Т.Дэлгэрмөрөн: Сэтгэлд үерлэсэн наян булгаа аялгуулан урсгана

 

 Монголын рок попын урлагт өөрийн өнгө төрхийг бүрдүүлсэн соёлын тэргүүний ажилтан, дуучин Т.ДЭЛГЭРМӨРӨНТЭЙ “Наян булгийн аялгуу” тоглолтынх нь талаар ярилцлаа.

Та бие даасан хоёр дахь тоглолтоо үзэгч, сонсогчдодоо өргөн барих гэж байна. “Наян булгийн аялгуу” тоглолтын онцлогоос дурдвал?

-Би Монголын эрэгтэй хамтлаг дуучдаас бие даасан соло цомгоо анхлан гаргаж, 2004 онд “Амин зүрх” тоглолтоо хийж байлаа. Ард түмний сэтгэлд үг, үсэгтэйгээ хоногшсон уран бүтээлээсээ дээжилсэн “Наян булгийн аялгуу” тоглолтоо энэ сарын 17-нд буюу төрсөн өдрөөрөө тайлах гэж байна. Энэ тоглолтоо би тэнгэрээс ирсэн бэлэг хэмээн сүсэглэж, охин Д.Зөөлөнсий, уран бүтээлийн хамтрагчидтайгаа зохион байгуулна. Тоглолт гурван хэсгээс бүрдэх бөгөөд Төрийн их найрал хөгжмөөр эхлүүлж буй минь утга учиртай. Хоёрдугаар хэсэг хослон дуулсан уран бүтээлээс минь бүрдэж байгаа бол эстрад дуунуудаараа тоглолтоо жаргааж байгаа. Би урлагт хорин жил зүтгэж, дуучны хувьд хэр өсөн дэвжсэнээ сонсогчдодоо харуулах хэрэгтэй гэж “Баян Монгол” жазз оркестртой хамтран хуучны дууг сэргээн дуулахаар шийдсэн. Тухайлбал, дуучин Г.Зориг агсны “Шөнийн бороо” дууг шинэ найруулгаар дуулна. Тоглолтын минь хэсгүүдийг олон түмэндээ хүндлүүлсэн Ардын жүжигчин эрхмүүд холбон тайлбарлаж буйгаараа онцлогтой юм.

-Сонгодог, нийтийн дуу, рок поп, хип хоп гээд урлагийн бүх төрлийн төлөөлөлтэй хамтран дуулсан уран бүтээлч бол та. Тоглолтоо “Наян булгийн аялгуу” хэмээн нэрлэсэн тань учиртай байх аа?

-Ардын жүжигчин, дуурийн дуучин А.Долгортой “Сэтгэлд мөнхөрсөн ижии”, гавьяат жүжигчин, поп дива Т.Ариунаа эгчтэй “Шөнө дундын бүжиг”, Т.Баясглантай “Уулзах л юмсан даа”, УИХ-ын гишүүн С.Жавхлантай “Ааваа дуулъя”, ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ эгчтэй “Уянга цагаан хуруу”, Х.Мөнгөнцэцэгтэй хамтран “Хайрын дээд хань”, Х.Лхагвасүрэн, С.Амармандах нартай “Монголын нууц товчоо” гэсэн сайхан уран бүтээл туурвисан. Мөн “Мистер догс”, “Ice top” зэрэг хип хоп хамтлагийнхантай дуулжээ. Урлагийн энэ олон төрлийг би наян булагтай зүйрлэдэг. Сэтгэлд минь урссан урлагийн наян булгаа Дэлгэрмөрөн нэрээрээ аялгуут түрлэг болгон үерлүүлэхийг зорьсон. Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа агсны “Наян булгийн аялгуу” дуугаар тоглолтоо нэрлэсэндээ бахархаж, гүн хүндэтгэлтэй хандаж байна. Тиймээс Монгол Улсын далай даян, дархан аварга хүчтэний дээд болсон нэгэн сайхан бөх ирж зодог шуудгаараа монголчуудын босоо хийморийг хурайлан дуудна.

-Ер нь дуугаа зүрхэндээ мэдэрч бусдын сэтгэлд хүргэх чадвар нь уран бүтээлчийн гол шалгуур болдог. Та “Хайрын дээд хань” дуугаа сонсогчдын сэтгэлийн утсыг хөндтөл сэргээн дуулсан. Ингэж дуулахдаа юу бодож байсан бэ?

-Хөгжмийн зохиолч, яруу найрагчийнхаа тухайн дуугаар илэрхийлэх гэсэн санааг ойлгож, төгс бүтээл болгон дуулах нь дуучны үүрэг. Би хайрыг мэддэггүй хөвгүүн байхдаа “Хайрын дээд хань” дуугаа хөнгөн дэврүүн сэтгэлээр дуулсан.

-Язгуур урлагаар тоглолтоо нээж, их аваргын зодог шуудгаар хийморь далласан тэнгэрлэг тоглолт болох нь ээ. Монголын өв уламжлалыг тоглолтдоо шингээсэн нь таны үндэсний бахархалт үзлээ сэргээн, залууст хэвшүүлэх гэсэн бодол, зорилготой холбоотой юу?

-Үндэсний бахархлаараа гангарах сэтгэхүй аав, ээжээс минь улбаатай. Тэд минь монгол хэл, бичгийн багш байсан учраас “Монгол бичгийн нуруу далий татахад амьдралын зам муруйдаг” хэмээн багаас зааж сургасан. Энэ алтан сургаал намайг урлагийн замд хөтөлж, Нууц товчоогоо дээдлэн төрийн сүлд эрдэнэ соёмбо үсгийг тэргүүндээ залах үндсийг тавьсан юм.

Х.ЭРДЭНЭЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)