Н.Бямбадорж: Малын тооноос илүү чанарт анхаарч энэ жилийн улсын аваргуудыг тодруулна

ХХААХҮ-ийн мал аж ахуй хөгжлийн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Н.Бямбадоржоос тодрууллаа.

-Улсын аварга малчин өрх, Улсын хошой аварга малчин өрх, Улсын аварга фермер, Улсын аварга саальчин шалгаруулах журмыг шинэчлэн баталсан. Журамд ямар өөрчлөлтүүд орсон бэ?

-Өнгөрсөн жил Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хууль хэрэгжиж байгаатай холбоотойгоор Улсын аварга малчин өрх, Улсын хошой аварга малчин өрх, Улсын аварга фермер, Улсын аварга саальчин шалгаруулахад Засгийн газрын журамд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Малын тооны хойноос хөөцөлдөх бус малын чанарыг голчилж үзэх, бэлчээрийн ашиглалт хамгаалалтыг зөв зохистой явуулах үүднээс нэмэлт, өөрчлөлт орсон. Тухайлбал, өмнөх журамд үржлийн малд ангилалт хийлгэх шаардлагагүй байсан бол Малын генетик нөөцийн хууль батлагдсантай холбоотойгоор Улсын аварга малчин өрхөөр шалгаруулалтад оролцох малчид тухайн сумынхаа хөдөө аж ахуйн тасаг, сумандаа үйл ажиллагаа явуулж байгаа хувийн мал үржлийн нэгжээр өөрийн үржлийн малд зайлшгүй ангилалт хийлгэсэн байх ёстой гэсэн заалт орсон. Мөн тухайн бүс нутагтаа дасан зохицсон батлагдсан үйлдвэр омгийн малыг өсгөн үржүүлэхээр тусгагдсан. Мэргэжлийн мал зүйч малчин өрхийн малд ангилалт хийж, өсгөж үржүүлж байгаа малаас аль нь үржилд тэнцэж байна, аль нь тэнцэхгүй байгаа талаар заавар зөвлөгөө өгсний үндсэн дээр мал үржлийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулж малын чанарыг сайжруулах, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм. Улсын аварга малчин өрх, хошой аварга малчин өрх, фермер, саальчдыг шалгаруулах журмыг өөрчлөхдөө малын тоо толгойг хэт өсгөхөөс илүү малын үржил селекцийн ажлыг мэргэжлийн удирдлага дор шинжлэх ухааны үндэслэлтэй явуулж, малын чанараа сайжруулан, нэг малаас авах ашиг шимээ нэмэгдүүлсэн, малын төрөл, сүргийн зохистой бүтэц бий болгосон, мал аж ахуйн үйлдвэрлэлд ажлын байр нэмэгдүүлсэн, ядуурлыг бууруулахад хувь нэмрээ оруулсан байдал зэргийг харгалзан шалгаруулахаар журмыг өөрчилсөн.

-аваргууд хэзээ тодрох вэ?

- Засгийн газрын 338 дугаар тогтоолоор батлагдсан Улсын аварга малчин өрх, Улсын хошой аварга малчин өрх шалгаруулах журмын дагуу аварга малчдын материал, тодорхойлолт дээр журамд заасан шалгуур үзүүлэлтийг үндэслэж шалгаруулалт явагдана. Бүх аймгийн хөдөө аж ахуйн газраас өнгөрсөн нэгдүгээр сарын 5-ны дотор ХХААХҮ-ийн яаманд тухайн аймгаас шалгарсан малчдын материалыг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлээд Засаг даргын албан бичигтэй ирүүлдэг. Энэ жилийн хувьд бүх аймгууд материалаа ирүүлчихсэн. Мөн эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгал, малын эрүүлжүүлсэн даатгалд хамрагдсан эсэх, тухайн орон нутагтаа гэмт хэрэг зөрчилд холбогдож байсан эсэх зэрэг тодорхойлолт бүрдүүлж ирүүлэх ёстой. Мөн Улсын аварга малчин өрх гурван жил, улсын хошой аварга таван жилийн малын А данс, дээр нь таван жилийн мал аж ахуйн үр дүнгүүдийг бичиж ирүүлсэн байдаг. Тэр үүднээс шалгаруулалтыг явуулдаг. Энэ жилийн шалгаруулалт ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар ороод Засгийн газрын тогтоол гарч байж албажина.

-Тооноос илүү чанарт анхаарахаар журамд түлхүү тусгагдсан гэлээ. Энэ тухайд?

-Малын чанар гэдэг тухайн үйлдвэр омгийн малын ашиг шимийн үзүүлэлтийг бүрэн хангасан, тухайн бүс нутагтаа дасан зохицсон байх ёстой. Хээлтэгч, хээлтүүлэгчийн тохироо гэж зүйл байх ёстой л доо. Хээлтэгч мал нь тухайн бүс нутагт өсгөн үржүүлэхийг зөвшөөрөгдсөн үйлдвэр омгийн мал байх юм. Мөн хээлтүүлэгч малаа мал үржлийн нэгжээр мал зүйчдээр үзлэгт хамруулж хээлтүүлэгчээр ашиглах боломжтой гэсэн дүгнэлт авсан байх ёстой. Ингэснээр тухайн малчны малын чанар дээшилнэ. Хээлтүүлэгч нь чанартай байж чанартай төл гарна.

-Улсын хэмжээнд энэ жил хэчнээн аваргууд төрөх вэ?

-Журмын дагуу Улсын аварга өрх 60 хүртэлх, Улсын хошой аварга малчин өрх найм хүртэлх, Улсын аварга саальчин зургаа, Улсын аварга фермерчин тав хүртэлх тодрох боломжтой. Фермер нь эрчимжсэн мал аж ахуй, сүүний аж ахуй эрхэлж байгаа хүмүүсээс шалгарна. Саальчин гэдэг нь өөрийн аж ахуй эрхэлж буй малаас хэчнээн хэмжээний сүү, цагаан идээ боловсруулснаар шалгаруулалт явагддаг.

-Малын чанар хэдий хэмжээнд сайжрах боломжтой байдаг юм бэ?

-Тухайн малчин малдаа мэргэжлийн мал зүйчээр үзлэг ангилалт хийлгэснээр малыг ялгана, ангилна. Энэ мал нь үржилд тэнцэж байна, энэ нь тэнцэхгүй байна гэх маягаар гэсэн үг. Бог малын хувьд чанарыг нь сайжруулахад доод тал нь гурван жил зарцуулагдана. Бод мал дээр таван жил зарцуулагддаг. Сүүлийн үед малчид малын тооны араас хөөцөлдөөд шүдлэн, борлонд нь үржилд оруулж байна. Тэгэхээр зусаг болгож байгаад үржилд оруулах зэрэг ажлуудыг шат дараатай хийж чанартай мал болгохын тулд ажиллах ёстой юм. Мөн бэлчээрийн ашиглалт хамгаалалтад маш их ач холбогдол өгч анхаарч ажиллахыг шаардсан байгаа. Жил бүр бэлчээрийн хортон мэргэчидтэй тэмцэж байгаа ажил зохион байгуулагддаг. Тэр ажилд тухайн малчин идэвхтэй оролцож, ажиллах ёстой. Тухайн аймаг сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд бэлчээрийн ашиглалт гэж бий. Бэлчээр ашиглалтын арга хэмжээнд мөн идэвхтэй оролцож бэлчээрээ хуваарьтай ашигладаг байх ёстой. Цаашлаад бэлчээрийн даацад малынхаа тоо толгойг тохируулах хэмжээнд малын тоогоо бууруулна гэсэн үг. Сүрэгт нь байгаа үржлийн бус мал нь 60,70 хувийг эзэлж байгаа бол хээлтэгчийн тоог нэмж үржлийн бус малынхаа тоог багасгана. Нас гүйцсэн мал байлгах биш, аль болох эдийн засгийн эргэлтэд оруулж, төл мал олноор болгож түүнийгээ гурван жилийн дотор эргэлтэд оруулах ажлуудыг зохион байгуулахаар журамд өөрчлөлт орсон.

Б.Номин-Эрдэнэ

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)