"Эрдэнэс Монгол" ХХК уул уурхайн менежментээр бүс нутагтаа өрсөлдөнө

Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордууд дахь төрийн төлөөллийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй “Эрдэнэс Монгол” ХХК 2018 онд таван жилийн стратегиа шинэчлэн баталсан билээ. Энэ хүрээнд байгалийн нөөцийг үр ашигтайгаар олборлох, уул уурхай, дэд бүтэц, эрчим хүчний салбарт урт хугацааны оновчтой хөрөнгө оруулалт хийх замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахын зэрэгцээ бүс нутгийн хэмжээнд өрсөлдөх чадвартай хөрөнгө оруулалт, менежментийн компани болох үндсэн зорилготой ажиллаж байна.

Монголын эдийн засгийн өрсөлдөх чадварын гол суурь болсон Оюутолгой ордын 34 хувийг эзэмшдэг “Эрдэнэс Оюутолгой” болон хүрэн нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит “Багануур”, “Шивээ-Овоо” хувьцаат компанийн толгой аж ахуйн нэгжийн хувьд “Эрдэнэс Монгол” ХХК нь олон улсад өрсөлдөх чадвар бүхий хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэгч томоохон компани болохоор алсын хараагаа тодорхойлов.

Алсын хараа гэдэг бол тухайн компанийн ирээдүйг маш өргөн хүрээнд ямар байдлаар харж, мэдэрч, төсөөлж байгаа дүр зураг юм. Товчхондоо, алсын хараа бол компанийн урт хугацаанд тавьж буй зорилт юм. Тэгвэл “Эрдэнэс Монгол” ХХК стратегийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулахаас гадна уул уурхай дагасан дэд бүтцийн томоохон төслүүдийг эхлүүлж, хөрөнгийн оновчтой удирдлагыг хэрэгжүүлэхээр зорьж байгаа юм. Түүнчлэн Засгийн газраас Асгатын алт, мөнгөний ордын ашиглалтын лицензийг “Эрдэнэс Монгол” компанийн мэдэлд шилжүүлсэн нь стратегийн ач холбогдолтой ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах төрийн бодлогын алсын хараа, үйл ажиллагааны цар хүрээг зүй ёсоор тэлэх үүрэг даалгавар боллоо.

2007 онд байгуулагдсан “Эрдэнэс Монгол” компани сүүлийн жилүүдэд үйл ажиллагаандаа олон улсын стандарт, туршлагад тулгуурласан бизнесийн ёс зүй, компанийн засаглалын ил тод зарчмыг баримталж ажиллаж байгаа гэдгийг тодотгох нь зүйн хэрэг байх. Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр “Эрдэнэс Монгол” компани охин болон хараат компаниудынхаа үйл ажиллагааг сайжруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх, алдагдлыг багасгаж ашигтай ажиллуулах, үйл ажиллагааны менежментийг чадавхжуулах төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Уг төслийг хэрэгжүүлснээр нэгдэл компанийн хэмжээнд нэгдсэн санхүүгийн удирдлага, ханган нийлүүлэлт, хөрөнгө оруулалтын болон төслийн менежментийг бүхэлд нь хамарсан цогц удирдлагын систем бий болох бөгөөд ингэснээр гадаад зах зээлээс хөрөнгө татах боломжтой болж байгаа юм.

Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Монгол Улсын эдийн засагт үзүүлсэн хувь нэмэр тасралтгүй тэлсээр байгааг онцлохын зэрэгцээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг олон улсын санхүүгийн зах зээлд хувьцаагаа арилжих хүртэл нь дэмжлэг туслалцаа үзүүлсээр байгааг дурдах хэрэгтэй. Тухайлбал, олон улсад менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг томоохон компани болох “McKinsey and Соmpаnу”-тай 2010 оноос түншилж, олон улсын банк санхүүгийн байгууллага, хөрөнгийн биржээр дамжуулан дэлхийн зах зээлд хөрөнгө босгохтой холбоотой зөвлөмж боловсруулсан юм. Үүний үр дүнд “Эрдэнэс Тавантолгой” ХК IPO хийх бэлтгэл ажлаа үндсэндээ хангачихаад байна.

“Эрдэнэс Монгол” нэгдэл 2016 онд 682.7 тэрбум, 2017 онд 1.4 их наяд, 2018 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 296.6 тэрбум төгрөгийн орлоготой ажиллалаа. Зөвхөн 2017 онд гэхэд төлөвлөснөөс 170 орчим тэрбум төгрөгийн илүү ашигтай ажиллаж, цэвэр ашгийн хэмжээ 481.8 тэрбум төгрөгт хүрснийг онцолъё. 2016 онд Монгол Улсын төсөвт 104.7 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлсэн нь улсын татварын нийт орлогын 2.1 хувьтай тэнцсэн бол 2017 онд энэ үзүүлэлт 4.5 хувь болж нэмэгдсэн юм. Өнгөрсөн оны хувьд улсын төсөвт 278.5 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүллээ.

Зөвхөн ашиг олохын зэрэгцээ үйл ажиллагааны зардлыг хэмнэх, үр ашгийг дээшлүүлэх, олон улсын стандартыг нэвтрүүлэх гэх мэт бодлогын шинжтэй олон шийдвэрийн үр дүнд “Эрдэнэс Монгол” нэгдлийн цэвэр ашиг жил ирэх тусам нэмэгдэж ирсэн юм. Харин Засгийн газрын 2018 оны 245 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт шилжүүлснээр санхүүгийн үзүүлэлтүүд тодорхой хэмжээнд буурсан юм.

“Эрдэнэс Монгол” ХХК нь охин компаниуд болон хараат компаниудынхаа үнэ цэнийг нэмэгдүүлэх, ашигт ажиллагааг сайжруулахаар зорьж байна. Энэ хүрээнд Засгийн газрын 2018 оны 132 дугаар тогтоолоор “Багануур” болон “Шивээ-Овоо” ХК-ийн урт болон богино хугацаат өр төлбөрийг барагдуулах, уурхайнуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр үүрэг хүлээсэн бөгөөд энэ дагуу хэд хэдэн ажлыг хийж хэрэгжүүлж байна. Тухайлбал, уурхайнуудын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхийн тулд техник технологийн шинэчлэл хийх зайлшгүй шаардлага бий. Урьдчилсан тооцоогоор “Багануур” ХК-ийн техникийн шинэчлэл, уурхайн өргөтгөлийн төсөлд 178.5 сая ам.доллар хэрэгтэй бол “Шивээ-Овоо” ХК-ийн хувьд 120 сая ам.доллар шаардлагатай байгаа юм.

Иймд дээрх төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг гадаад, дотоодын эх үүсвэрээс санхүүжүүлэхээр эрэлхийлж буй. Энэ хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК олон улсын банк, санхүүгийн байгууллага, АНУ-ын ЭКСИМ банк, Канад улсын Экспортыг дэмжих агентлаг, БНХАУ-ын ЭКСИМ банк, Английн Экспортын санхүүжилтийн байгууллага, Японы Олон улсын хамтын ажиллагааны банк зэрэг хөгжлийн түншүүдтэй хамран экспортын шугам нээхээр ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Япон улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр тус улсын Олон улсын хамтын ажиллагааны банктай уулзалт хийж, Экспортын зээлийн шугам нээх төслийг Ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэхээр санал солилцсон. “Багануур” болон “Шивээ-Овоо” ХК-ийн санхүүгийн нөхцөл байдал, стратегийн ач холбогдлыг харгалзан үзэж, зээлийн нөхцөлийг нэн хөнгөлөлттэй болгохоор судалж байгаа юм. Иймд зээлийн хэлэлцээрт оруулан “Эрдэнэс Монгол” ХХК Японы Олон улсын хамтын ажиллагааны банктай шууд гэрээ байгуулан ажиллах асуудлыг УУХҮЯ-аар дэмжүүлэн Сангийн яамтай зөвшилцөж байна.

Хэрэв зээлийн хэлэлцээрт өөрчлөлт оруулж чадвал шаардлагатай хөрөнгө оруулалтыг татаж, нийслэлчүүдийг эрчим хүчний нүүрсээр тасралтгүй хангаж ирсэн ууган уурхай болох Багануур болон Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний уурхайд техник технологийн шинэчлэл хийж, цаашид хэвийн, найдвартай үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.

Харин дотоодын буюу Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр дээрх төслийг мөн хэрэгжүүлэх боломжит эх үүсвэрийн судалгааг хийж байна. Үүнээс гадна дээрх хоёр компанийн нэмэлт хувьцааг дотоодын хөрөнгийн биржээр арилжихаар төлөвлөж байна. Гэхдээ дотоодын зах зээл дээр IPO хийхээс өмнө төвийн бүсийн эрчим хүч үйлдвэрлэгчдийн нүүрсний хэрэглээний 90 гаруй хувийг хангадаг стратегийн чухал ач холбогдолтой “Багануур” болон “Шивээ-Овоо” ХК-ийн урт хугацаат өр төлбөрийг барагдуулах зайлшгүй шаардлага байгаа юм. Иймд “Эрдэнэс Монгол” ХХК-аас холбогдох яамдтай хамтран Ажлын хэсэг байгуулан ажиллаж, урт хугацаат өр төлбөрийг шийдвэрлэх санал, дүгнэлтийг боловсруулаад байна.

Үүнээс гадна уул уурхай дагасан дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхээр зорьж буйг дээр дурдсан. Тодруулбал, нүүрсний давхаргын метан хийг эдийн засгийн эргэлтэд оруулахаар ажиллаж байна. Нүүрсний аж үйлдвэрийн салбарт метан хийг боловсруулах өртөг зардлыг бууруулах санаачилгуудыг хэрэгжүүлэх нь эдийн засаг, байгаль орчны ихээхэн ашиг тустай.

Тухайлбал, уурхайн аюулгүй ажиллагаа сайжирч, бүтээмж мэдэгдэхүйц нэмэгдэхийн зэрэгцээ хүлэмжийн хийн ялгарал багасаж, ашиг орлогыг нэмэгдүүлнэ. Метан хий нь дулаан ялгаруулалтаараа нүүрснээс 2.5, шатахуунаас 1.2 дахин өндөр. Метан хийг ашиглаж эрчим хүч, дулаан үйлдвэрлэх нь нүүрс ашиглаж эрчим хүч үйлдвэрлэхээс зардлын хувьд хоёр дахин хямд байдаг. Мөн нэг сая шоо метр нүүрсний давхаргын метан хий 1,300 тн сайн чанарын нүүрсийг хэмнэх боломж олгодгоороо давуу талтай.

Шатдаг хийн салбарыг хөгжүүлэх нь дэлхийн дулаарал, түүний дотор манай улсын хот суурин газрын тулгамдсан асуудал болох агаарын бохирдлыг бууруулах онцгой ач холбогдолтой. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Монгол Улс анх удаа нүүрсний дав-харгын метан хийг эдийн засгийн эргэлтэд оруулах алхам болох юм.

Мөн стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн коксжих нүүрсний ордыг түшиглэн зах зээлийн нөхцөлд тогтвортой, эдийн засгийн эерэг эргэлттэй ажиллаж чадах кокс, хими, ган төмөрлөгийн үйлдвэрлэлийг амжилттай хөгжүүлэх чиглэлээр “Эрдэнэс Монгол” ХХК болон “Бэрэн групп” хамтарч байна. Хамтын ажиллагааны хүрээнд жилд 500 мянган тонн хүртэл металлургийн кокс, химийн бүтээгдэхүүн, 300 мянган тонн ган төмөрлөг үйлдвэрлэх хүчин чадал бүхий бүрэн хэмжээний цогцолбор үйлдвэр барьж байгуулна.

Энэ төслийн эдийн засгийн анхан шатны тооцоо судалгаа хийх, төсөлд шаардлагатай хөрөнгө оруулалтыг босгох зэрэг ажлуудыг хамтран хэрэгжүүлэх юм. Кокс, хими, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэрийг байгуулснаар олон улсын металлургийн чанар, стандартын дагуу металлургийн кокс, бензол, аммиак, фенол, битумен, хүхрийн хүчил болон илүүдэл коксын хийгээр цахилгаан эсвэл шингэрүүлсэн хий, арматур, барилгын бусад ган төмөрлөг бүтээгдэхүүн, ган бөмбөлөг зэрэг бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж, дотоодын зах зээлийг бүрэн хангах боломжтой болно.

Эдгээрээс гадна уул уурхайн бүтээгдэхүүний жишиг үнийг бодитой болгох замаар салбарыг хөгжүүлэх зорилгоор Эрдэс баялгийн бирж байгуулахаар болсон. Уг бирж байгуулагдсанаар зөвхөн дотоодын эрдэс баялгийн үнийг зохистой болгоод зогсохгүй бүс нутгийн хэмжээнд уул уурхайн бүтээгдэхүүний худалдаанд оролцох боломж бүрдэх билээ. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн өнгөрсөн жилүүдэд хийсэн онцлох ажил, ирээдүйд хийхээр төлөвлөсөн ажлуудыг багцлан хүргэлээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)