“Эрдэнэс Тавантолгой” энэ жил ногдол ашиг хуваарилахгүй

Нэгэн цагт улс төрийн сонгуулийн бамбай болж, хатуухан хэлбэл золиослогдсон “Эрдэнэс Тавантолгой” компани энэ оноос ашигтай ажиллаж эхэллээ. 2010 онд иргэн бүрт нэг сая төгрөгөөр үнэлэгдэх 1072 ширхэг хувьцааг олгож, түүнээс хойш өндөр настнууд “хишиг” болгон хүртэж, оюутан залуус нэг, хоёр жилийн сургалтын төлбөрөө төлүүлээд авсан. Тэгэхээр манай улсын иргэдийн тодорхой хэсэг нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны үр шимийг хүртжээ гэж ойлгож болно. Энэ хугацаанд тус компанийнхан Хятадын “Чалко” компаниас урьдчилж авсан 350 сая, Хөгжлийн банкнаас зээлсэн 250 сая ам.долларын өрийг барагдуулж дууссанаар сая нэг амсхийх чөлөөтэй болж, өнгөрсөн оны ажлын үр дүн, ашиг орлогоо дэнслээд үзсэн байна.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн Эдийн засаг, хөрөнгө оруулалтын газрын захирал С.Ашидмөнхийн мэдээлснээр, өнгөрсөн онд 461 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, 234 тэрбум төгрөгийн татвар хураамжийг улсын төсөвт төвлөрүүлжээ. Энэ амжилтаараа ТОП-100 аж ахуйн нэгжийн хоёрдугаарт бичигдсэн байна. Гэвч энэ оны хувьд хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараах боломж хомс байгааг компанийн удирдлагаас тайлбарлаж байлаа. Учир нь, өмнөх жилүүдийн хуримтлагдсан алдагдал болох 416 тэрбум төгрөгийг нөхсөнөөр ердөө 36.8 тэрбумын цэвэр ашиг олжээ. Компанийн тухай хуулиар ногдол ашиг хуваарилсны дараа өөрийн хөрөнгийн хэмжээ нь хувь нийлүүлсэн хөрөнгөөс их байх заалттай байдаг аж. Өнгөрсөн оны ажлын үр дүн буюу цэвэр ашгаа бүгдийг 2.5 сая хувьцаа эзэмшигчдээ ногдол ашиг болгож хуваарилбал нэг хүнд 3000 төгрөг (нэгж хувьцаанд биш гэдгийг анхаарна уу) л очихоор байгаа юм. Тиймээс компанийн удирдлага энэ жилдээ ногдол ашиг хуваарилахгүй байх саналаа хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулсан нь олонхийн дэмжлэг авсан байна. Тэгэхээр энэ жилийн хувьд “Эрдэнэс Тавантолгой” компани хувьцаа эзэмшигчдэдээ бага хэмжээний ногдол ашиг хуваарилахгүйгээр хуримтлуулсан ашиг, орлогоо үйлдвэрлэл олборлолтоо нэмэгдүүлэх, техник тоног төхөөрөмжөө шинэчлэн сайжруулахад зарцуулах нь ээ гэж ойлгож болно.

Энэ үйл явцаас харж байхад иргэд ногдол ашиг олгосонгүй, 7-8 жил боллоо гэж гомдоллох боловч өөрсдөд нь үнэ төлбөргүй эзэмшүүлсэн хувьцаагаа “амь оруулах” талаар өөрсдөөс шалтгаалах зүйлийг хийхгүй, хариуцлагагүй хандаж байгаа нь ажиглагдлаа. Тухайлбал, хамгийн сүүлийн мэдээллээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг эзэмшиж байгаа гэх бүртгэлтэй 2.5 сая иргэн байдаг ч ердөө 600 мянга нь Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд дансаа нээлгэсэн байх жишээтэй. Дэлхийд томд тооцогдох долоон тэрбум тонн нүүрсний нөөцтэй уурхай өр зээлээ дараад өөдтэй өнгөтэй ажиллаж, ирэх оноос багагүй хэмжээний ногдол ашиг хуваарилаад эхэлбэл эдгээр иргэнд яаж хүргэх нь тодорхой бус байна. Компанийн удирдлагаас мэдээлж буйгаар энэ оны есдүгээр сарын 1-ний дотор хувьцаагаа Монголын хөрөнгийн биржийн “лангуун” дээр тавих, ирэх онд олон улсын хөрөнгийн захад гаргахаар зэхэж байгаа юм. Тавантолгойн орд газрын багахан хэсэгт олборлолт эрхэлдэг орон нутгийн өмчит “жижиг” гэх “Тавантолгой” компани энэ онд нэгж хувьцаандаа 2200 төгрөгийн ногдол ашиг хуваарилсан. Түүнтэй харьцуулбал, уурхайн олборлолт, нүүрсний тээвэрлэлт, экспортоор хэд дахин том “Эрдэнэс Тавантолгой” ирэх жил нэгж хувьцаандаа хэдий хэр төгрөгийн ашиг ногдуулахыг одоогоор таашгүй. Гэвч нийтээр хувьцааг нь эзэмшиж байгаа уул уурхайн томоохон энэ төсөлдөө иргэн бүр анхааралтай хандаж, хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг мэдээллээ өргөн дэлгэр болговол зохилтой. Ядаж л 159898 дугаарт мессеж илгээж, тус компанийн хэдэн ширхэг хувьцаа эзэмшиж байдгаа мэдэж, дансаа нээлгэчих хэрэгтэй юм.

Д.Мөнхжаргал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)