Л.Нямбаяр: 21 км авто замын даацыг нэмэгдүүлж чадвал нэг машинд 70 тонн биш, 110 орчим тонн нүүрс ачих боломж бүрдэнэ

Монголын нүүрсний экспортын гол гарц болсон Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын хатуу хучилттай авто замд хийж буй бүтээн байгуулалтын ажлын талаар “Эрдэнэс Монгол” компанийн Дэд бүтэц, ложистикийн газрын дарга Л.Нямбаяртай ярилцлаа. 

-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд энэ жил хэчнээн машин нүүрс тээвэрт явж байгаа вэ. Замын даац 6,000 тээврийн хэрэгсэл зорчуулах хэмжээтэй ч АТҮТ 10,000 хол давсан зөвшөөрөл олгосон байдаг. Үүнийг зохицуулахад “Эрдэнэс Монгол” ХХК хэрхэн анхаарч байна вэ?

-Эрэлт, нийлүүлэлт, замынхаа ачааллыг бид судлахад 7,000 орчим машин байхад тээврийн үйл ажиллагаа саадгүй явах нь гэж тооцоолсон. Өнөөдрийн байдлаар 13 мянган машин нүүрс тээвэрт явж байгаа. Энэ машинууд бүгд зам дээр гарчихаар өөрөө ч явдаггүй, өрөөлийг явуулахгүй зогсчихоод байгаа юм. Үүнтэй холбоотойгоор бид энэ оны эхэнд АТҮТ-өөс олон улсын тээврийн С зөвшөөрлийг ямар хэмжээнд олгох талаар лавлахад 5200-г өгнө гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, Цагаан хаданд буулгасан нүүрсийг цааш боомт руу гаргах зөвшөөрөл бүхий машины тоо гэсэн үг. Мэдээж 7,000 дотроо хязгаартай байвал тээврийн нэвтрүүлэх чадвар илүү байна. 

-Замын эвдрэл гэмтлээс болж жолооч нарын аюулгүй байдал хөндөгддөг. Зам, дэд бүтцийг сайжруулах чиглэлээр ямар ажил төлөвлөж байна вэ?

-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн зам бол нийслэл, орон нутгийн зам биш. Ачсан 70 тонн нүүрстэйгээ нийлээд 90 гаруй тоннын жинтэй машинууд өдөр тутам тасралтгүй явснаар ачаалал ихсэж, эвдрэл үүсдэг. Тийм ч учраас “Эрдэнэс Монгол” ХХК 2019 онд зам засварт анхаарч байгаа. Тухайлбал, бид өнгөрсөн хугацаанд хийж байсан замын өнгө хучилтаас 5 дахин илүү буюу 45 км замын асфальтыг шинээр хийнэ. Одоогоор нээлттэй сонгон шалгаруулалтаа зарлачихсан байгаа. 

Мөн өнгөрсөн хугацаанд хүйтний улиралд зам засах боломжгүйгээс өвөл үүссэн эвдрэл машины хөдөлгөөнд томордог зовлон байсан. Тэгвэл бид хүйтэн асфальтын технологийг нэвтрүүлсэн. Ингэснээр өвөл ч байсан үүссэн эвдрэлийг тухай бүрт нь засаж, нөхөх боломжтой болсон. Эдийн засгийн хувьд ч хэмнэлт бий болно гэсэн үг.

Уг нь судалгаагаар энэ жил 60 гаруй тэрбум төгрөгийг зам засварт зарцуулах шаардлагатай ч боломж хараахан хүрэхгүй. Ямар ч байсан өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад хамаагүй илүү ажил хийхээр төлөвлөсөн. 

-Хучилтыг шинэчилнэ гэхээр даац сайжирна гэсэн үг үү?

-Мэдээж замын ТЭЗҮ-д тусгаснаас даац хэтэрвэл эвдрэх аюултай. Тиймээс бид Цагаан хаднаас боомт хүртэлх 21 км замынхаа даацыг нэмэгдүүлэх талаар судалгаа хийж байна. Хэрэв энэ 21 км авто замын даацыг нэмэгдүүлж чадвал нэг машинд 70 тонн биш, 110 орчим тонн нүүрс ачих боломж бүрдэнэ. Нэг машинаар экспортлох хэмжээг 50 хувь нэмэгдүүлж байна гэсэн үг. Ингэснээр байгаа машинаараа илүү их хэмжээний нүүрс экспортлох боломжтой болно. 

-2019 онд манай улс түүхэнд байгаагүй хэмжээний нүүрс экспортлохоор төлөвлөөд буй. Одоо байгаа дэд бүтцийн хувьд боломжтой юу?

-2019 онд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км хүнд даацын энэ замаар 23 сая тонн нүүрс тээвэрлэнэ гэсэн төлөвлөгөө гаргаад явж байгаа. Энэ хэмжээний нүүрсийг тээвэрлэхийн тулд менежментийн хувьд, бүтээн байгуулалтын дорвитой ажлууд шаардлагатай. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн замын ТЭЗҮ-гээр 18 сая тонн нүүрс экспортлох хүчин чадалтай. Өнгөрсөн жил бид 18.2 сая тонн нүүрсийг экспортолж, замын хүчин чадлыг 100 хувь ашигласан. Харин илүү их хэмжээний нүүрс экспортлохын тулд дэд бүтцийн төслүүдээ явуулах зайлшгүй шаардлагатай. 

-Боомтын нэвтрүүлэх хүчин чадлын хувьд өнөөдөр тулгамдсан асуудал байна уу?

-Олон жилийн дунджаар оны эхэнд буюу 1-4 дүгээр сард нүүрсний экспорт харьцангуй бага, 6-9 дүгээр сард хамгийн идэвхжилтэй үе байдаг. Оны төгсгөл рүү Хятадын талын импортын тоо хэмжээнээс хамаараад харьцангуй буурах тал гардаг. Одоогийн байдлаар экспортын буюу тээвэрлэлтийн хувьд оргил үед хараахан очоогүй байна. Өдөрт 800 орчим машиныг боомтоор нэвтрүүлж буй. Өнгөрсөн жил эд оргил үедээ бид өдөрт 1500-1600 машиныг нэвтрүүлж байсан.

-Нүүрс тээврийн жолооч машиндаа шатаж нас барсан хэрэг дахин гарлаа. Яагаад ийм осол ойрхон гараад байна вэ. Хэн энэ асуудлыг хариуцах ёстой вэ?

-Харамсалтай хэрэг гарсан. Хэргийн талаар тодорхой хэмжээний мэдээлэл авсан. Цагаан хадны ачиж, буулгах талбай дээр зогсож байсан машин техникийн асуудлаас болж шатсан гэсэн мэдээлэл авсан. 

Жолооч нартай тухайн нүүрс тээврийн компаниуд гэрээ байгуулдаг. Хамгийн сүүлийн тоогоор 172 компани нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулж байна. Энэ компаниудыг хариуцлагажуулах шаардлагатай нь эндээс харагдаж байна. Ялангуяа, техникийн бүрэн бүтэн байдал маш чухал гэдгийг өмнөх болоод энэ осол харуулж байна. 

-Тээврийн компаниуд яагаад аюулгүй байдлыг хангаж ажиллахгүй байна вэ. Үүнд хэн хяналт тавих ёстой вэ?

-Ерөнхийдөө стандартаараа бол нүүрс тээврийн компаниуд кэмптэй, ажилчдын амрах байртай, засварын төвэй, тэр нь анхан шатны болон засвар хийх боломжтой багаж тоног төхөөрөмжөөр хангадсан байх ёстойгоос гадна тэнд ажиллах инженер техникийн ажилчдаар хангагдсан байх ёстой. Ажилд авч байгаа жолооч нар нь мэргэшсэн байх ёстой. Ингэж байж аюулгүй тээвэр хийх боломж бүрдэнэ. Гэтэл стандарт хангалгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд байна. Жишээ нь, тоормосны систем доголдсоноос болоод нэлээд осол гарч байгаа. 

Тэдгээр компани ашиг олж буйн хувьд тодорхой хариуцлага хүлээх ёстой. Тиймээс энэ хариуцлагыг сайжруулах шаардлагатай байна. Хяналтын хувьд техникийн асуудлуудыг Авто тээврийн үндэсний төв хариуцна. 

Ер нь Монгол Улсад явж байгаа авто тээврийн хэрэгсэлд жилд нэг үзлэг оношилгоо хийдэг шиг нүүрс тээврийн машинуудыг жилийн дөрвөн улирал бүр үзлэгт оруулдаг байх шаардлагатай болжээ. Өвөл явж байсан машин зун өөр, зун зүгээр явж байсан машин өвөл халаалт нь ажиллахгүйгээр гааз бүхээгтээ ашиглах асуудал үүсэж байна. Тиймээс техникийн бүрэн бүтэн байдал чухал. 

-Энэ ажлыг хэн хийх ёстой вэ. Жолооч нар хөдөлмөрийн чадвараа алдахад компани ч тоодоггүй, нөхөн олговор ч олддоггүй хохирох тохиолдол цөөнгүй гарсан.

- Энэ бол монгол хүний асуудал. Цаашлаад улсын асуудал. Тиймээс тал талын субьектүүд хамтарч, анхаарч ажиллах шаардлагатай. Яагаад гэвэл тэнд монгол хүн хөдөлмөрийн гэрээгээр нэг компанид ажиллаж, нийгмийн даатгал төлөөгүйгээсээ болж мэргэжлээс шалгаалах өвчин, хөдөлмөрийн чадвараа алдахаараа нөхөн олговор авч чадахгүй байгаа юм.

“Эрдэнэс Монгол” компани ямар ч байсан санаачилга гаргаад өөрсдөөс хамаарах зүйлсийг хийж байгаа. Тээврийн компаниудыг нийгмийн даатгалжуулахаар удахгүй шалгалт эхлүүлэх гэж байна. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг сурталчлан таниулах хүрээнд тээвэрлэлт хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах, аян зохион байгуулах, сургалт хийх гэж буй. Мөн жолоочид ямар нэгэн асуудал үүсэхэд зарим газар гар утасны сүлжээ алга. Тог цахилгаан байхгүй. Тиймээс Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто зам дагуу хэсгийг бүхэлд нь сүлжээтэй болгохоор “Юнител” компанид хүсэлт тавьсан. Эрүүл мэндийн үзлэгийг энэ жил мөн хийхээр төлөвлөөд ЭМЯ, орон нутгийн Эрүүл мэндийн газартай хамтраад ажиллаж байна.

Нэгэнт энэ зам Монгол Улсын хувьд стратегийн маш чухал ач холбогдолтой, нүүрсний экспортоос манай эдийн засаг хамаардаг учраас нөхцөл байдлыг сайжруулахын тулд тал талд анхаарах шаардлагатай байгаа. 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)