Монгол Улсад нийт 14 тохиолдол бүртгэгдэж, хоёр нь эдгэрч 12 иргэн нь ХӨСҮТ-эмчлүүлж байна

СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас 2020.04.03-ны ээлжит мэдээллээ хийлээ.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхийн 207 орон шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээд байна. Нийт 53.190 хүн халдварын улмаас нас барсан. Япон улсад сүүлийн гурван хоногт халдвар эрчтэй тархах шинжтэй байна. Монгол Улсад нийт 14 тохиолдол бүртгэгдэж, хоёр нь эдгэрч 12 иргэн нь ХӨСҮТ-эмчлүүлж байна.

Өчигдөр тусгай үүргийн онгоцоор 261иргэн ирсэн. Жирэмсэн 17, зургаан хүүхэд, эмчилгээ шаардлагатай 23 хүн ирээд байна.

Эрүүл мэндийн 16 төвийг шаардлагатай эм тариа, тоног төхөөрөмжөөр хангасан. Өчигдөр 21 аймгуудад амьсгалын аппарат, түргэвчилсэн оношлуур зэрэг нэн шаардлагатай эм эмнэлгийн хэрэгслийг олголоо. Одоо дөрөв, тавдугаар сард шинэ коронавирусийн оргил үе ирнэ гэж үзэж байгаа. Халдвар авсан 12 хүнд хамар битүүрэх, бие арзайх, булчингаар өвдөх шинж тэмдэг нийтлэг илэрч байна. Цаашдаа клиникийн шинж тэмдэг нь бүдэг явагдаж буй үедээ хүндрэх өндөр магадлалтай. Мөн ходоод гэдэс хямарч, суулгах өвөрмөц шинж тэмдэг илэрч байна.

ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа “Дэлхийн хэмжээнд 1 сая гаруй хүн халдвар авч нас барагсдын тоо 53 мянга даваад байна. Испани улс нас баралтын тоогоороо Итали улсын дараа орсон.

АНУ-д иргэдэд амны хаалт зүүлгэх талаар шинэчилсэн зөвлөмж гаргаад байна. Мөн Япон улсад тархалт нэмэгдэж, Засгийн газраас шуудангийн систем ашиглан айл өрхүүдэд хоёр ширхэг угааж, хэрэглэдэг маск өгөхөөр ажиллаж байна. ОХУ-д хөл хориог тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжлүүлэн сунгасан” гэлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "2020.04.01-ний өдөр Сэлэнгэ аймаг буюу Зүүнхараа, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан хоёр тохиолдлын шинжилгээнд COVID-19 вирус илрээгүй. Катараас ирсэн 42 хүнээс коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор цуглуулсан 81 сорьцонд вирус илрээгүй. Ингээд нийт ХӨСҮТ-д 110, Цэргийн төв эмнэлэгт 58, Орхон 20, Дархан-Уул 11, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр хүнээс вирус илрээгүй. Нийт 326 шинжилгээ хийсэн.

ХӨСҮТ дээр PCR машиныг дахин нэгийг ашиглалтад оруулж өргөжүүлсэн. Тиймээс өдөрт хийх шинжилгээний тоо нэмэгдэнэ. Хурдавчилсан оношлуурыг мөн хэрэглэж байна. Энэ оношлуураар шинжилгээний хариу 15-20 минутад гардаг. Гэхдээ хамгийн сүүлийн баталгаат хариу PCR машинаар гарна. Гэхдээ хурдавчилсан оношлуурыг ашиглах нь бидний ажилд ач холбогдолтой байна" гэлээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай