Нийгмийн сүлжээн дэх хүүхдийнхээ хуудасны нууц үгийг эцэг эх яагаад өөрчилж, устгаж болохгүй вэ?

 Долдугаар сарын 2–5ны өдрүүдэд ОХУ-ын Москва хотноо 83 орны төлөөлөгч оролцсон Европын сэтгэл зүйн XVIконгресс болсон. Нас насныхны сэтгэл зүйн онцлог, суралцах сэдэл тэмүүлэл, хүүхэд-эцэг эхийн харилцаа, өөрийгөө тодорхойлохтой холбоотой асуудал зэргийг мэргэжилтнүүд хэлэлцжээ. Шинжлэх ухааны нийгэмлэгийнхний төдийгүй жирийн олон хүний хувьд нэн чухал сэдвийн нэг бол интернет дэх хүүхдийн аюулгүй байдал. Интернетэд хүүхэд аюултай байдалд орсныг хэрхэн таньж ойлгох, түүнээс яаж сэргийлж хамгаалах талаар Москвагийн их сургуулийн өсвөр насны сэтгэл зүйн тэнхмийн эрхлэгч Ольга Карабанова РИА Новости агентлагт өгүүлжээ.

 -Интернетэд ер нь ямаршуу аюултай байдал үүсч болох вэ?

-Эцэг эхчүүдийн санаа зовдог гол асуудал бол интернетээс хамааралтай болох (донтох) явдал. Хүүхэд виртуал орчноос салахаа байснаар түүний хөгжил зогсох учраас энэ бол үнэхээр ярвигтай асуудал. Бодит орчноос тасарч хөндийрөх хүсэл сонирхол ямар ч шалтгаангүй гэв гэнэт бий болчихгүй. Ололт, амжилтад хүрэхийг хүн бүр л хүсдэг шүү дээ. Хэрвээ бодит амьдрал дээр ийм ололт, амжилт байхгүй, жишээлбэл, хүүхэд тааруухан сурах, сонирхдог ямар нэг зүйлгүй (хоббигүй) байх, үеийнхэн нь тоохгүй гадуурхаж хандах, эцэг эх нь хүүхдээ бага анзаарч зөнд нь орхих, энэ бүгдээс шалтгаалж онцын ядарч зүдрэлгүйгээр ололт, амжилтад амархан хүрч болох тийм орчин, орон зайг эрж олох хүсэл сонирхол хүүхдэд төрнө.

Өөрийнхөө амьдралыг хүссэн зоргоороо харуулж, бусдын хүндлэл, хүлээн зөвшөөрлийг олж авах тийм орчин, орон зай нь түүний хувьд компьютерийн тоглоом, эсвэл нийгмийн сүлжээ болж хувирна.

 

-Юугаар үр хүүхдээ аюулгүй болгох вэ?

-Мэдээллийн боловсрол, медиа чадамжийг хөгжүүлэх хэрэгтэй. Энэ бол мэдээллийг эрж хайх, хадгалах, хамгаалах чадвар төдийгүй бас чамд санал болгож байгаа тухайн контентийг шүүн тунгаах, ухамсарт нөлөөлөх арга хэрэгслийг таньж мэдэх чадвар юм. Өнөөдөр медиа бичиг үсэгт тайлж сургах хөтөлбөрүүд бий болж, энэ сэдвээр сургуулиудад хичээл зааж байна. Москвагийн их сургуулийн бие хүний сэтгэл зүйн тэнхимд өөрийгөө аюулд өртүүлэлгүйгээр интернет ашиглах зөвлөмжийг олон жилийн турш боловсруулж байна.

Зарим сайн санаат хүн нийгмийн сүлжээн дэх хүүхдийнхээ хуудаснаас нууц нэрийг нь хурааж авч, юу хийж байгааг нь хянаж шалгахыг санал болгодог. Хүүхдийн бага насанд ийм арга барил үр дүнтэй байж болох юм. Өсвөр насанд хүрэхийн хэрээр өөрийнхөө нууц нандин хуудсаа эцэг эхдээ үзүүлж харуулахгүй байх өчнөөн аргыг олдог болно. Жишээлбэл, хоёр дахь аккаунт нээнэ, харин эцэг эхэд үзүүлэхийгээ маш гоё, магтуулж сайшаалгах хэмжээнд хийх болно. Итгэл найдвар хөсөрдөж байгаад ийм хяналтын гол асуудал оршино.

Бодит амьдрал дээр хүн өөрийн гэсэн сонирхдог зүйлтэй, анд нөхөдтэй бол интернетэд донтохгүй байж чадна. Донтохоос сэргийлэх хамгийн энгийн арга зам бол үр хүүхдийнхээ үг яриа, санаа бодлыг сонсоод байж болохуйц орчин нөхцлийг эрж олох, хүүхэд үеийн найз нөхөдтэйгөө хамт байхад нь анхаарах явдал юм. Олон эцэг эх гэртээ хүүхдүүд үймж шуугих, хог тарихаас дургүйцдэг. Тэд найз нараа гэртээ урихыг зөвшөөрдөггүй учраас үр хүүхэд нь Сүлжээнд холбогдож улмаар тэнд маш олон зүйлд урхидуулдаг.

-Сэргийлэх ажлыг практик дээр яаж хийх вэ?

-Сургуулийн өмнөх наснаас нь хүүхдийнхээ амьдралыг тоглоом наадгай, зураг, дуу хөгжим, бүжиг, спортод ойртуулж, хүүхэддээ цаг зав гарган ажиллах хэрэгтэй. Насанд хүрсэн хүний оролцоогүйгээр тэд хорвоогийн боломжуудыг олж харж чадахгүй. “Хүүхэдтэйгээ юу хийж өнгөрүүлдэг вэ?” гэсэн асуултад эцэг эхчүүдээс “Салхилж, зугаалдаг” гэсэн хариулт олонтоо сонсдог. Энэ бол гол төлөв насанд хүрсэн нь хаа нэгтээ сууж, утсаар ярих, харин хүүхэд өөрийнхөө зөнгөөр цаг өнгөрөөнө гэсэн үг. Эсвэл “Хамтдаа телевизор үздэг” – гэсэн хариулт бий, энэ бол бас л “гайхмаар” хамтын үйл ажиллагаа.

Хүүхдүүд өсч том болохын хэрээр тэдэнд зориулж нэмэлт боловсрол буюу секц, дугуйлан сонгох хэрэгтэй. Тэд сэтгэлдээ нийцсэн ажил үйл олж, өөрийгөө хөгжүүлэх төдийгүй санаа нийлсэн найз нөхдийн орчин, хүрээллийг олж авах болно. Гэхдээ хамгийн гол нь, хатуу цагдаж хянах тогтолцоог л бий болгохгүй байх хэрэгтэй. Өсвөр насанд ийм хяналт цагдалт эсэргүүцэл, бухимдал төрүүлж, эцэг эхтэй тогтоосон холбоо харилцаа тасрахад хүргэнэ. Хүмүүжлийн захирч цагдах арга барилаас салах хэрэгтэй. Эцэг эхчүүдийн хувьд хамгийн энгийн арга бол хүүхдүүд зөв зүйтэй үйлдэж байгаа эсэхийг ойлгож ухаарах, тэгээд “Би тэднийг цагдаж байгаа шиг хэн нэгэн надаас цаг үргэлж зүүгдэж байгаа бол надад ямар байх байсан бол?” гэх асуултыг өөртөө тавих явдал.

Энэ бол хараа хяналт тавихаа бүрмөсөн болих гэсэн үг биш юм. Сэтгэл судлалд өнөөдөр “мониторинг” хэмээх ухагдахууныг хэрэглэдэг. Мониторинг гэдэг бол эцэг эхчүүд хүүхдээ хаана, юу хийж байгаа, хэнтэй үерхэж нөхөрлөж байгаа, түүнд ямар асуудал тулгарч байгаа, юуг хүсч сонирхож байгааг мэднэ гэсэн үг. Гэхдээ ноцтой аюултай нөхцөл байдал үүсээгүй  бол хүүхдийн асуудалд том хүн хөндлөнгөөс оролцох хэрэггүй.

Интернетийн донтой хүүхдүүдийн ерөн хувьд гэр оронд нь янз бүрийн асуудал тохиолдсон байдаг. Эцэг эхийн хоорондын зөрчлөөс холдохын тулд хүүхэд тохь тухтай виртуал орчныг сонгодог. Гэр бүлд асуудал байхгүй бол өөр ямар нэг болж бүтэхгүй зүйл хүүхдэд заавал олдоно, жишээлбэл, ангийнх нь нөхөд түүнийг тоодоггүй гэх мэт.

-Үр хүүхдээ виртуал ертөнцөд татагдахаас сэргийлж эцэг эх юу хийх ёстой вэ?

-Хүүдээ, эсвэл охиндоо сэтгэл зовж байгаагаа ний нуугүй хэлж, энэ талаар хамтарч хэлэлцэж ярилцахыг санал болгох хэрэгтэй. Энэ бүхэн хүүхдэд яагаад хэрэгтэй, сэдэл тэмүүлэл нь чухам юу болохыг анхаарч сонсох хэрэгтэй. Илүү аюулгүй, тэгэхдээ хүүхдийн хэрэгцээ сонирхлыг хангаж чадахуйц үйл ажиллагааны өөр орчин нөхцлийг санал болгохыг хичээх хэрэгтэй.

Сүлжээнд орохыг хүүхэддээ шууд хориглох гэж оролдох хэрэггүй: тэд нар биднээс хавьгүй илүү овсгоотой. Надтай уулздаг өсвөр насныхан заримдаа “Ээж маань намайг шийтгэж, интернетийг тасалчихсан, гэхдээ та түүнд битгий хэлээрэй, ээжийн хориг саадыг хэрхэн тойрч гарахыг би сайн мэднэ” гэдэг юм.

-Хүүхэд интернетэд донтохоос гадна хүүхдэд хэн нэгэн заналхийлэх тухай асуудал гарч, хүүхэд үхлийн гэж нэрлэдэг бүлгийнхний эрхшээлд орох, эсвэл хүүхэд хүчирхийлэгчтэй нүүр тулсан бол яах вэ?

-Хүүхэд, эцэг эхийн харилцаа хүндлэл, эрх тэгш байдалтай байх үед интернетэд ямар нэг заналхийлсэн байдалтай тохиолдвол хүүхэд шууд л эцэг эхдээ хандана. Ямар нэг эвгүй зүйл тохиолдвол чи хэнээс тусламж эрэх вэ гэсэн асуултыг хүүхдэд тавьдаг сэтгэл зүйн энгийн сорил бий. Энэ асуултад өнөө цагийн өсвөр насныхны ихэнх нь эцэг эхийгээ хэмээн нэрлэдэг, өөрөөр хэлбэл гэр бүлийн оролцоог тэд үгүйсгэдэггүй, харин тэднийг захирч тушаахыг л тэд хүсдэггүй. Гэхдээ хүүхдийн тусламж эрэх хүмүүсийн тоонд эцэг эх нь байхгүй байгаа бол харин тэдний харилцаанд болж бүтэхгүй асуудал байна гэсэн үг.

Гэр бүлд нь асуудалтай, эсвэл найз нөхөдгүй хэмээн нийгмийн сүлжээгээр гомдол мэдүүлдэг, өөрөөр хэлбэл, өөрт нь төвөгтэй асуудал бүхий хүүхдүүдийг арга зальтай нөхдүүд олж аваад хэт туйлшрах чиглэлийн бүлэгт урвуулан элсүүлж авдаг.

Арга зальтнуудын эхний алхам бол дэмжлэг үзүүлэх, өрөвдсөн дүр эсгэх, улмаар итгэл олж авах. Хүүхэд хамаг байдгаа уудалж ярих үед түүнийг хамгийн түрүүнд гэр бүлээс нь хөндийрүүлж тусгаарлах арга хэмжээ авна. Хүүхэд түгжигдмэл болж, эцэг эхтэйгээ холбоо харилцаагаа таслана. Дараагийн шатанд түүнийг элсүүлсэн бүлгийн дүрэм журам, зорилго чиглэлийг номлоно. “Бид бүхнээс дээр байх ёстой, бидний зорилго онцгой, зөвхөн бид л бие биенээ ойлгож чадна” хэмээн хүүхдэд итгүүлж үнэмшүүлнэ. Ийнхүү аажмаар хүүхэд өөрийнхөө талаар шинэ төсөөлөлтэй болно. Үүний дараа хүүхдийн тархийг программчлах ажиллагаа явагдана. Хүүхдийн ухамсар өөрчлөгдөнө, ийм болгох хамгийн энгийн арга бол шөнийн цагаар харилцан бичих явдал.

Найз нөхөд, төрөл төрөгсөд, эцэг эхээсээ дайжиж хөндийрсөн үед тухайн хүүхэдтэй ажиллахад маш хэцүү бэрх болно. Хүү, эсвэл охин нь эцэг эхийнхээ хэн нэгнийг өрөөнд орж ирэхэд, компьютерийн хуудсаа маш хурдан солих, хаалгаа дотроос нь түгжих, шөнөжин гар утастай зууралдах шинж тэмдгүүд илэрнэ. Хүүхэд сааталд орж, дуудахад хариулахгүй байх, гүн бодолд дарагдах, асуултад буруу зөрүү хариулах үйлдэл хийнэ. Мөн үүнээс гадна хоолонд дургүй болох, аливаа юманд ялгаагүй хандах шинжүүд илэрнэ. Жишээлбэл, хичээл дээр тааруухан үнэлгээ авснаа эцэг эхээсээ нууж хаадаг байсан бол одоо огт айж ичихгүй болно.

– Юу хийх вэ?

-Аюултай байдлын талаар эцэг эх гарцаагүй мэдэж байгаа бол хүүхдээ тусгаарлах хэрэгтэй. Хуулиар хориглосон экстремист байгууллага, бүлэг, хүүхэд хүчирхийлэгчийн тухай асуудал яригдаж, хүүхдийг сэтгэцэд нөлөөтэй болон мансууруулах бодис хэрэглэхийг өдөөн хатгаж уруу татаж байгаа бол хууль хяналтын байгууллагад хандах хэрэгтэй. Тухайн гэр бүл харин үр хүүхдээ ийм нөлөөнөөс ангид хол байлгах ёстой. Хүүхдийн амьдралд бодитой аюул занал нүүрлэсэн тохиолдолд гар утас, компьютерийг хурааж авах гэх мэт боломжтой бүхий л арга хэрэгслийг ашиглах нь зөв. Хамгийн гол нь хүүхэдтэй холбоо харилцаа тогтоох явдал. Хэрвээ болж бүтэхгүй байгаа бол хямралын асуудлаар дагнан ажилладаг сэтгэл зүйчид хандах хэрэгтэй.

-Нэг л биш байна гэдгийг эцэг эх гадарлаад байгаа боловч яг чухам юу болоод байгааг хараахан ойлгож чадахгүй байгаа бол яах вэ?

-Мэргэжилтэнд хандаж болно, сэтгэл зүйн алба энэ чиглэлээр ажиллахад бэлэн байна. Нэг нарийн учир бий, тэр нь хэрвээ бид хүүхдэд туслахыг хүсч байгаа бол тухайн хүүхэд өөрөө үүнийг зөвшөөрсөн байх учиртай. Гэхдээ заримдаа ямар алхам хийх хэрэгтэй гэдгээ ойлгож ухаарахад эцэг эхэд зөвхөн зөвлөгөө хангалттай байх тохиолдол бий.

-Ийм үед интернет дахь хүүхдийнхээ хуудасны нууц нэрийг өөрчлөх, устгах зэргийг зөвтгөж болох уу?

-Үгүй. Ийм нөхцөл байдлаас хүүхдээ хамгаалахын тулд итгэл хэрэгтэй. Өөрчилж, устгахыг нэг л удаа хийнэ. Эцэг эх хэрвээ үүнийг биеэ барьж чадахааргүй, арга мухардсан үедээ гарах үр дагаврыг сайн бодож тунгаалгүйгээр хийсэн бол хүүхэд харин үүнийг ойлгож, зөв үнэлэх байх, магадгүй нааштай эерэг хариу үйлдэл хийх байх. Харин үүнийг хэрвээ хяналт шалгалтын тогтолцоо болгож хувиргавал хүүхэд эрс эсэргүүцнэ.

 

Д.ЭНХЭЭ

"Зууны мэдээ" сонин 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)