Э.Азжаргал: “Mayara” брэндийг өнгөлөг, өөдрөгөөр төсөөлж байна

 

Гурван найз хамтран “Mаyara” брэндийг бий болгожээ. Үндэсний соёл уламжлал шингэсэн бүтээгдэхүүнээ туршилтаар гаргасан тэд хэдхэн хоногийн дараа брэндээ олон нийтэд танилцуулахаар зэхэж байгаа аж. Бүсгүйчүүдийн эцсийн зорилго ашиг олоход бус Монголын соёл, хэв маяг “ханхалсан” бараа бүтээгдэхүүнийг нийгмийн дундаж давхаргынханд зориулан боломжийн үнээр худалдаалах юм байна. Гар ажиллагаа ихтэй “Mayara” брэндийг үүсгэн байгуулагчдын нэг Э.АЗЖАРГАЛТАЙ ярилцсан юм.

-“Эрсдэлд баригдалгүйгээр аливаа саад бэрхшээлийг давж гарсан хүнийг амжилт хүлээдэг” гэдэг. Эдийн засаг тогтворгүй эрсдэлтэй энэ цагт шинэ брэнд гаргахаар зорьсон та бүхэн тулгарч болох эрсдэлийнхээ зураглалыг хийсэн байх?

-Ямар ч бизнес эрсдэл дагуулдаг. Хамгийн гол нь тэр бизнесийг яагаад эхлүүлснээ ойлгох хэрэгтэй. Бизнес хийнэ гэхээр хүмүүс зөвхөн ашиг олох талаар боддог. Нийгэм эсвэл хэн нэгэнд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэж, хүмүүс сэтгэл ханамжтай байвал түүнийг жинхэнэ утгаар нь бизнес гэж тодорхойлж болно. “Mayara” брэндийг Ч.Бүжинлхам, Г.Оюунгэрэл гэсэн хоёр найзтайгаа хийхээр хамтрахдаа бидний зорилго тодорхой байсан. Үндэсний түүх соёл шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэе. Бидний бүтээгдэхүүнээс хүмүүс таашаал авах ёстой гэж л бодсон. Бизнес хийхэд эрсдэл их. Наад захын жишээ татахад, үүссэн асуудлыг хэрхэн бүтээлчээр шийдэх вэ гэж бодохын оронд дуурайж, хуулбарлаж хийдэг муу зан манайханд байдаг. Бизнесийн орчинд хамтарч ажиллах сэтгэлгээ бидэнд дутагдаад байгаа юм. Үүнийг өөрчилж чадвал зах зээлээ булаацалдах шаардлага гарахгүй.

 

-Зах зээлээ судалсны дүнд туршилт хийсэн байх. Цаашид “Mayara” брэндийг ямар бүтээгдэхүүнээр баяжуулахаар төлөвлөж байна вэ?

-Олон зүйлээс шалтгаалсан савалгаа Монголын зах зээлд элбэг. Тиймээс л бизнес эрхлэгчдэд халгаатай салбар болчихоод байна. Тэглээ гээд бид ямар нэгэн зүйлд баригдахгүй. Өөрөөр хэлбэл, нэг бүтээгдэхүүнээ таниулах гэж хугацаа алдахгүй. Олон зүйлийг туршина. Бидний эцсийн зорилго нийгмийн зонхилох хэсэгт зориулсан бүтээгдэхүүн гаргах учир чөлөөтэй сэтгэнэ. Одоо бид “Хатан” коллекцоо гаргахаар төлөвлөж байна. Шинэ жил, Цагаан сараар тэс өөр коллекц гаргахыг үгүйсгэхгүй.

-Богино хугацаанд олон бүтээгдэхүүн гаргах сөрөг үр дагавар авчрахгүй юү?

-Нэг талаар тийм байж болно. Гэхдээ Монголын түүх соёлыг харуулсан бүтээгдэхүүнийг олон нийтэд хүргэх учир үүнд санаа зовохгүй байна. Бидэнд хэрэглэгчдийн сэтгэл ханамж л чухал.

-Ингэж хэлэхээр ашгийн бус гэж ойлгогдохоор байна?

-Ашиг бодож бизнес хийвэл хол явахгүй. Бид хүмүүсийн хэрэглээг бий болгож, орчныг нь бүрдүүлэх хэрэгтэй. Тиймээс олон нийтэд зориулсан гэж хэлээд байгаа хэрэг л дээ. Бизнесийн хувьд орлого олох чухал уу эсвэл үйл ажиллагаагаа тогтвортой байлгах хэрэгтэй юү гэдгийг ойлгох хэрэгтэй. Бидний хувьд тогтвортой үйл ажиллагаа явуулахаас гадна хэрэглэгчээ бий болгох нь чухал.

-Бүтээгдэхүүнээ олон нийтэд хүргэхийн тулд үнэ өртгөө анхаарах зайлшгүй шаардлагатай. Үүнд анхаарч чадаж байгаа юу? 

-Манай бараа бүтээгдэхүүний үнэ тийм ч өндөр биш. “Хатан” коллекц гэхэд л нэг бүрийн үнэ нь 60-80 мянган төгрөг байхаар урьдчилан тооцож байна. Бид сурагчийн үүргэвч туршилтаар хийхдээ нэг бүрийг нь 15000 төгрөгөөр борлуулах гэж оролдсон. Мөн баллууран шагай хийхэд эцэг, эхчүүд сонирхож хүлээн авсан. Нэг шагайг 800 төгрөгөөр худалдахад сөрөг сэтгэгдэл ирээгүй.

-Баллууран шагайгаа өнгөтэй болговол худалдан авагчдын тоо өснө дөө?

-Тэгэхээр үнийг нь нэмэх шаардлагатай болно. Дээр нь хүүхдүүд санамсаргүй байдлаар баллуураа амандаа хийх тохиолдол бий. Тийм учир өнгөгүй, энэ хэвээр нь байлгах хэрэгтэй юм шиг санагдсан. Баллуур шагай хэлбэртэй болохоор хүүхдүүд уламжлалт наадгайгаараа тоглож сурах ач холбогдолтой. Зарим эцэг, эх манайхаас ийм зорилгоор шагай авсан. Ер нь хүмүүс ам сайтай байгаа шүү.

-Брэндээ албан ёсоор танилцуулахдаа нэрийн барааны дэлгүүрээ нээх үү?

-Бид бүтээмжээ өсгөж, зардлаа хэмнэх байдлаар ажиллана. Тиймээс одоохондоо нэрийн барааны дэлгүүрээ нээхгүй. Борлуулалтаа түгээлтийн компаниар шийдэхээр төлөвлөж байна. Яваандаа дэлгүүрээ нээнэ.

-Танайх бүтээгдэхүүнийхээ зургийг хэнээр зуруулдаг вэ?

-“Хатан” коллекцын зургийг зураач Д.Эрдэнэчулуунаар зуруулсан. Энэ хүний бүтээлийг хараад л хамтарч ажиллах бодол төрсөн. Үүнээс гадна олон зураачтай хамтарч ажиллах санал тавьчихаад байна. Болж л өгвөл олон хүний авьяас, ур ухаан шингэсэн бүтээл, бүтээгдэхүүн гаргахыг зорьж байна.

-Ажил хийсэн хүн алдаа гаргадаг. Та бүхний туршилтаар гаргасан сурагчийн үүргэвч төдийлөн олон хүнд хүрээгүй. Юун дээр алдсанаа олсон уу?

-Борлуулах суваггүй, маркетинг ч хийгээгүй. Дээр нь чанарын тал дээр анхаарах ёстойгоо ойлгосон. Би багийнхандаа “Алдаж болно. Төгс зүйл гэж байхгүй” гэж хэлдэг. Гол нь алдаагаа давтаж болохгүй. Сурагчийн үүргэвчийг туршилтаар гаргаж байхдаа нэг зүйлийг ойлгосон. Монголчууд гадаадын эд зүйлийг хэтэрхий их шүтдэг болжээ. Гадаад л бол сайн гэж хиймлээр ойлгодог. Бид хичээлийн шинэ жилийн худалдаанд оролцож байхдаа үүнийг ойлгосон. Үүнээс дүгнэхэд бид өөрсдийнхөө үнэ цэнийг мэдрэхгүй байгаа юм.

-“Mayara” брэндийн ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?

-Мэдээж өнгөлөг, өөдрөгөөр... Бид анх франчайзинг хийх бодолтой байсан юм. Монголын үндэсний брэндийг гаргана гэж төлөвлөсөн ч бидний ажлыг дэмжээгүй. Гэхдээ бид тэр санаагаа хаяагүй. Улам баяжуулсаар байгаа. Монголчууд бид хамтрах ёстой. Бидний нэгдлээс Монголын соёл, уламжлалыг харуулсан нэг брэнд “төрөх” ёстой юм.

 

Б.Сэлэнгэ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (103.9.90.98)

    2017-11-10

    хэрэглэгчид ойртуулж зарах хэрэгтэй. Хүн үзэж, барьж байж л авна. Сүлжээний зурагнаас таашаал авахгүй,