Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Баасан гарагийн чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Б.Бат-Эрдэнэ нараас 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 59.6 хувь нь дэмжлээ.

Харин хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Гаалийн тариф, Гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэнгүй. Иймд дээрх хуулийн төслүүдийг төсөл санаачлагчид нь буцаах тухай тогтоолыг баталсанд тооцлоо.

Ингээд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Мөн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 40 гишүүнээс 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэв. Тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)