Б.Адъяа: Яагаад шүдний эмч нарын талыг нь хөдөө илгээж болохгүй гэж
- 2012-10-05
- Эрүүл мэнд
- 0
Төрөхдөө л хүний төлөө төрсөн юм шиг хувь заяатай хүмүүс байдаг. Түүний нэг нь Улсын клиникийн нэгдүгээр эмнэлгийн шүдний тасагт насаараа ажилласан Б.Адъяа эмч юм. Тэрбээр одоо ч гэсэн “Хануй-Грейс” шүдний эмнэлэг байгуулчихсан хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө санаагаа чилээж, сэтгэлээ зовоож явна. Түүнтэй ажиллаж явсан хамт олон, ажлынх нь тухай цөөн хором хөөрөлдсөнөө хүргэе.

Төрөхдөө л хүний төлөө төрсөн юм шиг хувь заяатай хүмүүс байдаг. Түүний нэг нь Улсын клиникийн нэгдүгээр эмнэлгийн шүдний тасагт насаараа ажилласан Б.Адъяа эмч юм. Тэрбээр одоо ч гэсэн “Хануй-Грейс” шүдний эмнэлэг байгуулчихсан хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө санаагаа чилээж, сэтгэлээ зовоож явна. Түүнтэй ажиллаж явсан хамт олон, ажлынх нь тухай цөөн хором хөөрөлдсөнөө хүргэе.

-Нэгдүгээр эмнэлэгтэй анх холбогдсон тухайгаа яриагаа эхлэх үү?
-Анх намайг шүдний тасагт ирж ажилахад гучин хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байлаа. Тасгийн эрхлэгч нь манай Наранбямбаа эмч. 1972 онд нэгдүгээр эмнэлэг ашиглалтад ороход Наранбямбаа эмч сургуулиа төгсөөд ирж байсан юм билээ. Түүнээс хойш л тухайн эмнэлгийн шүдний тасагтай амьдралаа холбосон хүн. Гучин хэдэн жил ажиллахдаа дийлэнх хугацаанд нь шүдний тасгийн эрхлэгчээр ажилласан байх шүү. Хоёр ээлжээр найман эмч ажилладаг байсан. Ингээд бодохоор их том тасаг байсан байгаа биз. Наранжав гээд эрүү, нүүрний мэс заслын мундаг эмч байлаа. Уртнасан гэж эмчилгээний мэргэжилдээ гаргууд сайн эмч одоо ч гэсэн байж л байна. Энэ мэт чадварлаг багийн нэг эд эс нь болж 1980 онд ирж ажилласандаа бахархаж явдаг юм. Орост Монголоос анх удаа эрүү, нүүр, шүдний эмчээр гурван хүн төгссөний нэг нь манай Уртнасан эмч. Мөн Наранбямбаа эмч бол Монголдоо энэ салбартаа тэргүүлэх зэргийн эмч гэж би үнэлдэг юм. Өвчтөнтэй харьцаж байгаа харьцаа, суурь боловсролын хувьд сайн эмч. Ийм өндөр чадвартай, мэдлэг боловсролтой эмч өнөөдрийг хүртэл хийсэн бүтээснээ үнэлүүлж чадаагүй яваад нь би битүүхэн харамсаж явдаг. Улсын клиникийн нэгдүгээр эмнэлгийн шүдний тасагт гуч гаруй ажиллаад тэтгэвэртээ гарахдаа Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдэгтэй л гарч байлаа шүү дээ, бид хоёр.
-Хөдөлмөрөө үнэлүүлж чадаагүй олон эмч байдгийг би мэдэх юм. Үүний учир шалтгаан юунд байсан гэж та боддог вэ?
-Сүүлийн арав гаруй жил манай эмнэлгийн удирдлага ойр ойрхон солигдож байсан нь нөлөөлсөн байх л даа. Шинэ дарга ирээд эмч нартайгаа гүйцэд танилцаж амжаагүй байхад солигдоод дараагийн дарга ирнэ. Нөгөөдөх нь эмнэлгийн дотоод ажилтай танилцаж амжаагүй байхад дахиад л солигдоно. Ер нь сүүлийн арван жилд Улсын клиникийн нэгдүгээр эмнэлгийн удирдлага эрчимтэй солигдсон нь эрүүл мэндийн салбарт гарсан доголдлын эхлэл нь ч байж мэднэ.
-Нийгмийн тогтолцоо солигдсон он жилүүдэд эмнэлэгтээ үнэнч үлдсэн хоёрхон хүн байдаг гэж эмч нар ярьж байхыг сонссон. Тухайн үед хувийн эмнэлэг байгуулаад гарчихсан бол гэж бодож байв уу?
-Зах зээлийн хүнд цаг үед эмч нар гэлтгүй ард түмэн бүгд л хэцүү байдалд байсан. Манай эмнэлгийн хэсэг эмч хувьд гаръя гээд анхны хувийн эмнэлгийг байгуулж байлаа. Ер нь шүдний анхны хувийн эмнэлгийг Норовбэл багш тавьж байсан байх шүү. Наранбямбаа эмч бид хоёрын хувьд нэгдүгээр эмнэлгээсээ гармааргүй санагдсан. Ажил, амьдралынхаа гарааг эхэлсэн албан байгууллагаа хүнд хэцүү үед хаяад явна гэдэг хүн чанаргүй асуудал болно гээд явж чадаагүй /инээв/. Тухайн үед хувьд гарсан бол ашиг орлого олоод эмнэлгээ өргөжүүлээд явах боломж байсан байх л даа. Мөн тэр үед эмнэлгийн удирдлагаар сайхан, сайхан хүмүүс ажиллаж байсан. Жигжидсүрэн багш, Гээпил дарга байна. Ийм сайхан хүмүүсийн удирдлага дор ажиллаж байхад шууд гаръя гэж боддоггүй юм билээ.
-Ингэхэд Таны хүүхэд нас хаана өнгөрсөн бэ?
-Миний бага нас Дундговь аймгийн Адаацаг суманд өнгөрсөн. Мандалговь хотын арван жилд долдугаар анги хүртлээ сураад тэндээсээ Улаанбаатар хотын Анагаах ухааны коллежийн эрүүл ахуйн ангид ирж суралцсан. 1964 онд тухайн сургуулийг төгсөөд эргэж нутагтаа ирж Ариун цэврийн станцад зургаан жил ажилласан. Түүний дараагаар Анагаах ухааны их сургуулийн шүдний эмчийн ангид элсч ороод өнөөдрийг хүртэл энэ мэргэжлээрээ ажиллаж байна даа.
-Анагаахын дээдийг төгсөөд ажлынхаа гарааг нэгдүгээр эмнэлгээс эхэлсэн үү?
-Үгүй, үгүй. Тухайн үед дээд сургуулиа төгсөөд орон нутагт тодорхой хугацаанд ажилладаг байсан. Энэ зарчмын дагуу Булган аймгийн Магсаржав сангийн аж ахуйд хуваарилагдаж очоод хоёр жил гаруй хугацаанд ажилласан л даа. Хоёр жилийн хугацаанд ажиллахдаа ганц шүдний эмч ч биш сумын хаана эмч хэрэгтэй байна тэнд л гүйж явдаг байлаа. Нэг үгээр хэлбэл, хүний их эмч маягтай л болчихсон байсан. Тэгээд 1980 онд Улаанбаатар хотод шилжиж ирээд Улсын клиникийн нэгдүгээр эмнэлэгт ажиллах болсон.
-Таныг шүдний эмчээр ажиллаж эхэлж байхад шүдний өвчлөл өнөөдрийнх шиг ийм түгээмэл байгаагүй биз?
-Намайг сургууль төгсөөд ажил дээр гарахад одоогийнх шиг шүдний өвчлөл их байсангүй. Тухайн үед өнөөдрийнх шиг чихэр, жимс ч элбэг байсангүй. Байсан ч учиртай иддэг байж. Өнөөдөр юу элбэг байна чихэр, жимс л элбэг байна. Ер нь шүдний өвчлөлийн гол шалтгаан нь чихэрлэг зүйл байдаг. Дараагаар нь тухайн хүний амны хөндийн арчилгаанаас шалтгаалдаг. Дээр нь бидний амьдарч байгаа хотын агаар ямар билээ. Түүгээр амьсгалж байгаа хүний уушги, амны хөндий яаж эрүүл байх вэ дээ. Ганцхан жишээн дээр ярья. Саяхан манай улсад ирж ажилласан Германы шүдний эмч ярьж байхыг телевизээр сонслоо. “ Ө в ө р х а н г а й , Архангай аймагт 14 хоногийн үзлэг хийгээд ирлээ. Монголын хүн амын шүдний өвчлөл маш их байна. Ялангуяа хүүхдийн шүдний өвчлөл их байгаа нь анхаарал татлаа. Үүнийг би юутай холбож тайлбарлах гэж байна вэ гэхээр дэлгүүрийн тавиурын нэг талд нь архи, нөгөө талд нь чихэр жимс өрөөстэй байна. Ийм байхад шүдний өвчлөл Монгол Улсад буурахгүй” гэж ярьж байсан.
-Ямар арга хэмжээ авбал шүдний өвчлөл буурах вэ?
-Бүх суманд шүдний эмнэлэгтэй болбол өвчлөл буурах магадлалтай. Уг нь шүдний эмчийн хүний нөөц хангалттай бэлтгэгдэж байгаа. Наад зах нь Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийг шүдний эмчийн нэг ангийг дор хаяж гучин хүүхэд төгсдөг. Тэгэхээр хүний нөөцийн хувьд хангалттай гэсэн үг. Дутагдал нь юундаа байна вэ гэхээр шүдний мэргэжил эзэмшчихээд тэр чиглэлээрээ ажилладаггүй, төвийн эмнэлэг юмуу, хувийн эмнэлэгт ажиллах сонирхол нь давамгайлдаг. Зөвхөн Улаанбаатар хотод 300 гаруй шүдний эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг. Нэг эмнэлэгт хоёр эмч ажилладаг гэж бодохоор 600 гаруй хүн болж байгаа биз. Эдгээр эмчийн талыг нь орон нутагт ажиллах хүчээр илгээхэд сум болгон эмчтэй, эмнэлэгтэй болох боломж дүүрэн байгаа.
-Шүдний эмчийн мэргэжил сонгосондоо харамсах, шантрах үе гарч байв уу?
-Энэ мэргэжлийг сонгосондоо өнөөдрийг хүртэл харамсаж явсангүй. Харин баярлаж, бахархдаг. Шүд нь олон хоног өвдөөд яая даа гэсэн царайтай орж ирсэн өвчтөн эмчлүүлээд гарахдаа инээгээд гарч байгаа нь бидэнд аз жаргал бэлэглэдэг. Олон цаг ачаалалтай ажиллаад ядрах үе байлгүй л яахав. Гэхдээ нэг өвчтөн ороод ирэхэд “Үзэж чадахгүй. Буцаад яв” гэж хэлж чаддаггүй. Хэдий би 60 гарсан ч ядраад байна, одоо больё гэж бодож байгаагүй ээ. Ер нь манай шүднийхэн дотор 60 гарчихаад над шиг ингээд ажиллаад явж байгаа хүн цөөхөн дөө.
-Улсын тэргүүлэх эмнэлэгт 30 гаруй жил ажилласан. Нууц биш бол хэдэн төгрөгийн тэтгэвэр авдаг вэ?
-Нуугаад байх юм юу байх вэ. 2005 онд тэтгэврээ тогтоолгосон. Тухайн үед бас л дарга солигдоод шинээр ирсэн дарга нь “Та нар одоо гар. Байр суллаж өг. Тэтгэвэрт гаргалаа” гэсэн. Тэгэхэд 60 мянган төгрөгөөр тогтоолгож байлаа. Тэр үед ажиллаж байсан эмч нар 80 мянган төгрөгийн л цалин авдаг байсан. Түүнээс хойш бага багаар нэмэгдсээр 200 мянга гаруй төгрөг дээр тогтсон. Гэхдээ тэтгэврээ тогтоолгочихоод эмнэлгээ ажиллуулж байсан. Ингээд хоёр жил өнгөрч овоо дөрөө олох янзтай болоод ирсэн чинь дарга солигдоод өөр дарга хүрээд ирлээ. Нөгөө дарга маань “Та нарыг хувьд гаргахгүй. Бүтэцдээ авна” гээд буцаачихсан. Бүтцэд нь ороод дахиад хоёр жил ажиллаж байтал дарга солигдоод дахиад нэг дарга хүрээд ирлээ. Ирсэн дарга нь “Та нарыг бүтэцдээ авахгүй. Хувьд гаргана. Байр суллаж өг” гээд гаргачихаж байгаа юм. Ингэж таван жил явсаар байгаад 2010 онтой золгож тэтгэвэртээ гарсан даа. -Танай хүүхдүүдээс Таны мэргэжлийг өвлөж авсан хүн бий юу? -Байлгүй яахав. Манай охин 2005 онд шүдний эмч мэргэжлээр анагаахыг төгссөн. Японд мэргэжлээрээ докторын зэрэг хамгаалсан. Одоо тэндээ амьдарч байгаа.
Т.ЗӨНБИЛЭГ

Сэтгэгдэл (2)
1113 (202.72.245.194)
Хөдөө бол шүдний эмч маш их хэрэгтэй байгаа шүү дээХөдөө Шүд нь өвдсөн хүмүүс уйлан дуугараад л байж байдаг Шүд мэдэх эмчлэх 1 ч эмч байдаггүй нь харамсалтай л байдаг юм даа
zochin (182.160.21.242)
Bi sayhan Hatagtai emnelegt 90 myngaar 3 shudee lomboduulsan Uwdunu gej aigaad 5000 ar taria hiilgeed ynzluulsan bolowch 11 honood bugd uireed unasan Tegeed ochij helsen dahiad ynzluul gesen Odoo yadag ch um bilee Ug ni germani em taria heregledeg l geed baisan Odoo haana ochihoo medehgui baina