Их Британийн хаан III Чарльз хорт хавдартай гэж оношлогджээ

ЛОНДОН, 2024 оны хоёрдугаар сарын 6 /BBC/. Их Британийн хаан III Чарльз хорт хавдартай гэж оношлогдож, эмчилгээ хийлгэж эхэлсэн тухай Букингемийн ордон даваа гарагт мэдэгдлээ.

 

Ордны мэдэгдэлд хаан ямар төрлийн хорт хавдар туссаныг дурдаагүй бөгөөд түрүү булчирхайн өвчний улмаас саяхан хийсэн эмчилгээний явцад илрүүлжээ. Гэхдээ оношлогдсон хавдар нь түрүү булчирхайн хорт хавдар биш юм. Хаан даваа гаргаас “тогтмол эмчилгээ” хийлгэж эхэлсэн бөгөөд эмчилгээний үеэр олон нийтийн үйл ажиллагаанд оролцохгүй гэж Букингемийн ордон мэдэгджээ.

 

Өдгөө 75 настай хаан “эмчилгээнд ихэд нааштай хандаж, олон нийтийн үйл ажиллагаанд аль болох хурдан эргэн оролцохоо тэсэн ядан хүлээж байна” гэж мэдэгдэлд дурджээ. Одоогоор хорт хавдрын үе шат, цаашдын явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

 

Чарльз хоёр хүүдээ өөрийн оношийн талаар биечлэн мэдэгдсэн бөгөөд Уэльсийн хунтайж аавтайгаа байнга холбоотой байсныг онцолжээ. Мөн АНУ-д амьдарч буй Сассексийн гүн, хунтайж Харри аавтайгаа ярьсан бөгөөд ойрын өдрүүдэд түүнтэй уулзахаар Их Британийг зорино.

 

Хаан даваа гаргийн өглөө Лондон хотоос Норфолк гүнлэг дэх Сандрингемийн ордонд буцаж ирээд гэрээр эмчилгээ хийлгэж эхэлсэн байна. Хэдийгээр хаан олон нийтийн үйл ажиллагаанд түр хугацаанд оролцохгүй боловч Үндсэн хуульд заасан төрийн тэргүүний үүрэг, түүний дотор бичиг цаасны ажил, хувийн уулзалт зэргийг үргэлжлүүлнэ.

 

Мөн Ерөнхий сайд Риши Сунактай долоо хоног тутмын уулзалтаа хийх бөгөөд эмч нар иймэрхүү уулзалтыг хязгаарлахыг зөвлөсөн хэдий ч түүнтэй биечлэн уулзах ажээ.

 

Төрийн тэргүүн албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд хэрэгжих Үндсэн хуулийн заалтын дагуу “төрийн зөвлөхүүд”-ийг хааны оронд томилох боломжтой. Үүнд одоогийн байдлаар хатан Камилла, хунтайж Уильям, гүнж Анна, хунтайж Эдвард нар багтаж байна. Хаан өнгөрсөн ням гарагт Сандрингем дэх сүмийн ёслолын үеэр олны өмнө харагдсан бөгөөд олон түмэн рүү даллан 10 минут орчим алхсан байна. Тэрбээр долоо хоногийн өмнө Лондоны нэгэн хувийн эмнэлэгт түрүү булчирхайн мэс засал хийлгэсэн юм. Тухайн үед III Чарльз “хөнгөн” өвчнөө эмчлүүлсэн гэж хааны ордноос мэдэгдэж байв хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (66.181.189.149)

    2024-02-09

    Язгууртнууд хэт жирийн хүмүүс шиг болсон учраас хаан ширээг халах хэрэгтэй.