Я.Буянжаргал: Коронавирусийн түргэвчилсэн оношлуурыг авах талаар ОХУ, БНСУ-д хүсэлт илгээгээд байна

Дэлхийн улс орнуудад тархаад байгаа коронавирусийн халдвар (КОВИД-19)-аас урьдчилан сэргийлэх чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалтай ярилцлаа.


-Коронавирус тархсантай холбоотойгоор Засгийн газар тодорхой арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. Үүнд Эрүүл мэндийн яамны оролцоо хамгийн их байгаа нь мэдээж. Энэ талаар тодруулаач?

-“Өдрийн сонин”-ы нийт уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэж, эрүүл энхийг хүсье.

Нэгдүгээрт, Бид бодлогын түвшинд тодорхой шийдвэрүүдийг гаргуулан ажиллаж байна. Иргэд төр засгийнхаа шийдвэрийг сайтар биелүүлж байгааг мөн дурдах нь зүйтэй гэж үзэж байна.

Бид Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд цаг үеийн нөхцөл байдлын талаар болон хариу арга хэмжээний талаарх мэдээллийг тогтмол хийж байна. УИХ-ын чуулганд УИХ-ын Аюулгүй байдлын байнгын хороонд танилцуулга мэдээлэл хийсэн.

Хоёрдугаарт, Гамшгаас хамгаалах хуулийн дагуу өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин, Шадар сайдын 2017 оны 08 дугаар тушаалын дагуу “Тохиолдлын удирдлагын тогтолцоо”-нд шилжин, төлөвлөгөөндөө дахин тодотгол хийж, хэрэгжүүлж байна. Эрүүл мэндийн сайдын албан даалгавар, тушаал, журмуудыг гаргаж, хэрэгжүүлж, хэрэгжилтийг хянаж ажиллаж байна.

Гуравдугаарт, Мэргэжлийн зөвлөх эмч нарын багийг байгуулан, иргэдэд чиглэсэн халдвараас сэргийлэх, дархлаагаа сайжруулах чиглэлээр мэдээлэл зөвлөмж, зөвлөгөөг тогтмол өгч ажиллаж байна. Монголын уламжлалт анагаахын чиглэлээр ажилладаг эрдэмтэд мөн иргэдэд чиглэсэн зөвлөгөөг өгч байна. Эрчимт эмчилгээний зөвлөхүүд маань эмч нарт зориулсан амь тэнсэн үеийн тусламж үйлчилгээний сургалт, амьсгалын аппаратуудад хэрхэн ажиллах заавруудыг өгч ажиллаж байна.

Дөрөвдүгээрт, Эмнэл зүйн болон тархвар судлалын заавар, журам, удирдамжийг боловсруулан, эмч мэргэжилтнүүддээ сургалт хийж бэлтгэлээ. Шаардлагатай тохиолдолд дайчлагдан ажиллах эмч, эмнэлгийн мэргэжилтний судалгааг гарган ажиллаж байна. 1824 дадлагажигч эмч, анагаахын чиглэлээр сургалт эрхэлдэг найман сургуулийн төгсөх курсийн 1340 оюутан, мөн эмнэлэг хооронд төрөлжсөн мэргэшлийн чиглэлээр ажиллуулах 159 эмч, 66 сувилагчийг бэлтгэлээ. Эдгээр эмч мэргэжилтнүүд маань тусгаарлан, сэргийлэлт хийж байгаа байгууллагууд, нийслэлийн автотээврийн постуудад дайчлагдан ажиллаж эхэлсэн.

-Коронавирус тархсантай холбоотойгоор Засгийн газраас Эрүүл мэндийн яаманд тодорхой төсвийг гаргасан. Шаардлагатай хэрэгслүүд тодорхой хэмжээнд хангагдаж чадсан уу?

-Тийм ээ. Монгол Улсын Засгийн газар коронавирусийн халдварын үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангахад онцгой анхаарч ажиллаж байна. Эрүүл мэндийн яамнаас манай улсын хүн амын дунд уг халдвар хэрвээ гарвал халдварлах эрсдэл, тархах эрсдэл, хүндрэх тохиолдол хэр байхыг бид бусад улс орны эрдэмтдийн хийж байгаа судалгаа тооцоолол, магадлалд үндэслэн тооцоолсон. Үүний үндсэн дээр хэрэгцээг урьдчилан тооцоолж бэлтгэлийг хангаж ажиллаж байна. Бид Засгийн газраас шийдвэрлэсэн санхүүжилт, олон улсын байгууллага, иргэдийн хандив тусламжийг зориулалтаар нь зөв зарцуулж, ил тод нээлттэй мэдээлж ажиллаж байгаа. Засгийн газрын нөөц сангаас олгосон 4.2 тэрбум төгрөгийг нэн шаардлагатай тоног төхөөрөмж, зөөврийн рентген аппарат, хамгаалах хувцас хэрэгсэл, эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авч, ХӨСҮТ, бусад лавлагаа төвүүд, аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэг, хилийн боомтуудтай сумдын эрүүл мэндийн төвүүдэд хуваарилсан. ЭМЯ-аас ДЭМБ-тай хамтран НҮБ-ын Эрүүл мэндийн кластерийн уулзалтыг гурван удаа зохион байгуулсан. Уг уулзалтад НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, ОУ-ын байгууллагууд, дипломат төлөөлөгчдийн газар, Элчин сайдын яамдын төлөөллүүд уригдан оролцсон. Бид үүсээд байгаа нөхцөл байдлаа танилцуулж, техникийн болон санхүүгийн дэмжлэг хүсч ажилласан. Ингэснээр, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны санхүүгийн дэмжлэгээр амьсгалын аппарат, өвчтөний хяналтын монитор, дуслын болон тарианы шахуурга, халуун хэмжигч зэрэг олон тоног төхөөрөмжүүдийг авч байна. ДЭМБ, ЖАЙКА зэрэг байгууллагуудаас өгсөн хамгаалах хэрэгсэл, эм эмнэлгийн хэрэгслийг эмнэлгүүдэд хуваарилсан. ДЭМБ-аас хандивлаж байгаа 565 кг хувийн хамгаалах хэрэгсэл Сингапураас ачигдаж Туркийн Истанбул хотоор дамжин, 2020 оны өнөөдөр “Turkish Airlines” нислэгээр Улаанбатар хотод бууна. НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр мэдээлэл сурталчилгааны материалыг хэвлүүлэн, нийтэд түгээж байна. Үүнээс гадна, иргэд аж ахуйн нэгж байгууллагууд бидэнд их дэмжлэг үзүүлж ажиллаж байна. Тэд амны хаалт, эм, эмнэлгийн хэрэгсэл, дархлаа дэмжих хүнсний бүтээгдэхүүн, бэлэн мөнгө бэлэглэж байна. Бид эдгээр хандивыг бүгдийг нь бүртгэж авч, Эрүүл мэндийн сайдын тушаалаар хуваарилан, зарцуулж, ил тодоор мэдээлж байгаа.

-Гадны орноос ирж буй иргэдэд хяналт тавихын тулд нисэх буудал дээр шуурхай алба ажиллаж байгаа юм билээ. Хүчин чадал хүрэлцэж байгаа юу?

-Коронавирусийн халдвар (КОВИД-19)-аас сэргийлэх, бэлэн байдлыг хангахад төрийн олон байгууллагууд хамтран ажиллаж байна. Үүнд ОБЕГ, МХЕГ, ЦЕГ, Хил хамгаалах газар, Харилцаа холбооны зохицуулах газар, Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яам, Зам тээврийн хөгжлийн яам, Сангийн яам, аймгуудын Засаг дарга нар бүгд баг болж шуурхай хамтран ажиллаж байгаа. Иймд, энэхүү хариу арга хэмжээнд эрүүл мэндийн салбартай хамтран ажиллаж байгаа бүх байгууллагуудад энэ дашрамд талархал илэрхийлье.

ДЭМБ-ын ерөнхий захирал, шадар ерөнхий захирал, ДЭМБ-ын НДББ-ийн захирал нар бүгд хэлсэн үгэндээ “Коронавирусийн халдвараас сэргийлэхэд салбар дундын хамтын ажиллагаа мэдээллийн зөв урсгал чухал..” гэдгийг сануулж байгаа. Монгол Улсын хилээр нэвтэрч байгаа иргэдээс асуумж авах, тандалт судалгаа хийх, урьдчилсан үзлэг хийж, эрэмбэлэн ангилах зэрэгт төрийн байгууллагууд өөр өөрийн чиг үүргийн дагуу оролцож байгаа. Манай ХӨСҮТ-ийн баг Буянт-Ухаагийн Чингис хаан нисэх онгоцны буудалд ирсэн зорчигчдыг эрэмбэлэн ангилж үзлэг хийж байгаа. Мөн Дорноговь, Дорнод, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ зэрэг аймгуудын Эрүүл мэндийн байгууллагуудын эмч нар хилийн боомтуудад ажиллаж галт тэргээр, автомашинаар болон явганаар ирсэн иргэдэд үзлэг хийж ажилласан, одоо ч ажиллаж байгаа.

Мэдээж энэ бол эрүүл мэндийн салбарын хэвийн үйл ажиллагаанаас хэд дахин давсан ачаалал болж байгаа. Гэхдээ манай салбарын эмч, эрүүл мэндийн ажилтнууд мөн төрийн албан хаагчид бүгд Монгол Улсын иргэн бүрийн эрүүл мэндийн төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр, хичээн ажиллаж байгаа. Иргэд маань ч бидний энэ зүтгэлийг үнэлж байнга талархал илэрхийлж, урам хайрлаж байна.

Ялангуяа, БНХАУ-ын Ухань хотоос 31 иргэнийг авчрахад ГХЯ, ЗТХЯ, ИНЕГ, МИАТ, хууль хяналтын байгууллага хамтран авч ирсэн. Нисэх багийн бүрэлдэхүүнд ХӨСҮТ-ийн халдвартын эмч, тархвар судлаач нар ажилласан.

-Халдвар тархсан бүс нутгаас ирсэн иргэдийг тусгаарлаж байгаа. Одоогоор нийт хичнээн иргэд хамрагдаад байна вэ?

-Дээрх дурдсан тооцоололд үндэслэн, УОК-оос өгсөн чиглэлийн дагуу ажиллаж, ХӨСҮТ-д 200, УХТЭ-т 250, ЦТЭ-570, ОБЕГ-ын сургалтын төв- сувилалд 120, Асралт мед эмнэлэгт 100, БХЯ-ны харьяа Бага баян дахь амралтын газрын 200 орыг чөлөөлж, сэжигтэй тохиолдол болон ажиглалтад байгаа тохиолдлуудыг хянаж байна.

Бид нэгдүгээр сарын 9-нөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 783 хүнийг ажиглалтад авч, хянасан. Одоогоор улсын хэмжээнд 413 хүн ажиглалтад байна.

Мөн сэжигтэй тохиолдол гэж нийт 250 хүнийг тусгаарлан, шинжилгээ хийсэн. Одоо байдлаар долоон хүн тусгаарлан, хянагдаж байна.

-Тусгаарлагдсан иргэдээс янз бүрийн шаардлагууд тавьж байгаа. Үүнд ЭМЯ ямар байр суурьтай байгаа вэ. Энэ асуудлыг хэрхэн зохицуулж байгаа бол?

-Бид БНСУ, БНХАУ, Япон, Итали, Иран улсаас ирсэн иргэдийг ямар нэгэн зовиур илрэхгүй байсан ч 14 хоног тусгаарлан ажиглалтад авч байгаа. Ихэнх иргэд бидний өгч байгаа зөвлөмж, санамж, сэрэмжлүүлгийг биелүүлж, эрүүл мэндийн салбарынхантай хамтарч байгаа.

Гэхдээ зарим нэг иргэд өрөө тасалгаагаа голох, эмч мэргэжилтнүүдийг доромжлох, гадаадаас авч ирсэн архиа уух, тамхи татах гэж уурлах, хоорондоо зодолдох, эмчид үзүүлэхгүй байх, биеийн халуун эрүүл мэндийнхээ талаарх мэдээллийг өгөхгүй зохион байгуулалттайгаар эсэргүүцэх, мэдээллээ өгөхгүй байх зэрэг хүндрэл учруулах явдал гарч байгааг хэлье. Мэдээж, иргэд цочирдож байгаа байх. Гэхдээ бухимдлаа эмч мэргэжилтнүүдэд гаргаж болохгүй. Нэг иргэний хариуцлагагүй үйлдэл улс оронд ямар их аюул хохирол учруулж байгааг бид зарим орны сургамжаар харж байна.

Иргэнийг тусгаарлан ажиглаж байгаа нь түүний эрүүл мэндийн хамгаалж, гэр бүл үр хүүхэд хайртай бүхнийг нь халдвараас сэргийлж байна. Цаашлаад Монгол эх орны аюулгүй байдал яригдаж байна. Ийм үед иргэн бүр хариуцлагатай байх ёстой. Бид аливаа зөрчил гаргаж байгаа иргэнд байдлыг тайлбарлаж ойлгуулж байна. Үнэхээр боломжгүй тохиолдолд хууль хяналтын байгууллагуудад мэдээлж байгаа. Иргэдийг тусгаарлан хянах, ажиглалтад авахад манай салбарын эмч, мэргэжилтнүүд үр хүүхэд гэр бүлээ орхиод тусгаарлагдан иргэдтэй хамт тусгаарлагдаж, ажилладаг гэдгийг иргэд мэдэж байгаа байх аа.

-Коронавирусийн шинжилгээг манай улс авч буй. Сорьц бүрийг шинжлэх боломж бололцоо байгаа юу. Хэр баталгаатай гэж та бүхэн үзэж байгаа вэ?

-Анх Японы Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнтэй холбогдож, 200 ширхэг оношлуурыг анх авч коронавирусийн оношилгоог шуурхай хийсэн. Дараа нь мөн төвөөс 1000 ширхэг, ДЭМБ-ын шугамаар 3000 ширхэг оношлуурыг хүлээн авч, оношилгоог хийж байна. Одоо бид түргэвчилсэн оношлуурыг авах талаар ОХУ, БНСУ-д хүсэлт илгээгээд ажиллаж байна. ХӨСҮТ-ийн вируслогийн лаборатори нь дэлхийн 120 орны лабораторийн сүлжээнд холбогдсон. Шинжилгээг Австрали, Япон, Хонконг улсад баталгаажуулдаг.

Коронавирус илрүүлэх шинжилгээг манай лаборатори хийгээд интернэт-сүлжээгээр Японы ХӨСҮХ-гийн лабораторид давхар хянуулж байгаа. Мөн бид нийслэлийн дүүрэг, лавлагаа төвүүдэд уушгины хатгалгаа оноштой эмчлэгдэж байгаа 60 тохиолдлыг санамсаргүй түүвэрлэлтээр түүж, коронавирус илрүүлэх шинжилгээг хийсэн. Тэдэнд нянгийн болон улирлын томуугийн вирус илэрсэн. Коронавирус илрээгүй. Манай улсад коронавирусийн халдвар илрээгүй.

О.Ариунцэцэг

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)