Малын бруцеллёзоор өвчилсөн хүн насаараа үе мөчний өвчтэй болдог

Монгол Улс 1990-ээд оноос малаа хувьчилж айл өрх бүр хувийн хэвшлийн малтай болсон. Улсын эзэмшлийн мал тараагдсанаар мал эмнэлэг эрс цөөрсөн.
Монгол Улс 1990-ээд оноос малаа хувьчилж айл өрх бүр хувийн хэвшлийн малтай болсон. Улсын эзэмшлийн мал тараагдсанаар мал эмнэлэг эрс цөөрсөн. Иймд малчин иргэдэд мал эмнэлгийн үйлчилгээ тэр бүр хүрэхээ больсон. Үүнээс шалтгаалан иргэд малын өвчний талаар мэдлэг, мэдээлэл муу болж, тэр хэрээр малаас хүнд халдварладаг өвчин сүүлийн жилүүдэд ихсэх хандлагатай болсон. Иймээс дээрх сэдвээр Нийслэлийн мал эмнэлгийн газрын Халдварт өвчин судлалын их эмч Ц.Гантөмөртэй ярилцлаа.

-Нийслэлийн хэмжээнд хэчнээн мал байдаг бол. Малаас хүнд халдварладаг ямар, ямар өвчин байдаг вэ?

-Өнгөрсөн оны тооллогоор Улаан баатарт 270 гаруй мал, 440 га руй мянган шувуу, 13 мянган гахай  бүртгэгдсэн. Халдвартай, халдваргүй, онц аюултай, тархмал гэх мэтээр малын өвчлөл олон янз. Малаас хүнд халдварладаг олон төрлийн өвчин байдаг. Боом, галзуу, бруцеллёз, шүлхий, сүрьеэ өвчин ахуйн замаар хүнд халдварладаг. Сүүлийн жилүүдэд малын өвчний ихэнх хувийг бруцеллёз эзэлж байна. Нийслэлд 2010 онд 40 гаруй мянган үхэрт шинжилгээ хийхэд 250 үхэр халдварт өвчинтэй гарсан. Харин өнгөрсөн онд 11 мянган үхэрт шинжилгээ хийхэд 210 үхэр бруцеллёзтой гарч өмнөх жилүүдээс бараг гурав дахин өвчлөл ихэссэн дүн гарсан.

 -Малын бруцеллёз өвчин ямар замаар тархдаг юм. Хүнд ямар замаар халдах уу?

-Бруцеллёз өвчин цочмог болон далд хэлбэрээр илэрдэг нянгийн гаралтай мал, амьтнаас хүнд халдварладаг өвчин. Малын эд эс, цус, зулбасан ураг болон голдуу гэмтсэн ихэстэй хүрэлцэх, халдвартай малын сүү, цагаан идээ хэрэглэх үед хүнд халдварлана. Мөн лаборатори болон үнээний ферм, мал нядалгааны газар ажилладаг хүн тухайн өвчнөөр ихээхэн халдварладаг. Бруцеллёзоор мал агаар дуслын буюу бууц хорооны хөрснөөс өвчилнө.Бруцеллёз өв чин ихэвчлэн таван хошуу мал, гахай туурайтан амьтанд их тусдаг. Мөн хээрийн чоно энэ өвчнөөр өв чилсөн нь тогтоогдсон. Хүнд маш амархан халдварлана. Малчид ма лын эхэс хагийг гараараа барих, төл лөж чадахгүй удаж байгаа малыг татаж гаргах зэрэг нь энэ өвчнөөр өвчлөх үндсэн шалтгаан болдог.

-Хүн бруцеллёзоор өвчилснөө яаж мэдэх вэ. Ер нь бруцеллёз эмчлэгддэг өвчин үү?
 
-Бруцеллёз өвчний дэгдэлт хавар мал төллөх үеэр их гардаг. Тухайн өвчний халдвар авсан  хүн үе үе халуурах, толгой өвдөжбие сулрах, үе мөчөөр өвдөхийн зэрэгцээ сэтгэл гутрал мэдрэгдэнэ. Мөн хүйтэн хөлс ялгарч, огцом жин буурах шинж тэмдэг илэрдэг. Зарим тохиолдолд хүний биед онцын өөрчлөлт мэдрэгдэхгүйгээр нууц байдалтай хэдэн сар, жилээр үргэлжилж үе мөчний архаг үрэвсэл бий болгодог. Үүнээс болж тухайн хүн насаараа үе мөчний өвчинтэй болно. Харин хөнгөн үед нь эрт оношлуулбал дархлаажуулах боломж той. Харамсалтай нь, малчид хэвтэртээ ортол архагшуулсан хойноо л эмнэлэгт ханддаг.

-Малын галзуу өвчин хот хөдөөгүй гарах болсон. Энэ тал дээр Та юу хэлэх вэ?


-Галзуу өвчин араатан амьтнаас мал, хүнд халдварладаг. Галзуу өвчтэй араатан амьтан хазах үед халдвар авдаг. Нийслэлд сүүлийн хоёр жил галзуу өвчин дараалан илэрсэн. Сонгинохайрхан, ХанУул, Баянзүрх дүүрэгт үхэр, үнэг, нохойнд илэрсэн. Уг өвчин ихэнхдээ хавар гардаг ч өнгөрсөн зун ХанУул дүүрэгт нохойнд илэрсэн юм.

-Халдварт өвчтэй мал болгоныг устгах ёстой юу. Эсвэл эм тариагаар эрүүлжүүлж болох уу?

-Малын өвчлөлөөс шалтгаална. Халдваргүй бол вакцин, тарилгаар өвчлөлийг дархлаажуулж болно. Харин боом, сүрьеэ, бруцеллёз, галзуу, шүлхий өвчнөөр өвчилсөн малыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас устгах заалт байдаг. Заалтын дагуу өвчтэй малыг устгаж, өвчин гарсан голомттой газарт урьдчилан сэргийлэх вакцин хийдэг. Мөн тухайн газарт тодорхой хугацаанд хорио цээр тогтоодог. Зөвхөн бруцеллёзоор өвчилсөн малын махыг хүнсэнд хэрэглэхийг зөвшөөрдөг. Гэхдээ махыг хүнсэнд хэрэглэх явцдаа гараа зүсэх, шарх сорвитой гараар барьж болохгүй. Махыг сайн болгож хэрэглэх шаардлагатай. Улаанбаатар хотод 21 аймгийн мал, малын гаралтай түүхий эд орж ирдэг болохоор өвчин гарах өндөр эрсдэлтэй. Жишээлбэл, наадмын үеэр хорхогны мах, шөлний хонь гээд аймгуудаас маш олон мал туугаад оруулаад ирдэг. Ямар ч өвчтэй мал байгааг мэдэх аргагүй байдаг юм.

-Малын вакцин гээд хийгээд байдаг. Малдаа вакцин хийлгэснээр халдварт өвчнөөс бүрэн хамгаалж чадах уу?

-Малын гоц халдварт өвчний вакциныг улсын төсвийн мөнгөөр үнэ төлбөргүй харьяа дүүргийн мал эмнэлгийн газрууд хийж байгаа. Малаас малд, малаас хүнд халдварладаг өвчнөөс урьдчилан сэргийлэх 23 төрлийн вакцин хийдэг. Вакцины дархлаажуулалт 6-10 сарын хугацаанд үйлчилдэг. Жил бүр малаа вакцинд хамруулбал малын гаралтай өвчнөөс урьдчилан сэргийлж чадна. Он гарсаар орон даяар бод, бог малыг вакцинжуулах ажил эхлээд байна.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (203.91.119.100)

    2012-02-14

    Tand bayarllaa irgeded chuhal medeelel ugsundEne uwchnii talaar irged sain medeelel awch uursudiinhuu eruul mendiig sain hamgaalah ni chuhal shuu

  • (203.91.119.100)

    2012-02-14

    Tand bayarllaa irgeded chuhal medeelel ugsundEne uwchnii talaar irged sain medeelel awch uursudiinhuu eruul mendiig sain hamgaalah ni chuhal shuu