О.Билгүүн: Rain-ийг дуурайсан нь азтай тохиол байлаа

“Яг түүн шиг 3” шоуны шилдэг оролцогчдын нэг О.БИЛГҮҮНТЭЙ цөөн хором ярилцлаа. Тэрбээр тус шоуны зургаа дахь дугаарт Солонгосын алдарт дуучин, жүжигчин Rain-ий дүрд хувирч ялагч болсон юм. 

-Өмнөх дугааруудад олон орны хүний дүрийг бүтээлээ. Энэ удаад солонгосын нэрт дуучин Рэйний дүрд хувирлаа. Энэ бас танд давуу тал байсан уу?

-Яг түүн шиг шоуны зургаа дахь дугаар хүртэл нийтдээ зургаан өөр хэлээр дуулж үзүүлбэрээ үзүүлсэн байна. Мэдээж баг хамт олныхоо хичээл зүтгэл урмаар өдий хүртэл явлаа. Энэ удаад Солонгосын дуучин Rain-ийг дуурайсан нь маш том азтай тохиол байлаа гэж бодож байгаа. Бас ч гэж ерөнхий өгөгдөл нь төстэй байсан болоод ч тэр үү даалгавар хэцүү байсан ч гүйцэтгэж ялалт байгууллаа. Мэдээж багынхан маань намайг их дэмжсэн.

-Ялагч болоод энэ шоуны эцсийн шатанд түрүүлнэ гэсэн итгэл төрсөн үү?

- Мэдээж их бага хэмжээгээр тийм итгэл авсан ч гэсэн бусдыгаа хүндлэх сэтгэл төрсөн. Цаашдаа чадах зүйлээ л гаргана даа.

-Rain-ий бүжгийн үзүүлбэрийг их сайн үзүүлсэн. Бүжгийн ямар нэг сургалтад өмнө нь явж байсан уу?

- Би амьдралдаа анх удаа л тайзан дээр бүжиглэнгээ дуулж байна. Үнэхээр хэцүү байсан маш их сандарсан шүү.

-Энэ шоунд оролцсоноор танд ямар давуу тал бий болж байна вэ?

-“Яг түүн шиг”-т л оролцсоноор их нээлттэй болдог юм байна. Өөртөө илүү итгэлтэй болж, хүмүүстэй илүү нээлттэй харилцдаг болсон.

-Дараагийн дугаарт хэний дүрд хувирах вэ. Ямар онцлогийг нь харуулах вэ?

- Дараагийн дугаарт Pharrel Williams болж байгаа. Энэ дугаараараа дурсамж сэргээсэн гэнэтийн бэлэг барих болноо. Жоохон өндөрдөх л байх.

-Зургаан хүний дүрд хувирлаа. Өөрт таалагдсан хувиралт хэний дүр байсан бэ?

- Мэдээж ялалтын дугаар маань байсан. Хамгийн хүлээлттэй үзүүлбэр маань байсан болохоор хамгийн сэтгэлд ойр дүр байлаа. Тиймдээ ч үр дүнгээ өглөө.

-Хамт оролцож байгаа оролцогчдоос хэний үзүүлбэр өнөөдрийг хүртэл сайн байна гэж харж байна вэ?

- Яг тэр, энэ гэж хэлэхгүй. Бүгд л сайн байсан шүү дээ. Үнэхээр мундаг хүмүүстэй хамт орсон. Их бахархаж байгаа. Амжилт хүсмээр байна.

-Шүүгчдийн үнэлгээнд хэр сэтгэл хангалуун байгаа вэ. Үзэгчид заримдаа шударга бус шүүж байна гэж хэлж байгаа?

-Маш шударга л явж байгаа шүү дээ. Энэ бол сонгууль биш телевизийн цэнгээнт шоу шүү дээ. Үүнийг бүгд сайн ойлгох хэрэгтэй. Шүүлт бол тухайн үед мэдрэгдсэн мэдрэмжээрээ л хувь хувьдаа шүүж байгаа. Хүний эрхээр дүгнэлт гаргаж шүүнэ гэж юу байхав дээ.

- “Яг түүн шиг” шоунд оролцох саналыг өмнө нь тавьж байсан уу?

-Өмнө нь шоуг шимтэн үздэг байсан. Гурав дахь удаагийн шоунд оролцохоор саналыг их дуртай хүлээн авсан. Анх би чадах болов уу яах бол гэж эргэлзэж байсан. Тэгээд найз нөхөд хайртай дотнын хүмүүсийнхээ зөвлөснөөр шоундаа оролцохоор болсон.

-Таныг эмэгтэй дүр бүтээхэд үзэгчид их гайхсан. Таны хувьд эмэгтэй хүний дүрийг бүтээхэд хэр байсан бэ?

-Зурагтаар Тэйлор свифтийн дүрд хувирсан шоуг цацахаас өмнө их ичиж байсан. Гэхдээ гарсны дараа тайвширсан.

 

Г.Сүрэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)