Баялгийн сангийн хууль Монгол хүн бүрд зориулагдах учиртай

Үндэсний баялагийн сангийн тухай хууль батлагдсаны дараа УИХ-ын дарга Г.Занданшатарын чуулганд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм гишүүд ээ,

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг Та бид баталлаа. Энэ хуулийг заавал хэлэлцэн батлах ёстой, энэ бол бидний үүрэг, хариуцлага гэсэн итгэл үнэмшил энэ удаагийн Улсын Их Хурал, Засгийн газарт ч  байсан.Монгол Улсын Ерөнхий сайдын манлайлал дор, парламентад суудалтай улс төрийн намуудын зөвшилцөл, тохиролцож, УИХ-ын гишүүд идэвх санаачилгатай ажиллаж Үндэсний баялгийн сангийн тухай хуулиа баталлаа. Манай Б.Баттөмөр гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг хуулийн төслийг улам чамбайруулж, байгалийн баялаг ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн зарчимд нийцүүлж, хуулийг үр өгөөжтэй, түүхэн хууль болгон баталсан.

2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр байгалийн баялаг ашиглах нь урт хугацааны төрийн бодлогод тулгуурлах бөгөөд одоо ба ирээдүйн иргэдийн эрүүл орчинд амьдрах эрхийг баталгаажуулж, газрын хэвлийн баялгийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, одоо ба ирээдүйн иргэдэд тэгш, шударга, хүртээмжтэй байх, байгалийн баялаг ашигласнаас олох орлого, үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байхаар хуульчилсан. Энэ үзэл санааны дагуу Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тулгуур үзэл баримтлалд тулгуурлаж, Засгийн газар манлайлан энэхүү чухал хуулийн төслийг боловсруулж, хууль батлагдсанаар монгол хүн монгол газартаа эзэн байх, түүний үр шимийг тэгш шударга хүртэх эрх зүйн үндэс баталгаажиж байна. Цөөхөн гэр бүлийн гэж нэрлэгдэж буй Монгол Улсын Ерөнхий сайдын тодорхойлсноор тэгш, шударга, хүртээмжгүй байгаа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс эхлээд байгалийн баялгийн үр өгөөж багатай байгаа гэсэн шүүмжлэлд тулгуурлаж, байгалийн баялгийн дийлэнх ард түмэнд ногдох эрх зүйн үндсийг энэ хуулиар тогтоолоо.

Өмнө нь Хүний хөгжил сангийн тухай, Ирээдүйн өв сангийн тухай хууль батлагдсан ч баялгийн орлогоос иргэддээ хүртээх зарчмыг зохистой хэрэгжүүлж чадаагүйгээ бид хүлээх ёстой.

“Баялгийн хулгай” газар авсан. Баялгийн хулгайтай тэмцэх ажлыг УИХ, Засгийн газар манлайлж, энэ түүхэн 4 жилийн хугацаанд олон өөрчлөлтийг хийлээ. УИХ, Засгийн газраас энэ онд олон нээлттэй сонсголыг зохион байгуулж, нотлох баримтыг шинжлэн судалж, бодит байдлыг ил тод болгосон. Одоо ч гэсэн ашигт малтмалын лицензийн асуудлаар Хяналт шалгалтыг Түр хороо байгуулж, нотлох баримтын сонсгол зохион байгуулахаар ажиллаж байна. Энэ бол Үндэсний баялгийн сангийн тухай бодитоор хэрэгжих суурь нөхцөл болно. Баялаг хэсэг бүлэг, цөөн хүмүүсийн гарт төвлөрсөн. Тэд улс орны хөгжих, ард түмний сайн сайхан амьдрах боломжийг хулгайлж байсан.

Энэ талаар Монгол Улсын Ерөнхий сайдын манлайлал дор энэ дөрвөн жилд маш их өөрчлөлт хийсний дор өнөөдрийн байдлаар улсын төсөвт бодит үр дүн гарлаа. Энэ хулгайтай УИХ, Засгийн газар хамтран тэмцэж, тодорхой үр дүнд хүрч байна. Зөвхөн Тавантолгой ордоор жишээ татахад

• 2022.10.26-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоосон.

• Дэглэм тогтоохоос өмнө нүүрсний үнэ уурхайн аман дээр 60-115ам.доллар байсан. Дэглэм тогтоосны дараа 180 ам.долларт хүрсэн. 70-100 ам.доллар хулгайлагдаж байсныг илрүүлсэн гэсэн үг.

• Энэ бүхний үр дүнд гадаад валютын нөөц 5.2 тэрбум долларт хүрч, экспортын нөөц нэмэгдэж, төсвийн орлого давж биелсэн. Үүний үр дүнд төсвийн тодотгол хийж, төрийн албан хаагчийн цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг бодитоор хэрэгжүүлэх боломж бүрдсэн.

Баялгийн ийм хулгайг таслан зогсоох нь бидний эхний зорилт байсан. Баялгийг ашигласнаас олох орлогоос тусгайлсан санд хуримтлуулж, улс орны хөгжил, иргэдийн амьжиргааг дэмжихэд зарцуулах нь хоёр дахь зорилт юм. Энэ 2 чухал зорилт бодитоор хэрэгжиж эхэлж байгаад баяртай байна.

Энэхүү хуулиар Баялгийн сан нь:

1. Ирээдүйн өв сан

2. Хуримтлалын сан

3. Хөгжлийн сан гэсэн гурван төрөлтэй байх юм.

Ирээдүйн өв сан нь баялгийн үр өгөөжийг хуримтлуулах, хуримтлагдсан хөрөнгийг олон улсын санхүүгийн зах зээлийн хэрэгсэлд хөрөнгө оруулах замаар үнэ цэнийг нь өсгөх, арвижуулахад чиглэнэ.

Хуримтлалын санд хуримтлуулсан орлогоор Монгол Улсын иргэдэд эрүүл мэндийн, боловсролын, орон сууцны зэрэг зориулалтаар дэмжлэг үзүүлнэ.

Хөгжлийн сангийн хөрөнгөөр Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх юм.

Монгол Улсын иргэн бүр Хуримтлалын нэрийн данстай байх бөгөөд   Хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгийг энэхүү нэрийн дансанд бүртгэнэ. Үүнийг хэрэгжүүлэх ажилд Монгол банк өндөр үүрэг хариуцлагатай оролцохоор хуульчиллаа.

Монгол орон байгалийн баялаг ихтэй, Монгол газрын хэвлий эрдэнэс баялгаар дүүрэн.  Ийм баялагтай ард түмэн ядуу байж, хөгжлөөс хоцрогдож байж таарахгүй.

Эцэг өвгөдөөс үр хойч бидэндээ үлдээсэн баян дэлгэр газар нутаг, хөрс шороонд буй баялгаа зөв ашиглаж, үр дүнтэй зарцуулж, ашгийг нь хүртэж амьдрах нь бидний үндсэн эрх. Монгол хүн болж төрсөн хүн бүхэн энэ эрхийг хэнтэй ч хуваалцахгүйгээр эдлэх ёстой. Үндэсний баялгийн сангийн хуулиар бид баялагтаа эзэн болж, хуулиар үүнийхээ үр өгөөжийг хүртэх боломж бүрдлээ.

Баялгийн эзэн, түүний үр өгөөжийг хүртэх бүрэн эрхт гишүүн Монгол хүн бүрд  Баялгийн сангийн хууль зориулагдах учиртай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)