Чуулгандаа суудаггүй, санал хураах мөчид алга болчихдог гишүүдийн цаана юу нуугдаж байна вэ
- 4 цаг 23 мин
- Улс төр
- 0

УИХ-ын чуулган, байнгын хороодын хуралдаан, Ажлын хэсэг болон бусад чухал хуралдаануудад оролцодоггүй, эсвэл ирцээ бүртгүүлээд, яг санал хураах мөчид алга болчихдог гишүүдийн цаана юу нуугдаж байна вэ.
Бидэнд мэдэгдэхгүй юу болоод байна гэхээр УИХ-ын гишүүн нэртэй, өөрийн толгойгүй нөхдүүд энэ удаагийн 126-д олноор ороод ирчихэж. Тэдний ард нэр бүхий хэдэн “их гар”-ууд нэгэнт бий болчихож. Энэ хэдэн хүн Их хурлын гишүүдийн нэлээд хэсгийн чуулгандаа оролцох, оролцохгүйг шийддэг болжээ.
Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд асангууд, мөн сонгуулийн өмнө намын дарга, генсек байсан этгээдүүд УИХ-ын үйл ажиллагааг зогсонги байдалд оруулж чадаж байна. Шулуухан хэлэхэд, энэ хэдэн хүн эх орондоо дайсагнаж байна гэсэн үг. Эдгээр нөхдүүд өнгөрсөн хугацаанд намын жагсаалтад хэн орох, орохгүйг, хэн нэр дэвших, дэвшихгүйг шийдсэн.
Ингээд тэдэнд өртэй баахан нөхдүүд УИХ-ын гишүүд болсон. “Их гар”-ууд нь юу гэнэ, яг тэрүүгээр нь өнөөх гишүүд хөдөлдөг. “Наад чуулгандаа сууж яах гээд байгаа юм бэ, наанаасаа зайл л даа...” гэх утасны цаадах зандрангуй дууг хажуугаас нь сонсох гутамшиг л санагдах. Уг нь УИХ-ын гишүүн хэмээн хүндэтгэж, ярилцлага авахаар сууж байгаа. Ийм эмгэнэлт агшнууд чуулганы явцад байнга болж байгааг мэддэг хүмүүс цөөнгүй болжээ. Гэвч тэд дуугарахгүй. Монгол төрийн эмгэнэл энэ юм даа. МАН-ын нэгэн том дарга асан утасдаж “Гадагшаа явж яах гээд байгаа юм бэ, энэ долоо хоногийн чуулгандаа сууж ингэж үг хэл, үүн дээр нь кноп дар, үүн дээр нь эсрэг санал өг” гэх зандралт, гишүүн санаатай нөгөө нөхрийн сандран “За” гэхийг төрийн ордонд сонсох шившиг биш үү. Ийм гишүүдтэй Их хурлын дарга С.Бямбацогт Та юу бодож байна.
Маш товчхондоо өнөөдрийн 126 гишүүнтэй парламент ийм л хэсэг нөхөдтэй болчихлоо. Яг нарийн тоо гаргавал Их хурлын гишүүдийн лавтай 30 гаруй хувь нь яг ийм дохио зангааны нөхдүүд байна. Үүнийг улс төрийн хүрээнийхэн хуруу даран тоолж нэрлээд ийм хувьд хүргэсэн юм билээ. Энэ хэрээр төрийн эрх барих дээд байгууллагын нэр хүнд шороотой хутгалдаж байна. Тэд бүгдээр өөрийнхөө ирээдүйг, үр хүүхдийнхээ хувь заяаг, тэднийхээ амьдрах эх орныг нүхэнд унагаж байгаа хэрэг.
Үр дагавар нь хожмын хойно ямар муухай тусдагийг өнөөдөр бид харж байгаа. Жишээ нь, 30 гаргуй жилийн өмнө Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх уу, ард түмнээс сонгодог байх уу гэдэг дээр депутатууд ганц өдөр л тогтож бодсон бол өнөөдрийн энэхүү засаглалын хямрал үгүй байх байлаа. Өнгөрсөн бүх хугацааны Ерөнхийлөгч нар Ерөнхий сайдын ажлыг давхар хийх гэж дайтав. Зарим нэг нь бүр Ерөнхий сайд, УИХ-ын даргын ажлыг давхар хийж баларцгаалаа. УИХ-ын гишүүдийг хонь хурга шиг хашиж хариулах гэдэг. Энэ бүхэн эргээд өөрт нь ямар хортой тусдагийг өмнөх кейсүүд бэлхэнээ харуулдаг. Эцэстээ энэ бүгдийн хохирогч нь ямагт ард түмэн байсаар ирсэн.
Тэгэхээр УИХ-ын дарга С.Бямбацогт Та цаг алдалгүй Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, хуралдаа суудаггүй, санал өгөхөөс зугтдаг гишүүдэд хариуцлага тооцох ажлыг яаравчлах ёстой. Магадгүй УИХ-ын даргаар ажиллах хугацааны чинь хамгийн том үнэ цэнэтэй ажил энэ ч болж мэднэ шүү.
Тоон үзүүлэлтээс харахад парламент бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш ирц хүрээгүйн улмаас Байнгын хороодын хуралдаан 38 удаа, ирц бүрдсэн ч зөвшилцөл хангаагүйн улмаас Байнгын хороодын хуралдаан 19 удаа, нийтдээ 57 удаагийн хуралдаан тасалдсан байна. 57 удаа шүү. Өнгөрсөн хаврын чуулганы явцад 10 дэд хороо ирц хүрээгүйн улмаас хуралдаагүй байна.
Ийм тоон үзүүлэлтүүдийг цааш бичвэл хэнбугай ч УИХ-ын үйл ажиллагаа, бидний сонгосон төр дэх төлөөллүүд ажлаа хийдэггүй юм байна гэдгийг ойлгоно. Гэтэл энэ бүгдийн цаана бодитой юу нуугдаж байна гэхээр дархлагдсан хэдэн “хулгайч” өөрсдийнхөө хор найруулж УИХ-ын гишүүн болгосон хэсэг хүүхэлдэйнүүдээ дарамталж, утасны цаанаас удирдаж, төрийн эрх барих дээд байгууллагын ажлыг санаатайгаар доголдуулж иржээ. Гэтэл хариуцлага тооцох механизм нь хаана байна. Нэн даруй хуульчил л даа.
Өөрийн гэсэн толгойгүй болчихсон гишүүд (УИХ-ын 30 гаруй хувь) та бүхэн шалавхан өөрийн толгойтой болцгоо. Тэгэхгүй бол цаашдаа юу ч болж мэднэ. Та хэдийг хилийн цаана худалдчихсан байвал яах вэ. Нэг л шөнө хойноос, эсвэл урдаас дуудлага орж ирвэл яах уу. Заавар чиглэл өгч эхэлбэл яах вэ. Та нарын төлөх ёстой өр “их гарууд”-ынх чинь биш, их гүрнүүдэд төлөх ёстой өр болчихсон явбал яах вэ... Бод, сайн бод, бодсоноо ч дахин бод. Өөрийгөө муу юмнаас авч гар. Тэгээд чуулганы танхим руугаа алх. Монголын төрд үнэнчээр зүтгэх тангараг өргөснөө өглөө бүхэн сана. Төрийн өндөр босго алхаж орсон хувь заяандаа баярла. Үр хүүхдэдээ бүтэн нэр үлдээ.
Ө.БАТБИЛЭГ
ӨДРИЙН СОНИН

Сэтгэгдэл (0)