Т.Тунгалагтамир: Гэр бүлд чиглэсэн ажлыг эрчимжүүлнэ

Эрдэнэmийн Баяжуулах үйлдвэрийн захиргаанаас энэ оны эхний улиралд нийгмийн хариуцлага,  ажилчин хүний төлөө хийж хэрэгжүүлсэн ажлын талаар Хүний нөөцийн албаны дарга Т.Тунгалагтамиртай ярилцлаа.

     -Оны эхний гурван сард танай цех ажиллагчдынхаа нийгмийн асуудалд чиглэсэн ямар ажил амжуулав?
    -Компанийн хүний нөөцийн бодлогын хүрээнд өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулахаас гадна ажиллагчдад хандсан ажлыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулж байна. Бид цехийн Үйлдвэрчний эвлэл, Залуучуудын холбоо, Эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хамтран нэлээд ажил хийсэн. Хоёрдугаар сард Баяжуулах үйлдвэрт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, харж хандах хүнгүй, асран хамгаалах үр хүүхэд цөөтэй, хүнд өвчтэй, амьдралын бэрхшээлтэй хүмүүстээ дэм болох зорилгоор ажилчдын дунд сайн үйлсийн аян өрнүүлж, гурван ахмадад хандив хүргүүлсэн. Манай ажилчдад гэр бүлийнхний дэмжлэг хамгийн чухал. Тийм болохоор өнгөрсөн оны төгсгөл, энэ оны эхэнд Баяжуулах үйлдвэрт шинээр орсон ажилтнуудын ар гэрийнхнийг үйлдвэртэй танилцуулах аялал зохион байгууллаа. Тэднийг цехийн дарга хүлээн авч уулзаж ярилцсан. Үйлдвэрийн ажлын байрны нөхцөл байдалтай биечлэн танилцсанаар хань ижлээ халамжлах, сайн амрааж ажилд нь бэлтгэхэд чухал нөлөөтэй. Ар гэрийнхэн нь дэмжсэнээр ажилчид сэтгэл тайван хөдөлмөрлөнө, цаашлаад эрүүл мэндэд нь ч сайнаар нөлөөлнө гэж бид үздэг. Залуучуудын холбоо, Орхон аймгийн цусны төвтэй хамтран “Хүмүүст амьдрал бэлэглэе” уриатай үйл ажиллагааг уламжлал болгон жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулдаг. Гуравдугаар сарын гурванд болсон уг ажиллагаанд 20 гаруй ажилчин цусаа хандивлан, сайн үйлсийн аянд нэгдсэн. Аяны үеэр тус төвийн мэргэжилтнүүд хүрэлцэн ирж, цусаа хандивлах нь хүний алтан амь аврах, хүмүүнлэгийн ямар их ач буянтай үйлс болохыг тайлбарлан таниулсан. Энэхүү сайн үйлсийн аян нийгэмд тустай хүн байхыг залууст ухааруулсан хүмүүжлийн ач холбогдолтой ажил юм.

     -Танайх чийрэгжүүлэлтийн төвтэй болсон. Ямар шинэлэг ажил зохион байгуулж байна?
    -Хэсэг бүрийн нэрэмжит тэмцээнүүдийг чийрэгжүүлэлтийн төвдөө явуулж байгаа. Эрдэнэт сувиллын цогцолбортой хамтран “Эрүүл чийрэг ажилтан” хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ. Туршилтын журмаар даваа, лхагва, баасан гарагт суугаа ажилтай хүмүүсийг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн ажил  хийж байгаа.

     -Цаашдаа ажилчид тэдний гэр бүл рүү хандаж хийх ажлын талаар...?
    -Орхон аймгийн Хүүхэд гэр бүлийн газраас ирүүлсэн удирдамжийн дагуу Засгийн газрын тогтоол, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллана. Энэ хүрээнд ажилчдынхаа гэр бүл, үр хүүхдэд чиглэсэн ажлыг эрчимжүүлнэ. Манайх 1100 гаруй ажилтантай, түүний ард 1300 гаруй хүүхэд байдаг. Манай ажилчид үйлдвэрлэлийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангахаар өглөөнөөс үдшийн бүрий хүртэл 12 цагийн ээлжээр ажилладаг. Хүүхэд гэр бүлийн зөвлөлийг шинэчлэн зохион байгуулж, мэргэжлийн хүмүүсийг урьж, хүүхдээ хэрхэн зөв хүмүүжүүлэх талаар арга зүйн зөвлөмж өгүүлэх, нийгэмд тулгамдаж буй гэр бүлийн хүчирхийлэл зэрэг хурц асуудлаас урьдчилан сэргийлэхэд үйл ажиллагаагаа  чиглүүлнэ.

     -Шинэ ажилчдыг төлөвшүүлэх чиглэлээр ямар ажил хийж байна?
    -Шинэ ажилтан туршилтын гурван сарын хугацааг давж байж жинхэлдэг. Бид эхний хоёр сард ахмад, туршлагатай ажилтнуудад дагалдуулан ажлын байранд нь тасралтгүй сургалт явуулдаг. Тэдэнтэй бид ярилцлага хийдэг. Хамт олны дунд ороход  ямар байдал угтаж байна, цаашид юу хүсч мөрөөдөж байна, шинэ хүний нүдээр харахад ямар алдаа дутагдал байгаа талаар ярилцдаг. Мөн  дүрэм журам танилцуулах ажлыг байнга хийж байна. Түүнчлэн олон нийтийн ажилд  залуусаа  түлхүү оролцуулах бодлого барьдаг.

     -Аав, ээжийгээ залгамжлан ажиллаж буй залуусын талаар та юу хэлэх вэ? Зарим тохиолдолд тэднийг ажилдаа дур сонирхолгүй, үүнээс шалтгаалан ажилдаа хайрхрамжгүй ханддаг, цалгар назгай “нялцгай” гэх хүмүүс байдаг?
     -Нэг хоёр хүн ажилдаа хариуцлагагүй хандах, хөдөлмөрийн сахилга зөрчих, асуудал гарахад бүхнийг хамарсан ойлголт бий болгоод байна. Яг тулаад харьцахад шинэ ажилтан болгон тиймгүй. Сурагч, оюутны ширээнээс ажилчин болж буй хэнд ч мэдэхгүй, чадахгүй юм, алдаж онох зүйл гарна. Хүнд, тасралтгүй үйлдвэрийн хувьд ажлын нөхцөл хүндхэн, шөнө ээлжинд ажиллах гээд хэцүү зүйл тохиолдоно. Үүнийг даван туулж, ажилдаа нягт нямбай хандах, богино хугацаанд дадлагажих нь чухал. Сүүлийн үеийн залуус биеийн эсэргүүцэл муутай байх нь ажиглагдаж байна. Ажилд ороод жил болоогүй л хурц хэлбэрийн хүнд өвчлөл илэрч байна. Ийм тохиолдол хэд хэд гарсан. Суурь өвчтэй хүн  хүнд нөхцөлд ажилласнаас даамжирдаг байх. Иймээс шинээр ажилд орж буй хүмүүсийг эмнэлгийн нарийн мэргэжлийн үзлэг шинжилгээнд чанартай хамруулах хэрэгтэй гэж боддог.

     -Эрдэнэт үйлдвэрт хүн ажилд авахад ямар зарчим баримталбал зохистой гэж та үздэг  вэ?
   -Сонгон шалгаруулалт хамгийн үр дүнтэй, оновчтой арга. Шинээр ажилд ороход баяжуулагчийн мэргэжлээр туршлагатай хүн ховор ч цахилгаанчид, гагнуурчдын хувьд өөр салбарт, мөн гадаадад ажиллаж мэргэшсэн хүмүүс байдаг. Сонгон шалгаруулалтаар орсон хүмүүс мэргэжил, ур чадварын хувьд хамаагүй илүү гэдгийг инженер техникийн ажилтнууд, анхан шатны удирдлагууд батлан хэлдэг. Ажил мэргэжлийн уралдаанд ч тэд товойгоод гараад ирдэг.

     -Ярилцсанд баярлалаа.


Я.ЭНХТУЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)