Сургалтын сонгон шалгаруулалтанд тэнцсэн суралцагчдын батламжийг гардууллаа

Монгол Улсын Засгийн Газрын 2013 оны 291 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн Газраас Газрын тосны гэрээлэгч компаниудтай байгуулсан “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний дагуу газрын тосны хайгуул олборлолтын ажил гүйцэтгэж буй гадаад, дотоодын компаниудаас олгодог сургалтын урамшууллын  хөрөнгөөр суралцах иргэдийг сонгон шалгаруулах, хөрөнгийг зарцуулах журам”-ын дагуу Уул уурхайн, хүнд үйлдвэрийн сайд, Боловсрол,соёл,шинжлэх ухаан,спортын сайдын хамтарсан 2018 оны А/134, А/396 дугаар тушаалаар батлагдсан Сонгон шалгаруулалтын комисс /СШК/ дээрх тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг  2018 оны 7 дугаар сарын 5-ны өдөр явуулсан билээ.

Сонгон шалгаруулалтанд тэнцсэн суралцагсдад батламж гардуулах ёслол  өчигдөр  УУХҮЯ дээр боллоо. Гадаадад 100 хувийн тэтгэлэгээр  суралцах батламжийг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, ТЗУГ-ын дарга М.Баяраа, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн, орлогч дарга М.Энхжаргал нар гардуулан өгсөн юм.

 

Сонгон шалгаруулалтад оролцсон 17 оюутнаас 2018-2019 оны хичээлийн жилд 16  нь бакалаврын сургалтад тэнцжээ. Харин магистрын сургалтад хамрагдахаар нийт 19 иргэн бүртгүүлснээс, сонгон шалгаруулалтад тэнцсэн 10 хүнд 2018-2019 онд гадаадад сурах батламж олгосон байна.

Батламж гардуулахдаа УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Монгол Улс газрын тос боловсруулах  үйлдвэртэй болохоор шаваа тавьсан түүхэн цаг үед гадаад улсад газрын тосны чиглэлээр суралцах тэтгэлэгт хамрагдаж байгаад  баяр хүргээд, өөрсдийгөө дайчлан хичээн суралцаж, шилдэг боловсон хүчин болж ирэхийг хүсэн ерөөв.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)