Сумын сургуулиас дэлхийд “хөл тавьсан” монгол оюутан

Сумын сургуулиас дэлхийд “хөл тавьсан” монгол оюутан Монгол ардын дуугаараа олон орны дуучидтай өрсөлдөж, шилдэг таван оролцогчийн нэгээр тодорсон Л.Баяржавхлантай ярилцлаа. Завхан аймгийн Идэр сумын уугуул тэрбээр өдгөө Бээжингийн их сургуульд урлаг судлалын чиглэлээр магистрын зэрэг хамгаалахаар суралцаж буй юм.

-Орон орны дуучид үндэстнийхээ онцлогийг харуулсан өмсгөл зүүсгэлээрээ гоёсноос та монгол үндэсний хувцастайгаа тун содон харагдсан. Газар газрын дуучидтай өрсөлдөхөд ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Өнгөрсөн тавдугаар сарын 20-ны өдөр дэлхийн шилдэг 30 сургуулийн нэг Бээжингийн их сургуулийн 32 дахь жилийн шилдэг 10 дуучин шалгаруулах уралдаанд амжилттай оролцож дөрөвдүгээр байр эзэллээ. Энэ том сургуулийн 32 намар, хаврыг үдэж буй уламжлал болсон том уралдаанд монгол язгуур урлагаа сурталчлан оролцсондоо баяртай байна. Уралдааны эхний шалгаруулалт өнгөрсөн оны аравдугаар сард болсон. Удаах нь оны зааг дээр болж, сүүлийн шатанд шилдэг 16 оролцогч шалгарсан юм. Харин гуравдугаар шатны шалгаруулалт өнгөрсөн тавдугаар сард боллоо. Уралдаанд нийтдээ 500 гаруй оюутан оролцсоноос гадаад оюутнаас сүүлийн шалгаруулалтад би ганцаараа тунаж үлдсэн. Үүндээ ч маш их баярласан. “Энэхүү уралдаанд 32 жилийн турш олон орны оюутан амжилттай оролцсон ч монгол хүн анх удаа шилдэг тавд шалгарлаа” гэж багш нар баяр хүргэж байлаа. Түүнчлэн би 2017 онд сургуулийнхаа гадаадын шилдэг 10 дуучны нэгээр шалгарсан юм.

-Оролцогчид гадаадын дуу сонгож байхад та монгол ардын дуугаа дуулсан. Таныг шүүгчид хэрхэн хүлээн авсан бэ?

-Оролцогчид бүх шатандаа дэлхий нийт болон Хятадад алдартай дууг сонгож дуулсан. Миний хувьд монгол дуу тэр дундаа ардын урт, богино дуугаа сонгож дуулснаараа ялгарсан гэж хэлж болно. Монгол үндэстний гэсэн тодотголтой бүхнээ олон улсын оюутнуудад сурталчлан таниулах зорилго тавьсан юм. Шүүгчид хэдийгээр юуны тухай дуулж байгааг ойлгохгүй ч “Монгол дууны цар хүрээ өргөн, бас гайхалтай аялгуулаг учир сонсоод л баймаар сайхан юм” гэж хэлж байсан. Хамгийн сүүлийн шатны дараа нэг шүүгч “Монгол дуунаас маш олон санаа, Хятадын дуунд орж ирснийг өнөөдөр би мэдэрлээ” гэж хэлсэн. Тэр шүүгчийн хэлсэн үг миний тэр өдрийн бас нэг бахархах үйл явдал болсон. Учир нь, үндэсний бүхнийг минь гаднын улс орон, тэр дундаа хятадууд манайх гэж өмчлөхөд би заримдаа эмзэглэдэг. Тийм ч утгаараа монгол үндэсний хувцсаа өмсөөд ардын урт, богино дуугаа дуулж “Энэ бүгд бидний урлаг, бидний хувцас, бидний соёл, түүх. Бид ийм олон зүйлийг бүтээж чадсан” гэдгээ өөрийнхөө хэмжээнд харуулахыг хичээсэн.

Энэ том сургуулийн 32 намар, хаврыг үдэж буй уламжлал болсон том уралдаанд монгол язгуур урлагаа сурталчлан оролцсондоо баяртай байна. Уралдааны эхний шалгаруулалт өнгөрсөн оны аравдугаар сард болсон. Удаах нь оны зааг дээр болж, сүүлийн шатанд шилдэг 16 оролцогч шалгарсан юм. Харин гуравдугаар шатны шалгаруулалт өнгөрсөн тавдугаар сард боллоо. Уралдаанд нийтдээ 500 гаруй оюутан оролцсоноос гадаад оюутнаас сүүлийн шалгаруулалтад би ганцаараа тунаж үлдсэн. Үүндээ ч маш их баярласан.

-Таныг Монгол Улсын Ардын жүжигчин, дуучин Ш.Чимэдцэеэгийн шавь гэж сонссон. Дуулах арга барилд багшаасаа зөвлөгөө авсан уу?

-Их сайхан асуулт байна, баярлалаа. Тийм ээ, би энэ мундаг хүний шавь. Сайн дуучин, сайхан эмэгтэй хөдөлмөрч хүн гээд бүх л сайхан бүхэн шингэсэн энэ эрхэм багшийнхаа дуулах эрдмээс суралцаж “Ш.Чимэдцэеэгийн шавь” гэж дуудуулах болсон минь их хувь заяа гэж үргэлж залбирч, нэрийг нь өндөрт өргөж явахыг хичээдэг. Мэдээж багш хүний зөвлөгөө сургамж алхам тутамд хэрэгтэй. Гэхдээ энэ удаагийн уралдааны хувьд ямар дуу, аль шатанд яаж дуулах талаар багштайгаа зөвлөлдөөгүй. Хятад оюутантай хамтарч "Улаанбаатарын үдэш" дууг дуулах болсноо багшид хэлсэн. “Аятайхан санаа байна, сайн дуулаарай” гэсэн. Би багшийнхаа шавь болсон цагаас тэмцээн уралдаанд амжилттай оролцож баярлуулсан цаг тун ховор. Харин ч муу дуулж бухимдуулдаг л байсан байх. Тиймээс энэ удаад багшаасаа юу ч асууж зөвлөхгүй, нэг ч гэсэн зүйлийн ард өөрөө гарч магнайг нь тэнийлгэмээр санагдсан юм. Тэмцээн болдог өдөр, өмнөх хэдэн өдөр нь ч багштайгаа холбоо бариагүй. Яг тэмцээний өдөр тайз руу гарахын өмнө тэвчээр алдаад “Багш аа, би өнөөдөр тэмцээнтэй. Одоо тайз руу гарах гэж байна” гээд залгах шахсан ч тэссэн. Олон сар дуулаагүй, хичээл ихтэй болохоор уралдаандаа бэлдэх цаг зав бага байсан. Ерөнхийдөө бэлтгэлээ санаснаас муу хийсэн учир өөртөө итгэл бага, айдастай байсан болохоор багшаараа хань татмаар санагдсан. Гэхдээ юу ч болсон ард нь гараад холбогдоно гэж шийдсэн. Уралдаан оройтож дууссан болохоор багшийг амарч байгаа байх гэж бодоод маргааш нь залгаж хэлэхэд их баярласан. Миний багш хүнийхээ хувьд их хатуу. Хэртэй бол “Сайн байна, болж байна” гэж хэлдэггүй. Гэтэл тэр өдөр “Сайн байна. Багш нь шавьдаа хайртай шүү, баярлаж байна” гэхийг анх удаа сонсоод маш их урам авсан.

-Одоо ажиллаж буй уран бүтээл бий юү?

-Хэд хэдэн бүтээл бий. Гэхдээ цаг зав, мөнгө санхүүгээс шалтгаалан асуудал тулгарах юм. Дээр нь оюутан болохоор санасандаа хүртэл уран бүтээл хийж чадахгүй байна. Магадгүй хэсэг цаг хугацааны дараа энэ бүхэн аяндаа болох байх. Тиймээс би одоохондоо олон уран бүтээл хийх гэж яарахгүй. Гол нь өөрөө сайн сурч боловсроод чанартай уран бүтээл хийвэл илүү урт настай байх болов уу гэж боддог юм. Л.Баяржавхлан Бээжингийн их сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй суралцдаг. Тэрбээр энэ цагт шалгалтдаа бэлтгээд тун завгүй яваа. Өмнөө тавьсан зорилгоо биелүүлэхийн тулд, сайн сурч алсад суугаа буурал эмээгийнхээ ачийг хариулахын төлөө шамдаж байгаа юм. Түүний эмээ Завхан аймгийн Идэр суманд бяцхан охиноо хүлээж суугаа. 90 хүрч байгаа буурал эмээгийнхээ тэвэрт өсч өндийсөн Л.Баяржавхлан шалгалтуудаа амжилттай өгч, нутаг орон, эмээдээ очихоор зорьж буй юм.

Б.Сийлэн 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • irgen (66.181.161.4)

    2018-06-13

    Mundag