Ц.Сандуй: Асуудлыг шийдэх боломж бүрэн бий

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, НИТХ-ын дарга Ц.Сандуй, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн нар болон бусад холбогдох албаныхан өчигдөр/03.17/ СХД-ийн иргэдийн төлөөлөлтэй уулзлаа.

Тус уулзалтын үеэр НИТХ-ын дарга Ц.Сандуй “2016 оны шат шатны  сонгуулиар монголчууд МАН-д итгэл үзүүлсэн. Энэ үнэмлэхүй их итгэлийн цаана маш том хариуцлага бий. Энэ жилийг бид бүхэн сахилга хариуцлагын жил болгон зарласан. Хариуцлагатай ажиллаж байж бид иргэдийн итгэлийг зүтгэлээр хариулна. Нийслэлийн иргэдийн хурал долоон удаа хуралдаж олон асуудлыг шийдлээ.

Тухайлбал, нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, 2017 оны төсөв болон нийслэлийн агаар, хөрсний бохирдлын асуудлаар тусгайлан хуралдсан билээ. Энэ сарын 30-нд наймдугаар хуралдаанаа хийнэ. Мөн “Иргэдээ сонсъё” аяныг өрнүүлж 45 төлөөлөгч тус тусын тойрогтоо ажиллаж байгаа. Яг энэ хугацаанд УИХ-ын чуулганы завсарлагааны үе таарч байгаа учраас гишүүд тойрог бүртээ ажиллаж байна. Энэ дагуу сайд нар нийслэлийн 9 дүүрэгт тулгамдаад байгаа асуудалтай газар дээр нь очиж танилцаж, шийдэж, иргэдийнхээ дуу хоолойг сонсч, цаашид хийх ажилдаа тэдний бодол санааг тусгахаар ажиллаж байгаа юм.

Ер нь нам, төрийн бодлого нэгдмэл байвал шат шатандаа аливаа асуудлыг шийдэхэд хялбар болдог юм байна. Өөрөөр хэлбэл, засаг, хот, дүүргийн бодлого өөр байвал аливаа ажил урагшлахгүй. Бодлого нь зөв гараад түүнийг хэрэгжүүлэх шат шатны байгууллага бодлогоо дэмжээд нэгдээд явбал бидэнд шийдэж чадахгүй асуудал гэж үгүй. Тиймээс байгаа эдийн засгийн боломждоо тулгуурлаад бүх хүчээ дайчлан хамтран ажиллавал өнөөдөр Монгол Улсад тулгамдаад буй асуудлыг шийдэх бүрэн боломж бидэнд байгаа” гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

Сонин хачин