Д.Сумъяабазар: Баргилтын төмрийн хүдрийн нөөцийг өсгөж, гангын үйлдвэртэй болох ёстой

Сайд Д.Сумъяабазар болон холбогдох хүмүүс энэ сарын 12-нд Хэнтий аймгийн Бор- Өндөр сумын нутагт орших “Монголросцветмет” компанийн “Бор- Өндөр” Уулын баяжуулах үйлдвэр /УБҮ/ дээр зарим тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр ажиллалаа. Энэ үеэр ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар хамт ажилласан бөгөөд үүний дараа Бор- Өндөр сумын иргэдтэй уулзалт хийлээ.

“Бор- Өндөр” УБҮ-ийн 45 жилийн ой энэ онд тохиож байгаа тул үйлдвэрийн зүгээс ойн хүрээнд олон ажлыг хийхээр төлөвлөсөн тухай таатай мэдээлэлтэйгээр УИХ, Засгийн газрын гишүүдийг угтав. Энэ үеэр тус үйлдвэрийн 200 метрын гүнд байрлах далд уурхайн ажилтай салбарын сайд танилцсан юм.

Гүний уурхай жилд 300 мянган тонн хүдэр олборлох хүчин чадалтай бөгөөд хүдрийг гүний цооногийн ба ангилан олборлох аргаар олборлодог байна. 2017 онд экспортын зах зээлтэй холбоотойгоор тус уурхай найман сарын хугацаатай бүрэн зогсолт хийжээ. 26.76 хувийн агуулгатай хайлуур жонш олборлож байгаа гүний уурхайгаас энэ жил 103.5 мянган тонн хүдэр олборлох төлөвлөгөөтэйгөөр хэвийн ажиллаж байна. Эхний улирлын байдлаар төлөвлөгөө 103 хувийн биелэлттэй байгаа аж. 

Сайд Д.Сумъяабазар “Одоо УБҮ маань 26 хувийн агуулгатай жонш олборлож, үүнийгээ баяжуулах фабрикт баяжуулаад ФФ-95 флотацийн жоншны баяжмал гаргаж байгаа. Энэ нь бол хуучин ЗХУ-ын стандарт тул цаашид дэлхийн зах зээлд өрсөлдъе гэвэл чанарыг нь улам сайжруулах шаардлагатай. Тиймээс би үйлдвэрийн удирдлагуудад бусад улстай өрсөлдөхийн тулд ойрын хугацаанд БНХАУ-д очиж энэ чиглэлийн үйлдвэрүүдээс туршлага судлах үүрэг өгсөн. Мөн дэлхийд тэргүүлдэг Мексикийн жоншны үйлдвэрийн технологийг судлах, сайн технологийг улсдаа нэвтрүүлэх, өрсөлдөх чадвараа сайжруулах ёстой” гэлээ.

“Бор- Өндөр” УБҮ Баргилтын төмрийн хүдрийн ил уурхайд 2011 оноос эхлэн ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй юм. 2013 оноос жилд 600 мянган тонн төмрийн хүдэр боловсруулах, 300 мянган тонн төмрийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд Fe-65 маркийн төмрийн нойтон баяжмал боловсруулан үйлдвэрлэж байна.

Цаашид Баргилтын төмрийн хүдрийн нөөцийг өсгөх, дагалдах жижиг гангын үйлдвэрийн ТЭЗҮ-г боловсруулж, яаманд яаралтай танилцуулах чиглэлийг УУХҮ-ийн сайд үйлдвэрийн удирдлагуудад өгсөн юм. Сайд “Баргилтын уурхай дээр түшиглэн жижиг гангын үйлдвэр байгуулах нь зүйтэй гэж харж байгаа” гэлээ.

Уул уурхайн салбарт 45 жилийн туршлагатай “Бор- Өндөр” УБҮ-т өнөөдрийн байдлаар 1200 орчим хүн ажиллаж байна. Үйлдвэрийн хувьд эргэн тойрны газрыг хувийн хэвшлийн байгууллагуудад лиценз олгосны улмаас үйл ажиллагаа явуулахад хүндрэл учирч байгааг хэллээ. Мөн Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх салбараас Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээгээр дамжуулан эрчим хүчээр хангагддаг байна. Гэтэл тус сүлжээ нь цаанаасаа 1квт эрчим хүчийг 44 төгрөгөөр авч, “Бор- Өндөр” УБҮ-т 159.5 төгрөгөөр нийлүүлж байгаа нь хүндрэлтэй байгааг хэлж байв. Түүнчлэн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг олон улсад өрсөлдөх чадвартай болгох үүднээс олон улсын хөнгөлөлттэй зээл тусламжинд хамруулж өгөхийг салбарын яамнаас хүслээ.

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)