Ч.Улаан: Улаанбаатар хотын хэмжээнд нийт 50.6 мянган тонн мах шаардлагатай байна

Улс Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй байнгын хороо болон Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар хүнсний аюулгүй байдал, хүнсний гол нэрийн зарим бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн талаар авах арга хэмжээний талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан мэдээлэл хийлээ.

Хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон МХЕГ-ын холбогдох албан тушаалтнууд оролцсон байна.

Уг мэдээлэлд, Монгол Улсын хүнсний хангамжийн тогтвортой байдлыг авч үзвэл хүн амын хэрэгцээт малын мах, төмс, гурилыг тус бүр 100, гурилан бүтээгдэхүүнийг 64.4, сүүн бүтээгдэхүүнийг 53.1, хүнсний ногоог 51.7, өндгийг 43.1, ургамлын тосны 15.5, шувууны махны 9.6, жимс жимсгэний 3.5, загасны 2.6 хувийг дотоодын үйлдвэрлэлээр тус тус хангаж байна. Харин төрөл бүрийн будаа, буурцагт ургамал, саахар, чихрийн зүйлийн хангамж импортоос бүрэн хамааралтай байгаа аж. Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор Засгийн газрын “Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байгаа бөгөөд уг хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлснээр хүнсний хангамжийн тогтвортой болон тэнцвэртэй байдлыг хангах, хүнсний шим тэжээллэг чанарыг сайжруулах, түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, хүнсний аюулгүй байдлыг хангах бүтэц зохион байгуулалтын оновчтой тогтолцоог бүрдүүлэх зэрэг үр дүнд хүрэх зорилго тавьсан талаар дурджээ.

Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/74 дүгээр тушаалаар баталсан жишсэн дундаж нэг хүний хоногт хэрэглэх мах, махан бүтээгдэхүүний хэмжээг үндэслэн тооцож үзэхэд Монгол Улсын хүн амын 2019 оны хүнсний хэрэгцээнд нийт 117.6 мянган тонн, үүнээс Улаанбаатар хотын хэмжээнд нийт 50.6 мянган тонн мах тус тус шаардлагатай байна.

Улаанбаатар хотын жишсэн хүн амын хаврын улирлын хэрэгцээнд нийт 12.6 мянган тонн, нэг сарын хэрэгцээнд 4.2 мянган тонн мах шаардагддаг байна. 

Нийслэлийн хүн амын махны хангамжийг тогтворжуулах, нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулах зорилгоор арилжааны банкны эх үүсвэрээр мал, мах бэлтгэсэн махны үйлдвэрүүдэд зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх замаар нөөцөлсөн махыг хөнгөлөлттэй үнээр худалдан борлуулж байна. Арилжааны банкны шалгуурт тэнцсэн “Баатарууд Тэнгэр”, “Дархан меат фүүдс”, “Сүхбаатар мах маркет” ХХК-иуд нийт 4.0 мянган тонн мах бэлтгэснийг нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс нийлүүлж эхэлсэн бөгөөд өнөөгийн байдлаар нийт 2322.8 тонн мах буюу бэлтгэсэн нөөцийн 58.0 хувийг борлуулаад байна. Нийслэлийн найман дүүрэгт хүнсний 137 дэлгүүрээр дамжуулан үхрийн ястай махыг нэг килограмыг 7200, хонины ястай махыг 6000, ямааны ястай махыг 5500 төгрөгөөр худалдаалж байна. Энэ нь зах зээл дэх жижиглэнгийн үнээс 16-45 хувиар хямд байгааг салбарын сайд мэдээлэлдээ онцлохын зэрэгцээ махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үнийн хэлбэлзлийг тогтворжуулах зорилгоор Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаас махны хангамжийг тогтворжуулах дэс дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа талаар дурдсан.  

Харин Монгол Улсын хүн амын 2019 оны хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд нийт 300.0 мянган тонн улаанбуудай шаардлагатай бөгөөд 2018 онд улсын хэмжээгээр 436.5 мянган тонн буудай хураан авч, гурил үйлдвэрлэлд 291.0 мянган тонн буудай нийлүүлэгдсэн байна. Хүн амын 2019 оны хүнсний хэрэгцээнд нийт 225.6 мянган тонн, үүнээс Улаанбаатар хотын хэмжээнд нийт 97.2 мянган тонн гурил шаардлагатай тооцоо гарсан. Тиймээс 2018-2019 оны хүн амын хэрэгцээт 225.6 мянган тонн гурилыг үйлдвэрлэхэд хүрэлцэхүйц хэмжээний буудайн нөөцийг дотоодын ургацаас  бүрдүүлсэн байна. Дотоодын үйлдвэрүүдийн агуулахад байгаа гурилын болон буудайн үлдэгдэл, импортын нийлүүлэлтээс үзэхэд шинэ ургац хүртэлх хугацаанд гурилын хангамж харьцангуй тогтвортой байх талаар салбарын сайдын мэдээлэлд дурдагдав.

Түүнчлэн улсын хэмжээнд 2018 онд 13.1  мянган га талбайд төмс тарьж 167.9  мянган тонн ургац, хүнсний ногоо 8.6 мянган га талбайд тарьж 102.2 мянган тонн ургац тус тус хураан авсан байна. Дотоодын зах зээлийг хамгаалах болон төмс, хүнсний ногоо тариалагчдыг дэмжиж, эх орондоо тарьж ургуулсан хүнсний ногоог нэмэгдсэн өртгийн албан татвараас, төмс хүнсний ногоо тариалагчдыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас 50 хувь хөнгөлсөн, хүлэмжийн тоног төхөөрөмжийг импортлоход нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн зэрэг дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжсэн зохицуулалтыг хэрэгжүүлж байгаа аж. Төмс, хүнсний ногооны үнийг өмнөх 7 хоногтой харьцуулахад төмс хоёр хувиар, хүнсний ногоо 1.7-3.1 хувиар мөн буурсан нь ногоочид зооринд хадгалсан ногоогоо жил бүрийн 4-5 дугаар сард зах зээлд гарган, нийлүүлэлт хэвийн байгаатай холбоотой. Төмс, хүнсний ногооны хангамж шинэ ургац гарах хүртэлх хугацаанд тогтвортой байх боломжтой гэж Ч.Улаан сайд мэдээлэлдээ онцолсон юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)