Б.Мэндбаяр: Компанийг амьд организмтай жишиж “эмчлэх” нь дотоод аудитын үүрэг

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дотоод хяналт, мониторингийн албаны дарга Б.Мэндбаяртай ярилцлаа.

-Хариуцлагатай уул уурхайн үнэлгээний аргачлалаар компанийн үйл ажиллагааг үнэлэх ажлыг та бүхэн хийж байна. Энэ нь компанид ямар ашигтай вэ?

-“Эрдэнэс Монгол” компанийн нэг чухал үүрэг бол охин хараат компаниудынхаа  менежментийг сайжруулж үр ашгийг дээшлүүлэх юм. Тухайлбал, Багануурын уурхайн менежментийг сайжруулахын тулд хөрөнгө оруулж, зээл олгох нь бидний үүрэг гэж ойлгож болох ч, санхүүжилтийг “алт” болгох тогтолцоо тухайн компанид байна уу гэдгийг эхлээд харах ёстой. Өөрөөр хэлбэл, шаардлагатай санхүүжилтийг хийсэн ч,  тэр нь цоорхой уут шиг байвал ямар ч үр ашиггүй, тухайн компанид өр авчрахаас цаашгүй. Тэгэхээр нэн түрүүнд тухайн компанийн менежмент ямар түвшинд байна, ирээдүйд хаана очих вэ, ямар үйл ажиллагааг сайжруулах вэ гэдгийг хэмжиж үнэлэх нь маш чухал. Хэмжиж чадахгүй бол удирдаж чадахгүй ээ.

Аливаа байгууллагыг амьд организмтай зүйрлэдэг болсон. Энгийнээр тайлбарлавал, тухайн компанийг бие хүн гэж ойлгоё л доо. Тэгвэл элэг, зүрх нь сайн ажиллагаатай байсан ч, мэдрэлийн систем нь асуудалтай гэж оношилбол түүн рүү чиглэсэн эмчилгээг хийхгүй бол бусад эрхтэн рүү нөлөөлнө. Тэгэхээр оношоо зөв тавиагүй бол эмчилгээ үр дүнгүй болдогтой ижилхэн компанийн үйл ажиллагаа хаана доголдож буйг тогтоож, түүн рүү чиглэсэн арга хэмжээг авах шаардлагатай гэсэн үг. Үүний тулд бид Хариуцлагатай уул уурхайн шаардлагыг илүү нарийвчилсан үнэлгээний аргачлалаар тухайн компанийн тогтолцоог үнэлсэн гэж тайлбарлаж болох юм. Энэхүү аргачлалыг НҮБХХ-ийн Байгалийн нөөцийн тогтвортой удирдлагыг хангах байгаль орчны засаглал төслөөс гаргасан бөгөөд уул уурхайн компаниуд өөр өөрсдийн хэрэгцээнд тохируулан авч ашиглах бүрэн боломжтой.

-Энэ аргачлалыг Багануурын уурхай дээр хэрэгжүүлсэн гэж сонссон?

-Олон улсад олон аргачлал, стандарт хэрэгжиж байна. Компанийн хөгжлийн түвшин, ажлын байрны нөхцөл, салбараас хамаараад олон улсын стандартын үнэ өртөг харьцангуй байна л даа. Тэдгээрийг харьцуулж судлаад хамгийн өртөг багатай, Монголд тохирох стандартыг сонгож, тус аргачлалаар үнэлгээ хийсэн. Багануурын уурхай хариуцлагатай ажиллах боломж байна уу гэдгийг урьдчилан харсан гэсэн үг. Үнэлгээгээр их сонин дүр зураг ажиглагдсан. Тиймээс бид Багануурт эхлээд чиглүүлэх сургалт явуулж, үнэлгээнд нь зөвлөмж өгч, дараа нь хамтраад төлөвлөгөө гаргана. Дээрх ажлын хүрээнд хэд хэдэн үр дүн гарсан. Тухайлбал, “Багануур” ХК-ийн Байгаль орчин болон ХАБАЭ-ийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг эхний ээлжинд гаргаад байна. Мөн тус компани ТӨК-иудаас анх удаа 2018 оны иж бүрэн үйл ажиллагааны тайланг олон нийтэд ил тод болгоод байна. Бид үүнээс ч илүү үр дүнг ирээдүйд хүлээж байгаа бөгөөд хамтдаа илүү их үнэ цэнийг бий болгож ажиллах болно. Ер нь бол байгууллага, компаниуд өнгөрсөн жилийнхээ алдааг үнэлж чадахгүй тохиолдолд тухайн алдаа дараа жил нь давтагдана л гэсэн үг. Тиймээс энэ үнэлгээний аргачлал үүнээс сэргийлэх тогтолцоог бүрдүүлнэ. Өөрөөр хэлбэл, тухайн компанийн дархлааг сайжруулж, асуудлыг хүндрүүлэхээс өмнө урьдчилан сэргийлэх дохио өгч буй гэсэн үг.

-Зөвхөн Багануур гэлтгүй уул уурхайн салбарт өнөөдөр ямар асуудал тулгамдаж байгаа бол?

-Хийж буй ажилтайгаа холбон хариулахад өнгөрсөн 10 жилийн хугацаанд уул уурхайн салбарын сөрөг талыг их ярьдаг байсан, байх хэрэггүй хаах тухай ч яригддаг байсан. Тэр үетэй харьцуулахад уул уурхайн талаарх иргэд, төр, ТББ-уудын ойлголт ч үлэмж сайжирсан байна. Үүнийг “Сант Марал” судалгааны байгууллагаас гаргадаг нийгэм, эдийн засгийн барометерээс харж болно. Тандалт судалгааны үр дүнг ажиглахад иргэд уул уурхай хэрэггүй гэж тэмцэхээсээ илүүтэй уул уурхайг зөв эрхлээч ээ гэдгийг шаарддаг болсон байна.

-Гэхдээ олон нийтийн дунд уул уурхайн төрийн өмчит компани байх нь зохисгүй хэмээн үзэх хандлага давамгайлж байна. Уул уурхайн төрийн өмчит компани байхын давуу тал бий юу?

-Байлгүй яахав. Төр муу менежер гэсэн ойлголт одоо ч иргэдийн дунд байна. Гэхдээ энэ цаг үетэй харьцуулахад төрийн өмчит компаниуд ашигтай ажиллаж, үйл ажиллагаагаа бизнесийн зарчмаар явуулаад эхэлсэн. ТӨК-ийг ажиллуулах улсын бодлого гэж бий. Энэ нь тухайн байгууллагыг ашигтай ажиллуулахаас гадна хувийн компаниудаас төрийн авдаг татвар хангалтгүй гэж үзсэн тохиолдолд өндөр ашгийг төрд авч үлдэх, улмаар түүгээрээ иргэдийн боловсрол, эрүүл мэндийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд зарцуулдаг. ТӨК байснаар бусад дотоодын компаниудад бизнесийн туршлага, ноу хау, технологийн туршлагыг шилжүүлэх мөн төр засгийн мэдлэг, туршлагыг нэмэгдүүлэх, судалгаа шинжилгээ, институцийг бэхжүүлэхэд үлэмж ач холбогдолтой байж болдог. Ийм жишээ ч олныг дурдаж болох юм. Гэхдээ үүнийг ТӨК-иуд хамгийн бага минималист зардлаар хийхийг эрмэлзэх учиртай. “Эрдэнэс Монгол” ХХК нь дээрх зарчмаар үйл ажиллагаагаа явуулахыг эрмэлзэж хариуцлагатай уул уурхайн шаардлагаар охин болон хараат компаниудынхаа үйл ажиллагааг үнэлж сайжруулах ажлыг хийж байна гэж ойлгож болно. Ийм төрлийн ижил зөвлөх үйлчилгээ дотоодын зах зээлд 5-7 дахин үнэтэй, олон улсын зах зэлд үүнээс өндөр өртөгтэй байдаг.

-Энэ үнэлгээний аргачлалыг өөр ямар компани дээр хэрэгжүүлэх вэ?

-Уул уурхайн салбарт баялгийн засаглалтай холбоотой олон асуудал байна. Хөрөнгийн удирдлагын компанийн зүгээс харахад бид өөрсдийн нөөц бололцоогоор дотоод үйл ажиллагаагаа сайжруулах олон боломж бий. Гадна дотны байгууллагууд, ялангуяа хөрөнгө оруулагчид, донор орнууд, институц судлаач нар гээд бидэнд дэмжлэг байна. Олон улсын талбарт ч тэр, хэрэглэчих олон сайхан санаачилга, сайн туршлагууд байна. Тэр бүгдийг бид санаачилгатайгаар үнэ төлбөргүй ашиглах боломжтой. Үүнийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагууд дэмжин ажиллаж байна. Энэ аргачлалыг Шивээ-Овоогийн уурхай дээр хэрэгжүүлэхээр зорьж байна.

-Дотоод хяналтын үүргийг энгийнээр тайлбарлавал?

-Дотоод хяналт нь байгууллагынхаа үйл ажиллагааг сайжруулах, тавьсан зорилгодоо хүрэхэд нь тусалж, үйл ажиллагааных нь бодит чадавхыг баталгаажуулах, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлдэг гэж үздэг. Өөрөөр хэлбэл, үйл явц нь үр өгөөжтэй байна уу, зөв байна уу гэдгийг системтэйгээр үнэлж, компанийнхаа ажлыг үргэлж сайжруулахын төлөө ажилладаг. Ингэснээр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн үнэ цэнэ үргэлж нэмэгдэж илүү сайжрах боломжтой. Үүнд манай компаниудын алддаг нэг зүйл нь юуг зөв, эсвэл хэвийн гэж үзэж юутай харьцуулах вэ гэдгийг тодорхойлох аргачлалыг сонгох тал дээр мэдлэг, мэдээлэл дутмаг байдаг. Орчин үед үүнийг системийн загварчлалын аргаар шийдэх хандлага их байна. Саяхан Дотоод аудитын олон улсын институцийн Монгол дахь салбарын сургалт дээр Монголын нэгэн томоохон компани дотоод хяналтын нэгжээ “үйл ажиллагаа сайжруулалтын нэгж” гэдэг нэр өгсөн байсан нь их таалагдсан. Олон улсын сайн засаглалын чиг хандлагын ялгааг манайд төдийлэн мэддэггүй тохиолдол их байдаг. Дотоод аудитын олон улсын шинэчилсэн стандартаар (IPPF) аливаа байгууллагын засаглал нь 3 төрлийн хяналттай байх нь эрсдэл багатай ажиллах орчныг бүрдүүлдэг гэж үздэг. Нэг дэх нь, бүх ажилтан хийж буй ажилдаа гарч болох эрсдлээс сэргийлсэн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлдэг байх. Өөрөөр хэлбэл, хэдий чинээ мэргэжлийн ажилтан байна төдий чинээ эрсдлээс сэргийлж чадна. Хоёр дахь нь, байгууллага өөрөө өөрийгөө сайжруулахын тулд дотоод үйл ажиллагаагаа үнэлэж сайжруулдаг дотоод хяналтын чиг үүргийг хэрэгжүүлдэг байх ёстой. Гурав дахь нь, байгууллагын үйл ажиллагааг буюу гүйцэтгэх удирдлагын баг хамгийн үр ашигтай ажиллаж байгаа эсэхийг үнэлж баталгаажуулж хувьцаа эзэмшигч, эздийн өмнө тайлагнадаг дотоод аудитор гэсэн хамгаалалтын бүтэцтэй байдаг. Дотоод хяналтын ажилтнууд бол итгэлтэй зөвлөн туслагч нар байх учиртай. Олон улсын контенттой сургалтууд ч энэ жишгийг барьж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)