С.Сайнбаяр: Нам ажил хийх хүнээ бэлтгэж, томилдог байх нь чухал

Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаар санал асуулга, хэлэлцүүлэг улсын хэмжээнд өрнөсөөр байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын зөвлөх инженер, доктор С.Сайнбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

-Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой олон асуудал яригдаж иргэдийн мэдээлэл муугаас өөрчлөх эсэх тал дээр талцаж байна. Энэ асуудлаарх таны байр суурийг сонсъё?

-Монголчууд бид төрийн тогтолцоо, улс орныхоо шинэ үеийн хөгжлийг хангах Үндсэн хуулиа 1992 онд баталсан. Энэ хууль бидэнд хувийн аж ахуй эрхлэх өмчийн олон хэлбэрийг хөгжүүлэх, олон намын тогтолцоо, чөлөөт ардчилсан сонгуулиар төр засаг, амьдрах газраа сонгох, гадаад дотоодод эрх чөлөөтэй аялах зэрэг боломжийг олгосон. Одоо ч нөөц нь дуусаагүй асар их үнэ цэнэтэй “эцэг” хууль. Цаг хугацааны аясаар нийгэм эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөн өнөөдрийг хүрэхэд энэ хуулийг боловсруулсан нийгмийн ёс зүй, нийгмийн хандлагаас гарахааргүй эрх мэдлийн төлөөх “тулаан” өрнөж, улмаар Үндсэн хуулийн зарчим алдагдаж байна. 1992 оны Үндсэн хуулиар монголчууд төрийн засаглалын олон хэлбэрээс парламентын засаглалыг УИХ болон Засгийн газар хооронд зөрчил маргаан гарах үед түүнийг эв нэгдлээр зохицуулах үүрэг бүхий шүүх эрх мэдлийг хараат бус байлгах зорилгоор Ерөнхийлөгчийн мэдэлд өгсөн.

-Энэ бол 1992 оны Үндсэн хуулийн эрх мэдлийн хуваарилалт байлаа. Үүнийг 2000 онд өөрчилсөн нь ихээхэн шүүмжлэл дагуулдаг шүү дээ?

-Тэрхүү “дордуулсан долоон өөрчлөлт”-ийг одоо засах оролдлого хийж байгаа ч ихээхэн учир дутагдалтай байна. 1990 оныг эргэн дурсахад нэг намын тогтолцоотой, намын гишүүн гэдэг ёс суртахуун, ажил хөдөлмөрийн манлайлал байсан гэдэгт тэр үеийнхэн санал нэгдэх байх. Гадаадын ихэнх улс оронд олон намын тогтолцоо үйлчилж байгаа. Тэдгээр намын гол үүрэг нь үзэл баримтлал үнэт зүйлээ тодотгон баяжуулж, гишүүд дэмжигчдээ өргөжүүлэн, төр засгийн ажлаа сайжруулах явдал байна. Үүнийг хэрэгжүүлэхэд боловсон хүчний бодлого асар чухал. Нам шалтгаан тоочдог биш ажил хийдэг хүмүүсийг томилдог, бэлтгэдэг байх ёстой. Өнөөдрийн засах шаардлагатай зүйл бол Улс төрийн намын тухай хууль, намын санхүүжилт сонгуулийн тогтолцоо, сонгуулийн технологийн асуудал юм. Бүх төвшний сонгуульд нэр дэвшин ард түмний төлөөлөл болоход чамгүй санхүү шаардлагатай. Гэтэл ард түмний олонх нь одоогийн тогтолцоогоор төлөөллөө оруулах боломжгүй юм. Иймээс мөнгөтэй хэн нэгэн биш Монголын ард түмний төлөөлөл сонгогдох боломжийг нээж өгөх хэрэгтэй.

-Улс төрийн намын хуульд өөрчлөлт оруулна гэж үү. Ард түмний төлөөллийг яаж хангах вэ?

-Намуудад тулгарч буй хамгийн том асуудал санхүүжилт. Одоогийн тогтолцоогоор сонгуульд амжилттай оролцоход мөнгө чухал үүрэг гүйцэтгэж байна. Сүүлийн жилийн сонгуулиуас харахад санхүүжилттэй холбоотой томоохон дуулиан их гарч байна. Энэ хэн нэг хүний биш системийн алдаа.

-Улс төрийн нам ямар үүрэгтэй байх ёстой вэ?

-Улс орнуудын төрийг авч явах сонгодог хэлбэр нь олон намын тогтолцоо бүхий ардчилсан засаглал юм. Намуудын гол зорилго нь улс орноо хөгжүүлэх мөрийн хөтөлбөрөө боловсруулж, иргэд сонгогчдодоо танилцуулж тэдний дэмжлэгийг авч засаглалын эрхийг авах юм. Мөн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх боловсон хүчний бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Засаглалын субъект хоорондын давхардсан эрх мэдлийг цэгцлэх шаардлагатай. Үндсэн хуулиараа төрийн байгууллагын дархлааг сайжруулж, иргэний болон мэргэжлийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа юм.

Д.МӨНХ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (119.40.103.187)

    2017-11-17

    нам дагаж ажил явагдсанаас төрийн ажил нураад байна