Элэгний хорт хавдрыг эрт илрүүлэх үндэсний хөтөлбөр үгүйлэгдэж байна
- 2012-11-23
- Эрүүл мэнд
- 0
Нэгэнт хүн амын дүнд аюулын харанга дэлдэж буй элэгний хорт хавдраас яаж ангижрах вэ гэдэг асуудал гарч ирнэ.

Элэг тайрах мэс засалд орсон З.Цэнд
Шинжилгээний хариугаар хорт хавдартай болох нь тогтоогдсон байна. Ийнхүү богино хугацаанд оношоо тодруулж, хагалгаанд орсон З.Цэндийн биеийн байдал тун ч сайн тэнхэрч байгаа гэж эмчлэгч эмч нар нь хэлэв. Тэрбээр "Элэгний хорт хавдар эмчлэгддэг өвчин. Иргэд гол нь эрт оношлогоо хийлгэж, нарийн мэргэжлийн эмч нарт хандах нь чухал юм билээ. Би анх хавдартай гэдгээ мэдээд нэг их сэтгэлээр унаагүй.
Мэргэжлийн эмчээс ямар арга чарга байгааг асууж, зааврын дагуу хагалгаанд орсон. Манайхан өвдсөн хойноо эмнэлэг барааддаг муу зуршилтай. Улирал бүр биш юмаа гэхэд жилдээ нэг удаа шинжилгээ өгч хэвших нь бидэнд тустай. Миний хувьд 1978 онд бөөрний архаг дутагдалд орж, цус сэлбүүлж байсан. Тэр үед цусаар В вирус халдварласан байж болзошгүй гэж боддог" гэв. Түүний нэгэн адил элэгний хорт хавдартай гэсэн оноштой хүн жилд 1600- 1700-гаар тоологдож буй нь эрүүл мэндийн салбарт аюулын харанга дэлдэж байна.

Тайрсан элэг
Хорт хавдрыг шалтгааныг тодорхой, тодорхой бус гэж ангилдаг ажээ. Харин шалтгаан нь тодорхой цөөхөн хавдрын нэг нь элэгний хорт хавдар юм байна. Уг хавдар В, С вирусээр үүсгэгддэг. Гэхдээ В, С вирус туссан хүн бүрт хавдар үүсдэггүй аж. Жишээлбэл, С вирус элгийг удаан явцтай хатууруулдаг.
Ингэхдээ тогтмол үрэвсэл үүсгэн хатууруулж, эцэстээ хатуурсан элгэнд хавдар үүсдэг байна. Энэ процесс 15-20 жил үргэлжилдэг гэнэ. Энэ мэдээг уншаад В, С вирус тээж буй иргэд яваандаа хавдартай болох юм байна гэж эмээж магадгүй. Хавдар үүсэх явц удаан болохоор тэр хугацаанд вирусээ эмчилбэл уг өвчнөөр өвчлөх эрсдэл үгүй болно гэсэн үг.

Элэгний хорт хавдрын хагалгаа
Жилдээ 1700 иргэн элэгний хорт хавдраар өвчилдөг ч зөвхөн 16 хувь нь л мэс засал хийх боломжтой үе дээрээ байдаг аж. Тэдний 2-5 хувьд нь элэг түлэх, 35-40 хувьд нь хавдрыг тэжээгч судсыг боох эмчилгээ хийдэг байна. Гурван смээс бага хэмжээтэй хавдрыг түлэх боломжтой. Хагалгаа хийх боломж бага байдаг нь элэгний хатуурал, хавдар хоёр ихэвчлэн хамт үүсдэгээс улбаатай гэнэ. Өвчлөлийн байдлыг авч үзэхэд элэгний хорт хавдар Азийн орнуудад түгээмэл байгаа нь 20 гаруй жилийн өмнө эрүүл мэндийн салбарын тогтолцоо муу байсантай холбоотой гэж эмч мэргэжилтнүүд тайлбарладаг. Үүний зэрэгцээ 1960-1970-аад оны үед элэгний бохирын шар өвчин манайд их гарч байснаас улбаалан өдгөө элэгний хавдрын тохиолдол ихэссэн байх магадлалтай аж.
Бохирын шар нь элэгний А вирус гэсэн үг. А вирус элгэнд ужиг өвчин болдоггүй, нэг удаа шарлаад зүгээр болдог өвчин юм байна. Гэтэл тэр үед айл бүр усанд шприц буцалгаж нэг нэгэндээ тариа хийдэг байсан. Ийнхүү зүү нь мохсон шприцээр А вирусээр шарлаад ирсэн хүмүүсийг тарихдаа В-ийн вирус халдаасан харамсалтай тохиолдол олон гарч байжээ. Энэ нь оргүй зүйл биш бололтой. Учир нь хоёр удаа шарлаж байсан гэж ярих ахмадуудтай олон таарч байсан юм.

ХСҮТ-ийн Тасгийн эрхлэгч Ж.Чинбүрэн
Эдгээр шалтгааны улмаас В, С вирусын халдвар газар авч өдгөө хавдар болж хувиран аюулт байдалд хүргээд байна. Сүүлийн үед С вирусын халдвар ихэсч, В вирусын өвчлөл буурч байгааг Хавдар судлалын үндэсний төвийн Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн эрхлэгч Ж.Чинбүрэн хэлж байна. Тэрбээр "В вирусын өвчлөл буурч байгаа шалтгаан нь манай улс 1992 оноос хойш төрсөн бүх хүүхдүүддээ В вирусын эсрэг вакцинжуулалт хийдэг болсонтой холбоотой. Энэ бол маш амжилттай хэрэгжсэн дархлаажуулалтын үндэсний хөтөлбөр болсон. Буурахгүй байгаа өөр нэг шалтгаан нь В вирус эхээс урагт дамждаг. Энэ нь жирэмсэн үед халдварлахгүй.
Гагцхүү эх төрөх явцад цусаар дамжиж хүүхдэд халддаг. Насанд хүрсэн хүний В вирус 95 хувь нь эдгэрдэг байхад эсрэгээрээ таваас доош насны хүүхэд В вирусын халдвар авахад хавдар болох магадлал 95 хувь байдаг. Тэгэхээр нярай хүүхэд В вирус авлаа гэж бодоход хавдар болох магадлал 100 хувь гэж ойлгож болно" гэв. Таван жилийн өмнө В вирусын архаг өвчлөлтэй иргэд хүн амын 60 гаруй хувийг эзэлж байсан бол одоо 50 доош хувьтай байхад С вирус 10-30 гаруй хувь хүртлээ өсчээ. Энэ нь С вирусын эсрэг вакцин байхгүй байгаатай холбоотой аж. Хүний биеийг С вирусээс хамгаалах технологийг дэлхий дахин олоогүй.
Манайд С вирусээр халдвар тээгчид шивээс хийлгэж байгаа өсвөр насныханд их тохиож байгаа гэнэ. Тэд гэрийн нөхцөлд, гоо сайхны газрууд ч мөн адил стандартыг мөрдөөгүйгээс С вирус багаж төрөөрөмжөөр дамжиж халдварладаг байна. Мөн В, С вирус бэлгийн замаар дамжих өндөр магадлалтай байдаг аж. Тухайн иргэн В, С вирусийн халдвар авлаа гэж бодъё. Вирус нь хүний биед удаан хугацаанд архаг хэлбэрээр байрладаг байна. Хүний биеийн дархлаа муудах, архи дарс хэтрүүлэн хэрэглэх болон нас ахих явцад вирус идэвхжиж, элэгний эс дотор орж эсүүдийг үхүүлж эхэлдэг. Бид гартаа олон удаа шарх авахад сорви овойсон хатуурал болдгийн адил элэгний эс үхэж, задарсаар байгаад хавдар бий болдог байна. Нэгэнт хүн амын дүнд аюулын харанга дэлдэж буй элэгний хорт хавдраас яаж ангижрах вэ гэдэг асуудал гарч ирнэ.
Өөрөөр хэлбэл, элэгний хорт хавдраас урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөр үгүйлэгдэж байна. Монголын мянганы сорилтын сан өнгөрсөн хавар хөх, умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх зорилго бүхий үндэсний хөтөлбөр хэрэгжүүлсэн. Умайн хүзүүний хорт хавдраар идэр залуу насныхан өвчилж, хүрээ нь тэлэх хандлагатай өнөө үед үнэхээр нүдээ олсон хөтөлбөр болсон. Хөхний хорт хавдар жилд 100 хүнд оношлогддог өвчин. Гэтэл элэгний хорт хавдар үүнээс 20 дахин илүү хүний амь насыг дээсэн дөрөөн дээр дэнжигнүүлж байна.
Хэрвээ элэгний хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж эхэлбэл олон иргэний хавдрыг цаг алдалгүй илрүүлж, олон ч хүнд амьдрал бэлэглэх боломжтой. Зөвхөн нэг өдрийн хугас л ХСҮТ- өөр явахад элэгний хорт хавдраар энэлэн шаналагчид тоймгүй олон байна. Мэс заслын үүдэнд хагалгаа амжилттай болох эсэхийг хүлээж дугаарлан зогсох айдас тээсэн, аврал эрсэн хамаатан садан, ойр дотнын хүмүүсийн яриа, харцнаас л бүх зүйл ойлгогдоно. Энэ нь хатууралтай элэг хагалгаа хийхэд ачаалал даахгүй байх тохиолдол их байдагтай холбоотой аж. Нийт хавдартай иргэдийн 10 хүрэхгүй хувь нь хавдрын эрт үедээ эмчид хандсан судалгаа бий. ХСҮТ-д эрт үед буюу хавдар 3.5 смээс бага үед нь ирвэл хагалгаа хийхгүй эмчлэх бүрэн боломжтой болжээ.
Энэ нь дүрс оношлогооны хяналт дор элгийг түлэх эмчилгээ юм. Хавдрыг гаднаас нь зүүгээр хатган цахилгаанаар халааж, түлэх эмчилгээ нь хамгийн зардал багатай, мэс засал хийхгүй, хялбар эмчилгээ гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Манайхан хавдрыг ангийн мах идэх, шашин шүтлэгээр эдгээнэ хэмээн төөрөлддөг. Элэг хамгийн их нөөцтэй, маш хурдан төлждөг эрхтэн.
Элэгний 70 хувийг тайрахад долоо хоногийн дараа үйл ажиллагаа нь сэргэж, 21 хоногийн дараа бүрэн төлжиж дуусдаг гэж мэс заслын эмч нар онцолсон. ХСҮТ-д жилд 250 элэг тайрч, 450 хүнд судас бөглөх эмчилгээ, 80-90 хүнд элэг түлэх эмчилгээ хийдэг байна. Тиймээс нэгэнт хавдартай нь тогтоогдвол нарийн мэргэжлийн эмчид хандах хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөж байлаа.


Сэтгэгдэл (1)
Даваасүрэн (202.21.105.7)
тиймээ манайд элэгний хавдар хожуу оношлогдож байна. Эрт илрүүлгийн асуудал зайлшгүй хэрэгтэй байна. Үүний тулд үндэсний хэмжээний хөтөлбөр, аян гм нийтийг хамарсан дорвитой зүйл хийх нь зайлшгүй хэрэгтэй байна.