Хоолоо хурдан идэхээ боль

Удаан идэж сурахад тань туслах 6 зөвлөгөө

Хоолоо хурдан иддэг хүн их идэх хандлагатай байдаг. Хэрвээ та ямагт бусдаас түрүүлж хоолоо идэж дуусгадаг бол хурдан иддэг зуршлаасаа салахад тань туслах дараах 6 зөвлөгөөг танд хүргэж байна.

Удаан идэж, хооллох зуршлаа сайжруул

Ээлжээр хоолло

Бүх хоолоо нэг тавган дээр овоолж суухын оронд ээлж дарааллаар хооллохыг хичээ. Салад буюу ногоогоо эхний ээлжинд ид. Ингэснээр хоолныхоо хамгийн илчлэг багатай хэсгийг эхэлж идэн, гэдсээ цатгах боломжтой болно. Дараа нь үндсэн хоолоо ид. Хэрвээ хоолоо бүгдийг нь идэж дуусгах цаг хугацааны боломж байхгүй бол (ажил дээр үдийн цайны завсарлагын үеэр гэх мэт) цагтаа амжиж хооллох гэж сандрахын оронд хоолныхоо үндсэн хэсгийг идээд, үлдэгдлийг нь дараа зууш болгон хэрэглэхээр хадгалж болно.

Бага багаар хазаж ид

Хүн хэдий чинээ том хазна, төдий чинээ хурдан иддэг. Бага багаар хазаж идвэл хоолоо удаан идэх боломж гарахын зэрэгцээ тархинд мэдээлэл очих хугацааг нөхөхөд тусална. Хэрвээ зүсэж идэх хоол бол идэх явцдаа зүсэх хэрэгтэй. Хэрэв эхлээд бүгдийг нь жижиглэж зүсвэл идэж дуусгахад хэтэрхий хялбар болно.

Эслэг ихтэй хүнс түлхүү хэрэглэ

Эслэг ихтэй хоол нь эслэг багатай хоолыг бодвол сайн цатгахаас гадна идэхэд илүү их хугацаашаарддаг. Жигнэмэг, нарийн боовтой харьцуулахад боловсруулаагүй жимс, хүнсний ногоо, бүхэл үр зэргийг илүү их зажилж идэх болдог тул эдгээр нь хүний идэх хурдыг сааруулдаг.

Аманд байгаа хоолоо зажилж дуусаад залгих хүртлээ халбагаа хоолондоо бүү дүр

Хурдан иддэг хүмүүс аманд буй хоолоо идэж дуусаагүй байхдаа хоолоо дахин халбагадан, амандаа хийдэг. Хэрэв та ингэдэг бол дарааллаа өөрчлөх хэрэгтэй. Зажилж дуусаагүй байхдаа дахин халбагадаж амандаа хийх бус харин эхлээд “зажилж дуусаад залгиад”, дараа нь “дахин халбагадах” нь зүйтэй.

Үмхэлт хооронд халбага сэрээ болон гараар барьж иддэг хоолоо доош тавь

“Жирийн” зүйл мэт санагддаг болтол нэлээд хугацаа шаардах өөр нэг зуршил бол энэ. Гэхдээ хийж сурвал танд үнэхээр хэрэг болно. Өмнөх хэсэгт дурьдсан “залгих – хоолоо халбагадах – амандаа хийх” тактикийг хэрэгжүүлж нэгэнт заншсан бол та үүн дээрээ 2 алхмыг нэмж хэрэгжүүлж сурах хэрэгтэй. Үүнд:  “залгих – халбага/сэрээгээ ширээн дээр тавих – халбага/сэрээгээ авах – хоолоо халбагадах/сэрээдэх – амандаа хийх”. Хэрэв та бургер, сэндвич мэтийн халбага, сэрээ орохооргүй хоол идэж байгаа бол шууд барьж байгаад идэж дуусгах хүслээ хязгаарлахыг хичээгээрэй. Түүний оронд дахин хазахаасаа өмнө тавган дээрээ буцаан тавьж сурахыг хичээгээрэй.

Хоолоо идэж байх явцдаа усыг байнга бага багаар уу

Хоолныхоо дундуур байнга ус ууж занш. Ингэснээр таны хооллох хурд саараад зогсохгүй хоолтойгоо хамт илүү их ус хэрэглэсний нөлөөгөөр та илүү сайн цадна.

***

Хоолоо удаан идэх нь жин хасахад нөлөөлдөг болох нь тогтоогдсон. Гэхдээ хүмүүсийн хувьд хоолоо байнга удаан идэж занших хэцүү. Жин хасах бусад стратегийн нэгэн адил үүнд сургуулилалт хэрэгтэй. Их ажлын дундуур удаан идэх гэж өөрийгөө хүчлэхийн оронд тусгайлан цаг гаргаж, тааваараа хооллох нь зүйтэй. Хамгийн сүүлд барианд орвол зөвд тооцогдох ганц уралдаан чинь хооллолт юм шүү дээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)