Ч.Бат-Эрдэнэ: Монгол марк гоёмсог хээ угалзаараа бусдаас ялгардаг

Залуу зураач Ч.БАТ- ЭРДЭНЭТЭЙ ярилцлаа. Тэрбээр 2010 оноос хойш маркийн зураачаар ажиллаж буй. Түүний хамгийн сүүлд зурсан нохой жил сэдэвт маркаа нээсэн эхний өдрийн дараахан уулзлаа. Бидний яриа Төв шуудан дотор байрлах Маркийн музейд болсон юм. Тус музейд Монголын хамгийн анхны болон том, алт, мөнгөн зэрэг маркийн үнэт ховор дурсгалууд байх аж.

-Марк зурах болсон их хувь тохиол танд хэрхэн олдсон бэ?

-Маркийн зураг зурна гэж бодож байгаагүй. Би Дүрслэх урлагийн дунд сургуульд сурч, Дүрслэх урлагийн дээд сургуулийн уран зургийн анги төгсөөд чөлөөт уран бүтээлч болж, бусад зураачтай л адил урландаа уран бүтээлээ хийдэг байлаа. Намайг маркийн зураач болоод удаагүй байхад буюу 2011 онд Монгол Улсын хувьд олон түүхэн ой давхацсан жил болж байлаа. Тухайлбал, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Хүннү гүрний 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805, Ардын хувьсгалын 90 жилийн ой тохиосон юм. Тэр жил манай маркийн газрынханд хийх ажил их байсан бөгөөд соёлын тэргүүний ажилтан Ц.Цэнгэл ах ганцаараа зурж суудаг байсан юм билээ. Тэрбээр 1991 оноос хойш тасралтгүй ажилласан юм. Одоо бие нь жаахан чилээрхүү байгаа болохоор гэрээт зураачаар ажилладаг. Ер нь Монгол Улсын тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болсон үнэт цаасанд бүтээлээ үлдээнэ гэдэг хэр баргийн хүнд тохиохгүй хувь, түүхэнд нэрээ мөнхлөх том боломж.

-Эхлээд маркийн ямар сэдэвтэй зураг зурж байсан бэ. Одоогоор маркийн хэчнээн зураг зурсан бол?

-Анх маркийн зураг зурж чадах болов уу гэж эргэлзэж байсан. Хамгийн анх бартаат замын уралдаан, Монголд болон дэлхийд ховордож буй амьтдыг зурж байлаа. Өнгөрсөн хугацаанд боловсролын 90, Үндэсний эрх чөлөөний 100, НҮБ – д Монгол Улс нэгдсэний 50, Аугаа их эх орны дайны ялалтын 70, гаалийн байгууллагын 100 жилийн ой, Лондоны олимп, Тарбозавр Батаар Монголдоо ирсэн үеийн гээд л олон түүхэн үйл явдлыг тохиолдуулан гаргасан маркийн зургийг зурсан. Хэдэн зураг зурснаа тоогоор илэрхийлж хэлэхэд хэцүү. Маркийн сэдэв өргөн шүү дээ. Манайх ойролцоогоор төлөвлөгөөний дагуу жилд 14 сэдвээр марк хийдэг. Үүний дээр нөөц сэдвийн дөрвөн марк нэмэгддэг. Нэг сэдэв хэдэн ч удаа задарч зураг болж болно. Би угаасаа авангард, абстракт гэхээсээ түүхэн, реалист төрлөөр зурдаг болохоор маркийн зураг зурахад илүү ойр байсан. Ер нь бодит зургаар мэргэшчихээд дараа нь орчин үеийн урлагийн төрлүүдээр уран бүтээлээ туурвисан нь дээр гэж боддог.

-Зурах маркийн сэдэв болон санааг яаж олдог вэ?

-Марк гаргах сэдвийг хоёр жилээр баталдаг. Маркийн сэдвийг мэргэжилтнүүд хамтарсан багийнхан судалж, Ерөнхий сайд баталдаг. Улс оронд болж буй томоохон үйл явдал, тэмдэглэлт өдөр зэрэгт зориулсан сэдвүүд зонхилдог. 2019 он хүртэл зурагдах маркийн сэдвүүдийг баталчихсан байгаа.

-Энэ жил ямар сэдвээр маркийн зураг зурах вэ? 

Энэ маш нууц байдаг . Яг зурсны дараа нээлтээ хийж, олон нийтэд танилцуулдаг учраас нууц байх шаардлагатай. Марк тухайн улсын нүүр царай болдог учир ямар ч алдаа гаргах эрхгүй. Иймээс марк зурахад хамгийн чухал нь судалгаа тул төрөл бүрийн салбарын мэргэжилтэн оролцох үе бий. Динозавр зурах болбол палеонтологичидтой уулзаж, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын талаар дүрслэхдээ Түүхийн хүрээлэн, Богдын музейн судлаачдаас мэдээлэл авах жишээтэй. Тэр бүрт хүмүүс бидэнтэй эелдгээр харилцаж, тусалдаг. Эх орноо дэлхийд сурталчлах ажлыг бид хийдэг. Бидний гаргасан марк дэлхийн олон оронд түгж байгаа гэж бодохоор сайхан шүү.

-Нохой жил сэдэвт анхны маркийн зургийг хэрхэн бүтээсэн бэ?

- Улс орон бүр жилийн анхны марк гэж гаргадаг. Манай улсын хувьд жилийн анхны марктаа зориулж, цөөн тоотой гар аргаар дугтуй болон тусгай тамга хийлгэдэг онцлогтой. Нохой жил сэдэвт анхны маркийн зургийг өнгөрсөн оны аравдугаар сард зурж, арваннэгдүгээр сард хэвлэлтээс гаргасан юм. Энэ жилээс эхлэн маркийн зургийг реалист маягаар дүрслэн зурж байна. Урьд нь монгол зургийн аргыг ашигладаг байсан. Ер нь анх гүйлгээнд гарч буй шинэ марк нааж шуудангийн тэмдэг дарсан тусгай дугтуйг анхны өдрийн дугтуй гэдэг. Манай улсад анхны өдрийн дугтуйг 1958 оны арваннэгдүгээр сарын 11-нд гүйлгээнд оруулсан "Эцэг мал" цуврал маркийн хамт анхны өдрийн дугтуйг гаргасан түүхтэй.

-Одоо та ямар албан тушаал хашиж байна вэ?

-Маркийн газрын зураачаар ажиллаж байна. Монгол маркийг бүтээх үйлсэд манай үе үеийн шилдэг зураач, урчууд гар бие оролцон зүтгэж, хөдөлмөрлөж ирсэн. Жишээлбэл, Ардын зураач О.Цэвэгжав, Ү.Ядамсүрэн, Н.Цүлтэм, Урлагийн гавьяат зүтгэлэн Д.Чойдог, зэрэг алдартан маркийн зураг зурдаг байсан нь бахархалтай санагддаг.

-Монголын анхны марк хэдэн онд гарч, хэн гэдэг зураач зурсан бэ?

-Монгол Улс мөнгөн тэмдэгттэй болохоосоо өмнө марктай болчихсон. Данзангийн доллар энэ тэр гараагүй байхад л марк бий болчихсон гэсэн үг. 1924 оны долоодугаар сарын 1-нд “Элдэв Очир” хэмээх нэг долларын үнэтэй таван өнгө ялгасан багц марк гарсан. Зургийг Балдуугийн Шарав буюу Марзан Шарав зурсан байдаг.

-Маркийн нэг зураг зурахад хэдий хэр хугацаа шаарддаг вэ?

-Ер нь тухайн сэдвээс шалтгаална. Хамгийн гол нь сэдвээ сайтар судалж байж скиз зургаа гаргадаг. Өгөгдсөн сэдвийг хэрхэн илэрхийлэхээс хугацаа хамаарна. Энэ нохой жилийн анхны маркийн зургийн хувьд хоёр долоо хоногийн хугацаанд бүтсэн. Асар, басар, хүдэр гурван нохойг бодит зургийн аргаар дүрсэлсэн юм. Нарийн дүрслэл шаардах сэдэв бүхий маркийн зургийг зурахад хоёр сар орчим хугацаа зарцуулах ч үе байдаг.

-Зурахад хэцүү сэдэв ч юм уу дүрслэл гэж байдаг уу?

- Жижижгхэн зайд бүхэл бүтэн улсын түүх, соёл, онцлогийг тусгаж, бусад улсад сурталчилдгаараа марк гайхамшигтай. Ер нь бодит хүний зургийг зурахад илүү анхаарах хэрэгтэй. Бодит хүнээсээ өөр болчихвол хэцүү шүү дээ. Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 100 жилийн ойд зориулж, марк гаргаж байсан. Одон медаль, царай төрх зэргийг бодит байдлаас өөрөөр зурж болохгүй гэж өөртөө хатуу сануулж хичээж бүтээсэн. Ю.Цэдэнбал гуай Монгол Улсаа НҮБ-д элсүүлсэн, Үндэсний телевиз, МУИС-ийг үүсгэн байгуулсан зэрэг монгол оронд бүтээн байгуулсан их гавьяаг уг маркт багтаасан.

-Маркийн зураг зурахад тогтсон хэм хэмжээ гэж байдаг уу?

-Тогтсон стандарт байхгүй. Хаана, юуг хэрхэн илэрхийлэхийг багаараа ярилцаж байж шийддэг. Манай маркийн дизайнер Ж.Ганхуяг гэж туршлагатай, олон жил ажилласан залуу бий. -Дэлхийн бусад орны марктай харьцуулахад манай маркийн ялгарах онцлогийг та юу гэж хардаг вэ? -Манай маркийн ялгарах онцлог бол хээ угалзыг өргөн дэлгэр ашиглаж ирсэнд байдаг болов уу. Анхны марк “Элдэв-Очир”-оос эхлэн өнөөг хүртэл гаргаж буй марк дээр монгол ардын хээ угалзыг төрөл бүрээр нь донжийг олж, чадмаг суулган өгч ашигласан нь өнгөлөг оновчтой болсон харагддаг. Улс бүр шинэ гарсан маркаасаа тус бүр гурвыг Дэлхийн шуудан холбооны гишүүн орнуудад илгээдэг юм. Үүний дагуу бидэнд ирсэн маркийг цэрэг дайн, спорт, ургамал, хүүхэд, барилга зэрэг сэдвээр төрөлжүүлэн хадгалж, үлдээдэг. Дэлхийд маркийн урлаг, соёл өндөр хөгжиж байна. Маркаас нь кофе, цэцгийн үр хүртэл үнэртэж байна. Үүний тулд янз бүрийн өртөг өндөртэй шилдэг технологийг ашиглаж байгаа. Тиймээс ч гайхамшигтай сайхан, шинэ соргог маркууд гарч байна. Манай улсын хувьд дэлхийтэй аль болох хөл нийлүүлэхийг хичээж байгаа. Гэвч өндөр өртөгтэй гардаг болохоор арай гүйцэж чадахгүй байна.

-Маркийн музей дахь сонирхолтой үзмэрүүдээс онцолж заримыг нь танилцуулаач?

-Монголын хамгийн том марк гэж бий. Дэлхийд хамгийн том марк гэж бүртгүүлэх гэсэн ч бүтээгүй гэдэг. Алт, мөнгөн ялтсан маркууд бий. Мөн хэлмэгдсэн марк гэж ч бий.

-Хэлмэгдсэн маркийн түүхээс нь товчхон дурдвал?

-Одоогоос 45 жилийн өмнө буюу 1962 онд Эзэн богд Чингис хааны мэндэлсний 800 жилийн ой тохиосон. Тухайн үед Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн эх зургаар Эзэн богд Чингис хаан, эзэнт төрийн цагаан сүлд, Чингисийн чулууны бичиг, гэрэгэ зэргийг дүрсэлсэн 20, 30, 50, 60 мөнгөний үнэтэй дөрвөн төрлийн нэг цуврал марк үйлдсэнийг мөн оны зургаадугаар сарын 2-нд гүйлгээнд гаргасан. Тухайн үед үзэл сурталд нийцээгүй гээд гурван хоног худалдаалаад хориглосон байдаг. Үүнээс гадна бас нэгэн сонирхолтой марк бий. “XXI зууны Монголын анхны марк” нэртэй алтан фольго бүхий уг блокийг Франц улсад 21 мянган ширхэг хэвлүүлсэн байдаг. Маркийн дөрвөн өнцөгт нь тэнгэр, усаар дэвсгэр хийж улиран одогч зуун болон мянганы сүүлийн жил нь луу жил, загасны ордод, шинэ зуун болон мянганы эхний жил могой жил ба бумбын ордод тохиож буйг монгол зургийн аргаар дүрсэлсэн байдаг. Уг маркийн эх зургийг Ц.Цэнгэл ах зурж байсан юм.

Г.Нямсүрэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)