Дэлхийн бөхчүүд Токиогийн олимпод бэлтгэлтэй байгаагаа харууллаа

-Монгол улс медалийн чансаагаар 143 орноос 19-д эрэмбэлэгдэв-

Японы нийслэл Токио хотод жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Бөмбөрцгийн шилдгүүдийг нэг дор цуглуулсан энэ тэмцээнд Монгол Улсын баг тамирчид хүч чадал, авхаалж самбаагаа сорьж ирэх жил болох зуны олимпын "өнгө”-өө сонжив. Энэ удаагийн дэлхийн аваргад үзэгч, жүдо сонирхогчдын тааварт багтаагүй барилдаан олон болсон. Тэдний таамагт  багтсан олимп, дэлхийн аваргууд өвдөг шороодож, шинэ, залуу бөхчүүд урамтай сайхан барилдааныг үзүүллээ. Зохион байгуулагч орны хувьд таавар ёсоор шилдгүүдээ дэвжээнд гаргасан юм. Манай улс дэлхийн аваргад бүтэн багаа илгээж, тэднээс Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг медалийн тавцанд зогслоо. Энэ жилийн дэлхийн аваргад хамгийн олон орон бөхөө илгээснээрээ түүхэнд бичигдэж байна. 2007 оны жүдогийн дэлхийн аваргад хамгийн олон буюу 138 орон тамирчнаа илгээсэн бол энэ удаад 143 орон бөхчүүдийнхээ хүч чадлыг сорьж байгаа юм. Тэмцээнд оролцсон бөхчүүдийн тоогоороо ч амжилт эвдэх шахсан гэж хэлж болно. 2011 онд Парист болсон жүдогийн дэлхийн аваргад 870 гаруй жүдоч дэвжээнд гарч байв. Тэгвэл энэ жил 830 орчим бөх Токиогийн дэлхийн аваргад ид хаваа гайхуулж аваргуудаа тодрууллаа. Энэ жилийн хувьд АНУ, БНСУ, ОХУ, Бразил зэрэг улс орон бүтэн багаа илгээж, урамтай сайхан барилдлаа. Медалийн чансаагаар тэмцээнийг зохион байгуулагч орны тамирчид дөрвөн алт, зургаан мөнгө, таван хүрэл медальтайгаар тэргүүлэв. Удаах байрт Францын бөхчүүд гурван алт, хоёр хүрэл медаль авснаараа  жагсчээ. Гуравдугаар байрт эрэмбэлэгдсэн орон бол Португал юм. Тус улсын баг тамирчид алт, мөнгө тус бүр нэг медаль хүртсэн амжилтаар тэмцээнийг өндөрлүүлсэн байна. 

 

Манай баг тамирчдын хувьд нэг хүрэл медаль болон тав, долоодугаар байрт шалгарсан амжилтаар 143 орноос 19 дүгээрт эрэмбэлэгдлээ, Тодруулбал, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд барилдсан Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн 63 кг-д хүч үзсэн олон улсын хэмжээний мастер Б.Ганхайч долоодугаар байрт шалгарсан юм. Мөн эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд барилдсан олон улсын хэмжээний мастер Ё.Басхүү тавдугаар байрт шалгарсан.

 

Энэ удаагийн дэлхийн аваргад барилдсан Монголын бөхчүүдээ Хөдөлмөрийн баётар Н.Түвшинбаяр тэргүүлэн зодоглолоо. Тэрбээр +100 кг-ын жинд дэлхийн аваргын хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер Ө.Дүүрэнбаярын хамт гарсан юм. Токиог зорих тамирчдын тааварт зүй ёсоор орж байсан Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа тэмцээнийг өнжихөөр болсон нь олны анхаарлыг татсан. Мөн 57 кг-ын жинд Л.Энхрийлэн гэмтлээс шалтгаалан дэлхийн аваргад оролцох боломжгүй болсон. Тэдний жинд залуу тамирчин Л.Энх-Отгон дэлхийн дэвжээнд гарсан нь түүнд туршлага болсон байх. Л.Энх-Отгоноос гадна энэ жил 48 кг-ын жинд Г.Наранцэцэг, 52 кг:д Л.Сосорбарам, 70 кг-д Ц.Энхчимэг, -78 кг-д О.Мөнхцэцэг нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаагаа зодоглолоо. Түүнчлэн эрэгтэйчүүдээс олон улсын хэмжээний мастер Ё.Басхүү 66 кг-д дэлхийн аваргад анх удаагаа зодоглосон юм.

 

Ё.БАСХҮҮГИЙН БАРИЛДААНЫГ ОЛОН УЛСЫН ЖҮДО БӨХИЙН ХОЛБООНЫХОН ӨНДРӨӨР ҮНЭЛЭВ

 

Дэлхийн аваргын хоёрт дахь өдрийн барилдаан. Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд барилдсан Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин" спорт хорооны бөх Ё.Басхүү жингийнхээ хүчтэй өрсөлдөгчдийн нэг байж, шагналт тавдугаар байрт шалгарсан юм. Манай тамирчны хувьд хамгийн хүнд сугалааг сугалсан гэхэд болно. Эхний тойрогтоо “Рио-2016” олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга БНСУ-ын Ан Баулыг торгуулиар ялсан. Хоёрдугаар тойрогтоо Гүржийн Багтари Ниниашвилийг мөн 

торгуулиар ялж, шилдэг наймд үлдэхийн тулд цагтаа дэлхийн чансааг  тэргүүлж явсан Таль Фликертэй учраа таарсан юм. Тэдний барилдаан Ё.Басхүүгийн ялалтаар өндөрлөж, дэлхийн хошой аварга Хэфүми Абед цаг дуусахаас хэдхэн хормын өмнө ялагдсан. Ингэснээр тэрбээр торгуулийн тойрогт Египетийн Мохамед Абделмавгудтай барилдаж ялсан. Улмаар БНСУ-ын Ким Лим-Хванд дийлдэж Молдавын Денис Вьерутай хүрэл медалийн төлөө хүч үзсэн ч харамсалтай нь ялагдсан юм.

 

Манай жүдочийн барилдааныг цугласан олон мянган үзэгч халуун дотноор талархаж, баяр хүргэж байсан. Учир нь, тэр амаргүй сугалаа татаж, дэлхийн шилдгүүдтэй эн тэнцүүхэн барилдсан. Түүний Хэфүми Абетэй хийсэн эн тэнцүүхэн барилдааныг Олон улсын жүдо бөхийн холбооны төлөөлөгчид өндрөөр үнэлж байгаагаа энэ үеэр илэрхийлсэн билээ.

 

М.УРАНЦЭЦЭГ ДЭЛХИЙН АВАРГЫН ИЖ БҮРЭН МЕДАЛЬТАЙ БОЛЛОО

 

Монгол түмнээ өндөлзүүлсэн олон сайхан барилдааныг үзүүлсэн гавьяат тамирчин М.Уранцэцэг дэлхийн аваргын иж бүрэн медальтай боллоо.Тэрбээр хагас шигшээд өнгөрсөн жилийн дэлхийн аварга Украины Дария Белодедтой хүч үзэж, даралтаар цэвэр ялагдсан. Хүрэл медалийн төлөө Францын Мелани Келементтэй учраа таарч өчих мэхээр цэвэр ялснаар дэлхийн аваргын алт, мөнгөн медалийн цуглуулгаа хүрлээр арвижуулсан юм. М.Уранцэцэг 2013 оны наймдугаар сарын 26-нд дэлхийн аварга болж байсан бол 2017 оны наймдугаар сарын 28-нд Унгарын Будапештээс мөнгөн медаль хүртэж байв. Тэрбээр шагнал гардуулахын өмнө сэтгэгдлээ хуваалцахдаа Гурван сар өвдөгний гэмтэлтэй байсан. Бэртлээ мэс заслын аргаар биш өөрөөр нь эдгээж чадсан. Үүнээс шалтгаалан тэмцээнд оролцоогүй байсан болохоор жин нэмээд хэцүү байсан. Жингээ хасах үнэхээр хүнд байсан ч жиндээ орж чадсан. Тэгээд хүрэл медаль хүртлээ. Баяртай байна. Гэхдээ түрүүлэх зорилготой байснаа нуугаад яах вэ. Хагас шигшээд  Дарияд ялагдсан ялагдал их том сургамж боллоо” гэжээ.

 

 

Б.Номуун

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • mnbvc (193.154.233.57)

    2019-09-02

    jamarch meh hiihgui zugeer l bariad l zogsono

  • ШАЛНЫ АЛЧУУРУУД (192.82.65.224)

    2019-09-02

    МАНАЙ ХЭД ҮНЭН ХЭРЭГ АЛГА.ЗОРИГГҮЙ, ӨӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ ҮХЭЭНЦ БАРИЛДАХ ЮМ. ТОКИОГИЙН ДЭВЖЭЭНД ХЭДЭН САЙХАН ШАЛНЫ АЛЧУУР БОЛЧИХОО Л ИРЛЭЭ. ИНГЭЖ БАРИЛДАХЫН БОЛ ТОКИОГИЙН ОЛИМДЫГ БҮҮ ЗҮГЛЭ. ОНО АВАРГЫН ЯАЖ ДАЙЧИН БАРИЛДАЖ БАЙГААГ СУДЛААЧ ЗОМБИНУУДАА.

  • Зочин (64.119.19.83)

    2019-09-02

    Балжинням, Эрдэнэтод нарыг халаад Японоос дасгалжуулагч авч ажиллуулах хэрэгтэй . Манай бөхчүүд бяр, мэх үнэхээр муу, хиймлрь лундаагүй , үхээнц барилдаж бна. Цагаанбаатар шиг дайчин барилдмаар бна. Энэ жилийн ДАШТийг үзэхэд урамгүй байлаө