АНУ: Хилийн аюулгүй байдал, гадаадын тусламжийн тухай хуулийн төсөлд хориг тавьжээ

ВАШИНГТОН, 2024 оны хоёрдугаар сарын 8 /Politico/. АНУ-ын Сенатын танхим дахь Бүгд найрамдах намын /БНН/ гишүүд Украин, Израил, Тайваньд тусламж үзүүлэх, хилийн аюулгүй байдлыг хангах заалтуудыг багтаасан багц хуулийн төсөлд хориг тавьжээ. 

Хуулийн төслийг хэлэлцүүлэхэд 60 санал шаардлагатай байсан бол 49:50 гэсэн саналын харьцаагаар дэмжигдсэнгүй. Ингэснээр дөрвөн сарын турш үргэлжилсэн хил хамгаалалтыг бэхжүүлэх асуудлаарх бүтэл муутай хэлэлцээнд албан ёсоор цэг тавилаа.

Бүгд найрамдахчууд эхэндээ Украинд үзүүлэх тусламжийг баталсны хариуд хилийн бодлогод өөрчлөлт оруулахыг шаардаж байсан боловч энэ долоо хоногт хилийн тухай төслийг танилцуулсны дараа түүнийг хангалтгүй гэж үзээд тохиролцооноосоо ухарчээ. Төлөөлөгчдийн танхим дахь БНН-ын фракцын удирдлага өмнө нь уг хуулийн төслийг өргөн барьсан даруйд хүлээн авахгүй гэдгээ мэдэгдсэн нь тус намаас сонгогдсон олон сенатч эсрэг санал өгөхөд нөлөөлсөн байна.

 

Сенатын танхимын БНН-ын дөрвөн гишүүн хуулийн төслийг хэлэлцүүлэхийг дэмжсэн нь хилийн асуудлаарх хэлэлцээнд идэвхтэй оролцсон сенатч Жеймс Ланкфорд, Сюзан Коллинз, Митт Ромни, Лиза Мурковски нар байлаа. Мөн Ардчилсан намын таван сенатч эсрэг санал өгчээ.

Сенат дахь олонхын бүлгийн дарга Чак Шумер лхагва гарагт санал хураахын өмнө хилийн асуудлаар байр сууриа өөрчилсөн Бүгд найрамдах намынхныг хүчтэй шүүмжилж, үүнийг Ерөнхийлөгч асан Дональд Трампын эсэргүүцэлтэй холбон тайлбарласан байна. “Бүгд найрамдахчууд үүнийг хийх нь зөв гэдгийг мэдсээр байж яагаад хилийн асуудал дээр ухрах болов? Хоёрхон үгээр хариулъя, энэ бол Дональд Трамп” гэж Ч.Шумер хэлжээ. Сенат дахь Ардчилсан намын бүлгийн удирдлага одоо лхагва гаргийн орой зөвхөн Украин, Израил, Тайваньд үзүүлэх тусламжийн асуудлыг багтаасан хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахаар төлөвлөжээ. Түүнийг хэлэлцүүлэхэд шаардлагатай санал бүрдэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)