Спортын төв ордныг шинэ цогцолбор болгоно

Өчигдөр Төрийн ордонд “Биеийн тамир, спортын хөгжлийн шинэ чиг хандлага” үндэсний зөвлөлгөөн эхэллээ.
Өчигдөр Төрийн ордонд “Биеийн тамир, спортын хөгжлийн шинэ чиг хандлага” үндэсний зөвлөлгөөн эхэллээ. Энэхүү зөвлөлгөөн нь Ерөнхий сайд С.Батболдын ивээл дор зохион байгуулагдаж байгаа юм.
Засгийн газраас биеийн тамир, спортын хөгжилтэй холбоотой асуудлаар нийт 30 гаруй тогтоол шийдвэр гарган, материаллаг бааз, орчин нөхцөлийг дээшлүүлэхэд онцгой  анхаарч ирсэн. Үүний томоохон илрэл нь ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдын дунд “Мөрөөдлийн баг”, “Хүүхэд-хөл бөмбөг-ирээдүй” хөтөлбөрүүдийг орон даяар амжилттай зохион байгуулж эхлээд байгаа. Эдгээр хөтөлбөрүүд нь мөн Ерөнхий сайдын санаачлагаар зохион байгуулагдаж байгаа юм.
Хүүхэд багачууд энэхүү хөтөлбөрийг дэмжиж өргөнөөр хамрагдаж байгаад сэтгэл хангалуун байна хэмээн Ерөнхий сайд С.Батболд хэлэв. Цаашдаа олон ажил хийхээр төлөвлөж буйгаа ч Ерөнхий сайд дуулгасан. Тухайлбал, 2013 онд багтаан ерөнхий боловсролын бүх сургуулийг биеийн тамир, спортын стандартын заал танхимаар хангах ажлыг хийх юм байна.
Мөн ахмад үе, тэтгэврийн насны хүмүүсийг биеийн тамир, спортоор хичээллүүлэх нөхцөл, боломжийг хангах зорилгоор биеийн тамир, спортын заал, зориулалтын байр, талбайд үнэ төлбөргүй үйлчлүүлэх асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа аж. Үе үеийн тамирчид, дасгалжуулагчдын хөлс хөдөлмөр шингэсэн Спортын төв ордны суурин дээр орчин үеийн спортын бэлтгэл сургалтын бааз болох шинэ цогцолбор барихаар болсныг ч дуулгав.

Мөн өнөөдрийн үндэсний зөвлөлгөөний үеэр гаргасан чухал шийдвэр нь Биеийн тамир, спортын эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулах асуудлыг судалж, шийдвэрлэхийг Ерөнхий сайд С.Батболд холбогдох хүмүүст үүрэг болгосон юм.

Б.БАТ-ЭРДЭНЭ

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)