Д.Сумъяабазар: Судалгаанд суурилсан төлөвлөлт, бодлогыг үе шаттай хэрэгжүүлж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ажлаа авснаас хойш хэрэгжүүлсэн Эрх зүй, Эдийн засаг, Эрүүл засаглал гэсэн гурван суурьт хөтөлбөр болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар Улаанбаатар хотоос сонгогдсон УИХ-ын гишүүдэд танилцуулсан юм. Энэ үеэр Хотын дарга болон УИХ-ын гишүүдийн хэвлэлд өгсөн ярилцлагыг тоймлон хүргэж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

-Улаанбаатар хотод хийж, хэрэгжүүлэх маш олон ажил байна. Хотын ажил гэдэг бол цаг наргүй. Улаанбаатар хотыг системтэй, бодлоготой хөгжүүлэхийн тулд өнгөрсөн гурван жилийн хугацаанд Бодлогын судалгаа, шинжилгээний төв байгуулж, хууль, эрх зүйн орчныг шинэчилж, судалгаанд суурилсан төлөвлөлт, бодлогыг үе шаттай хэрэгжүүлж байна. Нийслэлийн харьяа 123 байгууллагад 48 мянган төрийн албан хаагч ажилладаг. Хотын оролцохгүй салбар гэж байхгүй. Тиймээс Улаанбаатар хотод тулгамдаж байгаа олон асуудлыг системтэй бодлогоор үе шаттай шийдэхээр УИХ-д Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хороог байгуулсан. Энэ хүрээнд эрх зүйн шинэтгэл хийх ажлууд эрчимтэй явж байна.  Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа буюу өнгөрсөн 2021 онд баталсан. Үүний үр дүнд нийслэлээс төсөвт төвлөрүүлдэг байсан орлогыг Улаанбаатар хотод үлдээх түүхэн шийдвэр гарсан. Мөн анх удаа нийслэл үнэт цаас гаргаж, тулгамдаж байгаа асуудлуудынхаа хөрөнгө оруулалтыг шийдэх боломжтой болж байна. Түүнчлэн нийтийн тээвэрт иж бүрэн буюу 1225 автобусаар парк шинэчлэл хийж байгаа. Түгжрэлийг бууруулах хүрээнд холбоос зам, Яармаг, Зайсангийн гүүр, ГССҮТ-ийг “Содон” хороололтой холбох зам зэрэг томоохон бүтээн байгуулалтыг хийж буй. Ингэснээр Энхтайваны өргөн чөлөөний замын ачаалал 50 орчим хувиар буурах тооцоолол бий. Мөн зөвшөөрөлгүй хашаа, хайс, гарааш буулгах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг хийж байна.

Нийслэлийн үнэт цаасаар хотын тулгамдаж байгаа асуудал болох орон сууцны бодлогыг дэмжих, авто зам, сургууль, цэцэрлэг байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Мөн хөрөнгө оруулалтын нэмэлт эх үүсвэр болох “Эрдэнэс баян богд” төслийг  эхлүүлнэ. Хотын инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг энэ санхүүжилтээр шийдэх шаардлагатай. Эдгээр хөрөнгийн эх үүсвэрүүд Хотын хөгжлийн санд төвлөрч, Улаанбаатар хотын иргэдийн хараа хяналт дор, ил тод, нээлттэй байна.  

Н.Учрал: Хөрөнгө оруулалт татах шинэ урсгалыг нээж байгаа нь хотод өнгөрсөн хугацаанд байгаагүй шийдэл

УИХ-ын гишүүн Н.Учрал:

-Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өнгөрсөн 25 жилийн газар олголтын тухай мэдээллийг shilen.gov.mn-д нэгтгэх зөвшөөрлийг өгсөн. Ингэснээр үе үеийн Хотын дарга, дүүргийн Засаг дарга нарын газар олголтуудын мэдээлэл олон нийтэд ил боллоо. Өнгөрсөн хугацаанд энэ мэдээлэл ил байгаагүй. Харин Хотын дарга Д.Сумъяабазар олон нийтэд хяналт тавих боломжийг бүрдүүллээ. Иргэд Улсын комисс ажилласан гэхээр тухайн барилга найдвартай гэж үзэн, орон сууц авдаг. Гэтэл голын ай сав, эрсдэл бүхий газар А даалгавар авч, барилга барьж, түүнийг Улсын комисс хүлээж авч байгаа нь хаа хаанаа гажуудал үүссэний илрэл. Улсын комисст холбогдох төрийн байгууллагын багадаа 20 хүн ажилладаг. Энэ бүхний нээлттэй, ил болгож байгаа нь Нийслэлийн Засаг даргын хувьд маш том ажлын дэвшил. Цаашид хэн нэгэн хууль зөрчиж газар олгох, барилга хүлээж авах бололцоогүй болж байна.

Хотын дарга өнөөдөр дэвшүүлж байгаа хөтөлбөрөө танилцуулж, Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн хийсэн суурь судалгаанд үндэслэн шийдвэр гаргаж байгаагаа хэллээ.

Мөн хот татварын орлогоор бүрддэг байсан төсвөө анх удаа хоёр урсгалтай болгож, үнэт цаас гаргах, уул уурхайг эдийн засгийн эргэлтэд оруулах, өөрөө хөрөнгө мөнгө босгох шинэ урсгалыг нээж байгаа нь хотод өнгөрсөн хугацаанд байгаагүй шийдэл. Тэгэхээр зөвийг зөвөөр харж, хяналт тавьж, хамтарч шийдэх нь хотын иргэдийн үүрэг, хариуцлага юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)