Түлэнхийн төв түлэгдсэн хүн шиг шаналж байна, С.Ламбаа сайд аа

Эрүүл мэндийн манаанд цаг үргэлж бэлэн байх үүрэгтэй энэ салбарынхан маань аль хэдийнэ бизнесийн байгууллагаас дор болсныг шүүмжилж хэлэх нь олонтаа.
Эрүүл мэндийн манаанд цаг үргэлж бэлэн байх үүрэгтэй энэ салбарынхан маань аль хэдийнэ бизнесийн байгууллагаас дор болсныг шүүмжилж хэлэх нь олонтаа. Эмнэлгийг зорих, өвчин эмгэгээ илааршуулахаар ирсэн өвчтөнүүдээ ая тухтай орчинд хүлээн авч бүрэн гүйцэд эмчлээд явуулчихаж чадахгүй газар байх юм. Улсдаа түлэнхийн гуравдугаар шатлалын гэгддэг Түлэнхийн төвийн байр өвчтөн хүлээн авч эмчлэх нь бүү хэл өнөө маргаашаа аргацаасан, нурах аюул хаяанд иржээ. Хаа нэгтээ бараантан харагдах балгастай зүйрлүүлж болох энэ байшинд хүн эмчлүүлж байна гэхээр зүрх шимширмээр. Гэтэл манай улсад түлэнхий, хөлдөлтийг эмчилдэг ганц газар нь энэ. Санамсаргүй тохиолдлоор осол эндэгдэлд орсон хүмүүсийг хүлээн авдаг газраа Эрүүл мэндийн яам мартсан бололтой. Олны хэл ам дагуулсан эл газрыг сурвалжлахаар зорилоо. Тус төвийн үүдэнд очиход энд ер нь хүн байдаг болов уу гэсэн бодол өөрийн эрхгүй төрөв. Хэзээ нэгэн цагт нураад унасан байна гэхэд огтхон ч гайхахааргүй дүр зураг гаднаас нь харагдана. Шил толь болсон орчин үеийн барилгуудын дунд будаг шунх нь халзарч, хана тааз нь хагарч цуурсан Түлэнхий төв гунигтай ч гэхээр дүр зураг Гадна хана нь түлэгдсэн хүний арьс мэт арзайж, барзайн, тааз нь мөөгөнцөртөж дусаал гоожиж, шал нь цөмөрсөн эл барилгыг салбар хариуцсан яам нь яагаад хайхардаггүй юм бол. Нийслэлд байрлалтай улсдаа ганц энэ төв үйл ажиллагаагаа явуулж чадахгүйд хүрвэл өвчтөнүүд хаана, хэнд хандах вэ. Осолдохгүй яамны харьяа лалд байдаг нь л үнэн байх. Эл байшингийн дээврээс уур савсаад л цонхнуудад цан цохижээ. Халтардаж, навтайсан хоёр давхар тус төвийн босгыг давангуут л ариутгал цэвэрлэгээ, эм тарианы үнэрийг давж ханхлах чийг хамар цоргино. Өөдлөх айл үүд хаалганаасаа гэдэг дээ. Ядаж л гадна хаалгандаа бариулгүй юм. Хаалганы зарим нэг зүйлийг хэрэндээ л зассан бололтой онгорхой цоорхойд нь нимгэн хавтангаар халхалсныг үзвэл нүглийн нүдийг гурилаар хуурсан мэт. Хүлээн авахын үүдэнд гар хөлөө түлж, шархны боолтоо солиулах гэж буй хүмүүс урт дараалал үүсгэн зогсчээ. Орчин тойрныг цэвэрлэсэн хэдий ч ийм нөхцөлд эмчилгээ хийхэд бэрхтэй санагдана. Уг нь түлэнхий болон осголтоос үүдсэн шарх удаан эмчилгээ авахаас гадна маш цэвэр орчинд эмчилгээ хийх ёстой баймаар. Тус төвийн дэд захирал Б.Бат-Оргилтой уулзахаар өрөөнд нь орлоо. Захирлын өрөө ч ялгагдах юм байсангүй. Өрөөнд урьд шөнө ус алдсан бололтой чийг ханхална. Тус төвд 1976 оноос хойш хоёр удаа л засвар хийсэн гэнэ. Харин одоо бүрмөсөн шинэчилж суурин дээр нь шинэ төв барихаар болсон гэдгийг тэрбээр хэлсэн. Гэтэл одоогоор дөнгөж барилгын зураг төсөл хийх шатандаа явж байгаа гэнэ. Уг нь МХЕГ-аас энэ байшинд эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээ явуулж болохгүй гэсэн акт хоёр ч удаа тавьсан байна. Гэвч өөр байр байшингүй юм чинь энд ажилласаар л байгаа аж. Дэд захирлын хэлснээр Эрүүл мэндийн даатгалын сангаас 10 эсвэл 100 хоног эмчлүүлсэн эсэх нь хамаагүй нэг удаа 150 мянган төгрөгийн л санхүүжилт олгодог аж. Эм тариа, боолтны материалыг иргэдээс өөрсдөөс нь зайлшгүй гаргах тохиолдол ч цөөнгүй аж. Тус төвөөр өдөртөө 30-40 хүн эмчлүүлж ачаалал ихтэй ажилладаг байна. Уг нь 120 хүнийг эмчлэх хүчин чадалтай ч өвлийн тэсгим хүйтний улиралд 160-аас хол давж, тасаг бүү хэл хонгилын орон зай ч олдоход бэрх болдог гэнэ. Түүнчлэн нэг өрөөнд нэг өвчтөн 8-10 метр квадрат газарт хэвтэн эмчлүүлэх стандарт хэмжээтэй. Гэтэл энд нэг хүний хэвтэх зайд гурван өвчтөн хэвтэн эмчлүүлдэг байна. Үүнээс гадна өвчтөний ар гэрээс сахих шаардлагатай бол бүр ч хэцүү. Дэд захирал Б.Бат-Оргил “Өнгө үзэмж дүүрч. Үйл ажиллагаа явуулж болохгүй байна. Байнга ус алддаг” хэмээн халаглан сууж байлаа. Эмчлүүлэгчдийн тасаг ч нүд халтирмаар. Хөдөө орон нутгаас ирсэн өвчтөнүүд нэлээн олон байна. Тэд арай гайгүй гэж хот газар бараадсандаа сэтгэл ханасан бололтой, элдэв бэрхшээл зовлон тоочихоос цааргалж байв. Харин байр байшингийн асуудлыг төр засаг шийдээд өгчихмөөр юм хэмээн үг дайв. Чийгний эхүүн үнэр, гэрэл муутай бүүдгэр 00-ийн өрөө, хэд хэдэн модон шүүгээ эгнүүлэн тавьсан эмч, сувилагч нарын хувцас солих өрөө орчин үеийн соёлжсон нийгмээс хол хоцорсон байна. Ийм газраар үйлчлүүлж буйдаа хэвтэн эмчлүүлэгчид цаанаа таашаахгүй байгаа ч амь нас, орчин нөхцөлөөс нь илүүтэй юм болохоор илүү дутууг үл өгүүлнэ. Ерөнхийдөө Түлэнхийн төвийг өвчтөнөөр нь төсөөлбөл “дусал тариа” хийлгэх шаардлагатай гэж хэлж болмоор. Түлэнхийн төвд жилдээ түлэгдсэн, хөлдсөн мянга гаруй хүн эмчлүүлдэг байна. Монгол нутгийн тэсгим хүйтнийг дагаад өвөл бүр ч их ачаалалтай болдог аж. Энд эмчлүүлж байгаа хүмүүсийн 70 хувь нь хүүхэд. Тэдний бараг 90 хувийг 0-5 насныхан эзэлдэг байна. Эмчлүүлэгсдийн эрх ашиг энд маш ихээр хөндөгдөж байна. Уг нь хэвтэн эмчлүүлэгч цэвэр эрүүл аюулгүй орчинд эмчлүүлэн хэвтэх эрхтэй атал байдал эсрэгээрээ эргэжээ. “Бухын доодохыг харж үнэг турж үхнэ” гэдэгтэй адил Эрүүл мэндийн яамнаас хэзээ байшин барьж өгөхийг нь хүлээж суусаар байтал Түлэнхийн төв нураад унах вий дээ. Түлэнхийн төв түлэгдсэн хүн шиг “шаналж” байна, С.Ламбаа сайд аа. Үүнд анхаарал хандуулах болоогүй юу???

www.UNEN.mn сайт



  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)