Анагаах Ухааны доктор Ж. Амарсанаа: Элэгний вирусын эмчилгээг нутагтаа хийх бүрэн боломжтой болсон

Хүн амын дунд зонхилон тохиолдох өвчний нэг болох “элэгний өвчлөл”-ийн талаар  Хаппи Веритас элэгний төв лабораторийн Ерөнхий захирал, Интерферон Альфа эмнэлгийн зөвлөх эмч, Анагаах Ухааны доктор Ж. Амарсанаатай ярилцлаа.
Хүн амын дунд зонхилон тохиолдох өвчний нэг болох “элэгний өвчлөл”-ийн талаар  "Хаппи Веритас" элэгний төв лабораторийн Ерөнхий захирал, "Интерферон Альфа" эмнэлгийн зөвлөх эмч, Анагаах Ухааны доктор Ж. Амарсанаатай ярилцлаа.
Энэхүү ярилцлагад түүний Япон, Америкт сурч ажиллаж байсан түүх, эх орныхоо Анагаах Ухааны хөгжилд оруулж буй хувь нэмэр, эрүүл мэндийн салбарт шийдээсэй гэсэн олон гол асуудлуудыг тавьсанаас гадна элэгний хавдар, элэгний хатуурал, элэгний В, С вирус  өвчний үед хэрхэн эмчилгээ хийлгэх, тархалт,  урьдчилан сэргийлэх талаар уншигч хэрэглэгч та бүхэнд хэрэгтэй зөвлөгөөг багтаасан байгаа.

-    Их сургуулиа төгсөөд Япон, Америк улсад суралцаж, ажиллаж байсан. Ямар сургуульд хэдий хугацаатай сурч байв?
1991 онд Оточ Маарамба дээд сургуулийн эмчилгээний ангид ороод 1996 онд оточ хүний их эмчээр төгсөж Гандангийн харьяа Мамбадацан хийдэд эмч зүрхайчаар нэг жил ажилласан. Үүний дараа  Анагаахын дээд  сургуулийн  магистрт нэг жил сураад дараа нь Оточ Маарамба сургуульд  “уламжлалт анагаах ухааны онолын үндэс”  хичээлийг нэг жил заасан. 1990-онд Японы засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр гэж байсан тэнд шалгалт өгч тэнцээд 1998 онд Токиогийн их сургуульд эхлээд зургаан сарын хэлний бэлтгэлд явсан. Үүний дараа Токиогийн их сургуулийн дотрын тэнхимд судлаачаар жил хагас ажиллаад тус сургуулийн Анагаах ухааны дотрын тэнхимд Анагаах ухааны магистрыг хоёр жил сурч хамгаалаад  2002 онд Докторын программд орж дөрвөн жил сурч хамгаалан Харвардын их сургууль руу орсон. Тэнд 2002 - 2008 оны хооронд ажиллаж багшилж байсан гэсэн үг. Гол хийж байсан ажил гэвэл хавдар судлал, элэгний өвчин судлал, вирус судлалын талаар судалгаа хийж байсан.

- Монголын залуус гадаадад олон жил сурч, амьдраад тэндээ суурьшиж ажиллах нь их болсон. Гэтэл өөрөө эх орондоо эргэн ирж ажиллаж байгаа нь сайшаалтай?

Ер нь гадаадад үлдсэн хүмүүсийг харахад харамсалтай  санагддаг. Амьдрах орчин, цалин гээд арай  давуу талыг харж л үлдэж байгаа шүү дээ. Тэгэхээр наанаа харахад их аятайхан болоод байгаа юм шиг мөртлөө цаанаа бол дандаа л эх орноо санасан, эцэг эхээ үгүйлсэн хагас өнчин юм шиг л амьдардаг юм шүү дээ. Байнга монголын талаар юу болж байгаа бол гэж мэдээ сонсон чих тавиастай. Би тийм хагас өнчин байдалтай байхыг хүсээгүй л дээ. Ээж аав маань хоёулаа эсэн мэнд  байна. Миний мэргэжил бас монголд эрэлт хэрэгцээтэй мэргэжил ш дээ. Эмч хүний мэргэжил аль ч оронд хэрэгцээтэй байдаг. Миний түвшний эмч мэргэжилтнүүд гадаадад хэдэн мянгаараа байдаг. Гэтэл  Монголд хичнээн байдаг билээ. Нарийн мэргэжлийн эмч хэр их байдаг билээ гэх мэтчилэн бодоод үзэхээр Монголдоо байх нь миний хувьд ч хэрэгтэй, улс эх орны хувьд ч хэрэгтэй.

-    Таны хувийн лаборатори байгуулах болсон шалтгаан юунд байв?

Би Японд, Америкт ч тэр сурч мэргэшиж байсан чиглэл нь хавдар судлалын сектор  байсан. Хавдар судлал, вирус судлал, элэг судлалаар олон жил ажилласан. Тийм учраас монголд ирээд юуны өмнө элэгний вирусийг эмчилье гэсэн бодолтой байсан. Тэгээд Монголдоо ирээд элэгний вирусийг устгах эмчилгээ хийх гэсэн чинь үүний тулд вирусийг тоолдог байх ёстой байсан. Өөрөөр хэлбэл өвчнийг оношилж байж эмчилгээ  хийхгүй бол ямар ч эмчлэх боломж байхгүй. Тиймээс энэхүү оношлох лабораториа нээж ажиллуулсан.

-    Ийнхүү анх лаборатори байгуулахад залуу хүнд мэдээж саад бэрхшээл байсан л байх, Жишээ нь санхүүгийн эх үүсвэр гээд л?

Миний хувьд санхүүгийн тал дээр харьцангуй зовлон багатай байсан гэж хэлж болно. Яагаад гэвэл намайг Японд сурч байхад миний тулж түшдэг найзууд гээд хүрээлэл үүсчихсэн байсан. Тэр хүмүүс дээр би Монголд ингээд эмчилгээ хийх гэсэн юм, тэгээд лаборатори байгуулах мөнгө байхгүй байна гээд бизнесийн төлөвлөгөөгөө бариад очсон чинь нөгөө хүмүүс маань дуртайяа хөрөнгө оруулалт хийсэн. Нэг сарын дотор лаборатори байгуулах мөнгө цугларсан шүү. Тэгээд лабораториа байгуулсан ч хамгийн хүндрэлтэй юм нь лаборатори байгуулсны дараа тусгай зөвшөөрөл олгох гэж цаг алдсан. Бүх юм жин тан болсоноос хойш  дор хаяж хагас жилийн дараа бид лабораториа нээсэн. Уг нь 2008 оны зун гэхэд бүх юм бэлэн байсан. Лаборатори маань 2009 оны 1дүгээр сараас ажиллаж эхэлсэн. Ийнхүү бид бүтэн  хагас  жил хүлээлтийн байдалтай байсан. Ийм зүйлүүд дээр шуурхай ажиллаж биднийг дэмжиж байх төр засгийн бодлого их өгүүлэгддэг юм даа.
Бүх шатан дээрээ хүнд суртал гаргаж цаг алддаг. Салбарын хүнд суртал. Би 2010 оны өвөл элэгний вирус устгадаг эмнэлгээ нээгээд үйл ажиллагаагаа эхлэх гэтэл бас бидэнд зөвшөөрөл олдохгүй бүтэн жил хүлээсэн. Бүтэн жил түрээс төлөөд, эмч нараа цалинжуулаад , зардал урссаар л  байсан. Энэ мэтчилэн хүндрэл их таарсан. Тухайн үедээ сэтгэл гутармаар л юм байна лээ, бүр больдог ч юмуу гэж бодож байсан. Зовлон ихтэй л дээ.
Тэр үед манай эмнэлгийн тусгай зөвшөөрлийг гаргахад Ж.Цолмон сайд их дэмжсэн. Хэрэв тэгээгүй бол магадгүй ахиад 3 жил хүлээх ч байсан юм билүү.
-    Хоёулаа элэгний өвчлөлийн талаар яриандаа оръё. Таны дээр хэлсэнчлэн элэгний вирусийг устгахын тулд вирус тоолох нь ямар ач холбогдолтой вэ?
Вирус нь хүний биед хэдэн ширхэг байна, эмчилгээ хийсний дараа хэд болж буурав, эсвэл дархлаагаараа дарагдаад арилсан байна уу, байгаа бол их хэмжээгээр байна уу, бага байна уу гэх мэтчилэн эмчилгээний зорилгыг тогтоох, эмчилгээ хийх шаардлага байна уу, үгүй юу гэдгийг тогтоох, эмчилгээний үр дүнг хянахад хэрэгтэй байдаг юм.

-    Вирус хэдий хэмжээний байвал эрсдэлтэй гэж  үзэх вэ?

Ерөнхийдөө С вирусийн хувьд 2 сая-аас дээш байвал эмчилгээний үр дүн авах нь  муу гэж үдэг, В вирусийн хувьд 20000-аас дээш байвал зайлшгүй эмчилгээнд орохыг зөвлөдөг.

-    Хүмүүс элэгний өвчлөл гэж ихээхэн ярьдаг ч тэр бүр элэгний үүрэг онцлогийн талаар нарийн мэддэгүй. Ер нь элэг гэдэг өөрөө ямар бүтэц, онцлогтой эрхтэн бэ?
 
Элэгний гол онцлог бол 1-рт биед орж ирсэн хорт бодисуудыг ангижруулах үүрэгтэй. Мөн олон төрлийн бүтээгдэхүүнийг хүний бие дотор үйлдвэрлэдэг үйлдвэр гэж ойлгож болно. Ямар бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг вэ гэхээр хүний цусанд байдаг альбумин гээд уураг байдаг. Энэ уургийг элгэн дотор үйлдвэрлэдэг. Хоол боловсруулах үйл ажиллагааны хувьд бол өөх тосыг хайлуулдаг цөсийг элгэн дотор үйлдвэрлэдэг. Түүнээс гадна бусад чухал үүргүүдийг үйлдвэрлэдэг. Жишээ нь цус бүлэгнэлтийн маш олон фактoруудыг элгэн дотор үйлдвэрлэдэг. Дархлааны үйлдвэрүүдийг мөн үйлдвэрлэдэг. Цусны төлжилтийг дэмжих уургуудыг үйлдвэрлэдэг. Элэг нь бас гадны бактерийг шүүх үйлчилгээтэй.

-    Элгийг өвчлүүлэгч гол эрсдэлт хүчин зүйл юу вэ? Юунаас болж элэгний өвчлөлөөр өвчлөөд байна вэ?

Хамгийн гол эрсдэлт хүчин зүйл нь 1-рт элэгний вирус байгаа. Ялангуяа  “В”, “С” вирус. Архаг халдвар маш хортой, элэгний хатууралд хүргэдэг, хорт хавдар үүсгэдэг. 2 -рт Архи нь мөн элэгний хатуурал, элэгний үрэвсэл, хавдарт хүргэдэг.
Дунд зэргийн шалтгаанууд гэвэл элэгний өөхжилт, элэгний хордлого гэж байна. Сүүлийн үед элэгний өөхжилт асар их болсон байна.

-    Элэгний ямар өвчлөл их тохиолддог вэ?

Элэгний хатуурал, үрэвсэл, хорт хавдар. Монголын хүн амын 20% элэгний үрэвсэлтэй. Элэгний хорт хавдар жилд 1700-гаад тохиолдол шинээр илэрдэг. Элэгний гэдэг онош жилд 12,000 орчим тавигддаг, элэгний хатуурлаар жилд 800- 900 хүн нас бардаг тоо бий.

- Эдгээр элэгний өвчнүүд нь удамшдаг уу?

Эдгээр нь удамших гэхээсээ илүү өвчнүүдийн шалтгаан нь удамшдаг. Вирус нь эхээс урагт, магадгүй эцэгээс хүүхдэд дамжих магадлалтай байдаг. Ялангуяа В вирус их удам дамждаг. С вирус удам дамжих нь маш ховор боловч бас тохиолддог.

-    Ер нь вирусийн халдварыг хүмүүс ямар замаар ихэвчлэн авч байна вэ?

Манай орны нөхцөлд хамгийн их элэгний вирус тараадаг газар бол эмнэлэг өөрөө болоод байгаа. Учир нь эмнэлэг дутуу ариутгасан эмчилгээний багаж тоног төхөөрөмжийг их ашиглаж байна.Үүгээр элэгний вирус  хамгийн их тараадаг. Бид өвчнийг эмчлэхээс илүү тараадаг газар болоод байна.Тийм учраас энэ дээр хянамгай хандаж  эрүүл мэндийн салбар тэр чигээрээ томоохон өөрчлөлт хийхгүй бол бид вирусыг тараагаад л байна. Орчин үед олон удаагийн шприц гэж байхаа больсон. Дээр үе шиг шприцээр дамжхаа болисон. Гэтэл хамгийн их хэрэглэгдэж байгаа зүйл бол эмчилгээний багажууд байна. Тэр л шүдний өрөм, хануур төөнүүрийн хутгуудыг олон хүн дээр дахин дахин хэрэглэж байна, нэг зүүг олон хүн дээр тавьдаг эмч нар байсаар байна. Хагалгааны багажууд дутуу ариутгагдаж байна. Ялангуяа ариутгалын систем маш султай эмнэлгүүд олон байдаг. Жишээлбэл автоклав нь чанартай биш, ариутгадаг бодисууд нь сул. Ийм газруудаар л вирус дамжаад байна. Ард түмэн маань дор дороо л болгоомжтой байхгүй бол болохгүй байна.

-   Тухайн хүнд вирусын шинж тэмдгийг мэдэх боломж бий юу?

Вирустэй хүмүүсийн 90 хувь нь ядардаг. Гэхдээ ямар ч шалтгаанаар ядарч болно. Вирус биш байж болно гэсэн үг. Ер нь шинж тэмдэг багатай. Ихэнх тохиолдолд байхгүй. Харин идэвхтэй вирусийн үрэвсэл өгч буй үед элэгний доод хэсгээр хатгаж өвдөх, чинэрэх, шарлах шинж илэрнэ. Мөн B С вирусээс булчирхайн хавдар үүсдэг. Хэрвээ биохимийн шинжилгээний үзүүлэлтэд өөрчлөлт гарвал цаана нь вирус байж болзошгүй.

  -    Элэгний өвчлөл манай улсын хувьд хэр байна вэ? Эмчилгээний талаар уншигчдад  ялгаж салган тайлбарлахгүй юу?

Элэгний өвчлөл өндөр. Дэлхийд хамгийн өндөр гэж хэлж болно.  Элэгний В, С вирусийн эмчилгээ газар тэнгэр шиг ялгаатай. Энэ хоёр вирус бүтцийн хувьд өөр байдаг. Элэгний В вирусийн хувьд бол ретровирусын уурагтай. ДНК бүтэцтэй тэндээс рибон хүчлийг бий болгоод тэндээс буцаагаад днк үүсгэдэг. Reverse transcriptase гэдэг уургийг агуулж байдаг. Тийм учраас В вирусийн эмчилгээ нь өөр. С вирусийн хувьд вирусийн төрлийн хувьд ч гэсэн өөр Flaviviridae гэдэг вирусийн төрөл. доторхи генийн бүтэц нь Ribonuclein  хүчил байдаг. Тийм учраас С вирусэнд элэгний эсийн ген рүү орох чадвар байхгүй. В вирус нь элэгний эсийн ген рүү орж өөрийн генийг  суулгадаг онцлогтой. Ийм ялгаатай учраас С вирус бүрэн устах боломжтой. В вирус бүрэн устна гэдэг тун ховор. Одоо дэлхий даяараа хэрэглэж буй B вирусийн  эмчилгээ нь  вирусийг түр устгадаг эмчилгээ болохоос биш вирусийг бүрмөсөн устгаж байгаа юм биш. Вирусийг ялгаруулаад байгаа цаад вирусийн генийг устгаж чаддаггүй. Сүүлийн жилүүдэд С вирусийн эм, эмчилгээ шинээр их гарч ирж байна. Тийм учраас С вирус тодорхой хугацааны дараа бүрэн устаад дэлхий даяар арилна гэж үзэж байгаа. В вирусийг устгах хамгийн найдвартай арга бол вакцинжуулах арга байгаа. Өөрөөр хэлбэл хугацааныхаа уртад устаж үгүй болох учиртай. Манай монголд төрж байгаа хүүхдэд вакцин хийдэг тул магадгүй 40-60 жилийн дараа монголд В вирус өчүүхэн жижиг асуудал болно.

   Элэгний В, С вирустай хүмүүс ямар эмчилгээ хийлгэх вэ, ямар дэглэм баримтлах вэ?
Дэлхийн стандарт эмчилгээ саяхныг хүртэл Интерферон рибавирийн эмчилгээ байсан. Одоо ч гэсэн зарим орнуудад энэ эмчилгээнүүд хэвээр байгаа. Зарим хөгжилтэй орнууд С вирус дээр Telaprevir Boceprevir эмнүүдийг хэрэглэж эхэлсэн. Энэ эмчилгээ нь бүх орнуудад нэвтрээгүй цөөхөн хэдэн хөгжилтэй оронд нэвтэрсэн. Монгол, Хятад, Энэтхэгт нэвтрээгүй Америк, барууны хэдэн орон, Японд нэвтэрсэн. Ийм байдалтай байна. Монгол болон дэлхийн нилээн олон оронд  интерферон рибавирийн эмчилгээ стандарт эмчилгээ хэвээрээ байгаа. Энэ нь ойрын 5 жил стандарт эмчилгээ хэвээрээ байх болов уу гэж бодож байна. Ази үндэстний нэг давуу тал нь энэхүү интерфероны эмчилгээ цагаан арьстнуудаас илүү үр дүнтэй байгаа. Яагаад гэвэл Ази хүний генийх нь онцлог байна. С вирусийг бүрэн устгах боломж Ази хүмүүст 60-70 хувьтай байдаг. Цагаан арьстнуудын хувьд  40 хувьтай байдаг. Ийм давуу талтай. В вирусийн хувьд одоогийн байдлаар хоёр эмчилгээ хийж байна. Энэ эмчилгээ Монголын хувьд  Дэлхийн түвшинд хүрсэн гэж ойлгож болно. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад хэрэглэдэг эмийг энд хэрэглэдэг болчихсон. Гол хэрэглэдэг эмнүүд гэвэл В вирус дээр нуклеозид аналогийн төрлийн эмнүүд байна.Үүн дотор Lamivudine, Adefovir, Entecavir, Telbivudine, Tenofovir гэж байна. Энэ дотроос хамгийн хүчтэй эм нь Тенофовир  юм. Хамгийн сул эм нь ламивудин гэж эм байгаа. Бас нэг эмчилгээ нь интерфероны эмчилгээ юм. Энэ эмчилгээг тухайн өвчтөний байдлаас шалтгаалж хийдэг.  Өөрөөр хэлбэл хүн бүрт хэрэглэж болохгүй гэсэн үг. Хатуурч байгаа элгэнд интерферон хийх хориотой байдаг. Тийм учраас нарийн мэргэжлийн эмчид хандахгүй бол таамгаар эмчилнэ гэдэг хэцүү.

-    Элгээ хайрлаж эрүүл байлгахын тулд ард иргэд маань ямар эрсдэлт  зан үйлээс татгалзах хэрэгтэй вэ?

Хамгийн гол нь элэгний вирусийн халдвар авахгүй байх явдал. Энэ вирусыг эмнэлгээс хамгийн их авдаг гэж дээр хэллээ. В вирус бэлгийн замаар дамжих магадлал С вирусийг бодвол өндөр байдаг. Мөн архи байна. Энд онцлон хэлэхэд элэгний вирустай хүн архи уух, вирусгүй хүн архи уух нь газар тэнгэр шиг ялгаатай. Элэгний вирустэй хүн архи уухаар элэгний хатуурал маш хурдтай явагддаг. Хурдан хугацаанд эдгэшгүй өвчин тусдаг. Вирусгүй хүн харьцангуй гайгүй. Архиа зогсоох юм бол элэг нь хэвийн хэмжээндээ орох боломж байдаг.

-      Монгол улсын Анагаах ухааны өнөөгийн хөгжлийн түвшин ямар байна вэ?

Бид одоогийн байдлаар гуч, дөчин жилээр хоцрогдсон хэвээр байна. Маш богино хугацаанд хурдтай нөхөх шаардлагатай. Ингэж нөхөхийн тулд эрүүл мэндийн салбар удирдлагын түвшиндээ анхаарч ажиллахгүй бол доор хэдэн эмч нар эрвийх дэрвийхээрээ хичнээн зүтгээд ч нэмэр багатай. Хөгжлийн хурд маш удаан байна. Санхүү эдийн засгийн боломж бүхнийг шийдэж байна. Эмч нар өөрсдөө бүхнийг өөрчлөе гэвэл санхүүгийн хүч хүрэхгүй. Улс эх орон, салбар тэр чигээрээ хөдөлвөл далайцтай хурдан хөгжих боломж байна. Ер нь манай анагаах ухаан Непаль, Энэтхэг, Бангладеш, Хятад, Тайланд орнуудын доор орсон байгаа. Социализмийн үед эрүүл мэндийн салбарт нэлээн ахиц гарсан хэдий ч буцаад социализм унасны дараа хойшоо нилээн ухарсан. Зах зээлд шилжээд эхний арван жилд асар их унасан шүү дээ. Тэрийг нөхөж авах шаардлагатай байна. Xурдацтай хөгжих хэрэгтэй. Ард түмний хүлээлт байгаад байхад бидний хурд хаанаa ч хүрэхгүй байна. Олон төрлийн мэс ажилбаруудыг Монголд хийж чадахгүй байна. Нарийн хагалгааг хийлгэхийн тулд олон хүн гадаад руу явдаг. Хагалгаа ч гэлтгүй зарим эмэн эмчилгээг хийлгэхийн тулд гадаадыг зорьж байна. Тэгэхдээ ямар ч байсан манай элэг судлаач эмч нарын хичээл зүтгэлээр элэгний вирусын эмчилгээг  нутагтаа хийх бүрэн боломжтой болсон гэдгийг энд хэлэхэд таатай байна.

-     Манай төр засгийн бодлогод эрүүл мэндийн салбарын хувьд бухимдалд хүргэдэг зүйл юу байна?

1-рт  Хамгийн хэцүү зүйл бол эмч нарын мэдлэг байна. Ер нь сүүлийн арваад жил төгсөж байгаа эмч нарыг харахад мэдлэг маш сул. Би нэг сайн дураараа Монголд ирж хагалгаа хийгээд явж байсан Солонгос эмчтэй санамсаргүй Солонгост тааралдаж байсан. Тэгээд сайн байна уу, манай монголд асар их их буян хийсэнд баярлаж явдаг гэж хэлсэн. Яагаад гэвэл тэр хүн Монголд өөрийнхөө тоног төхөөрөмжөөр үнэгүй хагалгаа хийгээд буцаж явсан эмч юм. Би тэр эмчээс “Манай Монголын Анагаах ухаанд хамгийн дутагдалтай зүйл танд юу байсан бэ?” гэж асуусан.Тухайн үед би тэр хүнийг манай эмнэлгийн нөхцөл муу, багаж тоног төхөөрөмж муу гэж хэлэх байх л гэж бодож байсан. Гэтэл тэр хүн шал өөр юм ярьсан. “Хамгийн дутагдалтай юм нь танай эмч нарын мэдлэг дэндүү муу юмаа” гэж хэлсэн. Тэр хүн Монголын томоохон нэгдсэн эмнэлэгт ажиллаад буцсан юм.
Тэгэхээр эмч нар бид нэгийг бодох болжээ.
Эмч нарын мэдлэг хэзээ сайжрах юм бэ, хэрхэн сайжруулах вэ, төгсөөд гараад ирсэн олон мэдлэггүй эмч нарыг яаж дахин боловсруулалтанд оруулах вэ, хэн заах юм бэ, энэ дээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүд юу байна вэ гэдгийг мэдмээр байна. Энэ бол хийгдэх ёстой ажлуудын нэг гэж бодож байна. Юуны өмнө энд маш том хувьсал гаргах хэрэгтэй. Мэдлэггүйгээр хүн эмчилнэ гэж байхгүй. Мэдлэг муутайгаас бид өвчнийг буруу оношилж байна, буруу эмчилж байна. Хааяа хүмүүс уйлаад л ороод ирдэг. Яасан гэхээр намайг элэгний хатууралтай, элэг чинь маш хүнд байдалд байна гэдэг. Тэгээд үзээд, нарийн шинжилгээ хийхээр ямар ч элэгний хатуурал байдаггүй. Танд элэгний хатуурал эсвэл элэгний хавдар байхгүй байна гээд хэлэхээр жигтэйхэн баярлаад л гараад явах жишээтэй. Эмч нар бидэнд нэгдсэн мэдлэг гэж алга байна. Нэг эмч нь шал өөр юм, нөгөө эмч нь бүр эсрэг юм ярьж л байдаг. Энэ олон эмч нарын мэдлэгийг нэгтгэх, дахин сургах, хүчтэй боловсруулалт хийх шаардлагатай байна.
2-рт Маш олон тоног төхөөрөмжүүд монголд бас л дутагдалтай байна. Мань мэт орчин үеийн шинэ тоног төхөөрөмж оруулах гээд үзээд л байна, гэтэл дутуу багаж төхөөрөмжүүд зөндөө л байна. Жишээ нь манай эмнэлэг сая Фиброскан гэдэг элэгний хатуурал хэмждэг, дэлхийн 27 орон оруулсан төхөөрөмжийг нэвтрүүлж манай орон 28 дахь нь болсон. Дэлхийн 200-гаад орноос эхний 30-д нь ямар ч байсан багтлаа. Энэ жилээс элэгний хатуурлын хувьд санаа зоволтгүй Монголдоо оношлуулж эмчлүүлэх боломжтой болсон. Энэ мэт эмч бүр салбартаа томоохон дэвшил гаргаад байвал хөгжинө. Бас нэг хоцрогдож байгаа зүйл бол эмгэг судлал паталоги-н эмч нар мэдлэг үнэхээр дутагдалтай  байна, нарийн оношлогоо тавихад тун хэцүү байгаа. Манай патoлогийн лабораториуд  иммунгистохимийн   аргыг огт нэвтрүүлээгүй байгаа. Үүнийг нэвтрүүлээгүй учир хавдрын эмчилгээг сонголт хийхэд хүндрэлтэй байгаа. А гэдэг эмийг хэрэглэх үү, Б- г хэрэглэх үү гэдгийг иммунгистохимийн аргаар тогтоодог юм. Ийм байдалтай яаж зөв эмчилгээгээ хийх вэ дээ. Энэ бол нэг л жишээ. Манай орны томоохон асуудал нь хүний нөөц. Жишээ нь би өнөөдөр шинэ эмнэлэг нээлээ гэхэд тэнд ажиллах нарийн мэргэжлийн эмч нар олдохгүй. 100 эмч авъя гэхэд сайндаа10 эмч л олдох байх даа. Хүний нөөцийн асуудал хүнд байна. Гэтэл манай орны эмчийн тоо нэг хүнд ногдох тоогоороо дэлхийд дээгүүр ордог. Дандаа л дотрын, ерөнхий, өрхийн эмч нар гараад л байдаг,  нарийн мэргэжлийн эмч, мэс заслын эмч, гепатологист буюу элэг судлаач эмч ховор байна. Элэгний өвчин гэхэд  мянгаараа байхад элэгний нарийн мэргэжлийн эмч ямар цөөхөн гэж бодож байна? Хуруу дарам цөөхөн. Дээр үед бэлтгэгдсэн элэгний эмч нарын  мэдлэг нь хоцрогдчихсон. Судалгаа хийхгүй, мэдлэгээ дээшлүүлэхгүй, эрдэм шинжилгээний ажилд оролцохгүй учраас мэдлэг нь ахихгүй 20-30 жилийн өмнө заалгасан юмаараа зүтгээд байгaa.

-     Манай улсын лабораторийн хөгжлийн тухайд?

Лабораторууд маань удаан хөгжиж байна. Өндөр хөгжилтэй оронд 3000 төрлийн шинжилгээг хийдэг бол манай орнод 100- 200 төрлийн шинжилгээг хийж байна. Манай лаборатори шинжилгээний төрлийг нэмэгдүүлмээр л байна. Даанч шинжилгээг маань ойлгох эмч нар дэндүү цөөхөн байна. Зарим үнэтэй тоног төхөөрөмжийг авч дийлэхгүй байна. Жишээлбэл нялх хүүхдийн бодисын солилцоог шинжилдэг аппарат байна. Энэ аппаратаар 20-иод төрлийн нярайн бодисын солилцооны өвчнийг нэг удаагийн шинжилгээгээр илрүүлэх  боломжтой. Уг нь хөрөнгөтэй хүмүүс иймэрхүү юман дээр бид нартай хамтран ажиллавал мөн сайхан аа. Америк болон барууны баячууд их, дээд сургууль, эмнэлэг лаборатори, ном ын сан, эрдэм шинжилгээний ажил,  буяны байгууллагуудад маш их хандав өгдөг. Гэтэл манай улс төрчид, чинээлэг хүмүүс бөх, хурдан морь, үнэтэй машинд мөнгө хайрладаггүй.

-   Монгол эмч нарын өрөөнд ном харагддаггүй гэж Япон эмч танд  хэлсэн тухай өмнө уулзахад ярьж байсан?

Японы “JICA”- ийн тусламжаар монголд ирсэн нэгэн эмчтэй би уулздаг юм. Хааяа монгол эмч нарын тухай юм ярихад толгой сэгсэрдэг. Тэр эмч маань Японы “JICA”-ийн тусламжтайгаар монголд ирж сайн дурын сургалт хийж байгаа эмч юм. Тэр надад хэлэхдээ “ танай Монгол эмч нарын өрөөнд номын шкаф харагдахгүй юм, их сонин” гэж ярьж байсан. Тэр үнэн. Намайг Япон, Америкт байхад  ямар ч эмчийн өрөөнд номын тавиур байж,  голдуу дүүрэн номтой байдаг байсан. Үнэхээр эмч нарын маань мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхгүй байгаа нь эндээс харагдаж байгаа юм. Бид энэ дээр шүүмжлэлтэй хандах хэрэгтэй.
Бас нэг сэтгэл эмзэглүүлж буй зүйл нь яаралтай түргэн тусламж. Хүмүүс түргэн тусламж удаан ирдэг гэж ярьдаг л даа. Би саяхан нэг бүтэн сайнд гэртээ түргэн тусламж дуудх шаардалага гараад дуудсан чинь бүтэн цагийн дараа ирсэн. Бидний хувьд амь насан дээр тулсан асуудал биш байсан учраас гайгүй өнгөрсөн. Үнэхээр хүнд өвчтөн бол яах байсан бол? Эмч ороод ирэнгүүт цагийн өмнө дуудлага өгсөн байтал яагаад ингэж удаж ирэв гэхэд над дээр сая л дуудлагa ирсэн гэсэн тайлбар өгсөн. Энэ бол бүтэн сайн өдөр тохиолдсон зүйл шүү дээ. Гэтэл захын хороололд, ажлын өдөр, эд түгжрээний үед түргэн дуудвал хэдэн цаг явж хүрэх бол? Зарим хүмүүс бараг бүтэн өдөр хүлээж байж ирдэг гэж ярьдаг. Тэр үнэн байж магадгүй гэж бодсон. Тэгэхээр энэ дээр зүгээр нэг өөрчлөлт биш хувьсгал хийх ёстой. Бүр шаардлагатай бол тэр нисдэг тэргийг нь аваад хэрэглэе л дээ. Монгол улс чинь мөнгөтэй болоод байгаа биз дээ. Ер нь ямар ч оронд яаралтай түргэн тусламж 5- 8 минутын дотор ирэх ёстой.

-    Эрүүл мэндийн салбарт өөр ямар асуудал байна вэ?

Эмч нарын маань мэдлэг нимгэнийг, бас өвчтэй хүний сул дорой сэтгэлийг ашиглаад худлаа үнэн үзмэрч, илээч бариач, бөө нар дийлдэхээ байлаа. Би вирусийг устгаж чадна гэж ард түмний эрүүл мэндээр тоглодог хүмүүс хэрээс хэтэрлээ. Мөнгөний төлөө яахаас ч буцахгүй эм бэлдмэл сүлжээний бизнес Монголчуудын тархийг угааж кармааг хоосолж дууслаа. Зарим нь бүүр гэмт хэргийн шинжтэй болж байна шүү дээ. Хорт хавдартай хүнийг би эмчилнэ гэж эмнэлгээс нь гаргаад эрүүл мэндээр нь хохироож хаячихаад ямар ч хариуцлага үүрэхгүй байгаа үзмэрчүүдийг хэзээ болтол толгойг нь илж явах вэ??? Төр засагт төмөр нүүр гэж байдаг юм бол тэр төмөр нүүрээ ийм л зүйл дээр харуулах ёстой байх.

-    Бас нэг шийдвэрлэх асуудал нь эрүүл мэндийн даатгал байх, тийм үү?
Тэр үнэн. Манай элэгний салбарт энэ асуудал маш хүнд байна. Манай орны элэгний гол эмнүүд даатгалд хамрагдаагүй, хүн бүр өөрсдийнхөө кaрмаанаас төлж байна. Өвчтөнүүд маань зардалаа дийлэхгүй байна. Эмчилгээнд орох ёстой хүмүүсийн 5-10 хувь нь л эмчилгээнд ордог. Эцсийн эцэст элэгний вирусийг эмнэлгээс л авдаг. Улс эх орон үүнийхээ төлөө хариуцлага үүрэх ёстой. Элэгний өвчинг манай орон хөгжүүлж чадаж байна. Вирусийг тарааж чадаж байна. Харин  эмчлэх тал дээр огт хайхрахгүй ард түмэн, өвчтөнөө хөсөр хаяж байна. Энэ асуудал дээр улс эх орноос анхаарч туслаач ээ гэж хэлье. Элэгний вирусийн эмчилгээг 100 хувь улс даадаг баймаар байна. Вирус тараасан байгууллагад хариуцлага тооцдог тогтолцоо гэж алга. Жишээ нь А гэдэг эмнэлэг дээрээс элэгний вирус халдчихлаа гэхэд тэр эмнэлэгтэй яаж хариуцлага тооцох юм бэ?, тэр эмнэлгээс насан туршдаа салахгүй өвчин авч эрүүл мэнд, эдийн засгаараа хохирчихоод байхад тэр эмнэлэгтэй хэн яаж хариуцлага тооцох юм бэ?, яаж тэр хүний хохирлыг барагдуулах юм бэ? Тэдгээр эмнэлгүүдэд  ямар ч хариуцлага  тооцохгүй болохоор вирус тараагаад л байна ш дээ. Абортоор, шүдний эмнэлгээр, хагалгаагаар гээд цустай холбогдсон бүх л ажилбараар вирус тарж байна. Үүнийг даруйхан таслан зогсоох шаардлагатай.

-    Ярилцлагынхаа төгсгөлд  Элэгний эмч хүний хувьд та ард иргэддээ хандаж зөвлөгөө өгөөч?
Гол нь “Та элгэндээ вирусгүй юм бол авахгүй байх талаас нь анхаараач ээ, вирустэй үгүйгээ мэддэггүй юм бол яаралтай шинжилгээгээ өгөөчээ, вирустэй гэдгээ мэддэг юм бол нарийн мэргэжлийн эмчээр хянуулж эмчлүүлээчээ” гэж зөвлөмөөр байна даа. Тэгвэл та ирээдүйд элэгний хорт хавдар, элэгний хатуурал гэх мэт хортой нас баралт өндөртэй ийм өвчнөөр өвчлөхгүй, урьдчилан сэргийлэх боломж байна гэдгийг хэлмээр байна. Өвчин гараад ирсэн үед бол эмчлэх боломж улам л нарийсна, цаг хугацаа өнгөрөх тусам эмчилгээний боломжууд хаагдана гэсэн үг. Элэгний хорт хавдраа жижиг дээр нь мэдэх юм бол эмчлэх боломж байна, томорсон бол ямар ч боломжгүй л байна шүү дээ. Архидалтыг бууруулмаар байна, манай эмнэлэгт элэгний хатуурлаар оношлогдож байгаа хүмүүсийн 10 хувийг архаг архичид эзэлж байна.
Элэг солиулах мэс ажилбарын тоог нэмэгдүүлмээр байна, элгээ солиулъя гэсэн хүмүүс мянга мянгаараа байна. Монголд элэг сольдог болсон нь том алхам л даа. Гэхдээ хагалгааны тоог маш хурдан нэмэгдүүлмээр байна. Жилдээ 300 хүний элэг соличихдог болмоор байна. Олон хүний элгийг сольдог болохын тулд эрүүл мэндийн дэд бүтэц хурдан хөгжих шаардлагатай. Дэд бүтэц гэдэг  нь хүний нөөц, сайн эмч сувилагч нар, тоног төхөөрөмж, эмнэлэг шүү дээ. Эдгээрээс хүний нөөц хамгийн хэцүү асуудал байна. Тоног төхөөрөмж, барилга бол мөнгө байхад шийдэгдэнэ. Гэтэл хичнээн их мөнгө байгаад шийдэгдэхгүй асуудал нь хүний нөөц. Хичнээн дэлхийн хэмжээний эмнэлэг, тоног төхөөрөмж орж ирлээ гэхэд түүн дээр ажиллах хүнийг бэлдэхэд цаг хугацаа шаардагдана. Үүнийг эртнээс бэлдэхгүй  бол болохгүй. Зөвхөн 1-р эмнэлэг биш хэд хэдэн эмнэлэг яаралтай элэг сольдог болмоор байна.
Эцэст нь хэлэхэд манай Монголын элэгний эмгэг судлалын холбоо APASL хэмээх Ази Номхон далайн орнуудын элэгний холбоотой хамтран томоохон хурлыг ирэх 9 дүгээр сард Монгол анх удаа хийнэ. Дэлхий даяар элэгний В, С вирусийн нарийн мэргэжлийн эмч, эрдэмтэд манай оронд чуулна. Энэ нь монголчуудын хувьд том боломж,  мэдлэг, мэдээллийн маш том хур бууна гэсэн үг. Тэр үед манай эмч нар идэвхтэй оролцож мэдлэг мэргэжлээ дээшлүүлнэ байх гэдэгт найдаж байна. Эртнээс бүртгүүлж арга хэмжээнд оролцоорой гэж уриалъя.

Ярилцсан: Т.Оюунсүрэн



www.UNEN.mn сайт

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (20)

  • Батөлзий (202.70.46.209)

    2017-07-24

    Сайн байна уу найз бүсгүй минь элэгний ц вирустэй болчжээ тэгээд одоо эм уух гэж байгаан эм ууж байх хугацаандаа жирэмсэн болох бол яах бол хэлж өгөөч

  • Цэцэгдолгор (43.242.243.111)

    2017-01-29

    Элэгний вирустай хүмүүсийг даатгалд хамруулан эмчлэх эрх олговол олон хүний амийг аврах мэргэжилтэн Монголд байгаа л юм байна. 3хан сая хүнээ биш 300 тэрбумтай болохоо л боддог эрх мэдэлтнүүдэд юу ч хэлэх вэ дээ бид.

  • энхээ (59.153.87.11)

    2017-01-13

    төр засгийн эрх мэдэлтэнгүүд минь ээ элэгний вирусыг оношлогооны аппарат сүүлийн үеийнх хэрэгтэй. Бас вирусыг устгадаг эмийг хамгийн сайныг оруулж ирвэл ард түмэндээ их буян хийнэ шүү ард түмэндээ хийх том хөрөнгө оруулалтат болно.бид даанч цөөхүүлэхнээ шүү!!!!

  • санчир (59.153.87.3)

    2016-11-09

    Уучлаарай гэнэт уур хүрчихлээ

  • санчир (59.153.87.3)

    2016-11-09

    элэгний вирусыг бууруулах тал дээр монгол улсын хэмжээнд гамшиг болж байна. Яаралтай маш олон хүний амь насыг аврахын тулд төрөөс зөв зүйтэй арга хэмжээг торвитой авмаар байна.Зөвхөн эмч нарын санаа зовох асуудал биш төрд удаа дараа сонгогдож байгаа эрх мэдэлтэнгүүдийн хийх ёстой ажил шүү битгий амиа бодоод бай луйварчидаа ард түмэн та нарын тоглоомын утсан хүүхэлдэй биш шүү

  • ганболд (202.170.69.58)

    2015-05-17

    Улс төрчид УИХ Парламент Ерөнхийлөгч Намуудын Төрийн Засгийн газрын Хөрөнгөтөнүүдийн ЭМЯ-ны хийгээгүй хийхийг хүсээгүй зүйлийг хийсэн баатрууд.

  • Zochin (202.21.116.2)

    2015-03-19

    Sain bna uu ene emneleg xaana bdag we? shinjilgee xiilgexed xed orchim bolox we

  • zochin (202.179.20.170)

    2012-03-20

    sursan sudalsaniihaa hergiig gargaarai amjilt husie

  • shinebayar (202.179.14.123)

    2012-03-16

    tanii yariltslagiig unshaad mah ih etgel hodolj bn bi bas emch boloh geel surch yawaa ene buh bartaa zamiig tuulan bj mon ooriigoo odor bur zawgui bailgan bg ene buhniig sursan baih daa tiim bolohoor tanias suraltsmaar zuil mash ih bna duu ni mes zasaliin emch bolno gsn zorigtoi ym aa tegeed tanitai hamtran ajilj boloh uu

  • (111.188.108.52)

    2012-03-09

    mash mundag emch bna bayar hurgie amjilt husie

  • Зочин (182.160.40.71)

    2012-03-08

    худлаа шинжилдэг юм байна лээ ард түмнээ шулсан газар миний шинжилгээ бүгд худлаа гарсан байсан

  • sword (202.179.11.62)

    2012-03-06

    amjilt husii bagshaa

  • (202.179.20.212)

    2012-03-06

    mash heregtei yariltslaga baina bi zunduu ih medeelel awlaa bayarlalaa

  • (202.179.20.212)

    2012-03-06

    mash heregtei yariltslaga baina bi zunduu ih medeelel awlaa bayarlalaa

  • zochin (202.179.20.207)

    2012-03-05

    mongoliin zaluus ingej l yum hiih heregtei

  • sarnai (202.179.20.207)

    2012-03-05

    зарим нэг нь худлаа мяалдаг байх Үнэхээр юм хийж байгаа хүн шүү дээ би эмчилгээнд нь итгэнэ ээ тэр үнэтэй эм энэ тэр гээд байгаа бол угаасаа аймаар үнэтэй ш дээ бүр цаанаасаа тэгэхээр яах юм ийм учраас л эрүүл мэндийн даатгалын тухай авч үзсэн байна бас төрөөс харж үзэх хэрэгтэй гэдгийг сайн хэлж

  • sarnai (202.179.20.207)

    2012-03-05

    зарим нэг нь худлаа мяалдаг байх Үнэхээр юм хийж байгаа хүн шүү дээ би эмчилгээнд нь итгэнэ ээ тэр үнэтэй эм энэ тэр гээд байгаа бол угаасаа аймаар үнэтэй ш дээ бүр цаанаасаа тэгэхээр яах юм ийм учраас л эрүүл мэндийн даатгалын тухай авч үзсэн байна бас төрөөс харж үзэх хэрэгтэй гэдгийг сайн хэлж

  • man (202.179.20.207)

    2012-03-05

    ene emneleg sai yum shig sanagdsan ene hun uuruu ih bolowsroltoi emch hun bi l huwidaa itgedeg

  • (114.174.189.2)

    2012-03-05

    Amarsanaa emch ovchtonteigee tuushtai ajillahgui emchilgeeniihee ur dung gartal haritsadgui hun bainalee bas ih unetei em avchirch zaraad ter ni yamar ch tus bolohgui yag emch hun bish biznesman hun shig sanagdsan uneheer ard tumnii eruulenhiin toloo gesen setgeltei baigaa yum bol busad elegnii bolon dotriin tusrshlagatai emch nartaiga anegden niilj medleg turshlagaa huvaaltsan sistemtei ur duntei emchilgee onoshilgoo hii l deee neh unetei em taria zarchaad ergeed holbogdoh uulzah geheer gadaad dotood yavsan geed oldohgui sonin yum bainalee elegnii virusiig mongold arilgana gej uneheer baihgui ee ondor hogjiltei ornuudad mash udaan hugatsaand nariin onoshilgoo sistemteigeer emchilj baihad tsuuhun huviin uzuulellttei baihad mongold odoohondoo ene bol buteshgui asuudal yum

  • (202.179.20.207)

    2012-03-05

    сайн залуу байна