Чингис хаан Монголчуудыг “баатарлаг имижтэй” болгожээ

Баатарлаг имиж

Жирийн нэг захын худалдаачин нь хүртэл монгол хүнтэй тааралдвал Чингис хаан, монгол баатар гэж заавал хэлдэг улсууд байх юм. Монгол хүн заавал баатар байх ёстой гэж тэд өдий хүртэл итгэдэг аж. Монголчууд хүчтэй, зоригтой гэцгээнэ. Тэгсэн атлаа монгол хүнтэй анх удаа уулзаж байна гэцгээнэ. Тэдэнд, монгол л бол жирийн маниус нь хүртэл Чингис хаан шиг баатар санагддаг бололтой. Үнэндээ, маний баатар гэж юу билээ. Заримдаа ичмээр, нэрээ бодох ч үе бий.

Тэгээд бодохоор, Чингис гэж агуу амьтан байжээ. “Монголо-татарское иго” буюу монгол-татарын дарангуйллын тухай түүхийн хичээл заалгаж, нахиу хамартай, жартгар нүдтэй хүмүүсийг үзэн яддаг (маниус манжуудыг үзэн яддагтай адил) байсан улсууд хүртэл одоо Чингис хаанаар бахархдаг нь зөвхөн брэнд архины нэрэнд биш харин түүний алдар нэрээс салшгүй үнэт зүйлсийг (нүүдлийн соёл, нэгдсэн төр, шашны эрх чөлөө г.м.) хүндэлдэг болохоор тэр ажээ. Тэр тусмаа баатрын идеал гэдэг юм уу, баатрын соёл гэдэг юм уу, нэг тийм үнэт зүйлд их учир байна: Чухам үүнийг л бусад улс үндэстнүүд, ялангуяа нүүдэлчин гаралтай улсууд, биднээс “нэхэж” буй мэт санагдах юм. Товчхон хэлбэл: Чингис хаан монголчуудыг “баатарлаг имижтэй” болгожээ

Чингисийн баатрууд өнөөгийн төрийн одон медалтай олон баатруудаас анги байсан нь мэдээж. Чухам Чингис хаан ямар баатар явсныг түүхчид тайлбарлачихсан болохоор үүгээр дутая. Харин баатрын идеалыг, ерөнхийд нь, өнөө цагийн спорттой холбовол хойч үеэ хүмүүжүүлэх нэг арга байж болох, бүр байх ёстой юм гэдгийг харуулья. Үүгээр зогсохгүй, Евроазийн улс үндэстнүүдэд япон самурайгаас ч ойр дотно, элэг нэгтэй санагдах монгол баатрын идеал бол өнөөгийн монголчуудын дөрөөлөөд өндийх имиж, бүр соёлын довтолгоо мөн гэж сэнхрүүлэхийг хичээе: 

Угаасаа нүүдэлчдийн соёлыг баатаргүйгээр төсөөлөшгүй. Ялангуяа монголчууд мандан бадруулсан нүүдлийн соёл бол баатрын соёл юм. Бие бялдар бөх бат, тэсвэр хатуужилтай, эр зоригтой, ёс жудагтай, тулаанч байлдаанч, эх оронч хүнийг баатар гэдэг байсан байх. (Унгарчууд зоригтой хүнийг “батор” гэдэг аж.) Эх оронч буюу патриот гэдэг ойлголт тэр үед жаахан анги байж таараа. Харин, тулаанч байлдаанчийг ойлгож ядах юмгүй: харвана намнана, хазна хавирна, нугас хуга дарна... 

Баатар бол, орчин цагийн хэллэгээр, мэргэжлийн тулаанч, тамирчин байжээ. Америкийн NBA-гийн сагсчид шиг л амьтад байсан биз... Хишигтэн цэргүүд тусгай бэлтгэл хийдэг, тусгай хоол хүнс ч хэрэглэдэг байсан бололтой догоо. Хүн бие нь хүрлээр бүтсэн, хүзүү сээр нь гангаар бүтсэн хавиргандаа завсаргүй, харцагандаа үегүй “роботууд” байжээ. Гэхдээ дандаа сайн сайхны төлөө, эх орныхоо төлөө тэмцдэг, мангасыг дардаг, эцэг эхдээ хайртай, өштөнийхөө амийг хүртэл өршөөж ах дүү болдог жудагтай эрчүүд байсан байна. Бөх хүн зөвхөн ноцолддог бус мөн цохидог өшиглөдөг, цохилт өшиглөлт даадаг бөх бат бие хаатай, зэвсгийн эрдэм эзэмшсэн халз тулаанч байжээ. Үүнийг баатарлаг туульс, Нууц товчооноос ч амархан олж мэдэж болно оо.

Ер нь бол, XIII зуунд монголчууд нийтээрээ мэргэжлийн тамирчид байж л дээ. Амьдрал ахуй, ёс заншил, цаг үе нь тэднийг өдөр тутам бэлтгэл сургууль хүссэн хүсээгүй хийлгэдэг байсныг морьтон харваачид гаргууд ашиглаж, үнэт зүйлээ болгож, зан заншилдаа шингээж, орчин үеийнхээр бол бие бялдарын хүмүүжил, боловсролыг хүүхэд багачууддаа олгож, ашигтайг тустайтай хослуулж спортлог нийгмийг цогцлоож чаджээ. Тэгж байж л тэвчээр хатуужлаараа бусад улсуудаас тасарсан ажээ. Энэ бол улс үндэстний сэргэн мандалтад спорт шууд нөлөөлдгийн нэг тод жишээ. Монголчууд олимпын наадмыг үндэслэгч грекүүдтэй адил спортыг хөхүүлэн дэмждэг байсныг эрийн гурван наадам батална. Мөн биеийн тамир, халз тулааныг сурталчилсан баатарлаг туульс ч нотолно.

Мэдээж, баатар гэдэг үг Чингис хаанаас өмнө бусад улс үндэстнүүдийн хэлэнд байсан, одоо ч байгаа. Гэхдээ Чингисийн эзэнт гүрэн л нүүдэлчин баатруудын хүч чадал, ид хавыг хамгийн тод харуулсан шүү дээ.

 

Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд багтаж байсан улсуудад баатар гэдэг үг нэр хүндтэй, хайртай үгийнх нь нэг. Эх оронч, эр зоригтой, эрч хүчтэй, овсгоо самбаатай, гавьяатай эрсийг тэд бас баатар гэдэг. Татар, кыргыз, алтайчууд “баатыр”, оросууд хуучин монгол бичгийн бичлэгээр шахуу “богатырь” гэцгээдэг юм байна. Эдгээр улсууд “баатырлык” идеалыг өөрсдийн соёлд шингээн, залуу үеэ хүмүүжүүлж байна.

 

Тухайлбал, хойд хөрш маань “русский богатырь”-ийг төрүүлэхээр спиртлэг биш спортлог иргэнийг хүмүүжүүлэхэд их анхаарч олимпын бус спортуудаа ч улсын төсвийн санхүүжилтээр дэмждэг юм байна. 

Урд хөрш маань ч дутах юм алга. Олимпоос авсан медалийнх нь тоог ярихгүй зөвхөн халз тулааны төрлүүдийг хэрхэн эрчимтэй хөгжүүлж буйгаас нь үзэхэд л илхэн байна. Тэр тусмаа, уламжлалт халз тулааны спортоо дэлхийд гаргаж, хятад хүний имижийг баатарлаг болгоход их анхаарч байна. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсууд ч мөн улс үндэснийхээ имижээ “баатырлык” болгохын тулд халз тулааны спортын төрлүүдийг дэмжин хөгжүүлж байна. Тэд, байр түрээсийн асуудлыг хөнгөвчилж шийдэж өгдөг, хичээллэгчдийнх нь тоогоор багш нарт нь тэтгэмж олгодог тогтолцоог аль хэдийн бий болгожээ. Эх орноо батлан хамгаалах үйлстэйгээ ч холбочихжээ. Үр дүн нь ч бодитой харагдаж байна. Эх оронч, шашин соёлоо хамгаалагч баатар хэмээн өргөмжлөгдөж буй ОХУ-ын халз тулаанч Хабиб Нурмагомедовыг хар. UFC-гийн 229 дэх тулаанд ирландын тулаанч Конор Макгрегорыг “жаахан баартай” ялсных нь дараа, ОХУ-ын Ерөнхийлөгч, мөн тус улсын бүрэлдэхүүнд байдаг Чеченийн Ерөнхийлөгч нар тус тусдаа хүлээн авч уулзацгаалаа. Жирийн нэг гудамжны зодоончтой төрийн тэргүүн нь уулзахгүй нь ойлгомжтой. Халз тулааны спортод ямар ач холбогдол өгч байгаа нь үүнээс тод харагдана.

Харин өнөөгийн маниус (шашин соёлоо хамгаалах баатраа байг гэхэд!) олимпын төрлүүдээ ч олигтой дэмжиж чадахгүй, зөнд нь хаясан гэхэд хилсдэхгүй. Бусад улс оронтой харьцуулахад шүү дээ. Ядах нь аа, олимпын 2 аваргыг төрүүлсэн Спортын төв ордоноо засаж тордоод, гадна дотны хүн амьтан очиход нүүр улайлгахгүй болгож өгөхсөн. Тэнд чинь байнга шахуу хаалттай байдаг сауныг эс тооцвол шүршүүр ч алга. Өмхий самхай ханхалсан жорлон ч гэж жорлон. Монголын нэрийг тахалдаг тамирчдаа тэгж дорд үзмээргүйсэн. Спортоор хичээллэж буй хүүхэд багачуудаа ч доромжилж байна. Спортын төв ордон гэж хийх ажилгүй хэдэн эргүү малууд дандаа сурлага муутай хүүхдүүдийг цуглуулдаг газар ч биш. Харин хамгийн үлгэр жишээч эх орончдыг бэлддэг соёлыг түгээгч, нийгмийг гийгүүлэгч газар баймаар байгаа юм. Гэтэл одоо, гадаадын тамирчид хамтарсан бэлтгэл сургуулилалт хийхээр ирэхэд нь бүр нүүр хийх газаргүй болтол нь ичээх юм аа, муусайн гавьяат тамирчдаа... Ёстой ширэн нүүрлээд л бид ийм аймаар газраас гардаг “мангасууд” гэсэн имижээ дөвийлгээд дүлий дөмбө оргиод зогсож байхаас өөр гарцгүй болгох юм.

Гуравхан сая хүн амтай улс ийм түвшинд спортыг хөгжүүлж, амжилт үзүүлэхээс өөр яах вэ? гэж ам асуух албан хаагчид ч бий. Уучлаарай, тэгвэл Чингисийн үед саяулахнаа шахам байж дэлхийн хагасыг эзэлснийг юу гэхэв... Үнэхээр л Чингисийн удам юм бол 2 байтугай л олимпын алтан медал авсан байхад гайхах зүйлгүй. Тэгээд ч биеийн тамир, спортын боловсрол бол зөвхөн олимпын наадам биш юм. Спортыг хөгжүүлэх нь зөвхөн хувь хүний хэрэг биш. Иргэнээ эрүүл саруул байлгах үүрэгтэй төрийн хэрэг бас мөн. Зөвхөн эрүүл мэндийн асуудал биш. Эх оронч иргэнийг хүмүүжлэх нэг арга мөн. Дуртайдаа л, хийх юмгүйдээ, цаг зав зарцуулж, зардал мөнгө үрдэг юм биш. Тамирчид зөвхөн медал аваад ирэхээр нь, зурагтаар хамт гарах гэж энгэрт нь метал зүүдэг мануухай нар ч биш... Спорт бол улс орны нэр хүнд, тусгаар тогтнолын баталгаа, өв уламжлал болохоос гадна шууд болон шууд бус утгаараа эд засагт их хувь нэмэртэй билээ. Мөн, нийгмийн сэтгэл санааг тогтворжуулдаг, энх тайвныг тогтоогч гэдгийг бид сайн мэднэ. Ганцхан алдартай тамирчин хүн зуун улстөрч НҮБ-ийн индэр дээрээс үг хэлснээс ч илүү улс орноо сурталчилж чадна. Гэтэл алтыг нь аваад авдрыг нь хаях хандлагаар спортод хандах юм, ний нуугүй хэлэхэд... Ургасан ургацыг хамж аваад, хөрсийг нь хөсөрт хаяхтай адил сэтгэж байна, манайхан...

Спорт бол эрүүл амьдрах дадал: Зөвхөн тэмцээн уралдаан биш эх оронч, эр зоригтой, эрүүл хэвшилтэй, нэр хүндтэй, соёлтой иргэнийг хүмүүжүүлэх арга, дахин дахин хэлэхэд... Эрүүл саруул монголыг хүсвэл биеийн тамирын боловсролд онцгой анхаармаар байна. Эс тэгвээс их хэврэг хүүхдүүдтэй боллоо. Биеийн тамирын хичээл гэж дампуурсан нэг хичээл байна. Зарим сургуулиудад биеийн тамирын заал ч алга. Тоо бодуулж, ном уншуулж сургавал боллоо гээд хоцрогдсон арга барилаар боловсролын систем зүтгээд байна. Өглөө наймаас орой арван найман цаг хүртэл ширээний ард суулгаж ном ширтүүлчихээд шилдэг сургалттай сургууль гэж сурталчлах нь шившиг шүү дээ, нэгэн бодлын, хүүхдүүдийн эрүүл мэндээр тоглож, гэмт хэрэг үйлдэж байгаа хэрэг. Цөөхөн хувийн сургууль биеийн тамирын боловсролд анхаарч байна. Ихэнх нь эрүүл биед саруул ухаан оршихыг умартаж, хүүхэд багачуудынхаа эрүүл мэндийг зөвхөн антибиотикэд л даатгадаг. 

Хүүхдүүд хөдөлгөөний хомсдолд орлоо гэж эмч нар сэрэмжлүүлж, гэртээ ор гэхээсээ гадагшаа гарч тогло гэж эх эцэг нь хөөдөг болжээ. Дэлхий нийтээрээ л иймэрхүү байгаа ч манайхан арай л дэндүү. Эрх биш, XXI зууны иргэд гэсэндээ дэлхий нийтийн жишгийг дагаж монголчууд эрүүл мэнд, гоо сайхандаа анхаарч буй нь сайшаалтай ч, спортын боловсрол олгох манай тогтолцоо үнэхээр хоцрогджээ. Төр засгийн бодлого, бодитой дэмжлэг үнэхээр дутагдаж байна. Наад зах нь, хувийн хөрөнгөөр байгуулагдсан газруудыг дэмжих хэрэгтэй байгаа юм. Эс тэгвээс түрээсээ дийлэхгүй, ихэнх нь, олон жил бололгүй хаалгаа хаадаг. Хэрэв бодитой дэмжвэл эрүүл чийрэг иргэдтэй эдийн засаг хожих нь гарцаагүй. 

Компьютерийн тоглоомд хүүхдүүд донтохтой тэмцэхэд тоглоомын газруудыг хязгаарлаж, хаахаас гадна спортын клуб, дэвжээг дунд сургуулийн ойролцоо, орон сууцны хорооллуудад заавал байгуулах ёстой гэсэн  дүрэм журмыг ч баталж болно шүү дээ. Эсвэл бага насны хүүхдүүд заавал спортоор хичээллэх ёстойг хуульчилж, нийтээр даган мөрддөг болмоор байгаа юм. Дүүрэг хороодын эрүүл мэндийн төвүүдийг спортын байгууллагуудтай нягт холбож өгмөөр санагдах юм.

Ядах нь аа, Улаанбаатарт цэцэрлэгт хүрээлэн ховор, тоглоомын талбай ч цөөхөн, ганц хоёр суниачих турник ч харагдахаа байлаа. Социализмын үед арай л гайгүй, бидний үеийнхэн турникнээс зүүгдэж өдрийг бардаг байсан. Спортын дугуйланд явбал үнэгүй хоол иддэг ч үе байсан. Хотын хүүхдүүд хүртэл, томчуудад загнуулан, хаа сайгүй л барилдаж, өвдөг тохойгоо шалбалж явсан нь одоо эргээд бодоход бид өөрсдөдөө оруулсан хөрөнгө оруулалт байжээ. 

 

Монгол бөхийг биеийн тамирын хичээлийн хөтөлбөрт албан ёсоор оруулах санаачлагыг цаг алдалгүй хэрэгжүүлмээр байгаа юм. Мөн, монгол бөхөө “буцаан тэлж”, цохилдооныг нэмэн “шинэ” спортын төрлийг хөгжүүлж хойч үеэ баатарлаг болгож, урам зоригийг нь сэргээхэд болохгүй гэх газар үгүй.

 

Цохиж, өшиглөдөг халз тулаан монголчуудад их зохих спорт гэдгийг гадаад дотоодын олон хүн хэлдэг. Тийм гэдгийг баатарлаг туульс ч гэрчилдэг. Монгол баатруудын халз тулааныг баатарлаг туульсад маш тод дүрсэлсэн байдаг. Засгийн газрын мэдээ сонинд миний бие “Нүүдэлчдийн халз тулааны улбаа” гэсэн гарчигтай нийтлэл  хэвлүүлж байснаа (1996.6.29, №124), баатар болох хүсэл эрмэлзэлтэй хүүхдүүд олшроосой гээд доор сийрэгхэн сийрүүлье, сонирхолтой байж магадгүй: 

***

Аягын чинээ шар наран дор

Алгын чинээ хөрст алтан дэлхий дээр

Өвөр биеэрээ барилдаад

Намайг дийлэх хүн хаа байгаа бол гэж ааг омог нь амтагдсан, одоогийнхоор бол бэлтгэл нь ханасан тамирчин өөрийгөө сорьж, өстөн дайснаа дарахаар эсхүл сайн эртэй учирч, ахан дүүс болохоор, өөрөөр хэлбэл эвсэл байгуулахаар; дайснаа дарж дархан цолоо мандуулахаар (олимп, дэлхийн аварга болохоор гэсэн ч болно) алсын замд гардаг билээ. Барилдана гэдэг нь өргөн утгатай: Ухсан том нүхэнд хорьсон өлөн барс ирвэстэй барилдаж ур чадвараа шалгадаг байсан гээд л төсөөлчих. Нууц товчоогоор бол Чингисийн үеийн бөхчүүд хэвтээ барилдаанд тун гаргуу, өнөөгийнхөөр бол жиү жицү хийдэг байжээ. Чингисийн дүү, барилдах дуртай Бэлгүтэй алдарт бөх Бүри-Бөхийг албаар унаж өгөхөд нь, цээж бөгснөөс нь угзран татаж нурууг нь хугалсан түүх бий. Мөн яггүй арга техниктэй байж л ийм мэх хийнэ дээ... За энэ бол, Нууц товчоонд өгүүлсэн нэгэн шударга бус жишээ. Харин баатарлаг туульсад нийтлэг нэг ёс жаяг харагддаг.

Төрөө засаж, нэрээ мандуулж, түмнээ баясгаж “дэлхийн аварга” болох хүсэл тээсэн баатар маань эн тэнцэх хүч тэнхээтэй баатартай таарвал нарийн ёс жудгийн дагуу халз тулаанд дуудаж хүч чадлаа сорьдог. Зооны хөх махыг зовоогоод зовлонтой хар хөлсийг гаргаад өгөх эрийг ёс дүрмийн дагуу “тэмцээнд” дуудахдаа:

Хүн хүлгийн яс хэмлэж

Араа нь мохоогүй

Хүн хүлгийн цус ууж,

Унд нь харьдаг түүхгүй

Төмөр хүрээ зүрхэн баатар байна уу, үгүй юу чи өргөн шар дөрөлжийн өр л дээр үзэлцье гэх зэрэг захын модыг булгартал, замба тивийг задартал хашхирна. Нөгөө баатар, хэрэв түүнийг үнэлбэл: ийм эрчимтэй эрийн дууг эрт л урьд цагаас хойш сонсоогүй билээ хэмээн тулалдахыг зөвшөөрдөг. Тэгээд тулалдах газраа сонгож, хэзээ тулалдахаа тохиролцоод: 

Араг цагаан яс чинь цайх газар энэ

Аяга дүүрэн цус чинь асгарах газар энэ гэх мэтчилэн, өнөөгийн мэргэжлийн тулааны тамирчдын пресс конференс маягийн уулзалт хийж мэтгэлцэнэ. Эсхүл морин дээрээсээ нэг нэгээ сорьж ташуурдацгаана: Дал цээж дундуур нь даруй дөрөв гурав, дагнан цохиод өнгөрөв гэж дүрсэлсэн байдаг. Хэрэв “арай хийж” өнгөрвөл ялагдахын шинж, “гөлгөн чинээ эс бодвол” ялахын тэмдэг, харин хэн хэн нь эс тоовол хоёр хар уул мөргөлдөхийн дайтай хэцүү тулаан болохын шинж. 

Баатарлаг туульсын баатрууд, өнөөгийн хэллэгээр бол хутга шөвгөөр нэг нэгнээ эрэмдэглэхийг урьдал болгодоггүй. Харин:

Хүчтэй сайн эрчүүд бид

Хүлэг сайн морьдынхоо

Ул туурайг барах хэрэггүй

Аав ээжийн хайрласан

Эгэм далаар үзэлцье!

Эр биеийн төрсөн

Хүч тамираар үзэлцье гэх мэтчилэн дүрэм журамтай, халз тулааны төрөл Монголд аль эрт үед байсныг батлах үгсийг хэлцгээдэг. Өвдөг тохой хүрвэл ялагддаг өнөөгийн бөхийн барилдааны дүрмээс өмнө “эгэм далаар үзэлцдэг” хэвтээ барилдааны хэлбэр байсныг энд бас гэрчилж байгаа юм. Үүний дараа баатрууд тусгай форм буюу зодог шуудгаа өмсдөг. Зодог шуудгаа өмссөний дараа дэвэлт дэлж, бие халаалт хийнэ. Халз тулааны талаарх нүүдэлчдийн мэдлэг хэр гүнзгийн байсан нь үүнээс бас харагдана. Дэвэлгэ дэлсний дараа халз тулаан эхэлнэ.

Мэдээж, шууд барилцаад авахгүй, зайнаас цохилцож өшиглөдөг. Ямар ч халз тулаан хоёр хөл дээрээ эхэлдэг шиг монгол баатруудын халз тулаан ч мөн, өнөөгийн холимог тулаантай адил зайнаас үзэлцдэг байжээ:

Хонин чинээ чулуугаар

Хоёр нүднийхээ хооронд

Алдалгүй цохилцов.

Үхрийн чинээ чулуугаар

Авдар зандан цээжиндээ

Алдалгүй цохилцов гэх мэт дүрслэлүүд бий. Махан биеэрээ үзэлцье гэчихээд чулуу барихгүй. Энэ бол бөх бат бие хаатай баатруудын цохилдооныг дүрсэлсэн уран сайхны дүрслэл юм.

Туульсын эртний хэлбэр болох баатарлаг туульсад цохилдоон, барилдаан хоёр холилдсон байдаг бол хожуу үеийн ангийн зөрчил тэмцлийг агуулсан туужлаг туульсад дан барилдааны хэлбэр зонхилж; бөх барилдах, сур харвах, морь уралдах гурав тус тус нэг спортын төрөл болон салсан байдаг: 

Ач тач барилдаад

Ана мана цохилцоод

Ар өврөөсөө хазалцаад гэж халз тулааны бүх хэлбэрийг, тэр бүү хэл чоно нохой мэт араа шүдээрээ тэмцэлддэгийг уран сайхнаар үзүүлсэн нь, монголчуудын халз тулаан, хүн төрөлхтөн нүцгэн гараараа араатан амьтадтай тэмцэлддэг байсан үеэс л улбаатайг харуулж байна. 

Ер нь, халз тулааны талаарх нүүдэлчдийн мэдлэг маш гүн гүнзгий байсныг баатарлаг туульсаас уншиж болно. Жишээлбэл: “хоёр сайн эр бух болон нүүрэлцээд” гэж өрөн зогсохыг хүртэл дүрсэлсэн байдаг. Сэтгэлзүйн бэлтгэл, ажиллах чадварыг: Салдаг нэг санаагүй, Саарах нэг байдалгүй гэж бас товч бөгөөд тодорхой дүрсэлжээ.

Хоёр өрсөлдөгч удаан өрсөлдөөд бие нь тавирч, цочоо нь арилж, бяр хүч нь амтагдахыг хүртэл орхилгүй тэмдэглэсэн нь нүүдэлчид зөвхөн “халз тулааны анатомийг” биш ер нь бие бялдарын бэлтгэлжилт, спортын талаар ямар сайн ойлголттой байсныг гэрчилдэг. Жишээлбэл, ингэж дүрсэлсэн байна:

Нийлэг цагаан яс нь

Дэвтээд ирэв гэнэ

Нягт хар мах нь

Зангираад ирэв гэнэ

Зооны хөх мах нь

Хөөгөөд ирэв гэнэ

Зовлонтой хар хөлс нь

Гараад ирэв гэнэ.

Зооны хөх мах хөөгөөд ирэхийг өнөөгийн бөхчүүд, бодибилдинг, хүчнийхэн шууд л ойлгох байх. Баатарлаг туульст бяртай чадалтай эрийн зооны булчинг их онцолдог нь, одоогийн спортынхны хэллэгээр бол “голын булчинг” хэлж байгаа байх. Бяртай чадалтай хүний нэг гол шинж. Саяхан UFC 229-д голын бяртай Хабиб, Конорыг нухсаар байгаад яллаа шүү дээ. Цус түргэн эргэлдэж булчин хөөдгийг: 

Тэвэр хар гуя нь

Тэн болтол хөөгөөд

Хоёр хөх нь

Хоёр бор толгой болтол бүдүүрээд гэж бас дүрсэлсэн байдаг. Хоол хүнсний чанар чухал болохыг хүртэл, өөрөөр хэлбэл витаминлаг хоол тэжээлийн чухлыг баатарлаг туульсад онцлохоо мартаагүй: Гунан үхрийн махыг ганцаараа идээд цаддаггүй баатар ээжийнхээ хийсэн домботой хоолыг идээд цадах жишээтэй. Хоолны хэмжээ биш чанар ямар чухал болохыг, нүүдэлчид бие бялдарыг тэнхээжүүлэх идэш тэжээлийн тусгай жортой байсныг ч ганцхан энэ жишээнээс л ойлгож болно. Мөн бэртэл гэмтлийг хурдан эдгээдэг “үд хүрдэггүй үет цагаан эм, хоногт хүрдэггүй хонин цагаан эмтэй” байжээ.

Баатарлаг туульст, зөвхөн бяр чадалтай нь бус харин арга мэхтэй, зальтай нь ялдаг. Хэн нь сийрэг ухаантай, сайн үйлсийг хамгаалж байна, ярьдаг морьтойгоо “нэг команд” болж, түүнийхээ зөвлөгөөг авдаг зөөлөн чихтэй байна, тэр баатар ялдаг. Морь нь тандалт хийж, өрсөлдөгчийнх нь талаарх бүх мэдээллийг цуглуулчихсан байдаг. Одоогийнхоор бол багш дасгалжуулагч нарынхаа зөвлөгөөг сонсож, бодитоор хэрэгжүүлж чадсан нь ялдаг гэж бас болно. Ялагдахын даваан дээр амсхийж арга тактикаа морьтойгоо зөвлөлдөнө. Морь нь эхлээд хор шарыг нь малтана. Энэ нь хүний сэтгэлзүйн талаарх мэдлэгийг нь бас харуулж байна: Сайн эр гэж бодсон чинь, шалихгүй эр байх чинь хө, чи чинь гэх маягийн зэмлэл хэлээд эмзэг цэг дээр дарах “нууц техник” ярьдаг морь зааж өгдөг билээ. Тэгээд мориныхоо зааснаар:

Давхин одож бариад

Давхийн дайрч угзраад

Толгойгоор нь шүүрэн авч

Мэнгийг нь бяц хагалж

Өвдөг рүү нь өшиглөсөн чинь

Өмөг хүч нь барагдав гэнэ гэх мэтчилэн монголын баатарлаг туульсад дүрсэлсэн нь хэвшмэл. Эсхүл: Уран сайхан шилбэнд нь уурга болсон дэгээ дүрэв гэх мэт мэх хийснийг тодотгодог. Ерөөсөө л халз тулааны аливаа спорт бол мэхийн цуглуулга билээ. Мэхийг дээдэлж байна аа гэдэг бол халз тулааны төрөл монголчуудад аль эрт хөгжсөн байсныг бас баталж байгаа юм аа.

Баатар эрийн эзэмшвэл зохих нэг техник бол өшиглөлт билээ. Ихэвчлэн өвдгөнд өшиглөж өрсөлдөгчөө дарсан тухай туульсад гардаг:

Хажуу дээрээ гарган

Тэвэгчлэн өшиглөөд,

Орой дээрээ гаргаж

Тэвэгчлэн шидлээд гэх мэт бас дүрсэлсэн байдаг. Үүгээр, нүүдэлчид дөрвөн мөчөөр цохиж, өшиглөдөг бас барилддаг халз тулааныг боловсруулсан байсныг батална. 

Хожим хөгжлийн явцад барилдаан, цохилдоон хоёр салж, тус тусдаа өрсөлддөг спортын төрлүүд болж хөгжсөн байна. Хөгжих гэж байсан байна гэвэл илүү оновчтой болж магадгүй. 1921 оны Ардын хувьсгалын дараа цохидог, өшиглөдөг нөхдүүдийг дэмжээгүй бололтой. Хүрээний том зодоончид цүдгэр гүзээ дунд орж цохиж өшиглөн, бас тэвэг тоглож бэлтгэл хийдэг байсан гэсэн мэдээ мэдээллүүд л бидэнд үлджээ. Тэр үеийн нударган зодоончид бас барилддаг бөх хүмүүс байсан бололтой. 

Ер нь, дэлхий нийтээр, нэлээн хожуу цохилдоон, барилдаан хоёр салж хоёр ондоо халз тулааны төрөл болсон. Каратэгийн ката, ушугийн таод барилдааны мэхүүд их бий. Тайландын муа тай зодооны өнөөгийн хөгжилд английн бокс нөлөөлж, барилдах нь харьцангуй багасжээ. XX зууны сүүлээр хятадууд уламжлал дээрээ суурилан боловсруулсан ушу санда гэдэг контакт халз тулааны төрлийн дүрмийг манай үндэстний бөхийн төрлүүдэд бас суурилуулан боловсруулсан гэж мэр сэр сонсогддог нь огт үндэслэлгүй яриа биш байх аа.

Баатарлаг туульсийн халз тулааны дүрслэл буюу нүүдэлчдийн төсөөлөл эрчимтэй хөгжиж буй холимог тулааны спорттой төстэй байгаа нь цаана нэг юм хэлээд байна: Дорно дахины халз тулааны төрлүүд ч эргээд мартагдсан мэхээ сэргээж байна. Халз тулааныг цогцоор нь хөгжүүлбэл бодит үнэнд дөхөж очно гэх болж. Ийм ойлголт, төсөөлөл монголчуудын баатарлаг туульст байдаг нь нүүдэлчид үнэхээр өөрийн халз тулаантай байсныг нэгд батална, хоёрд тэд бодитой сэтгэдэг байсныг баталж байна... Эцсийн эцэст халз тулааны замнал бол бодит үнэний эрэл билээ.

 

Х.Эрдэмбилэг

www.mongolchuud.blogspot.com

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (43.228.128.195)

    2018-11-12

    Шуналдаа хэт автсан бөхчүүдийг улс төрөөс хол байлгах хэрэгтэй Биеийн хүчээр бүхнийг ялах хүсэлтэй бусдаас авч л байх мөнхийн шуналтай толгой голдуу хоосон талдаа