэрэгтэй. 


2.    Хийж дадсан зүйлээ өөрчил. Мэдээж урьд өмнөх бүх алхмуудыг та өөрийн дадаж заншсан арга барилаар хийж сурсан байх.Гэвч та цааш алхаж, шинэ сорилтуудтай тулгарч үзэх хэрэгтэй. Онгоцноос шүхрээр бууж үзмээр байна уу? Даргаасаа айж байна уу? Дарга дээрээ шинэ төлөвлөгөө бариад ороод үз. Шинэ хүмүүстэй уулзаж учирмаар байвал тэс өөр орчинд орж, танихгүй хүмүүстэй уулзаад үз. Ингэж байж л хүмүүс шинэ зүйлийг сурч, тийм нөхцөл байдалд өөрийгөө хөгжүүлж байдаг. 


3.    Завсарлага ав. Та юу гэж бодож байв? Бүх зүйл дандаа хэцүү байх ёстой гэж үү? Завсарлага ав гэдэг нь интернэтээ унтрааж, гэрээсээ гараад, ганцаараа хэсэг цаг хугацааг өнгөрүүлэхийг хэлж байгаа юм. Танд аливааг тунгаах цаг гарна гэсэн үг юм. Өнгөрсөн сар ямархуу өнгөрөв? Таны амьдралд ямар өөрчлөлтүүд гарав? Танд цаашид ямар зүйлүүд чухал байна? Юу хийх хэрэгтэй вэ? 


 Та энэ бүх зөвлөгөөг бодож, өдөр бүр амьдралдаа хэрэгжүүлж чадвал бүхнийг хийж чадах боломж байгааг олж харахаас гадна амьдралыг өөрөөр тольдох болно. Та хонгилын үзүүрт байгаа гэрлийг олж харна. Танд худлаа санагдаж байж болох юм. Хэрэгжүүлээд үзээрэй.   

М.Даваажав

Эх сурвалж: www.unen.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

Сонин хачин

Сэтгэгдэл (2)

  • zochin (202.70.41.210)

    2017-03-20

    bayarlalaa. goyoo zuvluguu baina

  • (139.5.217.13)

    2017-03-16

    баярлалаа