Б.Чинзориг: Миний нэн тэргүүний зорилго олимп. Олимпоос өөр юу ч бодогдохгүй байна

Коронавирусийн цар тахлын улмаас бүтэн нэг жилээр хойшилсон Токиогийн олимп зургаан сар орчмын дараа эхэлнэ. Зуны спортын XXXII наадамд боксын тамирчид ердөө ганцхан эрхтэй байгаа. Тэр эрхийг армийн дэлхийн аварга, үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Чинзориг авсан билээ. Өдгөө боксчид олон улсын “Найрамдал” төвд нэгдсэн цугларалтад гарсан бөгөөд Б.ЧИНЗОРИГТОЙ онлайнаар ярилцлаа.

-Монголд бүү хэл дэлхийд тархсан коронавирусийн халдвараас болж спортын тэмцээн уралдаан зогсонги байдалд орж, тэр хэрээр тамирчид ч бэлтгэлгүй байх шиг байна. Ялангуяа манай улсад хөл хорионы улмаас хоёр сарын хугацаанд тамирчид бэлтгэл хийсэнгүй. Ер нь цар тахлаас хойш хангалттай бэлтгэлгүй байгаа болов уу?

-Улсын онцгой комиссын зөвшөөрлөөр бокс, жүдо, чөлөөт бөх тэргүүтэй спортын тамирчид нэгдсэн цугларалтад гараад багагүй хугацаа өнгөрлөө. Хоёр сарын турш тоймтой бэлтгэл хийгээгүй учраас эрчимжүүлсэн бэлтгэлтэй байна. Өдөрт гурван удаа бэлтгэл хийдэг, өндөр ачаалалтай байгаа. Одоогоор чөлөөтийнхөн бэлтгэлээ дуусгаад байна. Хөл хорионы үед боломжоороо гэртээ гар дээр суниахаас эхлээд гэрийн нөхцөлд хийж болох бүхий л бэлтгэлийг хийсэн. Товчхондоо бол жингээ барих бэлтгэл хийсэн гэх үү дээ.

 

-Боксынхноос ганцаараа олимпын эрхээ авч, эхний том даваагаа давлаа. Одоо олимпоо л хүлээж байна. Гэхдээ олимпоос наана тэмцээн уралдаанд оролцох уу, ер нь ямар төлөвлөгөөтэй байгаа вэ?

 

-Яг одоогийн нөхцөлд шигшээ баг ахлах дасгалжуулагчгүй байгаа учраас тодорхой нарийн төлөвлөгөө гаргахад хүндрэлтэй байна. Хэдхэн хоногийн өмнө Монголын боксын холбооны шинэ ерөнхийлөгч тодорсон. Тиймээс цаашид үйл ажиллагаагаа жигдрүүлээд, нарийн төлөвлөгөө гаргаад явах болов уу. Ямартай ч гуравдугаар сарын Тайландын эзэн хааны цомын тэмцээнд оролцох юм шиг байна. Мөн олимпын эрхийн тэмцээнд оролцож таарна. Олимпоос наана зөвхөн бэлтгэлээ л хийгээд олимпод оролцож яагаад ч таарахгүй. Санасан амжилтаа ч үзүүлж чадахгүй. Ер нь хөл хорионы үед тамирчдад нэг хүндрэлтэй асуудал тулгардаг. Тэр нь гадаадын тэмцээн уралдаан, хамтарсан бэлтгэл. Онгоц хөлслөөд тусгай үүргээр очиж болох ч ирэхдээ яах вэ гэдэг том асуудал тулгардаг. Асар өндөр зардал гарч байгаа юм. Дээрээс нь ирээд 14-21 хоног тусгаарлагдана гэдэг бидний хувьд хүнд санагдаж байна.

 

-Олимп, ДАШТ гэх мэт том тэмцээний наана олон улсын тэмцээнд оролцох нь юугаараа ашигтай, давуу талтай байдаг юм бэ?

 

-Бид том тэмцээнээс багадаа нэг сарын өмнө заавал олон улсын чанартай тэмцээнд оролцдог. Энэ нь тамирчид жин, формоо хадгалахад чухал ач холбогдолтой. Жин хассан ч багаар хасна. Зөвхөн бэлтгэл хийж байгаад том тэмцээнд оролцвол жин их хасна, формдоо ороогүй байхаас эхлээд дутагдал их. Тухайн тамирчин жиндээ дасаж, ажиллагаа сайжирна. Тэмцээний сэтгэл зүй ч өөр болдог. Ядаж л нэг гаргасан алдаагаа дараагийн удаа давтахгүй. Товчхондоо бие бялдар, техник, сэтгэл зүй гээд олон талын ач холбогдолтой.

 

-Жингээ хэр барьж байна вэ. Таны хувьд тэмцээнд хэдэн кг хасаж оролцдог вэ?

 

-Жин гайгүй шүү. 68 кг орчимд л барьж байна. Ер нь тэмцээн уралдааны үед жин бага хасдаг. Дээд тал нь 4-5 кг л хасна.

 

-Энэ жилийн хамгийн том зорилго нь мэдээж олимп байх. Харин дараа нь яах вэ. Олимпын дараах зорилгоо тодорхойлсон уу?

 

-Үнэнийг хэлэхэд өнөөдрийн хувьд олимпоос өөр бодсон зүйл алга. Мэдээж тодорхой төлөвлөгөө бий. Гэхдээ нэг номерт олимп байгаа учраас үүнд гол анхаарлаа хандуулж байна. Эхлээд олимпод амжилт үзүүлэхийн төлөө бүхнээ зориулъя. Бусдыг нь түр хойш тавья.

 

-Та сэтгэлзүйчтэй ажилладаг уу. Сэтгэлзүйдээ хэр анхаардаг вэ. Аливаа том тэмцээнд сэтгэл зүйн бэлтгэл ямар нөлөө үзүүлдэг юм бол?

 

-Сэтгэл зүй бол олон улсад маш өндөр түвшинд хөгжсөн шинжлэх ухаан юм. Харин манай бокст бараг хаягдсан гэхэд болно. Уг нь сэтгэлзүйч маш хэрэгтэй. Ядаж ч ялалт, ялагдлын дараах тамирчдын сэтгэл зүйд хэрхэн анхаарахаас эхлээд зайлшгүй байх ёстой. Харамсалтай нь, манай боксын холбоо үүнийг орхигдуулсан. Мэргэжилтэн зайлшгүй бэлтгэх хэрэгтэй.

 

-Тамирчны дараах карьер гэдэг чухал зүйл бий. Үргэлж тамирчнаараа байхгүй, хэзээ нэгэн цагт зодог тайлж таарна. Зодог тайлсны дараа юу хийх вэ гэдэг тамирчдад маш чухал сэдэв юм шиг байна. Ахмад тамирчдыг харахад нэг хэсэг нь ажилгүй, гудамжинд гардаг. Арай дээгүүр амжилттай цөөн тооны тамирчин нь клуб нээх, эсвэл гэрээгээр дасгалжуулагч хийгээд явдгийг та харж байгаа болов уу. Ирээдүйгээ хэрхэн төсөөлж, төлөвлөж байна вэ?

 

-Мэдээж төлөвлөсөн зүйл бий. Гэхдээ дээр дурдсанчлан эхлээд олимпоо дуусгамаар байна. Амжилттай оролцож медальд хүрэх, цаашлаад түрүүлэх нь миний нэн тэргүүний зорилго. Үүний дараа яах вэ гэдгээ тухайн үедээ шийдвэрлэнэ. Би төлөвлөгөөгөө урьдчилж ярьж, дэлгэмээргүй байна. Миний бодолд минь хадгалаастай байгаа. Цаг нь болохоор тодорхой болно.

 

-Өөрийнхөө жингийн дээд үеийнхэнтэйгээ хэр холбоотой байдаг вэ. Тэд зөвлөгөө өгдөг үү?

 

-Хамт бэлтгэл хийж байхдаа тогтмол заалгаж, зөвлөгөө авдаг байсан. Харин зодог тайлснаас хойш харилцаа бага болдог юм байна. Тэд өөрсдийнхөө амьдралыг бодоод явна, гэр бүлээ, амьдралаа гоёор, сайн сайхнаар авч явахын тулд зорьсон зүйлээ л хийнэ. Надад зөвлөгөө өгөөд, бэлтгэл хийдэг байсан шигээ цаг зав гаргахгүй нь ойлгомжтой. Ер нь тамирчид завгүй амьдралтай шүү дээ. Тиймээс тааралдах нь бага. Спорттой ойрхон ажиллаж байгаа ах нартайгаа хааяа уулзаж зөвлөгөө авдаг. Жишээ нь, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган ах байна. Заримдаа очиж зөвлөгөө авч, туршлага судалдаг. Санаа оноогоо хуваалцана. Тааралдсан үедээ ах нар туршлагаасаа харамгүй зааж өгдөг.

 

-Боксын олимпын эрх олгох Ази, Номхон далайн орнуудын тэмцээн Йорданы Амман хотод болоход олимпын эрхээ авсан шүү дээ. Олимпын эрх авсан мөчөөсөө дурсвал?

 

-Эрхийн төлөөх тулаан хамгийн их утга учиртай байдаг. 2019 оны ДАШТ-ээр Энэтхэгийн тамирчин Каушик Манишд ялагдаад байсан би эрхийн тэмцээн дээр дахин таарч ялаад эрхээ авсан. Гэхдээ тэр дараагийн тулаандаа эрхээ авсан болохоор олимпод очоод дахин таарах байх. Хамгийн гол нь өмнө нь ялагдсан алдаагаа зассандаа баярладаг.

 

-Анх хэдэн наснаасаа боксоор хичээллэж эхэлсэн бэ. Яагаад боксын спортыг сонгох болов?

 

-Би 13 настай, 2005 онд “Алдар” спорт хорооны сагсан бөмбөгийн дугуйланд орсон. Тэр үед миний багын найз Гансүх боксоор хичээллэдэг байлаа. Нэг өдөр найзыгаа хүлээнгээ бэлтгэлийг нь үзлээ. 13 настай өсвөр үеийн хүүхдийг хөнгөн төрлийн спортоор төсөөлөх атал манай найз амь тэмцтэлээ бэлтгэл хийж, хэсэгхэн амрахдаа хэвтэж, жингээ хасахын төлөө маш их ачаалалтай, ядарч бэлтгэл хийж байв. Өсвөр насны хүүхдийг ингэтлээ өөрийгөө зовоох сонирхолтой байгааг урьд нь хараагүй учраас боксоор хичээллэж үзмээр санагдсан юм. Бас авьяастай байсныг ч хэлэх үү, хичээллээд жил болсон найзыгаа гурван сарын дотор л зоддог болсон доо. /инээв/

 

-Анхны спорт нь бокс биш, сагсан бөмбөг байжээ. Сагсан бөмбөгөөр амжилт гаргана гэж бодон хичээллэж эхлэв үү?

 

-Үгүй ээ. Өсвөр насны хүүхдийн юм болгоныг сонирхож үздэг зан гэх юм уу даа. Хичээлийнхээ хажуугаар ямар нэг юманд явъя гэж бодсон байх. Болоогүй ээ, бас хөгжмийн дугуйланд сонирхолтой байлаа. Манай 44 дүгээр сургууль ч гэсэн хөгжмийн сонгонтой, авьяастай хүүхэд олон байсан.

 

-2007 оноос шигшээ багт тоглох болсон. Шигшээ багийн тамирчин болсноор амьдрал нь хэрхэн өөрчлөгдсөн бэ?

 

-2007 оноос залуучууд, харин насанд хүрэгчдийн шигшээ багт 2010 онд орсон. Насанд хүрэгчдийн шигшээд орсноор бүх зүйл өөрчлөгдсөн. Би 2009 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуульд ороод төлбөр, ном дэвтэр, унаа хоолны мөнгө гээд их зүйл хэрэг болж байв. Тухайн үед ээж Солонгост ажиллаж байгаад ирсэн ажилгүй, байр авах гээд аавын цалин хүрдэггүй. Гайгүй байр олсон ч бүтдэггүй. Ядаж байхад би шигшээ баг болон “Алдар” спорт хорооны алинд ч харьяалалгүй, гэрээ дууссан байлаа. Ажилд орох өргөдлөө өгсөн ч насанд хүрэгчдийн шигшээ багийн байр дүүрчихсэн, хороонд тамирчны орон тоо байгаагүй. Тэгсэн яг цагаа олж дансанд мөнгө орлоо. Шигшээ баг болон хорооны цалин нийлээд 500 гаруй мянган төгрөг орж байв. Тухайн үедээ маш их мөнгө шүү дээ. Төрийн албан хаагчийн дундаж цалин 300 мянга байсан үе. Дансанд байсан 10 мянган төгрөгөө авч хэрэглэх гээд банк ортол 500 мянган төгрөг орсон гэхэд нь гайхаж байлаа. Тэгсэн олимпын аварга Э.Бадар-Ууган тэргүүтэй тамирчид шигшээ багаасаа гарч, цалингаа суллаж өгсөн юм билээ. Тэгж л манайх байраа аваад, машин лизингдэж, түүнээс хойш амьдрал бага багаар дээшилсэн. Залуучуудын шигшээд сарын 90 мянган төгрөгийн цалинтай баян оюутан байсан ч цуглуулж мэддэггүй байжээ.

 

-Шигшээ багийн цалин бусад орныхтой харьцуулахад бага шүү дээ. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

 

-Нэмээсэй л гэж боддог. Бас л улсын ажил хийж байгаа хүмүүс шүү дээ. 2019 он хүртэл гар дээрээ 370 мянган төгрөг авдаг байлаа. Харин одоо нэмэгдээд 570 мянга болсон. Гэтэл Солонгосын шигшээ багийн тамирчин сард 12 сая вон авдаг. Тийм хүмүүст боксын хэрэглэл материалын хангамж бол асуудалгүй. Нэг удаа сарын хоёр сая төгрөгийн цалинтай Өвөрмонголын тамирчидтай бэлтгэл хийлээ. Тэр үед бидний цалинг сонирхож асуухаар нь 1000 ам.доллар гэж худлаа хариулж билээ. Тэгтэл “Хятадын шигшээг бодоход хамаагүй муу байна” гэсэн.

 

-63 кг-ын жинд гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ байдаг. Ер нь жингийн өрсөлдөөн дотооддоо ширүүн байх, тийм үү?

 

-Ширүүн болсон. Би хуучин 64 кг-д тоглодог байсан. Гэвч 60, 64 кг-ын жинг нэгтгээд 63 кг болгосон. Олимпод ордог эмэгтэй жинг олон болгохын тулд өнгөрсөн жилээс эрэгтэй жингийн тоо 10 байсныг найм болгож багасгасан юм. Дэлхий даяар 60, 64 кг нэгдсэн тул энэ жин хамгийн өрсөлдөөнтэй болсон доо. Улсын аваргад хоёр жил дараалан Азийн аварга Э.Цэндбаатартай финалдаж байх жишээтэй. Өнгөрсөн улсын аваргаар У.Мөнх-Эрдэнэ гавьяаттай тоглосон гээд өрсөлдөөн ихтэй.

 

-Спортоор анх хичээллэж буй хүүхэд, залуус алдартай тамирчин, одуудыг даган дуурайж эхэлдэг. Та хэнийг шүтэн биширч ирсэн бэ?

 

-Олимпын аварга Э.Бадар-Ууган ахын хэв маягийг даган дуурайдаг байсан. Маш сахилга баттай хүн. Түүний мэдрэмж, ажиллагаа нь хамгийн их үлгэр дуурайл болдог байсан даа. Эрт амардаг, орой хоол иддэггүй. Бид тухайн үедээ тэгж чадахгүй. Сүүлд нь л ухаарч байгаа юм. Бас У.Мөнх-Эрдэнэ ах их хүчин чармайлттай, хөдөлмөрч хүн. Ямар л хүн гадаадаас тэмцээнээс ирчихээд онгоцноос буугаад шууд бэлтгэлдээ гарч гүйх вэ дээ. Тийм л хөдөлмөрч.

 

-Олимп хойшлогдсон явдал бэлтгэлд нь хэрхэн нөлөөлж байна вэ?

 

-Биднийг Туркт тэмцээнд ороод буцаж ирэхээс ганцхан хоногийн өмнө Монголд хорио цээр тогтоогоод хойшлогдож байлаа. Миний хувьд олимп хойшлогдсон нь сайн зүйл болсон. Ойрхон жин хасаад, ядаргаанд орсон байв. Тусгаарлалтад байхдаа амарч, сайжрах цаг гарсан.

 

-Бокс их хурдтай, бүх зүйл ердөө секундийн хугацаанд болоод өнгөрдөг спорт. Дэвжээн дээр тоглох, бэлтгэл хийхээс хэр өөр вэ?

 

-Нэг их өөр биш. Тэмцээн дээр тоглож байгаа зүйлийг бэлтгэлд давтах хэрэгтэй. Бэлтгэл хэр сайн байна, тэмцээнд төдий чинээ сайн оролцоно. Бүх зүйл хөшигний ард өнгөрнө. Бэлтгэлийн үеэр чадахгүй зүйлээ тэмцээн дээр чаддаг болно гэж хэзээ ч байхгүй. Тэмцээн бол бэлтгэлийн нэгээхэн хэсэг.

 

-Зарим тамирчин дэвжээн дээр гарахдаа өөрийгөө зоригжуулах янз бүрийн үг хэлж, зан үйл хийдэг шүү дээ. Танд тийм зүйл байдаг уу?

 

-Яваандаа өөрчлөгддөг юм байна. Ямар ч хүнд дэвжээн дээр гарахын өмнөх сэтгэл хөдлөл байдаг. Түүнийгээ яаж дарахаа туршлага суух тусам мэддэг болдог. Миний хувьд дэвжээнд гарахынхаа өмнө гурван минут амраад суудаг. Тэр хооронд өөртэйгөө ярьж, зоригжуулж “Би ялна” гэж боддог.

 

-Дасгалжуулагч, тайлбарлагчид шатаж болохгүй, шатвал хожигдоно гэж ярьдаг. Мэдээж бодит байдал дээр цохиулахад уур хүрч шатах нь ойлгомжтой. Харин дэвжээн дээр тэр мэдрэмжийг хэрхэн дарж тайван, хараатай тулалдахыг хичээдэг вэ?

 

-Тэр бол эзэмших ёстой чадвар. Өрсөлдөгчдөө цохиулсны дараа буцаагаад цохих гээд улайрахад удирдлагаа алддаг. Үүнийг бэлтгэл дээрээ олон дахин хийж, дадах хэрэгтэй. Оноо авах гэж улайрсан хүн хамгаалалтаа мартдаг сул талтай.

 

 

Б.Мөнхзул

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)