Б.Баатарсайхан: Прокурор ял тулгаж байгаа үндэслэлээ нотлох үүрэгтэй ч нотолж чадаагүй

УИХ-ын дарга асан З.Энхболдын өмгөөлөгч Б.Баатарсайхантай ярилцлаа.


-Шүүхээс УИХ-ын дарга болон Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболдыг 40 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, давж заалдана гэдгээ мэдэгдэж байсан. Давж заалдах шатны шүүхэд албан ёсоор хандсан байгаа юу?

-Өмгөөлөгчийн хувьд шүүхийн шийдвэрийг хүндэтгэнэ. Гэхдээ эс зөвшөөрнө, давж заалдана гэдэг байр сууриа илэрхийлсэн. Өнөөдрийн байдлаар шүүхийн шийдвэр албажиж бичгээр гарсан тухай надад мэдэгдээгүй байна.

-Бүрэн албажаагүй байгаа гэсэн үг үү?

-Албажаагүй. Шүүхийн шийдвэрийг өмгөөлөгч гардаж аваад 14 хоногийн дотор давж заалдах гомдлоо бичдэг хуультай.

-Шүүхийн шийдвэрт З.Энхболд, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарыг хамжигч гэсэн байсан. Яагаад энэ хоёр хүн холбогдчихоод байгаа юм бэ?

-Энэ хоёр хүнийг яагаад холбоод байгааг би өнөөдрийг хүртэл ойлгохгүй байгаа юм. Шүүх хурал бараг долоо хоног болсон.

Прокурорууд хүнд ял тулгаж байвал хуулиараа түүнийгээ нотлох үүрэгтэй. Түүнээс биш гэм буруугүй гэдгээ би өөрөө нотлох үүрэг байхгүй гэсэн үг. Харамсалтай нь нотлох үүргээ прокурор биелүүлээгүй. Энэ хоёр хүн яаж холбогдсон бэ гэхээр Таван толгойгоос Чойр хүртэлх замыг Б.Энх-Амгалан гэж хүн сайд байхдаа улсын чанартай зам болгосон нь буруу юм байна. Тухайн замаар Страто компанийн нүүрс угаах үйлдвэрт Их дэлгэмэл ингүүн компани нүүрс тээвэрлэж хүргэдэг. Гэтэл Страто компаниас цалин аваад ажиллаж байсан хүн З.Энхболд гэж хүний дүү байж таарахаар л энэ хоёр хүнийг холбоотой гээд байгаа юм. Мөн тухайн компани Зам тээврийн хөгжлийн яаманд уг шороон замыг өөрийн хөрөнгөөр замсал зам болгоё гэдэг хүсэлтээ өгсөн юм билээ. Яг ийм 8-9 тохиолдол байгааг Б.Энх-Амгалан гэж хүн шүүх хурал дээр ч хэлсэн. Тухайлбал, Хархорин Хужиртын чиглэлийн замыг улсын чанартай зам болгосон байгаа юм. Гэтэл прокурорууд юу гэж яриад байгаа вэ гэхээр хуульд аймгаас нийслэл, аймаг хооронд, хилийн боомт орж байгаа замуудыг л улсын чанартай зам гэдэг. Өөр улсын чанартай зам байхгүй мэтээр яриад байгаа. Улс оронд хэрэгтэй л бол ямар ч зам тавьж болно шүү дээ. Харин үүнийг хийх шийдвэрийг гаргасан сайдын үйлдлийг шууд эрүүгийн гэмт хэрэг гэж үзэх боломжгүй.

-Нийслэлийн прокурорын газраас 2020 болон 2023 онуудад З.Энхболд гэж хүн Страто, Их дэлгэмэл ингүүн компанитай хамаарал бүхий гэдэг нь тогтоогдохгүй байна гэсэн тогтоол гаргаж байсан юм билээ. Харин долоо хоногийн дараа прокурор нь тогтоолоо өөрчлөөд хамаарал бүхий байна гэсэн гэж яриад байгаа. Энэ үнэн үү?

-Страто гэдэг компанитай З.Энхболд гэдэг хүн хамаарал бүхий биш байна гээд тухайн гомдолд хэрэг үүсгэхээс татгалзаад шийдчихсэн. Тэр тогтоол нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. Харамсалтай нь нэг прокурор нь ингэж шийдчихээд байхад нөгөө нь эсрэгээр нь оруулж ирээд байгааг л ойлгохгүй байгаа юм.

-Ер нь хамаарал бүхий этгээд гэж хэнийг хэлдэг юм. Ямар учиртай хүн тухайн компанид байгаа болохоор ингэж үзээд байгаа юм бэ?

-Хамаарал бүхий этгээд гэдэгт эцэг эх, ах дүү, эхнэрийнх нь дүү гээд хүмүүсийг тодорхой заагаад өгчихсөн байгаа. Мөн бусад нэгдмэл сонирхолтой этгээд гэж бий. Тэр нь хувь хүн хуулийн этгээдтэй ашгийн төлөө үйл ажиллагаагаар нэгдээд явж байгаа тохиолдлыг хэлдэг. З.Энхболд гэж хүний дүү нь тухайн компанийн хувьцаа эзэмшигч, эцсийн ашиг хүртэгч байвал нэг өөр хэрэг. Гэтэл дүү нь тэр компанид нягтлан бодогчоор л ажиллаж байсан хүн шүү дээ. Хөдөлмөрийн гэрээгээр цалин аваад л ажиллаж байсан. Энэ жишээгээр бол Монголд төрийн албан хаагчийн ах дүү нар нэг компанид цалин аваад ажиллаж байгаа бол тухайн компанийг хамаарал бүхий гэж үзэх нь л дээ. Ийм жишиг цаашаа тогтох, хэлмэгдүүлэлт явах нөхцөл үүсч байгаа явдал. Төрсөн ах тань улс төрийн өндөр албан тушаал хашдаг байлаа гээд таны цалин аваад ажиллаж байгаа компани ахын чинь хамаарал бүхий компани биш биз дээ. Яг ийм утгаар л прокурорууд яллаж орж ирээд байгаа юм. Миний үйлчлүүлэгчийг улс төрд нөлөө бүхий байдлаа ашиглаж, Б.Энх-Амгалан гэж хүнтэй үгсэн тохирч, хамжиж өөрийн хамаарал бүхий этгээддээ давуу байдал олгосон гэж хэлсэн. Тэгвэл прокурорууд үүнийгээ нотолсон юм огт байхгүй. З.Энхболд шүүх дээр Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга гэдэг чинь улс төрд нөлөө бүхий албан тушаалд ордоггүй. Яагаад намайг ингэж үзэж, яллаад байгаа юм бэ гэж асуухад прокурор тайлбарлаж чадаагүй. Онолын хувьд ингэж үзэж болно гэсэн тайлбар хэлсэн. Түүнээс биш хууль яриагүй. Дээрээс нь үгсэн хуйвалдаж тохиролцсон гэдгийг ч мөн нотлох ёстой. Даанч прокуроруудад нотлоогүй. Харин нэг гэрч Б.Энх-Амгалан надад ингэж хэлсэн гэдгээ залруулж, шүүх хурал дээр ийм зүйл надад хэлээгүй гэдгээ хэлсэн.

-Тэгэхээр тухайн гэрч өмнө нь худал мэдүүлэг өгсөн болж таарах юм уу?

-Тэр хүний өмгөөлөгч нь биш учраас тухайн үедээ яаж мэдүүлэг өгсөн, шууд болон шууд бус нөхцлүүдийг мэдэхгүй. Гэхдээ бидэнд хардах эрх байгаа. Уг гэрч тухайн үед авлигын хэргээр шалгагдаж байсан нь бидэнд эргэлзээ, хардлага төрүүлдэг.

-Таны үйлчлүүлэгч “Таван толгойг гаднын компанид өгөх гэж байсныг таслан зогсоосноос болж есөн жилийн турш бүлэглэлүүд намайг ингэж байна” гэж хэлдэг. Өмгөөлөгчийн хувьд үүнийг хэр үнэний ортой гэж бодож байна вэ?

-Үнэний ортой битгий хэл бодит зүйл шүү дээ. Шүүх хурал дээр миний үйлчлүүлэгч тухайн үеийн УИХ-ын чуулганы хуралдааны бичлэгийг үзүүлсэн. Бидэнд хардах эрх байгаа гэж би түрүүн хэлсэн. Яагаад ингэж хэлээд байна вэ гэхээр энэ хэрэг чинь өмнө нь хамаарал бүхий байна гэдгээрээ шалгагдаад дуусчихсан. Тийм зүйл байхгүй гэдэг тогтоол нь одоо болтол хүчин төгөлдөр байдаг. Хоёрдугаарт, прокурор өмнө нь З.Энхболдыг яллагдагчаар татахаас татгалзсан. Гэвч яг долоо хоногийн дараа шууд яллагдагчаар татаад шүүхэд оруулаад ирж байгаа нь эргэлзээ төрүүлж байгаа юм. Энэ долоо хоногийн дотор юу болов гэдэг асуудал. Мөн миний үйлчлүүлэгчийн хашиж байсан албан тушаалыг улс төрд нөлөө бүхий биш гээд цагаан дээр хараар биччихсэн байхад л мөн гээд шүүх рүү оруулж ирдэг нь ямар учиртай юм.

-Тэгэхээр цаанаасаа ямар нэгэн заавар, тушаал байна гэж хардаад байна уу?

-З.Энхболд гэж хүнд ямар нэгэн ял өгөх нь хэнд ашигтай юм гэдэг эргэлзээ төрж байгаа. Таван толгойг гадаадын компанид өгөх гэж байсныг таслан зогсоосноос болж зарим бүлэглэл, хүмүүс ийм зүйл хийгээд байна гэсэн хардлагаа миний үйлчлүүлэгч ил хэлдэг. Ер нь зүгээр хувь хүний байр сууринаас хэлэхэд энэ том ордыг гадныханд өгөх гэж байсныг зогсоосон нь энэ улстөрчийн том гавьяа шүү дээ. Хэрэв үүнийг хийгээгүй бол бид өнөөдөр хувьцааны ногдол ашиг авахгүй. Их, багадаа биш. Та, би эх орныхоо хишгийг хүртэж байгаа чинь л улс орноороо бахархах нэг бахархал болж байгаа юм.

-Өөрийнхөө гаргасан тогтоолыг долоо хоногийн дотор өөрчилсөн прокурорт гомдол гаргаж, шалгуулах уу?

-Ямар ч байсан энэ хэргийн шийд гараг. Хуулиараа иргэн хүн албан тушаалтанд гомдол гаргах эрх нь нээлттэй байгаа. Ер нь өмгөөлөгч, прокурор хоёрыг мэтгэлцээний хоёр тал гэж явдаг ч хууль тогтоомжид ингэж харах туухайны тэнцвэрт байдал хангагдаагүй.

-Прокурор жин дараад байна уу?

-Мэтгэлцээний шинж нь асуулт, хариултаар илэрдэг. Гэтэл өнөөдөр прокуророос асуулт асуух эрхгүй л өмгөөлөгч сууж байгаа шүү дээ.

-Яагаад?

-Хуульд ингэж асуулт асууна гэсэн зүйл байхгүй гэдэг юм. Шүүгч ч тэгж үздэг. Уг нь бол шүүгч гэдэг чинь прокурор, өмгөөлөгч хоёрын мэтгэлцээн дундаас шийдвэрээ гаргах ёстой юм. Нотолгоо, хууль зүйн шинжлэх ухааны мэтгэлцээн явах учиртай. Гэтэл хоёулаа л шүүгч рүү хараад юм яриад байдгаас мэтгэлцдэггүй. Үүнийг хамгийн ойлгомжтойгоор тайлбарлавал боксын тэмцээн байна. Ринг дээр гарсан хоёр тамирчин тулалдахад хэн нь цохиж оноо авч байгааг шүүгч нь харж, тэмдэглээд дараа нь хэн илүү оноо авсан нь ялдаг биз дээ. Яг л ийм байх ёстой. Өмгөөлөгчийн хувьд прокурорт хандаж та яагаад З.Энхболд гэж хүнийг улс төрд нөлөө бүхий албан тушаалтан гэж үзсэн юм бэ. хуульд тийм заалт алга. Үүнийг нотло гэхээр нотолж чадахгүй бол прокурор хасах оноо авна. Харамсалтай нь саяын шүүх хурал дээр шүүгчид 24 цаг зөвлөлдөж байж шийдвэр гаргаж байгаа юм. Ер нь шүүгч, прокурор хоёрын харилцан хамаарлыг маш ойлгомжтой болгож өгөх хэрэгтэй. Түүнээс биш прокурорын нотолгоог зөвтгөж шийдвэр гаргах нь хэр зөв юм гэдэг нь их сонин ойлголт болж байгаа юм. Ийм хандлага сүүлийн үед ажилагдаад байгаа. Тэгэхээр хууль тогтоогчид мэтгэлцэх зарчим ямар байдлаар хуульд хэрэгжих юм гэдгийг сайтар зааж өгөх хэрэгтэй. Дээрээс нь төрийн болон албан нууц, хувь хүний эмзэг сэдэвтэй л холбоотой биш бол шүүх хурал нээлттэй явагддаг байх ёстой юм.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (127.0.0.1)

    2024-04-15

    MANAI HUUKIINHAN 1937 ONII BISHINSKIIN HARGIS ARGA BARILAASAA SALAAGUI BGAA SHTEE HUURHIII