Б.Мөнхчимэг: Монгол хүний ур ухаан, үндэстнийхээ түүх соёлыг сурталчилна

“Мисс Монголиа-2018” тэмцээний тэргүүн байрт шалгарсан Б.МӨНХЧИМЭГТЭЙ цөөн хором ярилцлаа.

-Монголын тэргүүн мисс болсонд баяр хүргэе. Энэ тэмцээнд хэзээнээс бэлтгэсэн бэ?

-Баярлалаа. Өнгөрсөн оны эхээр “Андра” академийн гоо зүйн сургалтад хамрагдсан. Тэр цагаас үе үеийн мисс болон багш нараасаа их зүйлийг сурч, “Miss world Mongolia” тэмцээнд зориглон орсон нь миний хувьд өөрийгөө өөрчлөхийг шийдсэн том алхам болсон. Энэ тэмцээнд өрсөлдөж, гуравдугаар байр эзлэн “Мисс Монголиа – 2018” тэмцээнд амжилттай оролцоно” гэсэн зорилго тавьж хөдөлмөрлөсний ачаар тэргүүн миссийн титмийн эзэн болж чадлаа.

-Тэмцээний авьяас номинацид ямар үзүүлбэрээр оролцов?

-Сүүлийн шатанд 18 бүсгүй тунаж, зургаан төрлөөр өрсөлдсөн. Миний хувьд “Мисс спорт”, “Мисс бикини” төрөлд түрүүлж, “Мисс авьяас” төрөлд шилдэг дөрвөн үзүүлбэрийн нэг болсон. Авьяаслаг миссийн үзүүлбэрт Монголын уламжлалт хөгжмийн зэмсгүүдийн нэг хэл хуурыг бүжигтэй хослуулан тоглосон. Мөн “Мисс бикини” шалгаруулалтад монголчуудын хувьд “Тэнгэрийн элч”, “Тэнгэрийн ирвэс” гэгддэг шонхор шувуунаас санаа авч, шалгаруулалт бүртээ үндэсний хэв маягтай зүйлийг шингээхийг зорьсон.

-19 настай гэсэн. Аль сургуульд, ямар мэргэжлээр суралцдаг вэ. Цаашдын зорилгоосоо сонирхуулна уу?

-“Өөрийн гараар улсаа бүтээнэ” уриатай “Шинэ Монгол Коосэн” сургуульд химийн инженер мэргэжлээр суралцдаг. Үүний зэрэгцээ “Андра” академид загвар өмсөгчөөр ажилладаг. Цаашид Монголын байгаль орчны тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах, дэлхийн тавцанд эх орныхоо үзэсгэлэн, монгол хүний ур ухаан, түүх соёлыг сурталчлах зорилготой.

-Цаашдаа мисс, загвар өмсөгчийнхөө чиглэлээр ажиллах уу?

-Мэдээж ажиллах бодол бий. Монголын гоо бүсгүй болсон учраас хамгийн түрүүнд эх орноо олон талаар сурталчлах, дараа нь хойч үеийн охидоо бэлдэхэд гар бие оролцох нь миний үүрэг гэж бодож байна.

-Японд ирэх арваннэгдүгээр сард болох олон улсын тэмцээнд оролцох эрхтэй болсон. Бэлтгэлээ хэрхэн хангая гэж бодож байна?

-Олон улсын хацар гоо охидтой хөл нийлүүлэн алхах учраас өөрийгөө бусдад илэрхийлэх гол зүйл бол гадаад хэл. Би япон сургалтын системтэй сургуульд суралцдаг учир япон хэлтэй. Тиймээс юуны өмнө англи хэлний мэдлэгээ улам дээшлүүлэхэд анхаарлаа хандуулж “Talk Talk English” сургалтын төвд суралцах төлөвлөгөөтэй байна. Түүний хажуугаар олон улсын тэмцээний “Зорилготой гоо сайхан” хэмээх шалгаруулалтдаа зориулан нийгэмд тустай төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

-Айлын хэд дэх хүүхэд вэ, гэр бүл тань таныг хэрхэн дэмждэг вэ?

-Ам бүл тавуулаа. Айлын гурав дахь хүүхэд. Ер нь багаасаа мисс, загвар өмсөгч болохыг хүсдэг байсан. Дөрөвдгээр ангидаа Монголын хүүхдийн ордны Н.Нармандах багшийн удирдсан загварын дугуйланд суралцсан. Тэр үеийн сурагчдын дунд “Crazy jeans” загварын тэмцээн зохион байгуулдаг байсан юм. Анх энэ тэмцээнд оролцож шагналт байранд орж чадаагүй ч сэтгэл маш өндөр байж билээ. Ялангуяа “The UB Post” сонины “Feature” буланд найз Ууганцэцэгийн хамт авахуулсан зургийг нийтэлсэнд маш их баярласнаа санаж байна. Гэвч аав, ээж хоёр маань загвар өмсөхийг дэмжээгүй учраас дугуйлангаа орхисон. Харин өнгөрсөн онд багын хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн “Андра” академид энэ чиглэлээр суралцах боломж олдсон. Одоо бол гэр бүлийнхэн маань намайг бүх талаар дэмжиж байна.

-Таныг их сонирхолтой хоббитой гэсэн. Тэр талаараа танилцуулж болох уу?

-Гэр бүлийнхнийхээ өдөр тутмын хэрэглээ болсон органик гоо сайхны бүтээгдэхүүн болох саван, скраб, ванны бөмбөлөг, уруул өнгөлөгч гэх мэт зүйлийг өөрөө хийдэг. Үүнийгээ мэргэжилтэйгээ холбон, сайжруулж дотооддоо төдийгүй дэлхийд гарах хэмжээний гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани байгуулах хэтийн зорилготой.

 

Б.Сийлэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)