Санхүүгийн зохицуулах хороо ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ

Санхүүгийн зохицуулах хороо ахмад настнуудтайгаа байнгын харилцаатай байж, тэдний санал бодлыг сонсон, заавар зөвлөгөөг авч ажилладаг. 2016 онд Ахмадын зөвлөлтэйгөө байгуулсан хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд жилд хоёроос доошгүй удаа уулзах, аялал, спортын болон бусад чөлөөт цагийн үйл ажиллагаанд хамруулах, залуу үеийнхэнд сургамж зөвлөгөө өгүүлж, тэдний мэргэжлийн дадлага, туршлагыг өвлүүлэх, залгамж холбоог батжуулах ажлыг тогтмолжуулж байна.

Удахгүй болох сар шинийн баярын босгон дээр Хорооны дарга С.Даваасүрэн, дэд дарга Д.Баярсайхан тэргүүтэй удирдлагууд Ахмадын зөвлөлийн 14 гишүүнийг хүндэтгэн хүлээн авч, ээлжит уулзалтаа хийлээ. Уулзалтыг ёс төдий, бэлгэ дэмбэрэлийн цугларалт болгож өнгөрүүлэлгүй, илүү ажил хэрэгч зөвлөлгөөн болгон үүднээс Хорооны удирдлагууд ахмад настнууддаа өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажил, хүрсэн үр дүн, цаашдын зорилго төлөвлөлтөө дэлгэрэнгүй танилцуулав.

Хорооны 2017 оны үйл ажиллагаа, банкнаас бусад санхүүгийн зах зээлийн үндсэн үзүүлэлтийг Судалгаа, эрсдэлийн шинжилгээний хэлтсийн дарга Н.Хүдэрчулуун тоймлон танилцуулав. Үнэт цаасны, даатгалын, банк бус санхүүгийн болон хадгаламж, зээлийн хоршооны зах зээлийн үзүүлэлтүүд 2017 онд өмнөх оныхоос нийтдээ 25 хувиар өссөн байна. Нааштай, эерэг өөрчлөлтүүд зах зээлд гарч, банкнаас бусад санхүүгийн салбарыг сонирхон сонгох олон нийтийн хандлага илт нэмэгдэж буйг мэдэрч, тэр болгонд баярлаж буйгаа Хорооны ахмадууд илэрхийлсэн юм.

Ахмадын зөвлөлийн дарга Б.Шаравсамбуу, зав чөлөөгүй ажиллаж байгаа хэдий ч ахмадуудаа хүндэтгэн хүлээн авч санал бодлыг сонсож буйд талархаж баайна гээд, давхар бүртгэлийн журмын хэрэгжилтийг цаашид хангах, сайжруулахад хууль, эрх зүйн орчинд ямар зохицуулалт хэрэгтэй байгааг Хорооны дарга С.Даваасүрэнгээс асууж, хариулт авав. Мөн Хорооны орон тооны анхны эмэгтэй гишүүн Д.Дүгэржав шинээр IPO гаргаж байгаа компаниудын олон нийтэд санал болгох хувьцааны хэмжээг нийт хувьцааны 25-аас доошгүй хувь байх шаардлага тавьж буйг сайшааж, дэмжиж байгаагаа хэлээд үнэт цаасны төвлөрлийг хэрхэн арилгах, Хорооны эрх зүйн байдлын тухай болон Санхүүгийн тогтвортой байдлын тухай хуульд энэ талаар нэмэлт оруулах, эсэх зэрэг олон асуудлыг тодруулан асууж, зөвлөн ярилцав. Түүнчлэн ахмадууд Хорооны үйл ажиллагаа урьд өмнөхөөсөө илүү эмх цэгцтэй, ил тод болсныг анзаарч байгаагаа дурдан, хөрөнгийн захх зээлд хувийн хэвшлийн арилжааны байгууллага гарч ирж буй явдал томоохон амжилт болохыг онцлон хэлж байв.

Хорооны дарга С.Даваасүрэн цаашид банкнаас бусад санхүүгийн зах зээлүүд дээр хийхээр төлөвлөж буй ойрын болон дунд хугацааны бодлого, зорилтыг багцлан дурдаж, үүний дотор “Эрдэнэс тавантолгой”-н 1072 хувьцааг ойрын хугацаанд хөдөлгөх, үнэт цаасны бүртгэлд бүртгэж, арилжаанд оруулах талаар УИХ-тай нягт хамтран ажиллаж байгаагаа онцлов. Мөн даатгалын нөөц санг нэмэгдүүлэх, ББСБ-ын үйл ажиллагааг өргөжүүлэх, сахилга батыг дээшлүүлэх зэрэг олон ажил байна гэлээ. Мөн тэрээр, Хорооны байр суурийг зохих түвшин аваачих, олон нийтэд зөвөөр ойлгуулах, ил тод байх үүднээс бид аливаа асуудалд нягт нямбай, няхуур, судалгаатай хандаж, бодлогын зохицуулагчийн хувьд мэргэжлийн ажиллахад онцгой анхаарч байна гэв.

Уулзалтын төгсгөлд Хорооны удирдлагууд Ахмадын сангийн нөөцөөс настнуудад Цагаан сарын баярын тэтгэмж олгож, бие тэнхлүүн, сэтгэл талбиун сайхан шинэлэхийг хүслээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)