Ч.Уртнасан: Аз болоход ДОХ-той хүүхэд төрөөгүй

Өнгөрсөн долоо хоногт ДОХ өвчний 110 дахь тохиолдол бүртгэгдсэн. Хэдийгээр манай улс ДОХ өвчний бага тархалттай орны тоонд багтдаг ч өдөр өдрөөр тухайн өвчний вирус тээгч илэрсээр байгаа нь аюулын харанга дэлдэж байна. 
Өнгөрсөн долоо хоногт ДОХ өвчний 110 дахь тохиолдол бүртгэгдсэн. Хэдийгээр манай улс ДОХ өвчний бага тархалттай орны тоонд багтдаг ч өдөр өдрөөр тухайн өвчний вирус тээгч илэрсээр байгаа нь аюулын харанга дэлдэж байна. Тиймээс ХӨСҮТ-ийн олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Ч.Уртнасантай ДОХ өвчний эсрэг авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар ярилцлаа. 

-Өнгөрсөн долоо хоногт ДОХ өвчний 110 дахь тохиолдол бүртгэгдлээ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу? 

-ДОХ өвчний 110 дахь тохиолдол бүртгэгдсэн. Уг өвчтөн нь Улаанбаатар хотын харьяат 25-30 насны тодорхой эрхэлсэн ажилгүй, гэр бүлгүй эрэгтэй хүн байсан. Өвчин нь халдвар тээгчийн шатанд байна. Эрүүл мэндэд нь ямар нэг өөрчлөлт, зовиур шаналгаа байхгүй гэсэн үг. 

-Ер нь өвчтөнүүдийн нас, хүйс ямар байна? 

-ХДХВ-ын халдвар тээгчдийн насны хувьд 18-55 насны хүмүүс байдаг. Үүнээс 18-20 хүртэлх насны гурван хүн, 50-иас дээш насны гурван хүн бий. Үндсэндээ 20-40 насныхан дийлэнх хувийг эзэлж байна. 

-ДОХ өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд ХӨСҮТ-өөс ямар арга хэмжээ авч байна вэ? 

-Нэн түрүүнд хийх ёстой ажил бол сайн дурын шинжилгээнд хамруулах. Бидэнд сайн дураар шинжилгээ өгөхгүй байгаа хүнийг хүчээр авчирч шинжилгээ авах эрх байдаггүй. Гэхдээ зайлшгүй шинжилгээ өгөх ёстой хүмүүс байдаг. Үүнд, сүрьеэ, бэлгийн замын өвчтэй хүн, жирэмсэн эмэгтэйчүүд багтдаг. Олон улсын жишигт хүний эрхийг дээдэлж сайн дураар шинжилгээ авах арга давамгайлж байна. Манай оронд 1993 онд анх ХДХВ-аас сэргийлэх тухай хууль батлагдсан. Энэ хуулийн хүрээнд 2015 он хүртэл таван цогц бодлогыг авч хэрэгжүүлэхээр болсон юм. Үүнд, төр засгаас хууль, эрх зүйн хувьд таатай орчин бий болгож, дотоод бүтэц зохион байгуулалтыг сайжруулж, эрүүл мэндийн байгууллагатай нягт уялдаа холбоотой ажиллах юм. Энэ хүрээнд ДОХ-той тэмцэх үндэсний хороо байгуулагдаж идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Мөн эрсдэл өндөртэй хүмүүсийг хяналтдаа авч тогтмол шинжилгээ, эмчилгээнд хамруулах, нийт хүн амд хүргэх сургалт сурталчилгааг нэмэгдүүлэх, бэлгэвчийн хангамжийг сайжруулж эрсдэлээс урьдчилан сэргийлэх гэсэн бодлогыг цогцоор хэрэгжүүлж байна. Түүнчлэн сайн дураар шинжилгээ өгөх 70 гаруй лаборатори ажиллаж байгаа. Төрийн ба төрийн бус олон байгууллагууд энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар үйл ажиллагаа явуулж байна. 

-ХӨСҮТ-өөс ДОХ өвчний талаар тандалт судалгаа хэр хийж байна? 

-Манай төв нь эрсдэл өндөртэй хүмүүсийн дунд хоёр жил тутамд нэг тандалт судалгаа явуулдаг. 1987 оноос хойш хоёр сая гаруй хүн шинжилгээнд хамруулаад байна. Өнгөрсөн онд 10 мянга гаруй хүн шинжилгээнд хамрагдсан. Уг судалгааны дүнгээр манай орон ДОХ-ын бага тархалттай орны тоонд багтаж буйг тогтоосон. Олон улсын эрүүл мэндийн байгууллага ХДХВ-ын халдварын тархалтыг эрсдэл өндөртэй, дунд, бага гэсэн гурван төвшинд хуваадаг. Тухайн орны халдвар авах эрсдэлтэй бүлгийн дунд тархалт таван хувиас ихгүй байвал бага тархалттай, эрсдэл өндөртэй хүмүүсийн өсөлт таван хувиас, жирэмсэн эмэгтэйчүүдийн дундах тархалт нэг хувиас хэтэрвэл өндөр тархалттай улс гэж үздэг. 

-Сая эрсдэл өндөртэй хүмүүс гэж ярилаа. Энэ бүлэгт ямар хүмүүс багтах вэ? 

-Эрсдэл өндөртэй хүн амд, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг хүмүүс. Мөн биеэ үнэлэгчид, ижил хүйстнүүд ордог. 

-ХДХВ илэрсэн хүмүүс цаашаа халдвар тараах боломжтой. Үүнд хяналт тавьдаг уу? 

-Өвчтөнүүдийг нэг сарын хугацаанд эмнэлгийн хяналтад байлгадаг. Улмаар өөрт нь өвчний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, цаашид баримтлах амьдралын зуршлуудыг хэлж өгдөг. Жишээ нь, хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орохгүй байх, цусны донор болохгүй байх, эмчийн хяналтгүй өөр эмнэлэгт шинжилгээ өгөхгүй байх гэх мэт. Хуулинд бол ДОХ өвчний вирус тээж буйгаа мэдсээр байж, бусадтай бэлгийн харилцаанд орвол тав хүртэлх жилээр хорих ял оногдуулдаг. Түүнээс биш араас нь мөрдөж мөшгөөд хаана юу хийж байгааг нь хянана гэж байхгүй. Өвчтөнд нөхцөл байдлыг танилцуулж, 10 гаруй жагсаалт бүхий санамжид гарын үсэг зуруулдаг. 

-ДОХ-той өвчтөн вирусаа бусдад тараасан тохиолдол гарсан уу? 

-Гарсан. Эхний 20 гаруй тохиолдол нь гадаадад амьдарч байгаад ирсэн иргэдээс илэрсэн. Сүүлийн тохиолдлууд дотооддоо амьдарч байгаа иргэдээс халдвар авах жишээтэй. Тодруулбал, нөхөр нь эхнэртээ, эхнэр нь нөхөртөө халдвар өгсөн 20-иод тохиолдол бий. 

-Эдгээр хүнтэй хуулийн хариуцлага яаж тооцох вэ? 

-Эхнэр нь нөхрөө эсвэл найз залуудаа ХДХВ-тай гэдгийг мэдэж байсан ч өөрөө хүссэн учраас бэлгийн харилцаанд орсон гэж мэдүүлдэг. Хохирогч нь гомдол гаргахгүй байхад хуулийн хариуцлага тооцох боломжгүй. Одоогоор вирус тээгч 10 гаруй эмэгтэй жирэмсэн, түрүүч нь хоёр хүүхдийн эх болсон байна. 

-Вирус тээгчээс урагт халдвар дамжих уу? 

-ХДХВ-тай хосуудад аль болох хүүхдээ төрүүлэхгүй байхыг санал болгодог ч өөрсдөө төрүүлнэ гэж зүтгэдэг. Хүний эрх чөлөөнд халдах эрх бидэнд байхгүй. Аз болоход ДОХ-той хүүхэд төрөөгүй байна. Хүүхдэд ХДХВ-ыг дамжуулахгүйн тулд урьдчилан сэргийлэх эмийг тогтмол хэрэглүүлдэг. Гэхдээ ДОХ-ын вирус тээгч эхээс ДОХ-той хүүхэд төрөх эрсдэл байдаг. 

-Одоо бүртгэгдсэн өвчтөнүүд ямар замаар ХДХВ-ын халдвар авсан байдаг вэ? 

-Ер нь халдвар гурван замаар дамждаг. Хамгаалалтгүй бэлгийн харилцаанд орох, халдвартай цус, цусан бүтээгдэхүүнээр, эхээс урагт дамжина. Бүртгэгдсэн бүх тохиолдол бэлгийн замаар халдсан байгаа. Өвчтөнүүдийн 80 хувь нь эрэгтэйчүүд, 20 хувь нь эмэгтэйчүүд байна. Тэдгээрийн 50 хувь нь биеэ үнэлэгчид байгаа юм. Тиймээс ХДХВ-ын халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд тохиолдлын бэлгийн хавьтлаас татгалзах хэрэгтэй. 

Ц.ОЮУНТУНГАЛАГ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)