Г.Мишээл: Хүн болгон нийслэл бараадвал аймгуудын театр эзгүйрнэ

Орхон аймгийн Хүүхэд залуучуудын театрын жүжигчин Г.МИШЭЭЛИЙГ ярилцлагын зочноор урилаа. Тэрбээр энэ жилийн “Гэгээн Муза” наадмын хоёр төрөлд шилдгээр тодорсон залуу уран бүтээлч юм.

Муза” наадмын драм болон ганц хүний жүжгийн төрөлд шилдгээр тодорсон танд баяр хүргэе. Наадамд өрсөлдсөн “Итгэлийг эвдэгч” бүтээлийн зохиолоо та өөрөө бичсэн. Энэ бүтээлийг туурвих санаа хэрхэн төрсөн бэ?

-Баярлалаа. Арван жилийн сургуульд байхаасаа л бичих, зохиох сонирхолтой хүүхэд байсан. Ном бүтээл туурвихыг буян гэж ярьдаг. Үүний нэгэн адил өөрийн номоо хэвлүүлнэ, бичих эрдэмд суралцана гэж боддог байсан. Би 2002 онд яруу найргийн түүврээ гаргасан. Дараа нь 30 нас хүрэхээс өмнө хийх ажлаа төлөвлөсөн. Уг нь ганц хүний жүжгийн зохиолын түүврийг анхлан гаргах зорилгыг өөртөө тавьсан юм. “Чаплинд нулимс бий юү” жүжгийн зохиолыг хамгийн анх бичлээ. Тухайн үед зорилгоо биелүүлчихэж болмоор санагдсан. Хамгийн сүүлд “Итгэлийг эвдэгч” нэртэй жүжгийн зохиол бичсэн. Энэ жүжигт анагаахын хэллэгээр витилиго буюу арьс цайрах өвчинтэй хүмүүсийн талаар өгүүлдэг. “Vit Mongolia” гээд фэйсбүүк групп байдаг. Үүнээс мэдээлэл авахын хажуугаар их судалгаа хийсэн. Энэ өвчнийг одоо хүртэл бүрэн эмчилж чадахгүй байна. Ганцхан арьс цайрах хугацааг нь удаашруулах боломжтой юм билээ. Түүнчлэн энэ өвчний тархалт гаднын оронд ямар байдаг талаар судалж, олон улсад алдартай хүмүүс арьс цайрах өвчинтэй байсан талаар олж мэдсэн. Жүжгийн зохиолд сэдэв их чухал. Тиймээс олон зүйлийг бодож “Итгэлийг эвдэгч” зохиолыг бичсэн юм. Жүжгийн зохиол бичих нь хялбар ажил биш. Зохиолоо бичихийн зэрэгцээ зохиолч олон зүйлийн талаарх мэдлэгтэй болдог. Бас үзэгчдийн сонирхлыг татахын тулд олон зүйл судлах шаардлагатай. Бүтээлүүдээс Орхон аймгаас “Гэгээн Муза”-д хамтдаа ирж оролцсон Монголын Улсын соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Ч.Уранбилэг тоглосон “Нохойн хурим” жүжгийн зохиолыг бичсэн. Энэ жүжгээ би сүнсэнд хөтлөгдөж бичсэн гэж боддог.

-“Нохойн хурим” жүжгийг бичихэд далдын хүч танд тусалсан гэсэн үү?

-Хүмүүс театрын талаар ярихдаа “Ямар гоё сүнслэг, амьд юм бэ” гэдэг. Түүнтэй адил энэ зохиолыг бичихэд надад баймгүй зүйл гарсан. Зохиолоо бичиж дууссаны дараа өөрөөсөө эмээх шиг болсон шүү. Тиймээс л би “Нохойн хурим” жүжгийн зохиолоо сүнсэнд хөтлөгдөж бичсэн гээд байгаа юм.

-Та жүжигчний мэргэжил эзэмшсэн үү, эсвэл бичгийн хүн үү?

-Би 2006 онд Кино урлагийн дээд сургуульд элссэн. Монгол Улсын Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан буюу олон түмэнд “Хасар” Жагаа хэмээх бүтээсэн дүрээрээ олны түмний сэтгэлд хоногшсон мундаг уран бүтээлчийн шавь болох хувь тохиол надад заяасан. Түүнчлэн Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Урнаа багшаасаа номын дуу сонссоноороо өөрийгөө азтай гэж боддог. 2010 онд сургуулиа төгсөөд ангийнхаа хэдэн найзтай Эрдэнэт хотын Хүүхэд залуучуудын театрт ажиллахаар явсан. Тухайн үед биднийг жүжигчнээр ажилд авах эсэх нь тодорхойгүй байсан ч Эрдэнэт хотод суурьших гэж байгаа хүмүүс шиг ахуйн хэрэглээний зүйлсээ бэлдээд явсан юм. Азаар биднийг ажилд авч түүнээс хойш найм дахь жилээ театртаа ажиллаж байна.

-Сургууль төгсөнгүүтээ яагаад орон нутгийн театрт ажиллахаар болсон юм бэ. Уг нь залуучууд төвд ажиллаж, амьдрах хүсэлтэй байдаг биш бил үү?

-Би Эрдэнэт хотод төрсөн. Аав ээж маань Улаанбаатарт оршин суудаг. Оюутан байхдаа “Сургуулиа төгсөөд Эрдэнэтийн Хүүхэд залуучуудын театрт ажиллана” гэж боддог байсан. Тэгээд л анхны сонголтоороо Эрдэнэтийн жүжигчин болсон. -“Урлагийн бурхад”-тай тайзан дээр хамт гарахад ямар сэтгэгдэл төрсөн бэ? -“Муза”-гаа авсны дараа би ярилцлага өгсөн. Тэгэхэд “Тайз руу яаж гарснаа санахгүй байна” гэж хэлсэн. Яг үнэндээ өөрийгөө “Муза” авна гэж бодоогүй. Харин “Нохойн хурим” жүжгийн зохиол л надад “юм дуулгана” гэж бодсон. Тэгж бодож байгаад “Муза”-гийн эзэн болох үнэхээр санаанд багтамгүй хэрэг байлаа. Дээр нь шагнал авсны дараа үг хэлэх амаргүй ажил юм билээ. Жүжигчин хүнд тайзан дээр гарахын өмнөх сандрал гэж байдаг. Энэ нь чадахгүйдээ биш бүтээлээ амилуулахдаа “Алдаа гаргачихвий” хэмээн эмээсэндээ байдаг юм. Үүний адил Монголын мундаг уран бүтээлчдийн өмнө гарчихаад үгийн алдаа хийвэл гэм болно. Тиймээс сандарч байлаа.

-Шагналаа авсны дараа хамгийн түрүүнд “Баярлалаа” гэж хэнд хэлсэн бол?

-Миний жүжгийн найруулагчаар ажилласан Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Ч.Уранбилэг эгчдээ “Баярлалаа” гэж хэлсэн. “Гэгээн Муза” наадмыг аав ээж хоёр маань үзсэн. Энэ завшааныг ашиглан тайзан дээр байхдаа “Театр, урлагийн төлөө зүтгэдэг “бурхад” та бүхэн миний аав ээж хоёрт зориулан алгаа ташиж өгөөч” гэж хэлсэн.

-Сургуулиа төгсөөд найман жил ажиллахдаа шантарч байсан уу?

-Мэргэжилдээ маш их хайртай болохоор шантарч байгаагүй. Есдүгээр ангид байхдаа л жүжигчин болно гэж зорьсон учир миний хувьд явах зам тодорхой байсан гэж хэлж болно. Дээр нь манай театрын уран бүтээлчдийн нэг нэгнээ дэмждэг нь надад зорилгоосоо буцах талаар бодох зав өгөөгүй байх.

-Одоо та жүжгийн зохиол бичиж бас уран бүтээлд тоглож байна. Цаашид энэ хоёр замын аль нэгийг сонгох уу?

-Театрын урлаг-нийлмэл урлаг. Тэглээ гээд зохиол бичих амархан гэж хэлэхгүй. Тэгвэл мэргэжлийг нь эзэмшсэн хүмүүсийн хувьд гэмтэй болох байх. Бас тайз дэлгэцийн мундаг жүжигчид “Одоо хүртэл суралцаж байна” гэсээр байхад энэ талаар алдаатай үг хэлж болохгүй. Гэхдээ би аль алиныг нь хаяхгүй. Би тааруухан жүжгийн зохиол бичвэл аяндаа тайзнаас арчигдаж, алга болно. Тийм болохоор жүжигчний мэргэжлээрээ ч сайн ажиллая. Бодол оюунд байгаа зохиолуудаа ч бичье. Аль нь зөв байсныг цаг хугацаа харуулах байх. Үзэгчид ч дүнгээ тавина биз.

-Дэлгэцийн урлагт авьяасаа сорих бодол бий юү?

-Би өмнө нь таетртаа хайртай гэж хэлсэн. Магадгүй ингэж сонголтоо хийчихсэн болохоор дэлгэцийн урлагийн талаар нэг их боддоггүй. Оюутан байхдаа дэлгэцийн нэг бүтээл хийх талаар боддог байсан. Түүнийгээ 50 нас хүрэхээрээ хийнэ гэж боддог. Тайзны бүтээлийн талаар яривал сэдэв хязгааргүй.

-Хотын урлагийн аль нэг байгууллагаас танд ажлын санал тавивал та яах вэ?

-Би орон нутгийн театраас хэзээ ч холдохгүй гэж амласан. Яагаад орон нутгийн театрт муу уран бүтээлч байх ёстой гэж. Хүн болгон нийслэлээ бараадвал 21 аймгийн театр эзгүйрнэ биз дээ. Би залуучуудыг орон нутгаас ажлын гараагаа эхлүүлэхийг зөв гэж боддог. Тэгвэл урлаг хөгжиж, бүтээл ч чанаржина.

-Таны жүжгийн зохиолын сэдэв онцлог бас сонирхолтой юм. Маш их эрэл хайгуулын дүнд сэдвээ олдог уу?

-Янз бүр... Жүжигчний мэргэжил өөрөө судалбар. Би энгийн зүйл хамгийн агуу байдаг гэдэгт итгэдэг. Багахан зүйлээс ч жүжгийн санаа төрж болно.

-Жүжигчин хүний хувьд өөртөө ямар босго тавьсан бэ. Одоо түүнийхээ хаана нь явна?

-Хийх зүйлсээ төлөвлөсөн. Эхнээс нь хийж байна. Одоо ч үргэлжлүүлэн хийхээр зорьж явна. 2015 онд гаргаж чадаагүй нэг хүний зохиолоор сэдэвчилсэн номоо гаргах байх. Харамсалтай нь ийм ном гаргасан Монголын анхны хүн болно гэж зорьсон ч бүтээгүй. Тухайн үед гудамжинд ганцаараа уйлаад явж байсан. Учир нь, номоо хэвлүүлэх мөнгөгүйгээс шалтгаалан хамгийн түрүүнд хийнэ гэсэн мөрөөдлөөсөө ухарсан. Үнэхээр харамсалтай байсан. Тэр үед Ц.Баттуяа гэдэг найз маань “Чиний ном илүү сайн бүтээлтэй болохын төлөө хэвлэгдэх хугацаа нь хойшлогдоод байгаа гэж бод” гэсэн. Тэгээд одоо байгаагаасаа илүү хичээ гэсэн. Үүнээс зарим зүйлийг хойшлуулах буруу байдаггүйг ойлгосон доо.

Б.Сэлэнгэ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (202.131.249.202)

    2018-05-27

    SAIN ARXICHID GEECH.S.T.A GEDEG CHINI SOGTYY TOLGOITOI ARXICHIN GESEN VGNII TOWCHLOL YUM SHVV DEE.

  • (183.177.96.130)

    2018-05-25

    ЯГ ЗӨВ ХЭЛЖЭЭ, АЙМГУУДАД САЙН УРАН БҮТЭЭЛЧ НАР ОЛОН ГЭДЭГТ ИТГЭЛГҮЙ ЯХАВ , АМЖИЛТ ХҮСЬЕ