АМГТГ-ын дарга Х.Хэрлэн Франц улсын геологи, уул уурхайн судалгаа, шинжилгээний хүрээлэнтэй хамран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын дарга Б.Мөнхтөр тэргүүтэй төлөөлөгчид 2018 оны 6 дугаар сарын 23-наас- 29-ний өдрүүдэд БНФУ-д ажлын айлчлал хийлээ.

Энэ айлчлалын хүрээнд  Ашигт малтмал, газрын тосны газар нь Франц Улсын Геологи, уул уурхайн судалгаа, шинжилгээний хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолд  Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн, Франц Улсын   Геологи, уул уурхайн судалгаа, шинжилгээний хүрээлэнгийн дэд дарга, Шинжлэх ухааны асуудал хариуцсан захирал Пьер Тулуа нар оролцож гарын үсэг зурлаа.

Франц Улсын Геологи, уул уурхайн судалгаа, шинжилгээний хүрээлэн нь Францын газрын болон газар доорх байгалийн баялгийн менежментийн чиглэлээр дэлхийн 29 оронд үйл ажиллагаа явуулдаг, 1000 гаруй ажилтантай геологийн үйлчилгээ үзүүлдэг үндэсний хэмжээний төрийн өмчит байгууллага юм. Судалгааны ажилд жилдээ 48 сая орчим евро зарцуулдаг юм байна.

Санамж бичигт гарын үсэг зурсантай холбогдуулан тус хүрээлэнгийн удирдагуудтай хамтарсан төслийг хэрэгжүүлэх, санхүүжилтийг шийдвэрлэх талаар санал солилцлоо. Үүнд: Хариуцлагатай уул уурхай, бичил уурхай болон байгаль орчны нөхөн сэргээлт, мөн Франц улсад урт, богино хугацаагаар мэргэжилтэн бэлтгэхэд хамтран ажиллах боломжтой гэдэгт  хоёр тал санал нэгдэв.

Энэ үеэр Франц Улсад зохион байгуулагдсан Дэлхийн цөмийн энергийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцсон бөгөөд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын дарга Б.Мөнхтөр тэргүүтэй төлөөлөгчид Францын Атомын энергийн комиссариатын Гадаад харилцааны асуудал хариуцсан захирал, Оранни Майнз-ын ТУЗ-ын гишүүн Анн Лазар-Суритай уулзаж хамтын ажиллагааны талаар  санал солилцлоо.

Мөн  айлчлалын бүрэлдэхүүн Франц Улсын аж үйлдвэрийн бүс болох Малвези-д байрлах Оранни группийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав.

Оранни Малвэс үйлдвэр (2018 оноос өмнө Арева Малвези гэж нэрлэгдэж байсан) нь уран боловсруулах трансформаци ба ураны тетрафтор (UF4) хэлбэрээр ураны хүдрийн баяжмал гарган авдаг. Малбузын аж үйлдвэрийн талбайд  Комурхекс (Comurhex) компанийг 39 жилийн турш ажиллуулсан бөгөөд  Арева групптэй 2014 онд нэгдсэн байна.. Ураны химийн чиглэлээр ураны баяжмалыг цэвэршүүлэх, цөмийн түлш болгон хувиргах, цацраг идэвхт бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэж байна. 2017 оны 1 дүгээр сарын байдлаар уг үйлдвэр нь  200 гаруй ажилтантай  үйл ажиллагаагаа явуулж байна.

Уг үйлдвэрлэлийн талбай нь  200 га талбайтай  бөгөөд нийт 31 000 м 2 барилга байгууламж болон бусад жижиг дунд үйлдвэрүүдээс бүрдэнэ. Энэхүү бүсэд  нарны цахилгаан станц , арваад  суурин танк ,  ууршилтын төхөөрөмжүүд , бохир ус зайлуулах байгууламж, цацраг идэвхт хаягдалын талбай 1,000,000 м 3- ийг агуулдаг. 

Оранни групп нь Цөмийн энергитэй холбоотой уул уурхай, химийн, баяжуулах, түлш дахин боловсруулалт, инженерчлэл, цөмийн хөдөлгүүр, реактор, эмчилгээ, ураны нэгдлийг дахин боловсруулах, тогтворжуулах, задлах үйл ажиллагаа эрхэлдэг компани юм.

Оранни  группын үйл ажиллагаа нь  бизнесийн 5 бүлгүүдэд хуваагдаг юм байна. Үүнд:

  • Уул уурхай: Уран олборлох, олборлох, боловсруулах, нөхөн сэргээхтэй холбоотой үйл ажиллагаанууд,
  • Боловсруулах үйлдвэр: Уран боловсруулах, баяжуулах, цөмийн түлшний үйлдвэрлэл,
  • Реакторууд ба тоног төхөөрөмж: Цөмийн эрчим хүчний станц, хөдөлгүүрийн реактор, судалгааны реактор, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүдийг зохион бүтээх, үйлдвэрлэх,
  • Цөмийн энергийн цогц үйл ажиллагаанууд: Цөмийн циклийн эцсийн бүтээгдэхүүн хүртэл цөмийн түлшний дахин боловсруулалтаас цөмийн байгууламжийг буулгах хүртэл бүх үйл ажиллагаануд,
  • Сэргээгдэх эрчим хүч: Салхины эрчим хүч, био эрчим хүч, нарны эрчим хүч, устөрөгчийн эрчим хүч, эрчим хүчний хэмнэлт бүхий эргэлтийн эрчим хүчний үйлдвэрүүд

Төлөөлөгчид тухайн группын удирлага болон албаны хүмүүстэй ураны тээвэрлэлт, гадаргын  болон гүний усны аюулгүй байдал, тухайн группын нийт хөрөнгө оруулалт болон оршин суугчдын хооронд үүсдэг үйл ойлголцол, маргааны талаар ярилцан санал бодлоо солилцсон. Ураны эрэл хайгуул нь байгаль орчинд ямар ч хор нөлөөлөлгүй, харин цацраг идэвхт хүдрийг боловсруултанд оруулж гар нунтагаас эцсийн бүтээгдэхүүн болон тана өнгөтэй химийн урвалж гаргаж авах хүртэл үйл явцад хатуу хяналт тавигддаг байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)