Сошиалын хар мөртнүүдийн гол “бай” нь хүүхэд, өсвөр насныхан болдог

 Техник технологи цаг минутаар хөгжин шинэчлэгдэж буй энэ үед хүмүүс мэдээллийг хаанаас ч авах боломжтой болсон. Цаг хугацаатай уралдан ажиллаж буй хүмүүсийн хувьд энэ нь сайн зүйл. Харин ашиг хонжоо хайсан хар мөртнүүдийн хувьд гэмгүй нэгнийг урхиндаа оруулах арга хэлбэр болсон гэхэд буруудахгүй байх. Ажил, амьдралын шаардлагаар бүх насныхан ухаалаг утас хэрэглэдэг болсон нь хүмүүст интернэт хэмээх дэлхийг хэрсэн мэдээллийн сүлжээгээр хүссэн үедээ аялах боломж олгосон. Харин учир мэдэхгүй хүүхэд залууст интернэт нь гэмт хэрэгт холбогдох, цаашлаад эрүүл мэндээрээ хохирох аюул дагуулсаар байна. Ялангуяа сониучхан насандаа дэгж дэрвэж яваа охидыг цахим сүлжээгээр дамжуулан хуурч тэднээр хүсээгүй зүйл хийлгэх нь газар авчээ. Танилцъя, зургаа явуулаач гэх юм уу, эсвэл дөнгөж фэйсбүүкийн найз болчихоод уулзах урилга илгээсэн тохиолдол удаа дараа гарсныг бид олонтаа сонссон. Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх албанаас сэрэмжлүүлэг гаргасаар байгаа ч энэ төрлийн гэмт хэрэгт хохирсон хүний тоо буурахгүй байгаа юм. Тиймээс ийм хэргийн золиос болохгүйн тулд танихгүй хүнтэй интернэтээр танилцахгүй байх, гоё сайхан гэрэл зурагт нь хууртахгүй байх хэрэгтэй.

ЦАХИМ ГАДУУРХАЛ ҮХЭЛД Ч ХҮРГЭХ АЮУЛТАЙ

Сүүлийн үед эцэг, эхчүүдийн санааг зовоож буй нэг асуудал нь цахим гадуурхал юм. Хүүхэд, өсвөр насныхныг интернэт, гар утас ашиглан доромжлох, дарамтлах, заналхийлэх, ичгэвтэр байдалд оруулж буйг цахим гадуурхал гэж нэрлэдэг. Сүүлийн үед цахим гадуурхлаас болж сэтгэл гутралд орох, эрүүл мэндээрээ хохирсон өсвөр насныхны тоо нэмэгдэж байгааг тоон мэдээнээс харж болно. Нийгэмд хурдан тархдаг, хүссэн үедээ үйлдэж болдог, өргөн цар хүрээг хамардаг зэргээрээ цахим гадуурхал илүү хор хөнөөлтэй. Гарт баригдаж, нүдэнд үзэгдэхгүй ч энэ аюулт “дайсан” хүүхдийг өөртөө итгэлгүй болгохоос эхлээд амиа хорлоход хүргэж байна. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд эрүүл мэндийн зан үйлийн судалгаа хийжээ. Судалгаагаар дөрвөн сурагчийн нэг нь сүүлийн нэг жилд амиа хорлох талаар бодож, долоон сурагчийн нэг нь амиа хорлохоор төлөвлөж, 10 сурагчийн нэг нь нэгээс олон удаа амиа хорлохоор завдсан гэж хариулсан байна. Харин Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэлд улсын хэмжээнд өнгөрсөн дөрвөн жилийн дотор насанд хүрээгүй 92 хүүхэд сэтгэл гутрал, гадуурхал, хүчирхийлэл, дарамт шахалтаас үүдэлтэйгээр амиа хорлосныг дурджээ. Мөн Хүүхдийн тусламжийн утас 108 дугаарт ирдэг дуудлагын 70 хувь нь тусламж эрсэн байдаг бөгөөд үүний 40 хувь нь цахим гадуурхалтай холбоотой гэх судалгаа ч бий. Цахим гадуурхалд өртсөн хүүхэд архи тамхи хэрэглэх, хичээлээ таслах, сургуульдаа явахыг хүсэхгүй болдог байна. Хамгийн аюултай нь амиа хорлохыг хүсэх, ийм оролдлого хийх нөхцөл үүсдэг байж болзошгүйг сэтгэл зүйчид хэлж байна. Тиймээс энэ аюулаас хайртай хүнээ хамгаалахын тулд загнаж буруутгахаас илүү учирлаж зөвлөн ярилцах хэрэгтэйг эмч, мэргэжилтнүүд зөвлөжээ. Цахим гадуурхал зөвхөн манай улсад газар авч байгаа гэвэл өрөөсгөл ойлголт болно. АНУ- ын Цахим гэмт хэргийн судалгааны хүрээлэнгийн хийсэн судалгаагаар таван хүүхэд тутмын нэг нь ийм байдалд байнга өртдөг. Судалгаанд оролцогсдын талаас илүү хувь нь ямар нэг хэлбэрийн доромжлолыг хүртэж байсан талаар мэдээлжээ. Мөн судалгаанд оролцсон өсвөр үеийнхний 37 хувь нь цахим гадуурхлыг онлайн буюу фэйсбүүк, инстаграмм, твиттер зэрэг сүлжээгээр авч байсан гэдгээ мэдэгдсэн байна. Тиймээс эрдэмтэд эцэг, эхчүүдэд хандаж 2-5 насны хүүхдийг хоногт нэгээс бага цаг, 5-18 насныхныг хоёроос бага цагаар интернэтээр аялуулах нь зохимжтой бөгөөд муу нөлөө багатай гэж зөвлөсөн байдаг.

Б.СЭЛЭНГЭ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)