Л.Эрдэнэ-Очир: Хал нь гаднаа, хайр нь дотроо хадам ээжийн дүрийг бүтээлээ

Нэгэн үe үзэгч түмнийг байлдан дагуулж байсан “Ээжийн дайсан” уран сайхны киноны хоёрдугаар анги өнгөрсөн баасан гарагт нээлтээ хийлээ. Киноны нээлтэд шинэхэн байгуулсан “May band” хамтлаг болон дуучин П.Баярцэнгэл, реппэр Gee нар ая дуугаа өргөсөн юм. “Ээжийн дайсан 2” киноны найруулагчаар Д.Мөнхбат ажиллаж, гол дүрд гавьяат жүжигчин Б.Тунгалаг, соёлын тэргүүний ажилтан Д.Баттөмөр, Л.Эрдэнэ-Очир, Г.Алтаншагай, Г.Эрхэмбаяр болон СУИС-ийн III курсийн оюутан Ж.Номингэрэл нар тоглосон байна. Жүжигчин Б.Отгонтуяа эсрэг дүрийг чадварлагаар бүтээсэн гэдгийг үзэгчид онцолж байлаа. Тус кино нь 80 минут үргэлжлэх бөгөөд гол дүр болох жүжигчин Д.Баттөмөрийн хувьд найман насаар дүү бүсгүйд дурлан гэрлэх санал тавьснаар эхэлж, хадам ээжтэйгээ танилцан хөглөж буйгаар өрнөх юм. Киноны нээлтийн үеэр зарим уран бүтээлчийн сэтгэгдлийг хуваалцлаа. 

Л.Эрдэнэ-Очир: -Миний ааш араншингаас их өөр дүр таарлаа. Ихэвчлэн надад эсрэг дүрийн санал ирдэг. Энэ удаад хал нь гаднаа, хайр нь дотроо хадам ээжийн дүрийг бүтээлээ. Уран бүтээлд залуу хамт олонтой ажиллах сайхан байлаа. Манай киног үзэж амьдралд тохиолддог олон сайхан мэдрэмжийг аваарай гэж хүсмээр байна.

Д.Баттөмөр: -2012 оны тавдугаар сарын 14-нд “Ээжийн дайсан” кино нээлтээ хийж байлаа. Ингээд зургаан жилийн дараа киноныхоо хоёрдугаар ангийг бүтээж нээлтээ хийж байгаадаа баяртай байна. Хоёрдугаар ангийг хийх үү яах вэ гэсэн эргэлзээ байсан. Энэ эргэлзээг давж сайн уран бүтээл хийж үзэгч түмэндээ хүргэсэн гэж найдаж байна. Нэгдүгээр ангидаа туранхай байсан бол хоёрдугаар ангидаа тарган Батаа болсон байна.

Ж.Номингэрэл: -Гол дүрд нь тоглосон анхны кино байлаа. Кинонд дүр бүтээнэ гэж бодож байгаагүй. Мөрөөдлийн театрын тоглолтын ард бүжиглэдэг байсан. Д.Баттөмөр ах намайг дуудаад кинонд тоглох санал тавьсанд итгэж чадахгүй байлаа. Киноныхоо нээлтэд оролцох сайхан ч бас үзэгчдээс ямар санал, шүүмжлэл ирэх бол гэсэн айдас байна. Кинонд тоглоход шантрах зүйл их байсан. Гэхдээ хамт олныхоо хүчээр бүх зүйлийг давж гараад энд зогсч байгаадаа баяртай байна.

 

Г.Нямсүрэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)