Монгол улс фэйсбүүк хэрэглээгээрээ Азид нэгдүгээрт оржээ

Фэйсбүүк компанийн Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгчид манай улсад ажиллан Харилцаа Холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газар Facebook компанитай хамтран ажиллах болсон талаараа өчигдөр мэдээллээ. Монгол Улс 1,7 сая гаруй facebook хэрэглэгчтэй бөгөөд үүгээрээ Азид нэгдүгээрт, дэлхийд аравдугаарт ордог болохыг Facebook компанийн Хонконг, Тайвань, Монголыг хариуцсан бодлогын газрын захирал Жорж Чэн танилцуулж байлаа. Компанийн зүгээс “Ногоон суваг” буюу “Green channel”-ыг Монгол Улсад гаргаж өгч энэ нь хуурамч мэдээ мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай шийдвэрлэх боломжийг бүрдүүлжээ. Энэ талаар Харилцаа холбооны зохицуулах хорооны Хамтын ажиллагаа, харилцагчийн хэлтсийн дарга Б.Мягмарнаран хэлэхдээ, “Facebook компанийн төлөөлөлтэй иргэдийн үг хэлэх, мэдээлэл олж авах үндсэн эрхийн талаар ярилцсан. Хуурамч мэдээллийн тархалтыг бууруулах, хуурамч хэрэглэгчийг тодорхойлох, цахим гэмт хэрэгтэй хамтран тэмцэх талаар ярилцлаа. Үүний хүрээнд Харилцаа холбооны зохицуулах хороонд мэргэжлийн баг ажиллуулна. Энэ баг нь ЦЕГ, холбогдох бусад байгууллагатай хамтран Facebook компанитай шууд холбогдон хамтран ажиллах болно” гэв. Facebook компанийн төлөөлөл ирэх арваннэгдүгээр сард Монгол Улсад дахин ирэх юм.

ЗАЛУУСЫН 92 ХУВЬ, НАСАНД ХҮРЭГСДИЙН 43 ХУВЬ ЦАХИМААР МЭДЭЭЛЛЭЭ АЛДДАГ

ХЗДХЯ, Монгол Улс дахь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ЦЕГ хамтран цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох UNFRIEND хөдөлгөөн улс орон даяар өрнүүлсэн. Энэ дагуу цахим орчноор дамжуулан секс сүрдүүлэг хийх, садар самууныг сурталчлах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, иргэдэд зөв мэдээ, мэдээллийг хүргэх зорилготой олон ажлыг эхлүүлээд байна. Харин залуус тэдний эцэг, эх цахим орчин дахь секс сүрдүүлэг, энэ төрлийн гэмт хэргийн талаарх мэдлэг дутмагаас золиос болох нь элбэг аж. Энэ нь гэмт этгээд бусдын хагас, бүтэн нүцгэн зураг, бичлэг болон хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээ ашиглан залилан авах, хууль бусаар олж авсан мэдээллээрээ сүрдүүлж заналхийлэхийг хэлдэг байна. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогчдын 71 хувь нь хүүхэд, залуус байдгаас гадна тэдгээрийн 92 хувь нь олон нийтийн сүлжээгээр, харин насанд хүрэгсдийн 43 хувь нь компьютерээ хакердуулан мэдээллээ алддаг байна.

Цахим орчинд анхаарах шаардлагатай алхмууд:

  • Хувь хүний болон байгууллагын интернэт сүлжээнд холбогдсон бүх компьютерт лицензтэй үйлдлийн систем, вирусийн хамгаалалтын систем зэргийг суулгах Танихгүй хүнээс ирсэн хавсралт, файл зэргийг нээхгүй байх
  • Таньдаг байсан ч утсаар болон өөрийн биеэр асууж шалгах
  • Хувийн мэдээллээ олон нийтийн сүлжээ, шуудангаар бусад руу явуулахгүй байх /найз залуу, бүсгүй, ээж, аав гэх мэт/
  • Цахим орчинд бусдаар дамжин танд хүрэх гэсэн гэмт этгээд олон бийг санах Хувийн мэдээллээ алдсанаар та секс сүрдүүлгийн, цахим луйврын гэмт хэрэгт өртөх эрсдэлтэй.

У.ОРХОН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • анализ (66.181.183.146)

    2018-09-14

    бүгд ажилгүй, алмайрсан, илүү дутуу хэрэгтэй хэрэггүй юм уншиж ертөнцийн хов живчид болсон гэсэн үг дээ.