Байгаль хамгаалахын харанга дэлдсэн зохиолч ах минь

ХХ зуун, ХХI зууны эхэн үеийн Монголын уран зохиолд арилашгүй тод мөрөө үлдээсэн баруун монгол түмнээс төрж гарсан нэрт зохиолчдын нэг бол Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын Гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт Бөхийн Бааст ах маань билээ. Уншиж, бичиж туурвихын гандан буурашгүй үлгэр дууриалал болсон их бичгийн хүн буурал ах маань 98 нас хүртлээ, үзэг, цаасаа хоромхон ч хойш үл тавин ажилласаар, зохиолчдын байгууллагынхаа 90 жилийн ойг үзэж, бурхны оронд дэвшлээ.

Буянтай буурал маань 100-гийн босгонд хүрсэн насны сүүдэр зооглож, ажил, амьдралын урт зам туулж, 80 гаруй жил уран бүтээл туурвихдаа Монголын уран зохиолд баруун монгол, ойрад түмний аж амьдрал, ахуй, зан заншил, ёс жаягийн талаар нийт монгол туургатан түмний төдийгүй дэлхийн уран зохиолд Монголын зохиолчийн гэх нэгэн хуудас нээсэн олон зохиол нэмэрлэсэн гавьяатай. Уран бүтээлчийнх нь онцлогийг бүхэлд нь авч үзвэл яруу найрагч, үргэлжилсэн үг, жүжиг, хүүхдийн зохиолч, нийтлэлч, судлаач, шүүмжлэгч, сэтгүүлч, орчуулагч байж, уран бүтээлээ маш өргөн цар хүрээнд туурвиж ирснийг монголын болон гадаадын утга зохиолын судлаачид аль эртний үнэлж дүгнэсэн байдаг.

Тэрбээр 1930-аад оноос уран бүтээлээ эхэлж, 1940-өөд оноос “Чамайг үдье”, “Хургачин”, “Миний эх орны өглөө”, “Намрын шөнө” зэрэг нийтэд алдаршсан дууны шүлэг, “Алтай” магтуу, “Үнэн ба гэрлийн тухай дуун”, “Тэмээний тухай лекц” зэрэг найраглал, “Сибирь”, “Ээвийн голын дуулал” зэрэг өвөрмөц бичлэг, хэлбэртэй олон шүлэг-яруу найргийн бүтээл туурвиж, “Ийм нэгэн хаан байжээ”, “Мандухай цэцэн хатан”, “Цогийн идэр нас”, “Арвижихийн гэр бүл”, “Хань нөхөд” зэрэг жүжгийн зохиолыг Ц.Цэдэнжавтай хамтран бичиж, Улсын төв театрын тайзнаа тоглуулж, маршал Х.Чойбалсангаас магтаалын үг сонсож, 1950-аад оноос хүүрнэл зохиолоор дагнаж, “Цогт”, “Гэнэн хонгор цаг”, “Хүрлээ”, “Дарьсүрэн” зэрэг томоохон тууж бичиж, “Гурван ишиг”, “Халзан бухандай”, “Чоно”, “Бороо”, “Шарга даага”, “Шадивлин зуслангийн өгүүллэгүүд”, “Елдэн саарал” нэртэй хүүхдэд зориулсан олон ном хэвлүүлж, үргэлжилсэн үг, нийтлэл, баримтат зохиолын төрөлд гаршсан зохиолч болохоо үе үеийн уншигчдад таниулсан юм. Зарим судлаач зохиолчийн “Цогт” туужийг Монголын уран зохиолын түүхэнд гарсан анхны роман ч гэж үздэг байна. Түүнчлэн “Алтайн жимээр”, “Алтайн цэцэг”, “Хяруу унасан цагаар”, “Бушуу туулай”, “Хүний сайхан сэтгэл”, “Алтайн хоёр өнгө”, “Алтан хурга”, “Хунгийн дууль”, “Алтайн хөх дөнөн”, “Намрын уянга” нэртэй тууж, өгүүллэг, нийтлэлийн, “Одтой тэнгэрийн дор”, “Миний эх орны өглөө” яруу найргийн зэрэг нийт 150 гаруй ном хэвлүүлж, Монголын уран зохиолд монгол түмний амьдрал, аж байдлыг олон талтай тусгасан бүтээлээрээ жинтэй хувь нэмэр оруулжээ.

Ялангуяа, зохиолчийн байгаль хамгаалах сэдвээр бичсэн “Хангайн бор”, “Бэлтрэг Дорж”, “Хөвчийн бор”, “Элдэв учрал”, “Хадхүү, Батхүү хоёр” туужууд нь Монголын уран зохиолын 1970-аад оны тууж бичлэгийн төрөл зүйлээр шинэ сэдэв хөндөж, шинэ өнгө аясыг оруулж ирсэн гэж судлаачид өндөр үнэлжээ. Зохиолч энэ сэдвээр хожим ч идэвхтэй туурвиж “Дэлт саарал”, “Сүүлчийн хулан”, “Ганц хонгор азарга” болон бусад олон бүтээлээрээ хүн, амьтан, байгалийн мөнхийн амин холбооны эмзэг асуудлыг хөндөж, өргөн утгаар манай цэнхэр нүдэн гаригийг нөмөрч буй экологийн доройтол, магадгүй сүйрлийн аюулаас урьдчилан сэргийлэх, яаралтай арга хэмжээ авахыг сануулсаар, ямагт анхааруулсаар ирсэн билээ. Тэгвэл өнөөдөр зохиолчийн Монголд ардын боловсролын салбар үүсч хөгжсөн түүхэн замнал, байгаль хамгаалах сэдэвт зохиолуудаар нь их, дээд сургуулийн эрдэмтэн багш, оюутан, магиструуд эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж, эрдмийн зэрэг хамгаалахаар судалж, ажиллаж байна. Б.Бааст ахыг “Монголын байгаль хамгаалахад харанга дэлдсэн түүчээ зохиолч” гэж үнэлэн, нэгэнтээ БОЯ-ны сайд асан, доктор З.Батжаргал өөрөө дуудаж “Байгаль орчны тэргүүний ажилтан” цол, тэмдэг олгож байсан гэдэг. Энэ нь зохиолчийн маань уран бүтээл монгол эх орон, түүний ариун дагшин байгаль, ан амьтныг хамгаалахад онцгой анхаарал хандуулж, хүн ардаа, нэн ялангуяа, хүүхэд, залуусаа эх оронч үзэл,  сэтгэлээр хүмүүжүүлэхэд  онцгой үүрэг гүйцэтгэж буйг өндрөөр үнэлсэн явдал юм.

Тэрээр Баян-Өлгий аймгийн казах зохиолчдын бүтээлээр “Таван Богдынхны дуу”, “Ногоон дэнж”, “Таван Богд”, “Цаст Алтайн уянга” нэртэй дөрвөн ном, мөн Б.Ахтааны “Түүвэр зохиол”, М.Хурманхааны “Түүвэр зохиол”, Д.Даниялын “Сая зүрх” шүлэг, найраглал, Н.Черяздааны “Бартаат зам” өгүүллэг, тууж, Х.Даяны “Гүлсим” шүлэг, найраглал, Ж.Аргамбайн “Мэнгэт гоо” шүлэг, найраглал, Б.Имаашханы “Аянгат өдрүүд” шүлэг, найраглалын 20 гаруй ном, мөн бусад казах яруу найрагч, зохиолчдын олон арван шүлэг зохиолыг, түүний дотор ХХ зууны Монголын зохиолчдын 10 шилдэг найраглалын нэг болох Б.Ахтааны “Бүргэд” нэртэй туульсын найраглал, түүнчлэн “Бага насаа дурсан сананам”, “Досымбек Балхия хоёр” зэрэг томоохон найраглал, М.Хурманхааны жүжгүүдийг яруу сайхан орчуулж, редакторлаж, хэвлүүлсэн нь манай казах хэлний уран зохиолыг монгол уншигчдад танилцуулахад чухал үүрэг гүйцэтгэж, эдүгээ Монголын казах уран зохиолын бүхэл бүтэн номын санг буй болгожээ.

Харин зохиолчийн уран бүтээл  хуучин ЗХУ, бусад социалист оронд хэвлэгдэж, “Хүрлээ болон бусад өгүүллэгүүд” нэртэй өгүүллэг, туужийн томоохон ном нь 196З онд Москвад хэвлэгдсэн нь Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгчид болох Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн нарын дараа манай зохиолчдоос хилийн чанадад бие даасан номоо хэвлүүлсэн зохиолч гэж үнэлэгддэг билээ.

МЗЭ-ээс эрхлэн хэвлүүлсэн “Монголын уран зохиолын дээжис” цувралын 108 ботийн 80 дахь болж, зохиолчийн 80 насны ойд зориулагдаж, зохиолчийн шилдэг бүтээлээс сонгож “Уйтай сэрүүн намар” нэртэй нэг боть нь 2000 онд, мөн 2006 онд тус тус хэвлэгджээ. Номын оршил үг болох өмнөтгөлийг манай нэрт зохиолч, утга зохиолын судлаач, эрдэмтэн Д.Цэдэв бичжээ. Мөн ботиудад зохиолчдын “Цаасан шувуу” хэмээх захидлын зургаан ботийг эмхтгэн хэвлүүлсэн нь уншигч, үзэг нэгт нөхдийнх нь талархлыг зүй ёсоор хүлээж, энэ нөр хичээнгүй ажлыг үргэлжлүүлэн хийж, сүүлийн үед Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, Д.Намдаг, Ч.Чимэд, С.Удвал, Э.Оюун, О.Цэнд нарын нэгэн үеийн суутнуудынхаа тухай дурсамжийн номуудаа бичиж хэвлүүлсэн билээ. Үүнээс гадна зохиолчийн өөрийнх нь өмнө хэвлэгдээгүй бүтээлээ 22 ботиор гаргасан нь социалист Монголын ард түмний аж байдал, хөгжил дэвшлийн бүтэн жарны түүхийн амьд хөрөг зураг болж манай шинэ үеийн уншигчдын оюуны баялгийн хүрээг тэлсээр байна.

 

“Алтайн ноёлог уулс, ахан дүү олуул юм,

Алдарт Таван богд, ах нь болон сүндэрлэдэг юм,

Ага Иыгын нутаг- Хөх сүмбэр оргил дүү нь билээ,

Авхаалжит монгол залуус, тугаа тэнд мандуулсан юм…”

Энэ дөрвөн мөр бол казах түмний суу билэгт хүү, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, жүжгийн зохиолч Бабыйн Ахтааны “Бүргэд” найраглалын төгсгөлийн хэсэг юм. Найраглалыг Б.Бааст ах яруу сайхан орчуулсан гэдгийг дээр дурдсан. Яриангүй, Алтайн ноёлог уулс ахан дүү олуул юм. Алтайн зохиолчид бас олуул юм. Харин Б.Бааст зохиолч ах маань Монголын их утга зохиол дахь Алтайн мөнгөн дуулгат оргилуудын нэг Хөх сүмбэр оргил даруй мөн.

Монгол Улс XX-XXI зуунд социалист болон ардчилсан нийгэм байгуулах их үйлсийн биет гэрч болж, бүтэн 80 жил биеийн ажлжаалыг үл умартан он жил улирах тусам улам бүр үнэд орох бүтээл туурвиж, Монголын зохиолчдын байгууллагын хойморьт хүндтэй суудал эзлэн, нэгэн зууны “Амьд архив” гэж нэрлэгдэн, уншиж, бичиж туурвихын гандан буурашгүй их үлгэр дууриалал болсон, буянтай буурал ах минь Та эдүгээ бурхны оронд дэвшиж, мөнхрөлийн босгыг үүрд алхвай.

 

Ум сайн амгалан болтугай.

Газарзүйн ухааны доктор (Ph.D) Х.ХАНГАЙСАЙХАН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)