Газрын тосны хайгуулын Номгон-IX талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгууллаа

АМГТГ-ын дарга Х. Хэрлэн  Австрали улсын хөрөнгө оруулалттай “Жи Өү Эйч” ХХК-ны гүйцэтгэх захирал Нийл А И Ёнг нар нүүрсний давхарын метан хийн хайгуулын үйл ажиллагааг эхлүүлэхээр Бүтээгдэхүүн хуваах гэрээнд гарын үсэг зурлаа. Арга хэмжээнд  Австрали улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Эрхэмсэг ноён Жон Лангтри оролцлоо.

Монгол улсын Засгийн газраас  2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 265 дугаар тогтоолоор Ашигт малтмал, газрын тосны газарт Номгон-IX талбайд Австрали улсын хөрөнгө оруулалттай “Жи Өү Эйч” ХХК-тай газрын тосны уламжлалт бус эх үүсвэр болох нүүрсний давхаргын метан хийн хайгуул, ашиглалттай холбоотой үйл ажиллагаа эрхлэх Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрхийг олгосны дагуу ийнхүү гэрээг байгуулж байна.  Номгон-IX талбай нь  Өмнөговь аймгийн Баян-овоо, Ханхонгор, Ханбогд, Цогтцэций, Цогт-овоо, Номгон, Манлай сумын нутаг дэвсгэрийг хамардаг.

БХГ-г байгуулж байгаа “Жи Өү Эйч” ХХК нь Австрали улсын Голден Хорд Лимитэд компанийн зуун хувийн хөрөнгө оруулалттайгаар Монгол улсад нүүрсний давхаргын метан (НДМ) хийн хайгуул хийх зорилгоор 2011 онд анх байгуулагдсан.  

Тус компани 2011 онд Эрдэс баялаг, эрчим хүчний яам (ЭБЭХЯ, хуучнаар), 2014 онд Эрдэнэс Монгол ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, НДМ хийн салбарын туршлага хуваалцаж, Таван толгойн нүүрсний орд газрын тойм нөөц тогтоох анхан шатны судалгааг хийж гүйцэтгэж байсан туршлагатай.

Жи Өү Эйч ХХК нь 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Баян-овоо, Ханхонгор, Ханбогд, Цогтцэций, Цогт-овоо, Номгон, Манлай сумын нутаг дэвсгэрийг хамарсан талбайд нүүрсний давхаргын метан хийн эрлийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж  улмаар Номгон IX талбайн нүүрсний давхаргын метан хийн хэтийн төлвийн урьдчилсан тайланг боловсруулж хэлэлцүүлсний үр дүнд Бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулах хэлэлцээг хийж эхэлсэн байдаг.

“Номгон-IX” талбайд НДМ хийн хайгуулын хөтөлбөрийг 10 жилийн хугацаанд 3 үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд хамгийн багадаа 30 сая ам.долларыг хайгуулын ажилд зарцуулахаар гэрээнд тусгажээ. 

Газрын тосны тухай хуулийн дагуу Нутгийн захиргааны байгууллагууд /аймгийн ИТХ, Засаг дарга/ Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг нутаг дэвсгэртээ зохион байгуулах, тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар нь ашиглуулах, эзэмшүүлэх, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зэрэг хуулиар хүлээсэн үүргээ гэрээлэгч хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих чиг үүрэгтэйгээр ажиллах юм.

 

Ашигт малтмал газрын тосны газар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)