130 гаруй нярайд хоёрхон эмч жижүүрлэж буй нь хаанаа ч хүрэлцэхгүй байна

- Цалин бага, хариуцлага өндөр болохоор нярайн эмч тогтдоггүй -

- Цалин бага, хариуцлага өндөр болохоор нярайн эмч тогтдоггүй -
   Сүүлийн үед төрөлт ихэссэнтэй холбогдуулж төрөх эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больж, нярайн эндэгдэл нэмэгдэж байгаа талаар мэдээлэх болсон. Үүний мөрөөр манай сонины сурвалжлах баг улсын ууган эмнэлэг болох I амаржих газраас сурвалжлага бэлтгэлээ. Төрөхийн баруун хаалгаар дөнгөж оронгуут амаржсан эхнэр, шинэ хүүхдээ хүлээж авахаар догдлон зогсох нэлээд хэдэн аавтай таарав. Тэд дулаан гутал, хувцас тэврэн тэсэн ядан холхино. Төд удалгүй сувилагч өлгийтэй хүүхдийг нь гаргаж ирээд аавд нь тэврүүлчихэв. Бяцхан хүүхдээ өхөөрдөн хараад мушилзан инээхийг нь харахад хэмжээлшгүй их аз жаргалтай байгаа нь илэрхий. Ийм баярт мөчийг харсан хөндлөнгийн бидэнд ч сайхан мэдрэмж төрж байсныг нуух юун.
   Нэгдүгээр төрөх эмнэлэг төрөхийн 240 ортойгоос 190 нь амаржих, 50 нь жирэмсний явцад өвчилсөн эхчүүдийг хэвтүүлж эмчлэх зориулалттай. Тухайлбал, дутуу төрөх гээд байгаа, зулбах зэрэг шинж тэмдэг илэрсэн эхчүүдийг хэвтүүлж эмчилдэг тасаг юм байна. Тус төрөхийн ор хоногийн ашиглалт ч ачаалал ихтэй аж. Өөрөөр хэлбэл, орны хүрэлцээ хаанаа ч хүрэлцдэггүй гэнэ. Өнгөрсөн жил уг төрөх эмнэлэгт 20850 эх хэвтэж эмчлүүлснээс 12423 эх төрж, ихэр хүүхэдтэйгээ нийт 12484 хүүхэд мэндэлжээ. Уг төрөхийн хувьд нярайн тасгийн ачаалал их, нярайн мэргэжлийн эмч дутагдалтай аж. “Эрүүл энхийн манаанд тангараг өргөсөн эмч нүдээ цавчих эрхгүй” хэмээх үгийн учир утгыг тунгаахад хариуцлага, сэрэмж, чадвар бодогдоно. Нийслэлийн нэгдүгээр төрөхийн нярайн тасаг өдөрт 90 гаруй хүүхдэд тогтмол эмчилгээ хийдэг. Үүнээс гадна өдөр бүр 40 гаруй хүүхэд шинээр өлгийдөн авч, мөн тийм тооны хүүхдийг ар гэрт нь гаргадаг байна. Одоогоос 10 гаруй жилийн өмнө энэ эмнэлэгт жилд 3500 орчим эх амарждаг байсан бол сүүлийн жилүүдэд тогтмол өссөөр өдгөө 12 мянгад хүрчээ. Ийнхүү төрөлт хэд дахин нэмэгдчихээд байхад төрөх эмнэлгийн тоо нэмэгдэхгүй, нярайн мэргэжлийн эмч нар ховордож буй нь асуудал дагуулж байна гэж тус төрөх эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дарга Д.Энхбаяр хэлсэн. Тэрбээр нярайн мэргэжлийн эмч тогтвор суурьшилгүй болсон, ховордож байгаа шалтгааныг үед дутуу төрөлт, төрөхийн эмгэгтэй хүүхэд олширсноос нярайн эмч нарын ачаалал ихэссэнтэй холбон тайлбарлаж байна.
  Төрөхийн эмгэгтэй нярайн дийлэнхийг жиндээ хүрээгүй мэндлэгсэд эзэлдэг агаад дутуу төрсөн нярайг доод тал нь 21 хоног инкубаторт байлгадаг аж. Нярайн эмч нар өдөрт төрөлхийн эмгэгтэй 90 гаруй хүүхэдтэй ажиллахын зэрэгцээ шинээр төрсөн хүүхдүүдийг үзлэг оношлогоонд хамруулах гээд тэдний нуруун дээрх ачаа хариуцлагатай бөгөөд хүнд юм. I төрөхийн хэмжээнд нярайн эмч ес бий. “Харин ч нярайн эмч дутагдалтай байгаад анхаарал хандуулж ажилласны үр дүнд есөн эмчтэй болсон шүү” хэмээн бахархангуй өгүүлэх нярайн ахлах эмч Г.Бадамсайхан тус төрөхөд 10 гаруй жил ажиллажээ. Өмнө нь нярайн гуравхан эмчтэй ажиллаж байсан үе ч бий гэнэ. Нярайн тасагт өдөрт хоёр эмч жижүүрлэдэг ч суух зав үгүй. Зөвхөн I төрөх гэлтгүй манай улсын хэмжээгээр нярайн эмч дутагдалтай байгаа юм байна. Улсаас нярайн эмч, хүүхдийн эмчийг олшруулах бодлого явуулж, халамж тэтгэмжээр сургаад ч нярайн эмчээр ажиллах хүн ховор байдаг аж. Гол шалтгаан нь цалин бага, хариуцлага өндөр, ачаалал ихтэй холбоотой бололтой. Хэдийгээр шинээр эмч ирдэг ч хоёр шөнө жижүүрлээд л маргаашаас нь халшраад явчихдаг аж. Тиймээс Эрүүл мэндийн яам нярайн болон хүүхдийн эмчийн эрх ашиг, тэдний хөдөлмөрийг тухайлан үнэлэх цаг болжээ. Уг нь ямар нэгэн эмгэгтэй төрсөн гурван нярай хүүхдийн дунд нэг эмч ажиллах, хэвийн төрөлттэй 15 нярайн дунд нэг эмч ажиллах ёстой аж. Мөн хүндрэлтэй төрөлт, хийсвэр хийлгэсэн эхийн бие сайжиртал нярайн эмч хараа хяналт тавих үүрэгтэй. Гэтэл энэ төрөхөд өдөрт 100 гаруй хүүхдийн дунд хоёрхон эмч ажиллаж байна. Уг нь мэргэжлээрээ төгсчихөөд ажлын байран дээр мэргэшчихвэл нярайн эмч шиг сайхан мэргэжил байхгүй гэж эмч нар нь онцолж байсан. Уг төрөх эмнэлэгт нярайн тасгийн ачаалал их байгаа өөр нэг шалтгаан нь дутуу төрөлттэй хүүхдүүдийг эндээ эмчилж эхэлсэнтэй холбоотой аж. Өмнө нь 36 долоо хоногоосоо өмнө буюу дутуу төрсөн эхчүүдийг ЭХЭМҮТ-д шилжүүлдэг байж. Харин сүүлийн хоёр жил эмнэлгийнхээ нөхцөл бололцоог ашиглан дотроо эмчилдэг болсноор ачаалал ийнхүү ихэсчээ.



ҮР ХӨНДӨЛТ ДУТУУ ТӨРӨХ ШАЛТГААН БОЛДОГ
   Сүүлийн жилүүдэд төрөхийн эмгэг ихэсч байгаа талаар яригдах болсон. Энэ нь агаарын бохирдол, төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүн, чимээ шуугиантай холбоотой хэмээн мэргэжилтнүүд үздэг. Нөгөө талаар өмнөх жилүүдэд шинээр мэндлэгсдийг янз бүрийн шинжилгээнд хамруулж, судалгаа хийдэггүй байсан тул энэ тоо нарийвчлан гарч байгаагүй аж. Харин сүүлийн жилүүдэд төрсний дараах судалгаа гаргадаг болсноор “гаж” хэмээх онош ихэссэн мэт харагдах болсон гэнэ. Тухайлбал, I төрөхөд амаржиж буй 18 настай охины анхны төрөлт, 37 настай ээжийн дөрөв дэх төрөлтийн явцад адилхан төрөхийн эмгэгтэй гэсэн оноштой нярай мэндэлж байгаа аж. Мөн төрөлхийн тэмбүүтэй хүүхэд ч олширч байгааг статистик судалгаа харуулж байна гэв. Ер нь төрөлтийн ажиглалтаас харахад тэмбүү, түнхний үеийн мултрал, дутуу тээлттэй хүүхэд төрөх нь сүүлийн хоёр жил ихэсчээ. Түүнчлэн бамбай булчирхайн өвчлөл нэмэгдэж, I төрөхөд л гэхэд уг өвчнөөр жилд 1000 гаруй хүүхэд өвчилсөн байна. Мөн өнгөрсөн онд 410 дутуу төрөлт бүртгэгджээ. Төрөх эмнэлэгт 500 гр-аас дээш жинтэй хүүхдийг амьдрах боломжтой гэж үздэг байна. Гэхдээ ийм бага хэмжээтэй төрөлт өмнө нь ховор байсан бол сүүлийн жилүүлдэд 500, 800, 900 гр хүүхэд ихээр төрж, тэр хэрээр эмчилгээ, асаргаа шаарддаг талаар статистикч эмч Б.Лхамаахүү хэлэв. Ийм бага жинтэй нярайг инкубаторт харахад тусгайлан нэг эмч, сувилагч зайлшгүй шаардлагатай.
   Дутуу төрөлтийг судалж байгаа эрдэмтэд энэ талаар янз бүрийн дүгнэлт гаргадаг байна. Түүвэр судалгаанаас харахад ихэнх дутуу төрөлт эхийн суурь өвчинтэй холбоотой байгаа аж. Хоёрдугаарт олон удаа үр хөндүүлэх нь дутуу төрөлт ихсэх шалтгаан болж буй гэнэ. Мөн сүүлийн үед ургийн ус эрт гарах болсон гэж эх барих эмч нар хэлж байна. Ус эрт гарснаар хүүхэд усгүйжиж дутуу төрөх шалтгаан болдог байна. Ийнхүү ус эрт гарах, дутуу төрөхөд бэлгийн замын үрэвсэлт өвчин онцгой нөлөөлж буйг ч мэргэжилтнүүд онцлов. I төрөхийн хэвтэж эмчлүүлэх 50 орны тал хувьд нь бэлгийн замын үрэвсэлт өвчинтэй эхчүүд хэвтдэг байна. Түүнчлэн сүүлийн хоёр жилд өсөлтгүй жирэмслэлт, зулбалт ихэссэн аж. Тэр ч бүү хэл эхний 2-3 сар зүгээр тээж байгаад гэнэт өсөлтгүй болсон жирэмслэлт он гарсаар элбэгшсэн байх юм. Зулбалт, өсөлтгүй жирэслэлтийн шалтгаан нь агаарын бохирдол, замбараагүй эмийн хэрэглээ, хоол хүнснээс улбаатай аж. Мөн эмгэгтэй нярайн зардалд өгч буй эмийн төсөв маш бага. Өнгөрсөн жил гэхэд 800 гаруй нярай өвчлөхөд түүнд зарцуулах эмийн зардалгүй хэцүүхэн байж. Эрүүл төрөөд гарсан хүүхэд вакцинд 380 төгрөг л хэрэглэх ёстой байдаг. Тэгтэл өвчилсөн нярайг эмчлэхэд өнгөрсөн жил 29 мянган төгрөг, энэ жилийн судалгаагаар 40 орчим мянган төгрөг болж байгаа юм байна. Иймээс эмийн төсөв хэтэрч барьц алдахад хүрч эхэлжээ. Гэтэл нярайн эмчилгээний зардлыг тусгайлан авч суулгасан төсөв гэж байдаггүйг нярайн тасгийн эмч нар дуулгасан. Энэ мэтчилэн нярайн өвчлөл ихэссэнээр эмч нарын ачаалал нэмэгдэж, ажлын ачааллаас халширсан нярайн мэргэжлийнхэн биед амраар нь хувьдаа эмийн сан ажиллуулаад явж байгаа тохиолдол олон бий гэнэ. Түүнчлэн I төрөхийн нярайн есөн эмчид өвдөх ч эрх байдаггүй. Нэгэндээ дарамт үүсгэхгүйн тулд баргийн өвчнийг тоохгүй “зүтгэдэг” гэж байсан. I төрөхийн өргөтгөл болох төрөхийн эмгэгтэй хүүхдүүдийг эмчлэх 50 ортой нярайн тасаг удахгүй ашиглалтад орохтой холбогдуулан “Нярайн мэргэжлийн эмч өндөр цалинтай авна” гэх зарыг хэвлэл мэдээллээр явуулахад нэг ч хүн ирж бүртгүүлэхгүй байна гэх эмчийн ярианаас нярайн эмчийн ачаалал ямар байдаг нь илэрхий.
    Төрөхийн эмгэгийн тэргүүн эгнээ буюу талаас илүү хувийг сэтэрхий уруул, тагнайтай хүүхэд эзэлж байна. Уруул, тагнайн мэс заслын асуудлыг манай улс бүрэн шийдсэн аж. Орон нутгийн төрөх эмнэлгүүдэд ч энэ төрлийн мэс заслыг хийдэг юм байна. Харин зүрхний гаж хөгжил дөрөв дэх шалтгаан болж байна. Өнгөрсөн онд төрөхийн эмгэгтэй төрсөн хүүхдүүдийн 158 нь зүрхний гаж хөгжилтэй гэж оношлогдсон. Зүрхний гаж хөгжил хамгийн аюултай гэнэ. Энэ төрлийн мэс заслыг клиникийн III эмнэлэгт гадаад, дотоодын эмч нарын тусламжтайгаар хийдэг байна. Тиймээс ЭМЯ, ЭХЭМҮТ хамтран зүрхний төрөлхийн гажигтай хүүхдэд тусламж үйлчилгээ үзүүлэх чадавхийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Хэдийгээр нийт төрөлтийн дотор бага тоотой ч цаашид энэ төрлийн өвчтэй хүүхдийг эхийн хэвлийд байхад нь оношлох, төрсний дараа тав хүртэлх насанд нь оношоор илрүүлэх нэгдсэн тогтолцоонд шилжих болсныг мэргэжилтнүүд хэлж байгаа. Мөн энэ оноос үндэсний хэмжээнд “төрөлхийн хөгжлийн гажиг”-ийн судалгаа хийхээр болжээ. Ингэснээр манай улсын хэмжээнд төрөлхийн гаж хөгжил болон зонхилох гажгийг бүртгэсэн нэгдсэн бүртгэл бий болох юм.

В.НЭРГҮЙ

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • delden (202.55.191.35)

    2013-01-29

    vneheer vnen shvv