Ганцаардлын яамыг Трейси Крауч тэргүүлэхээр болов

Их Британийн нийгмийн ноцтой сэдэв болоод буй ганцаардлын асуудлыг хариуцсан яам байгуулснаа тус улсын Засгийн газраас зарлажээ. Английн ВВС телевизийн мэдээлснээр, Их Британийн ерөнхий сайд Тереза Мэй парламентын гишүүн Трейси Краучийг Ганцаардлын сайдаар томилсон байна. Трейси Крауч нь 42 настай бөгөөд өрх толгойлсон эмэгтэй юм. Тэрбээр “Нийгэмд тахал шиг тархаж буй ганцаардал нийгмийн болон хувь хүний сэтгэлзүйд аюултай нөлөө үзүүлж эхэлсэн. Бид нийгмийнхээ хүндрэл бэрхшээлтэй нүүр тулгарч, хайртай хүнээ алдсан, зүрх сэтгэлээ уудлан, санаа бодлоо солилцох хүнгүй ганцаардаж буй хүмүүсийн өмнөөс яаралтай арга хэмжээ авна” хэмээжээ. Харин ерөнхий сайд Т.Мэй “Их Британийн нийгэмд тулгамдсан хамгийн гунигтай сэдвийн нэг бол ганцаардал. Хайртай дотнын хүмүүсээ алдсан өндөр настнууд болон бэлэвсэрсэн эмэгтэйчүүдийг ганихрах өвчнөөс сэргийлэхийн тулд Ганцаардлын асуудал хариуцсан яам байгуулж байна” гэжээ. Статистик мэдээнээс үзвэл, Их Британид харж хандах хүнгүй есөн сая гаруй өндөр настан амьдардаг байна.

Мөн тус улсад найз нөхөд болон ямар нэгэн холбоонд харьяалалгүй иргэд сэтгэцийн хямралд өртөх нь элбэгших болжээ. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, ганцаардал нь сэтгэцийн эмгэгтэй болоход хүргэж буй хүчин зүйлсийн нэг гэнэ. Их Британийн Засгийн газар буяны байгууллагуудтай хамтран ганцаардлын асуудлыг шийдвэрлэх стратегийг энэ онд боловсруулахаар төлөвлөөд байгаа ажээ.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)